

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн
2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт
МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙГ УРЬДЧИЛАН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ШАЛГУУР, ШААРДЛАГА
Шалгуур 1.МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, АГУУЛГА
Дээд боловсролын болон сургуулийн зорилго, мэргэжлийн салбарын судалгаа ба хөгжлийн бодлоготой уялдуулан оролцогч талуудын эрэлт хэрэгцээг тусган хөтөлбөрийн зорилго, агуулгыг тодорхойлсон байна.
1.1.Хөтөлбөрийн боловсруулалт
Дээд боловсролын хууль эрх зүй, магистрын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага, хэрэглэгч ба оролцогч талуудын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөтөлбөрийг иж бүрэн боловсруулж, Хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлэн баталсан байна. Магистрантын сургалт, судалгаа, хөгжил, бүтээлч ажлуудын төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, чанарын баталгаажуулалтын арга барил нь хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн чөлөөт сонголт бүхий олон хувилбартай хэрэгжихээр төлөвлөсөн байна.
1.2.Хөтөлбөрийн зорилго
Хөтөлбөрийн төгсгөлд магистрантын эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал буюу суралцахуйн зорилтот үр дүнгээр хөтөлбөрийн зорилгыг тодорхойлсон байна. Хөтөлбөрийн зорилго нь үндэсний болон глобал хөдөлмөрийн зах зээлийн шинэ эрэлт хэрэгцээ, сургуулийн зорилгод нийцсэн (өөрийн сургуулийн магистрын сургалтын онцлог, давуу байдлыг тусгасан) байна. Суралцахуйн зорилтот үр дүнг тодорхойлоход хэрэглэгч ба оролцогч талуудыг татан оролцуулж, тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагыг тусгасан байна.
1.3.Хөтөлбөрийн агуулга
Хөтөлбөрийн агуулга нь суралцахуйн зорилтот үр дүнд амжилттай суралцахад чиглэсэн байна. Хөтөлбөрийн агуулга нь мэргэжлийн ахисан түвшний судалгааг хөгжүүлэхэд чиглэж онол практикийг зохистой хослуулан, логик дэс дараалалтай, давхардалгүй хэрэгжүүлэх сургалтын болон судалгааны төлөвлөгөөг боловсруулж, заавал болон сонгон суралцах агуулга, сургалтын хэлбэрийг зохистой тогтоосон байна.
1.4.Хичээлийн хөтөлбөрүүд
Сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хичээл бүрийн хөтөлбөрийг иж бүрэн боловсруулсан байна. Үүнд: Тухайн хичээлийг судлах үндэслэл, урьдач нөхцөл, уялдаа холбоо, суралцахуйн зорилтот үр дүн, хичээлийн агуулга, багц цаг, магистрантын суралцахуйн ачаалал, үнэлгээний аргачлал зэргийг дэлгэрэнгүй багтаасан байна. Хичээлийн хөтөлбөрүүд нь суралцагчдын мэргэжлийн болон хөрвөх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэх ба тэдгээрийг суралцагчдад ил тод мэдээлдэг, шаардлагатай тохиолдолд гарын авлага болгон хэвлэсэн байна. Магистрант нь хувь хүний хөгжлийн болон судалгааны ур чадвараа хөгжүүлэх боломжийг хичээлийн хөтөлбөрүүдэд тодорхой тусгасан байна.
1.5.Хөтөлбөрт тавих тусгай шаардлага
Хөтөлбөрийн суралцахуйн зорилтот үр дүн, агуулга нь тухайн хөтөлбөрийн хамаарах ерөнхий, төрөлжсөн, нарийвчилсан чиглэлээр Мэргэжлийн зөвлөлөөс тогтоосон тусгай шаардлагыг хангасан байхаас гадна үндэсний болон олон улсын сайн туршлагыг нутагшуулахыг эрмэлзэнэ.
Шалгуур 2.ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ
Магистрын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчинг бүрдүүлж, магистрантын суралцахуй ба судалгааны ажлыг дэмжих үйл явцыг сайтар төлөвлөсөн байна.
2.1.Элсэлт
Элсэгчид тавих шаардлага нь магистрын хөтөлбөрийн суралцахуйн зорилтот үр дүнд хүрэх боломжийг тооцсон, шударга, ил тод байна. Элсэгчийн мэргэжлийн болон судалгааны туршлага, ур чадвар, амжилтыг харгалзан тодорхой нөхцөлөөр элсүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна гадаад хэлний (IELTS) болон судалгааны чадавхыг үнэлэх олон улсын үнэлгээг тооцож элсүүлэх бодлого, журамтай байна. Судалгааны сэдэв, удирдагч багшийг сонгох, санхүүжилтийн хэлбэр, хэмжээг тогтоох журмууд нь тодорхой, ил тод байна.
2.2.Суралцахуйн ачаалал, багц цаг
Хөтөлбөрөөр суралцах магистрантын танхимд болон бие даан суралцах, судалгаа хийх ачаалал нь улирал бүрд жигд, зохистой хэрэгжиж хэт ихсэх болон багасахаас сэргийлж, магистрантын суралцах хугацаа хэвийн хэмжээнээс хэтрэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.
2.3.Багшлахуй ба суралцахуйн арга зүй
Багшлахуй ба суралцахуйн арга зүй нь суралцагч төвтэй арга барилд тулгуурласан, магистрантыг суралцахуйн зорилтот үр дүнд амжилттай суралцахад нь дэмжих ба судлаачийн болон мэргэжлийн ёс зүй, арга барилыг дээдлэн хөгжүүлэхэд чиглэсэн байна.
2.4.Судалгааны ажил
Магистрант, удирдагчийн үйл ажиллагааг харилцан уялдаатай тодорхойлсон ил тод журмаар сургалтын болон ганцаарчилсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу магистрантын судалгааны ажлын гүйцэтгэлийг хянан идэвхжүүлэх үйл явцыг тодорхойлсон байна. Удирдагч багш нар нь судалгааны ажлыг удирдах ур чадвартай байна.
2.5.Бүтээлч ажил
Магистрант нь шинжлэх ухааны арга хэмжээ, бага хурал, мэргэжлийн хэлэлцүүлэг зэрэг шинжлэх ухааны болон мэргэжлийн арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцож, судалгааны бүтээлээ хэвлүүлэх боломжийг бүрдүүлэх, магистрантын бүтээлч ажлыг дэмжин урамшуулах, үнэлэх, баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх төлөвлөгөөтэй байна.
Шалгуур 3.МАГИСТРАНТЫН СУРАЛЦАХУЙН ҮНЭЛГЭЭ, ХӨГЖИЛ
Хөтөлбөрөөр суралцагч суралцахуйн зорилтот үр дүнд амжилттай хүрэхэд чиглэсэн ил тод, шударга үнэлгээний системтэй байх ба амжилттай суралцах, хөгжиж төлөвшихөд нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх нөөцийг бүрдүүлсэн байна.
3.1.Суралцахуйн үнэлгээ, шалгалт
Хөтөлбөрийн явцад үнэлгээний олон төрөл хэлбэрийг ашиглан суралцагчийн суралцахуйн зорилтот үр дүн (мэдлэг, чадвар, дадал)-ийн гүйцэтгэлийг үнэлэх тогтолцоог бүрдүүлсэн байна. Үнэлгээний журам, шалгуур нь сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх ажлыг бүхэлд нь хамарсан байх ба суралцагчийн амжилтыг шударга, ил тод үнэлэх, сайжруулахад чиглэсэн байна.
3.2.Суралцагчийн хөгжил, суралцахуйн хүрсэн үр дүнг хүлээн зөвшөөрөх
Хөтөлбөрөөс гадуур суралцагчийн бие даан эзэмшсэн болон өөр сургууль, хөтөлбөрөөс суралцсан суралцахуйн үр дүнг хүлээн зөвшөөрч, багц цагийг дүйцүүлэн тооцох журамтай байна. Түүнчлэн суралцагчийн mobility-ийг дэмжсэн /багц цагийг хүлээн зөвшөөрөх, дүйцүүлэн тооцох, багц цагаас чөлөөлөх/ холбогдох дүрэм, журмын дагуу суралцагчийн эрх ашигт нийцүүлэхийг эрмэлзэнэ.
