


ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2013 оны 7 сарын 08 Дугаар А/146 Улаанбаатар хот
Журамд нэмэлт заалт оруулах тухай
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д заасныг үндэслэн ТУШААХ НЬ:
1. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд орон нутагт ажиллах үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зайлшгүй шаардлага байгааг харгалзан үзэж “Тээврийн хэрэгсэлд тусгай болон дуут гэрэл дохио тавьж, хэрэглэх журам”-ын 1 дүгээр зүйлд: ... 1.5. Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь орон нутагт ажиллах үедээ тухайн тээврийн хэрэгсэлдээ улаан өнгийн зөөврийн гэрэл дохио тавьж хэрэглэж болно гэж нэмж оруулах, тус журмын 2 дугаар зүйлд: ... 2.3.3 энэ зүйлийн 2.3.1 дэх заалт нь төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд хамаарахгүй гэснийг “энэ зүйлийн 2.3.1 дэх заалт нь төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэл, Улсын Их хурал, Засгийн газрын гишүүний орон нутагт ажиллах тээврийн хэрэгсэлд хамаарахгүй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсугай.
2. Энэ журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Алтангэрэл/, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга /бригадын генерал Б.Билэгт/-д тус тус даалгасугай.
3. Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсүгэй.
САЙД Х.ТЭМҮҮЖИН
