Хэвлэх DOC Татаж авах

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн

2020 оны 4  дүгээр сарын 13-ны өдрийн  06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ

ШАЛГУУР, ШААРДЛАГА

 

Шалгуур 1.ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, АГУУЛГА

Үндэсний хөгжлийн стратеги, сургуулийн судалгаа ба хөгжлийн стратеги, мэргэжлийн салбарын тэргүүлэх чиглэлтэй уялдуулан оролцогч талуудын эрэлт хэрэгцээг тусган хөтөлбөрийн зорилго, агуулгыг шинэчлэн, хөтөлбөрийн чанарыг байнга сайжруулдаг байна. 

1.1.Хөтөлбөрийн боловсруулалт

Дээд боловсролын хууль эрх зүй, докторын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага, хэрэглэгч ба оролцогч талуудын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөтөлбөрийг иж бүрэн боловсруулж, хөтөлбөрийн чанарыг сайжруулах зорилгоор жил бүр хянан үнэлдэг байна. Докторантын гүйцэтгэх судалгаа, хөгжил, бүтээлч ажлууд нь хөтөлбөрт дийлэнх хувийг эзлэх ба тэдгээрийн төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, чанарын баталгаажуулалт, үр дүнг хүлээн зөвшөөрөх арга барил нь хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжин, чанартай судалгаа хийхэд чиглэсэн чөлөөт сонголт бүхий олон хувилбартай хэрэгждэг байна.

1.2.Хөтөлбөрийн зорилго

Хөтөлбөрийн төгсгөлд докторантын эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал буюу суралцахуйн зорилтот үр дүнгээр хөтөлбөрийн зорилгыг тодорхойлсон байна. Хөтөлбөрийн зорилго нь тухайн шинжлэх ухааны чиглэл, улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн стратеги, сургуулийн судалгааны зорилгод нийцсэн (сургуулийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг) байна. Суралцахуйн зорилтот үр дүнг тодорхойлоход оролцогч талуудыг татан оролцуулж, тэдний хэрэгцээ, шаардлагыг тусгасан байна.

1.3.Хөтөлбөрийн агуулга

Хөтөлбөрийн агуулга нь шинжлэх ухааны чиглэл, суралцахуйн зорилтот үр дүнд нийцсэн байна. Хөтөлбөрийн агуулга нь мэргэжлийн болон салбар дундын судалгааг хөгжүүлэхэд чиглэх ба онол практикийг зохистой хослуулан, логик дэс дараалалтай, давхардалгүй хэрэгжүүлэх сургалтын болон судалгааны төлөвлөгөөг боловсруулж, заавал болон сонгон суралцах агуулга, сургалтын хэлбэрийг зохистой тогтоож, мөрддөг байна.

1.4.Хичээлийн хөтөлбөрүүд

Сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хичээл бүрийн хөтөлбөрийг иж бүрэн боловсруулсан байна. Үүнд: Тухайн хичээлийг судлах үндэслэл, урьдач нөхцөл, уялдаа холбоо, суралцахуйн зорилтот үр дүн, хичээлийн агуулга, багц цаг, докторантын суралцахуйн ачаалал, үнэлгээний аргачлал зэргийг дэлгэрэнгүй багтаасан байна. Эдгээрийг байнга сайжруулахын зэрэгцээ тухай бүр суралцагчдад ил тод мэдээлдэг байна. Докторант нь манлайлах, багшлах, олон улсын багт ажиллахад шаардагдах ур чадвараа хөгжүүлэх боломжийг хичээлийн хөтөлбөрүүдэд тодорхой тусгасан байна.

1.5.Хөтөлбөрт тавих тусгай шаардлага

Хөтөлбөрийн суралцахуйн зорилтот үр дүн, агуулга нь тухайн хөтөлбөрийн хамаарах ерөнхий, төрөлжсөн, нарийвчилсан чиглэлээр Мэргэжлийн зөвлөлөөс тогтоосон тусгай шаардлагыг хангасан байхаас гадна олон улсын түвшинд тавигддаг шаардлага (Зальцбургийн зарчим гэх мэт)-ыг хангахыг эрмэлзэнэ.

Шалгуур 2.ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ

Докторын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчинг бүрдүүлж, докторантын суралцахуй ба судалгааны ажлыг дэмждэг байна.

2.1.Элсэлт

Элсэгчид тавих шаардлага нь докторын хөтөлбөрийн суралцахуйн зорилтот үр дүнд хүрэх боломжийг тооцсон, шударга, ил тод байна. Элсэгчийн мэргэжлийн болон судалгааны туршлага, ур чадвар, амжилтыг харгалзан тодорхой нөхцөлөөр элсүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна гадаад хэлний (TOFEL, IELTS гэх мэт) болон судалгааны чадавхыг үнэлэх олон улсын үнэлгээг тооцдог байна.  Судалгааны сэдэв, удирдагч багшийг сонгох, санхүүжилтийн хэлбэр, хэмжээг тогтоох журмууд нь тодорхой, ил тод байна.

