Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 06 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

   КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН 

   ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, 

  ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ

 ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ

 ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

 ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

1/7 дугаар зүйлийн 7.4-7.6 дахь хэсэг:

            “7.4.Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, аюулгүй байдлын чиглэлээр хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулна.

            7.5.Энэ хуулийн 7.4-т заасан Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаар, үйл ажиллагааны дүрмийг батална.

            7.6.Хилийн боомтын үндэсний зөвлөлийн санал болгосноор Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны даргыг томилж, чөлөөлнө.”

                        2/72 дугаар зүйл:

Хэвлэх

            “72 дугаар зүйл.Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаанаас

                                          авч хэрэгжүүлэх арга хэмжээ

“72.1.Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа нь энэ хуулийн 7.4-т заасан чиг үүргийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

                        72.1.1.хилийн боомтын хяналт, улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, аюулгүй байдлыг хангах зорилгоор шийдвэр гаргах, хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагад үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах;

72.1.2.улс хоорондын тээвэрлэгч, гадаад худалдаа эрхлэгчид үзүүлэх төрийн үйлчилгээ, хяналт шалгалтыг боловсронгуй болгох, шуурхай зохион байгуулах, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх саналыг Засгийн газарт танилцуулах;

72.1.3.Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс өгсөн чиглэл, удирдамжийн хүрээнд өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гадаад улсын эрх бүхий байгууллагатай хуульд нийцүүлэн харилцаа тогтоож, хамтран ажиллах;

72.1.4.шаардлагатай тохиолдолд хилийн хяналт шалгалтын дэгийн зохицуулалтыг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хил залгаа улстай тусгай хэлэлцээр байгуулах саналыг Засгийн газарт танилцуулах;

72.1.5.иргэн, хуулийн этгээдээс шаардлагатай мэдээ, мэдээллийг гаргуулан авах;

72.1.6.иргэн, албан тушаалтанд шаардлага тавих, байгууллага, объектод саадгүй нэвтрэх;

72.1.7.энэ хуулийн 72.1.1-д заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлэх.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:

            “7.2.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар Улсын Их Хурлаар шийдвэрлүүлнэ.”

2/18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг:

            “18.1.Энэ хууль 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ.”

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР