


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дугаар А/492 Улаанбаатар хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.15 дах хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 98 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын 6.4 дэх заалтыг “Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа Монгол Улсын Ардын эмч, Хүний гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, тухайн мэргэжлээрээ 25 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний ажлын газрын тодорхойлолт, ажлын тайланг үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгана” гэж өөрчилсүгэй.
2.Дээрх журмын зургаадугаар хавсралтаар баталсан “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар”-т сэргээн засах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн чиглэлээр нэмж оруулах бичвэрийг хавсралтаар баталсугай.
3.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт, Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөл /Б.Цогтбаатар/-д тус тус даалгасугай.
САЙД Д.САРАНГЭРЭЛ
Эрүүл мэндийн сайдын
2019 оны 11 сарын 05-ны өдрийн
А/492 дугаар тушаалын хавсралт
“Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар”-т сэргээн засах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн чиглэлээр нэмж оруулах бичвэр
7.Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.7-д заасан хугацаагаар сэргээн засахын мэргэжилтэнд олгох “Сэргээн засах” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ нь дараах бичлэгтэй байна:
- Гэрчилгээ нь 210 мм x 297 мм хэмжээтэй байна.
- Гэрчилгээ нь усан цэнхэр дэвсгэртэй, тод цэнхэр угалзан хээн хүрээтэй байна.
- Гэрчилгээний дээд хэсэгт соёмбо байрлуулж “Монгол Улс”, “Эрүүл мэндийн яам”, түүний доод хэсэгт “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн ГЭРЧИЛГЭЭ” гэж бичсэн байна.
- Гэрчилгээ нь нууцлалтай байна.
- Гэрчилгээ нь дараах байдлаар бичигдэнэ.
Хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалч (аль нэгийг бичих)
....…………… овогтой ……………………-д
Эрүүл мэндийн сайдын ......... оны .............. сарын .............. өдрийн .............. дугаар тушаалаар СЭРГЭЭН ЗАСАХ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ..... оны .......сарын ........-ны өдрөөс ...... оны ....... сарын ......-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай олгов.
САЙД..............................
.......... он ...... сар ..... өдөр
- Гэрчилгээ нь серийн дугаартай байна.
- Гэрчилгээний зүүн доод хэсэгт зөвшөөрөл авсан сэргээн засахын мэргэжилтний 3х4 см хэмжээтэй зураг байрлуулна.
- Гэрчилгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж албажуулна.
---оОо---
