Хэвлэх DOC Татаж авах

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр                                                                                                                 Дугаар А-31                                                                                                                                                       Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-26 дугаар тушаалаар батлагдсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ын 2.5.4, арван дөрөвдүгээр бүлэг, 18.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

а/Журмын 2.5.4 дэх заалт:

“2.5.4. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ журмын 2.2-т дурдсан эрсдэлийн үнэлгээгээр бага эрсдэлтэй гэж тодорхойлогдсон харилцагчийн хувьд Үндэсний эрсдэлийн үнэлгээ болон салбарын эрсдэлийн үнэлгээтэй нийцтэй байдлыг харгалзан үзэж харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.2.1, 5.2.2-т заасан хүрээнд хялбаршуулан хэрэгжүүлж болно.”

б/Журмын арван дөрөвдүгээр бүлэг:

“АРВАН ДӨРӨВ. САНХҮҮГИЙН ЗОРИЛТОТ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

14.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотой баталсан хүн, хуулийн этгээдийн эсрэг санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийн дүгээр зүйл болон “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль”-ийн 23 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 464 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ авах үйл ажиллагааны журам”-д тус тус заасны дагуу хэрэгжүүлнэ.

14.2.Тагнуулын байгууллага, Терроризмтой тэмцэх зөвлөл жагсаалтыг мэдээлэх үүрэгтэй этгээдэд хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий холбогдох байгууллага болон нийтэд шуурхай мэдээлж, албан ёсны цахим хуудас /www.nctc.gov.mn/-д байршуулсан үед мэдээлэх үүрэгтэй этгээд нь хориг арга хэмжээний жагсаалт болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд /цаашид “жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд” гэх/-тэй шууд, эсхүл шууд бусаар холбоотой аливаа харилцагч, гүйлгээ, гэрээ, хэлцэл, хөрөнгө, мөнгө байгаа эсэхийг шалгана.

14.3.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийн нэрийн өмнөөс шууд, эсхүл шууд бусаар, эсхүл тэдгээрийн зааврын дагуу үйл ажиллагааг явуулж байгаа этгээдийн хөрөнгө, мөнгө байгаа гэж үзвэл Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 24 дүгээр зүйлд тус тус заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

14.4.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ журмын 14.3-д заасан үүргээ хэрэгжүүлэхдээ Тагнуулын ерөнхий газрын даргын 2020 оны A/34 дүгээр тушаалаар баталсан “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны аргачлал”-ын хавсралт маягт №5 /Жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгийн тайлан/-д заасан мэдээллийг 24 цагийн дотор Тагнуулын байгууллага болон Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлнэ.

14.5.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ журмын 14.3-д заасан үүргээ нэн даруй хэрэгжүүлж хэрэв жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийг нягтлах бол энэ журмын 14.4-т заасан аргачлалын хавсралт маягт №6 /Мэдээллийг нягтлахад туслалцаа хүсэх маягт/-д заасан мэдээллийг Тагнуулын байгууллагад хүргүүлнэ.

14.6.Царцаасан хөрөнгөөс шаардлагатай зардал, тодорхой төрлийн төлбөр, үйлчилгээний хураамж, гэнэтийн зайлшгүй зардал зэргийг төлж барагдуулах шаардлагатай талаарх хүсэлтийг мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ журмын 14.4-т заасан аргачлалын хавсралт маягт №7 /Жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдэд хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл хүсэх тухай маягт/-ын дагуу Тагнуулын байгууллагад хүсэлт гаргана.

14.7.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотой баталсан хүн, хуулийн этгээдийн эсрэг санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох хууль, журамд заасан шаардлагад нийцүүлсэн эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоотой байна:

14.7.1.жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдтэй холбоотой хөрөнгө, мөнгө мэдээлэх үүрэгтэй этгээдэд байгаа эсэхийг өөрийн мэдээллийн сангаас хайх, нэр тохирсон үр дүнгийн талаар Тагнуулын байгууллагад мэдээлэх журамтай байх;

14.7.2.жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгийг илрүүлэх, нэн даруй царцаах, Тагнуулын байгууллага, Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үйл ажиллагааг зохицуулсан дотоод журамтай байх;

14.7.3.жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгөд харилцагч болон бусад этгээдийн зүгээс хандах оролдлогыг хянах, хязгаарлах, тагнуулын байгууллагад мэдээлэх журамтай байх;

14.7.4.тагнуулын байгууллагаас ирүүлсэн заавар, чиглэлийн дагуу жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдэд хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх журамтай байх;

14.7.5.тагнуулын байгууллагаас ирүүлсэн жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгийг чөлөөлөх шийдвэрийг хэрэгжүүлэх журамтай байх.

14.8.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотой баталсан хүн, хуулийн этгээдийн эсрэг санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний хэрэгжилтийн талаарх тайланг улирал тутам хяналт шалгалтын чиг үүрэгтэй эрх бүхий байгууллагад тайлагнана.”

в/Журмын 18.3 дахь хэсэг:

“18.3.Мэдээлэх үүрэгтэй этгээд болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан этгээд мэдээллийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7.3-д заасан Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл ирүүлэх журам, маягтын дагуу цахим хэлбэрээр ирүүлнэ.”

2.“Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ын 5.1, 5.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Санхүүгийн мэдээллийн алба (Б.Батбаатар)-д даалгасугай.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ                             Б.ЛХАГВАСҮРЭН