2.2.Суралцахуйн ачаалал, багц цаг

Докторантын сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх ажлын ачаалал нь улирал бүрд жигд, зохистой хэрэгжиж, хэт ихсэх болон багасахаас сэргийлдэг байна. Докторантын суралцах хугацаа хэвийн хэмжээнээс хэтрэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлдэг байна.

2.3.Багшлахуй ба суралцахуйн арга зүй

Багшлахуй ба суралцахуйн арга зүй нь суралцагч төвтэй арга барилд тулгуурласан, докторантыг суралцахуйн зорилтот үр дүнд амжилттай суралцахад нь дэмждэг байна. Үүний зэрэгцээ судлаачийн болон мэргэжлийн ёс зүй, арга барилыг дээдлэн хөгжүүлдэг байна.

2.4.Судалгааны ажил

Докторант, удирдагчийн үйл ажиллагааг харилцан уялдаатай тодорхойлсон ил тод журмаар сургалтын болон ганцаарчилсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу докторантын судалгааны ажлын гүйцэтгэлийг хянан идэвхжүүлдэг байна. Удирдагч багш нар нь судалгааны ажлыг удирдах ур чадвараа байнга хөгжүүлж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлдэг байна.

2.5.Бүтээлч ажил

Докторант нь шинжлэх ухааны арга хэмжээ, бага хурал, мэргэжлийн хэлэлцүүлэг зэрэг шинжлэх ухааны болон мэргэжлийн арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцож, судалгааны бүтээлээ хэвлүүлдэг байна. Докторантын бүтээлч ажлыг дэмжин урамшуулах, үнэлэх, баталгаажуулах тогтолцоотой байна.

Шалгуур 3.ДОКТОРАНТЫН СУРАЛЦАХУЙН ҮНЭЛГЭЭ, ХӨГЖИЛ

Хөтөлбөрөөр суралцагч суралцахуйн зорилтот үр дүнд амжилттай хүрэхэд чиглэсэн ил тод, шударга үнэлгээний системтэй байх ба амжилттай суралцах, хөгжиж төлөвшихөд нь зөвлөн тусалдаг байна.

3.1.Суралцахуйн үнэлгээ, шалгалт

Хөтөлбөрийн явцад үнэлгээний олон төрөл хэлбэрийг ашиглан суралцагчийн суралцахуйн зорилтот үр дүн (мэдлэг, чадвар, дадал)-ийн гүйцэтгэлийг үнэлэх тогтолцоотой байна. Үнэлгээний журам, шалгуур нь сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх ажлыг бүхэлд нь хамарсан байх ба суралцагчийн амжилтыг шударга ил тод үнэлж, сайжруулдаг.

3.2.Суралцагчийн хөгжил, суралцахуйн хүрсэн үр дүнг хүлээн зөвшөөрөх

Хөтөлбөрөөс гадуур суралцагчийн бие даан эзэмшсэн болон өөр сургууль, хөтөлбөрөөс суралцсан суралцахуйн үр дүнг хүлээн зөвшөөрч, багц цагийг дүйцүүлэн тооцдог байна. Түүнчлэн суралцагчийн mobility-ийг дэмжсэн /багц цагийг хүлээн зөвшөөрөх, дүйцүүлэн тооцох, багц цагаас чөлөөлөх/ холбогдох дүрэм, журмын дагуу суралцагчийн эрх ашигт нийцүүлдэг байна.

3.3.Суралцагчийг дэмжих, зөвлөх үйлчилгээ

Суралцагчдыг амжилттай суралцах, хөгжиж төлөвшихөд нь дэмжих, зөвлөх үйлчилгээг системтэйгээр үзүүлдэг байна. Дэмжих, зөвлөх үйлчилгээ нь суралцагч /гадаад, шилжин ирсэн, ажил эрхэлдэг ба эрхэлдэггүй, боловсролын тусгай хэрэгцээт гэх мэт/-ийн хэрэгцээ, шаардлагаас үүдэх сургалтын орчин, нийгэм, сэтгэл зүйн асуудлыг шийдэхэд тусалж, сэтгэл ханамжийг дээшлүүлдэг байна.

3.4.Судалгааны санхүүжилт

Сургуулийн судалгааны бодлого, хөтөлбөрийн зорилгод нийцүүлэн, докторантын судалгааны ажлыг олон эх үүсвэрээс санхүүжүүлэх, санхүүжилтийг хянах, гүйцэтгэлийг үнэлэх ил тод бодлого, журмыг хэрэгжүүлж, жил бүр ил тод тайлагнадаг байна.

