Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 12 сарын 31 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

     КОРОНАВИРУСТ ХАЛДВАР КОВИД-19-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД  НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт:

             

                        “4.1.9.“цахим худалдаа” гэж цахим сүлжээ ашиглан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, хэлцэл хийх, төлбөр төлөх, хүргэж өгөх, хүлээж авах үйл ажиллагааг.”

2/5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалт:

            “5.1.7.хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх.”

3/7 дугаар зүйлийн 7.1.27-7.1.31 дэх заалт:                                     

“7.1.27.хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй болсон нь холбогдох баримтаар тогтоогдсон, гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн барааны гаалийн бүрдүүлэлтийн горимд байрших хугацааг дэглэм цуцлах хүртэлх хугацаагаар сунгах, хугацаа хэтрүүлсний торгуулиас чөлөөлөх;

7.1.28.цар тахлын үед төрийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх;

7.1.29.төрийн байгууллага хооронд болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай цахим хэлбэрээр албан бичиг илгээх, хүлээн авах боломжийг бүрдүүлсэн солилцооны дундын системийг ашиглах;

7.1.30.шуудангийн үйлчилгээг цар тахлын үед тасралтгүй зохион байгуулах, хот доторх болон хот хоорондын бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг өргөжүүлэх, цахим худалдааны цар хүрээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах;

7.1.31.цар тахлын үед харилцаа холбоо, мэдээллийн технологи, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар, төрийн өмчит онц чухал болон стратегийн зориулалттай үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээг авах.”

Хэвлэх

4/71 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас

                                     авч  хэрэгжүүлэх арга хэмжээ

                        “71.1.Цар тахлын үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх.”

5/8 дугаар зүйлийн 8.1.6-8.1.8 дахь заалт:

“8.1.6.халдварын тохиолдол, тэдгээрийн хавьтлыг олж тогтоох, илрүүлэх шинжилгээ авах, сорьц цуглуулах, тусгаарлах, хорио цээр, хязгаарлалтын дэглэм сахиулах, хөл хорионд орсон иргэдийг харьяалах оршин суух газарт зорчих үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

8.1.7.цар тахлаас  урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах;

8.1.8.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний талаар холбогдох тушаал гаргах, дүрэм, журам, заавар, удирдамж батлах.”

6/9 дүгээр зүйлийн 9.15-9.19 дэх хэсэг:

“9.15.Коронавируст халдварыг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх шинэ арга, аргачлалыг олон улсын, эсхүл үндэсний эмнэлзүйн туршилт, зөвлөмжид үндэслэн оношлогоо, эмчилгээнд хэрэглэх зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.16.Харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газрын сүлжээний найдвартай ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, гэмтэл саатлыг шуурхай засварлах, үйлчилгээг сэргээх боломжийг бүрдүүлэх зорилгоор импортоор оруулж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, машин техникт Гаалийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан түргэвчилсэн бүрдүүлэлт хийж болно.

9.17.Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор тухайн нутаг дэвсгэртээ дагаж мөрдөх дүрэм, журам, заавар, төлөвлөгөө, удирдамжийг батлан хэрэгжилтийг хангана.

9.18.Халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах журмыг Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын болон Цагдаагийн  ерөнхий газрын дарга хамтран батална.

9.19.Хүнсний цахим болон шууд худалдааны зохицуулалт, зохион байгуулалт, худалдаа эрхлэгчид тавих эрүүл ахуйн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн шаардлагыг тогтоосон журмыг холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн хүнсний болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” 

Хэвлэх

2 дугаар зүйл.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль” гэсний өмнө “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль,” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын “төрийн захиргааны төв” гэсний дараа “болон холбогдох бусад” гэж, 7.1.12 дахь заалтын “орон байр” гэсний дараа “, сайжруулсан түлш,” гэж, 7.1.14 дэх заалтын “эм, эмнэлгийн хэрэгсэл” гэсний өмнө “цар тахлаас хамааралгүйгээр хийгдэж байгаа бүтээгдэхүүний экспортыг хориглохгүй бөгөөд” гэж, 7.1.15 дахь заалтын “холбоотой” гэсний дараа “3 сараас доошгүй хугацааны” гэж, 7.1.24 дэх заалтын “Монгол Улсын Их Хурлын” гэсний өмнө “Монгол Улсын Ерөнхийлөгчийн,” гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн “комисс” гэсний дараа “болон холбогдох асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт:

“7.1.2.цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх;”

2/7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт:

                        “7.1.8.өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар теле, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалтын  төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх журам батлах;”

3/7 дугаар зүйлийн 7.1.21 дэх заалт:

“7.1.21.коронавирусын халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохоос урьдчилан сэргийлэх, хуульд заасан аргаар таслан зогсоох;”

4/7 дугаар зүйлийн 7.1.23 дахь заалт:

“7.1.23.цар тахлын үед хүн амыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, вакцин, эм, эмнэлгийн хэрэгслээр тэгш хүртээмжтэй хангах;”

5/8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт:

“8.1.1.гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн буцаж ирэх хүсэлт гаргасан тохиолдолд тухайн улс дахь өвчлөлийн тархалт, эрсдэл, шууд нислэгийн боломж, бусад нөхцөл байдлыг харгалзан татан авах, тусгаарлах, хяналтад байлгах арга хэмжээг уян хатан байдлаар үе шаттайгаар зохион байгуулах;”

6/9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх хэсэг:

“9.3.Энэ хуулийн 7.1.15-д заасан нөөцөд байх эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эд, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалт, нөөц бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, зарцуулах журмыг эрүүл мэндийн болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

9.4.Халдварт өвчнөөс хамгаалах зориулалттай эмнэлгийн хэрэгслийг эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг тодорхойлсон лабораторийн шинжилгээг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эмнэлгийн хэрэгсэл хангах нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага улсын хилээр оруулах бөгөөд хамгаалах хэрэгслийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

7/9 дүгээр зүйлийн 9.12 дахь хэсэг:

“9.12.Олон улсын шуудан солилцооны үйлчилгээний тасралтгүй, шуурхай байдлыг хангаж, улс хоорондын шуудан илгээмжид Гаалийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан түргэвчилсэн бүрдүүлэлт хийж болно.”

8/9 дүгээр зүйлийн 9.14 дэх хэсэг:

“9.14.Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, оршин суух зөвшөөрөл аваагүй, визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй бол тус нөхцөл байдал арилах хүртэлх хугацаанд бүртгэл, хугацаа хэтрүүлсний төлбөр, торгуулиас чөлөөлнө.”

9/12 дугаар зүйлийн 12.2.5 дахь заалт:

“12.2.5.албан байгууллага, олон нийтийн газарт амны хаалт тогтмол зүүж, гараа угаах, хүн хоорондын зай барих;”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтын “эмнэлгийн” гэснийг “эрүүл мэндийн” гэж, 16 дугаар зүйлийн гарчгийн “Эд хөрөнгийн дайчилгаа” гэснийг “Эд хөрөнгө дайчлах” гэж, 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтын “буцах” гэснийг “харьяалалгүй хүн буцах, гарах” гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “2020 оны 12 дугаар сарын 31-ний” гэснийг “2021 оны 6 дугаар сарын 30-ны” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.17 дахь заалтын “журмыг батлах” гэснийг хассугай.

6 дугаар зүйл.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.        


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР