

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2019 оны 12 дүгээр сарын 30-ны өдрийн А/515 дүгээр
тушаалын нэгдүгээр хавсралт
Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө,
шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх,
нийтийн хэрэгцээнд гаргах журам
Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмаар баяжуулагч бэлдмэл1, хүнсний нэмэлт2, өсгөврийн хөрөнгө3, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг4 улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
1.2 Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам) нь баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг импортлох, үйлдвэрлэхээс өмнө хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчээс цаасан болон цахим (бүртгэл, мэдээллийн сан)-аар ирүүлсэн хүсэлт, холбогдох бичиг баримтыг үндэслэн бүртгэн, дугаар олгох, нийтийн хэрэгцээнд гаргах удирдлага, зохион байгуулалтын эрхийг хэрэгжүүлнэ.
1.3. Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг улсын бүртгэлд бүртгэсэн эсэх шийдвэр нь Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаал байна.
2.Баяжуулагч бэлдмэлийг бүртгэх
2.1. Албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтад заасан баяжуулагч бэлдмэлийг дараах бичиг баримтыг үндэслэн бүртгэж, дугаар олгоно. Үүнд:
2.1.1. хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн албан хүсэлт, энэ журмын хоёрдугаар хавсралтад заасан маягтын дагуу цаасан болон цахим хэлбэрээр ирүүлсэн өргөдөл,
2.1.2. баяжуулагч бэлдмэлийн гарал үүслийн гэрчилгээний хуулбар,
2.1.3. баяжуулагч бэлдмэлийн чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар,
2.1.4. итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн.
2.2. Хүнсийг сайн дураар баяжуулахад ашиглах баяжуулагч бэлдмэлийг энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан баримт бичгээс гадна нийгмийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын судалгааны тайлангийн үр дүн, зөвлөмж болон Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн эрсдлийн үнэлгээний багийн зөвлөмжийг тус тус үндэслэн бүртгэж, дугаар олгоно.
- “Баяжуулагч бэлдмэл” гэж Баяжуулсан хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дэх,
- “Хүнсний нэмэлт” гэж Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх,
- “Өсгөврийн хөрөнгө” гэж мөн хуулийн 3.1.10 дахь,
- “Шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс” (цаашид “шинэ хүнс” гэх) гэж Хүнсний тухай хуулийн 3.1.8 дэх заалтад зааснаар тус тус ойлгоно.
2.3. Албан журмаар баяжуулах хүнсний баяжуулагч бэлдмэлийн бүртгэлийн дугаар нь ББА (баяжуулагч бэлдмэл албан журмын), сайн дураар баяжуулах хүнсний баяжуулагч бэлдмэлийн бүртгэлийн дугаар нь ББС (баяжуулагч бэлдмэл сайн дурын) гэж товчилсон том 3 үсэг болон бүртгэсэн он (бүртгэсэн оны сүүлийн 2 цифр), бүртгэлийн дугаар бүхий 4 оронтой тоо бүхий нийт 9 тэмдэгтээс тус тус бүрдэнэ. Жишээ нь:ББА190001, ББС190001
3. Хүнсний нэмэлтийг бүртгэх
3.1. Бүртгүүлэх хүнсний нэмэлт нь Хүнсний хууль эрх зүйн хорооны “Codex stan 192-1995, “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт”-ын “Хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг зөвшөөрсөн хүнсний нэмэлтийн жагсаалт” болон Европын холбооны хүнсний нэмэлтийн жагсаалтад тус тус багтсан тохиолдолд дараах бичиг баримтыг үндэслэн бүртгэж, дугаар олгоно. Үүнд:
3.1.1. хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн албан хүсэлт, энэ журмын хоёрдугаар хавсралтад заасан маягтын дагуу цаасан болон цахим хэлбэрээр ирүүлсэн өргөдөл,
3.1.2. уг бүтээгдэхүүний тухайн орны гарал үүслийн гэрчилгээний хуулбар
3.1.3. бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар,
3.1.4. итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн
3.2. Бүртгүүлэх хүнсний нэмэлт нь дээр дурдсан жагсаалтад заагдаагүй бол энэ журмын 3.1 дэх хэсэгт заасан баримт бичгээс гадна Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн эрсдлийн үнэлгээний багийн зөвлөмжийг үндэслэн бүртгэж, дугаар олгоно.
3.3. Хүнсний нэмэлтийн бүртгэлийн дугаар нь хүнсний нэмэлт гэсэн (ХН) товчилсон үсэг, Олон улсын тоон систем (INS)-ийн тухайн нэмэлтийн ангилалд харгалзах дугаар (4 хүртэлх оронтой цифр), бүртгэсэн он (бүртгэсэн оны сүүлийн 2 цифр), бүртгэлийн дугаараас бүрдсэн 12 тэмдэгт бүхий байна. Жишээ нь: INS 300 (Е 300) дугаартай аскорбины хүчлийн бүртгэлийн дугаар нь ХН 030019001 гэх мэт.
4.Өсгөврийн хөрөнгийг бүртгэх
4.1. Дотоодод үйлдвэрлэсэн болон импортын өсгөврийн хөрөнгийг бүртгэхдээ дараах бичиг баримтыг үндэслэн бүртгэж, дугаар олгоно. Үүнд:
4.1.1. хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн албан хүсэлт, энэхүү журмын хоёрдугаар хавсралтын дагуу ирүүлсэн өргөдөл,
4.1.2. өсгөврийн хөрөнгийн гарал үүслийн гэрчилгээний хуулбар,
4.1.3. өсгөврийн хөрөнгийн чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар,
4.1.4. өсгөврийн хөрөнгийн түүхий эд, бүтээгдэхүүний орц, найрлагын хувь хэмжээг тогтоосон тухай тэмдэглэл.
4.1.5 олон улсын стандартчиллын байгууллагаас тухайн өсгөврийн хөрөнгөний үйлдвэрлэлд олгосон хүчин төгөлдөр баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар /импортын өсгөврийн хөрөнгөнд хамаарна/
4.2. Өсгөврийн хөрөнгөний бүртгэлийн дугаар нь ИӨХ (импортын өсгөврийн хөрөнгө), ДӨХ (дотоодын өсгөврийн хөрөнгө) гэж товчилсон үг, эхний 2 тоо нь тухайн бүтээгдэхүүнийг бүртгэсэн он (бүртгэсэн оны сүүлийн 2 цифр), 3 оронтой тоо бүхий бүртгэлийн дугаараас бүрдсэн нийт 8 тэмдэгт байна. Жишээ нь: ИӨХ19001, ДӨХ19001
5. Шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх
5.1. Шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах баримт бичгийн үндэслэн бүртгэж, дугаар олгоно.
5.1.1. хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн энэхүү журмын хоёрдугаар хавсралтын дагуу ирүүлсэн өргөдөл, албан хүсэлт,
5.1.2. “Шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний хүнсний эрсдэлийн үнэлгээ хийх журам”-д заасан эрх бүхий байгууллагын дүгнэлт,
5.1.3. Шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсээр бүртгэн, хуулийн дагуу эрхийн хамгаалалт хийгдсэнийг нотлох оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон гэрчилгээний хуулбар.
5.2. Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай тохиолдолд тухайн шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний талаар дүгнэлт гаргах мэргэжлийн ажлын хэсгийг томилон ажиллуулж, энэ журмын 7.1-д заасан хугацааг ажлын 14 хоногоор сунгаж болно.
5.3. Шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний бүртгэлийн дугаар шинэ хүнсний (ШХ) товчилсон үг, эхний 2 тоо нь тухайн бүтээгдэхүүнийг бүртгэсэн он (бүртгэсэн оны сүүлийн 2 цифр), 3 оронтой тоо бүхий бүртгэлийн дугаараас бүрдсэн нийт 7 тэмдэгт байна. Жишээ нь:ШХ19001
6. Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ хүнсийг нийтийн хэрэгцээнд гаргах
6.1. Энэ журмын 2 ба 3, 4, 5 дугаар бүлэгт тус тус заасан бүртгэлийн дугаартай баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнд ашиглан, нийтийн хэрэгцээнд нийлүүлнэ.
6.2. Нийтийн хэрэгцээнд нийлүүлж буй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний шошго нь MNS 6648:2016,“Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтод тавих шаардлага” стандартын шаардлагыг хангасан байна.
6.3. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг энэ журмын хавсралт -д заасан маягтын дагуу хөтөлж, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор яаманд ирүүлнэ.
7. Бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх
7.1. Яам нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн цаасаар болон цахимаар ирүүлсэн хүсэлтийг судлан үзээд, бүртгэсэн эсэх шийдвэрийг ажлын 10 хоногт багтаан хүсэлт ирүүлсэн албан байгууллагад хүргүүлнэ.
7.2. Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөвөр хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний бүртгэлийн мэдээллийг цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
7.3. Бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичиг, мэдээллийн үнэн, зөв байдлыг бүртгүүлэгч этгээд бүрэн хариуцна.
8. Бүртгэлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх
8.1. Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний бүртгэлийг дараах тохиодолд хүчингүй болгоно. Үүнд:
8.1.1. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэлээс хасуулах тухай үндэслэл бүхий /үйлдвэрлэлийн технологи ажиллагаа, бүтээгдэхүүний орц, жор нь өөрчлөгдсөн гэх мэт/ хүсэлт гаргах;
8.1.2. Хүнсний нэмэлт нь Хүнсний хууль эрх зүйн хорооноос баталсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Codex stan 192-1995, “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт”-ын “Хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг зөвшөөрсөн хүнсний нэмэлтийн жагсаалт” болон Европын холбооны хүнсний нэмэлтийн жагсаалтаас хасагдсан;
8.1.3. Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн эрсдлийн үнэлгээний баг баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний бүртгэлийг хүчингүй болгох тухай санал ирүүлсэн;
8.1.4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.4 дах заалтын дагуу хүнсний хяналтын улсын ахлах байцаагчийн гаргасан дүгнэлт ирүүлсэн;
8.1.5. Шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний эрсдэлийн үнэлгээ хийх журамд дурдсан эрх бүхий байгууллагаас санал гаргасан;
8.1.6. Шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний үйлдвэрлэл нь оюуны өмчийн эрхийн хууль тогтоомж зөрчсөн талаар оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас санал гаргасан;
8.2. Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний бүртгэлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийг ажлын 5 хоногт багтаан яамны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
8.3. Яам энэ журмын 2 ба 3, 4, 5, 6 дугаар бүлэгт заасан баримт бичгийн бүрдэл дутуу, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиодолд бүртгэхээс татгалзана.
8.4. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 7-д заасны дагуу хариуцлага хүлээнэ.
...ооОоо...