3.5.Тэтгэлэг, тэтгэмж, ажлын байр

Докторантын сургалтыг санхүүжүүлэх эх үүсвэр, тэтгэлэг, тэтгэмж олгох нөхцөл, болзлыг тодорхой заасан дүрэм журмыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ түр болон байнгын ажлын байраар хангах боломжийг бүрдүүлдэг байна.

3.6.Судалгааны баг, хамтын ажиллагаа

Хөтөлбөрийн түвшинд үндэсний болон олон улсын, төрийн болон хувийн байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээтэй, дотоодын болон гаднын судалгааны нэгж, байгууллагуудтай холбоо тогтоож, түншилдэг байна. Багш, докторантууд судалгааны багт оролцдог байна.

3.7.Диссертац хамгаалах

Диссертац хамгаалах зөвшөөрөл олгох (шинэ мэдлэгийг бий болгох, үр дүнг ашиглах, багшлахуйн үнэлгээ, шилжилт хөдөлгөөн гэх мэт) тодорхой шалгуурууд нь докторант, удирдагч нарт ойлгомжтой байна. Диссертац хамгаалалтыг зохион байгуулах дүрэм (хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүн, гишүүдийн чиг үүрэг, хурлын дэг, танилцуулга хийх г.м.)-ийг докторант, удирдагч нарт тодорхой, шударга, ил тод байдлаар тодорхойлсон байна.

3.8.Төгсөлтийн баримт бичиг

Төгсөгчид, суралцсан хөтөлбөрийн хичээл тус бүрээр мэдлэг, ур чадвар, дадлын түвшинг жагсаасан хавсралт (англи хэл дээр) бүхий диплом, баримт бичиг олгох үйл явцыг холбогдох журмын хүрээнд хэрэгжүүлдэг байна. Төгсөгчид олгох баримт бичгүүд нь тухайн оюутны чадамжийн тухай мэдээлэл болон хөтөлбөрийн тодорхойлолт, суралцахуйн үр дүн, агуулга, түвшин түүнчлэн боловсрол, мэргэшлийн зэрэгтэй холбоотой мэдээллүүдийг багтаасан байна.

Шалгуур 4.БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

Докторын хөтөлбөрийн онцлогоос хамааран шинжлэх ухааны салбар ба суралцагчийн тоонд дүйцэх, хангалттай хүрэлцээтэй багшлах бүрэлдэхүүнтэй байна.

4.1.Багшийн нөөц

Тухайн хөтөлбөрийн мэргэжлийн чиглэл, боловсролын зэргийн түвшинд тохирсон боловсролын зэрэг, эрдмийн цолтой, багшлах өндөр ур чадвартай, мэргэжлийн туршлага бүхий багш, судлаачийн нөөцтэй байна. Багш, докторантын тооны харьцааг зохистой тогтоож, мөрддөг байна. Хөтөлбөрийн чанарыг сайжруулах зорилгоор үндэсний болон олон улсын тэргүүлэх судлаач, эрдэмтдийг хөтөлбөрт урьж ажиллуулдаг байна.

4.2.Багшлахуйн үнэлгээ

Багшлахуйн үр дүн, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, үнэлгээний үйл явцыг тодорхой журамлан, хөтөлбөрийн зорилго, зорилтуудад нийцүүлэн багшийн ур чадварыг шударга, бодитой, системтэй, тогтмол үнэлж, үнэлгээний үр дүнг цаг тухайд нь танилцуулдаг байна. Чадахуйд суурилсан үнэлгээний тогтолцоо нь багшийн байнгын хөгжлийг дэмждэг байна.

4.3.Багшийн хөгжил

Багш нар мэргэжлийн болон багшлах ур чадвараа дээшлүүлэх, судалгаа шинжилгээ хийх, докторын судалгаа удирдах ур чадвараа ахиулахад нь чиглэсэн үйл ажиллагааг системтэй хэрэгжүүлж, боловсролын үйлчилгээнд шинэ арга зүй, инновац нэвтрүүлэхийг дэмжин урамшуулдаг байна.

4.4.Судалгаа ба хөгжил

Багш нар хөтөлбөрийн судлагдахуунтай холбоотой судалгааны ажлыг идэвхтэй хийдэг, шаардлагатай тохиолдолд судалгааны баг бүрдүүлж, докторантуудыг судалгаанд татан оролцуулдаг байна. Үүний зэрэгцээ үндэсний болон олон улсын эрдэмтдийн баг, сүлжээ, мэргэжлийн байгууллагын идэвхтэй гишүүн байхыг сургуулийн зүгээс дэмждэг байна.

Шалгуур 5.НӨӨЦ БА САНХҮҮЖИЛТ

Суралцахуйн зорилтот үр дүнд хүрэх, судалгааны ажлыг чанартай хийхэд шаардагдах нөөцийг бүрдүүлж, нөөцийн хуваарилалт болон гүйцэтгэлийг хянах, хөтөлбөрийн байнгын хөгжлийг дэмжих санхүүгийн хангалттай эх үүсвэртэй байна.

5.1.Сургалт, судалгааны орчин

Тухайн хөтөлбөр, шинжлэх ухааны чиглэлээр докторант идэвхтэй суралцах, судалгаа хийх анги танхим, лаборатори, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрдүүлж, багш, суралцагчдын сэтгэл ханамжид үндэслэн сайжруулдаг байна.

5.2.Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн

Хичээл тус бүрээр үндсэн сурах бичиг, сургалт, судалгааны хэрэглэгдэхүүнийг хангалттай бүрдүүлж, судалгааны ажилд шаардлагатай мэдээлэл, үр дүнгүүдийг багш, докторантууд хэвлэмэл болон цахим хэлбэрээр нээлттэй ашигладаг байна.

5.3.Төсөв, санхүүжилт

Хөтөлбөр олон эх үүсвэрээс санхүүжих ба хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэх, хяналт, үнэлгээ хийх, шинэчлэх төсөвтэй байна. Хөтөлбөрийн санхүүжилтийн тодорхой хувийг багшлахуй, суралцахуйн хөгжилд зарцуулдаг, үүнд багш нарын саналыг харгалздаг байна.

Шалгуур 6.УДИРДЛАГА БА МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

Хөтөлбөрийн зорилгодоо хүрэхэд нийцсэн засаглал ба удирдлагын тогтолцоотой, захиргааны зохистой бүтэц, удирдлагын мэдээллийн системтэй байна.

6.1.Засаглал ба удирдлага

Хөтөлбөрийн зорилгодоо хүрэхэд туслах үр ашигтай засаглал, удирдлагын тогтолцоо, захиргааны бүтэцтэй байх ба академик эрх чөлөө, ёс зүйн хариуцлагыг дэмждэг байна.

6.2.Ажилтнууд

Захиргааны болон туслах ажилтны орон тоо хангалттай, зохих ур чадвар, туршлагатай байна. Захиргааны болон туслах ажилтныг ажил мэргэжилдээ өсөн дэвжих, мэргэжил дээшлүүлэх, насан туршийн боловсролд нь дэмжлэг үзүүлдэг байна.

6.3.Удирдлагын мэдээллийн систем

Хөтөлбөрийн удирдлагын шуурхай, оновчтой үйл ажиллагааг хангахад чиглэсэн мэдээлэл цуглуулах, боловсруулах удирдлагын мэдээллийн системтэй байна. Цуглуулсан мэдээлэл, дүн шинжилгээг хөтөлбөрийг сайжруулахад ашигладаг байна.

6.4.Мэдээллийн ил тод байдал

Тухайн хөтөлбөрийн танилцуулга, суралцахуйн зорилтот үр дүн, элсэгчид тавих шаардлага, сургалтын төлөвлөгөөний бүтэц, хичээлийн хөтөлбөрүүд, суралцах ачаалал, багц цаг, суралцахуйн үнэлгээний аргачлал зэрэг хөтөлбөртэй холбоотой үнэн зөв мэдээллийг багш, суралцагчдад нээлттэй хүргэж, цаашид тогтмол шинэчилдэг байна.

Шалгуур 7.ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ

Хөтөлбөрийг оролцогч талуудын оролцоотойгоор тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн дотоод болон хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын тогтолцоотой байна.

7.1.Чанарын дотоод баталгаажуулалт ба хөтөлбөрийн сайжруулалт

Хөтөлбөрийн хэрэгжилтийг бүхэлд нь болон үе шат бүрийг, түүнчлэн бүрэлдэхүүн хэсэг (хичээлийн хөтөлбөрүүд, суралцахуйн орчин, багшлахуй ба суралцахуйн үнэлгээ, элсэлт, төгсөлт, төгсөгчдийн ажил эрхлэлт гэх мэт) тус бүрийг байнга, тогтмол давтамжтайгаар хянан үнэлж, тухай бүр сайжруулах чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоотой байна. Чанарын дотоод баталгаажуулалтын бүтэц, үйл явцад бүх тал оролцдог байна.

7.2.Чанарын хөндлөнгийн үнэлгээ ба магадлан итгэмжлэл

Жил бүр хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуурын дагуу өөрийн үнэлгээ хийж, үндэсний болон олон улсын нийтлэг жишигт хүрэхийг эрмэлзэж ажилладаг байна.