3.3.Суралцагчийг дэмжих, зөвлөх үйлчилгээ
Суралцагчдыг амжилттай суралцах, хөгжиж төлөвшихөд нь дэмжих, зөвлөх үйлчилгээг системтэйгээр үзүүлэх нөөцийг бүрдүүлсэн байна. Дэмжих, зөвлөх үйлчилгээ нь суралцагч /гадаад, шилжин ирсэн, ажил эрхэлдэг ба эрхэлдэггүй, боловсролын тусгай хэрэгцээт гэх мэт/-ийн хэрэгцээ, шаардлагаас үүдэх суралцахуйн орчин, нийгэм, сэтгэл зүйн асуудлыг шийдэхэд тусалж, сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн байна.
3.4.Судалгааны санхүүжилт
Сургуулийн судалгааны бодлого, хөтөлбөрийн зорилгод нийцүүлэн, магистрантын судалгааны ажлыг санхүүжүүлэх, санхүүжилтийг хянах, гүйцэтгэлийг үнэлэх ил тод бодлого, журамтай байна.
3.5.Тэтгэлэг, тэтгэмж
Магистрантын сургалтыг санхүүжүүлэх эх үүсвэр, тэтгэлэг, тэтгэмж олгох нөхцөл, болзлыг тодорхой заасан дүрэм журамтай байна.
3.6.Судалгааны баг, хамтын ажиллагаа
Хөтөлбөрийн түвшинд үндэсний болон олон улсын, төрийн болон хувийн байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын болон гаднын судалгааны нэгж, байгууллагуудтай холбоо тогтоож түншлэх, багш, магистрантууд судалгааны багт оролцох боломж нөхцлийг тандан судалж, зарим ажлыг эхлүүлсэн байна.
3.7.Магистрын ажил хамгаалалт
Магистрын ажил хамгаалах зөвшөөрөл олгох (шинэ мэдлэгийг бий болгох, үр дүнг ашиглах, багшлахуйн үнэлгээ, шилжилт хөдөлгөөн гэх мэт) тодорхой шалгуурууд нь магистрант, удирдагч нарт ойлгомжтой байна. Магистрын ажил хамгаалалтыг зохион байгуулах дүрэм (хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүн, гишүүдийн чиг үүрэг, хурлын дэг, танилцуулга хийх г.м.) -ийг магистрант, удирдагч нарт тодорхой, шударга, ил тод байдлаар тодорхойлсон байна.
Шалгуур 4.БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН
Магистрын хөтөлбөрийн онцлогоос хамааран шинжлэх ухааны салбар ба суралцагчийн тоонд дүйцэх, хангалттай хүрэлцээтэй багшлах бүрэлдэхүүнтэй байна.
4.1.Багшийн нөөц
Тухайн хөтөлбөрийн мэргэжлийн чиглэл, боловсролын зэргийн түвшинд тохирсон боловсролын зэрэг, эрдмийн цолтой, багшлах өндөр ур чадвартай, мэргэжлийн туршлага бүхий багш, судлаачийн нөөцтэй байна. Багш, магистрантын тооны харьцааг зохистой тогтоосон байна. Хөтөлбөрийн чанарыг сайжруулах зорилгоор үндэсний болон олон улсын тэргүүлэх судлаач, эрдэмтдийг хөтөлбөрт урьж ажиллуулах боломжийг бүрдүүлсэн байна.
4.2.Багшлахуйн үнэлгээ
Багшлахуйн үр дүн, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, үнэлгээний үйл явцыг тодорхой журамлан, хөтөлбөрийн зорилго, зорилтуудад нийцүүлэн багшийн ур чадварыг шударга, бодитой, системтэй, тогтмол үнэлэх тогтолцоо бүрдүүлсэн байна. Чадахуйд суурилсан үнэлгээний систем нь багшийн байнгын хөгжлийг дэмжихэд чиглэсэн байна.
4.3.Багшийн хөгжил
Багш нар мэргэжлийн болон багшлах ур чадвараа дээшлүүлэх, судалгаа шинжилгээ хийх, магистрын судалгаа удирдах ур чадвараа ахиулахад нь чиглэсэн үйл ажиллагааг системтэй хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй, боловсролын үйлчилгээнд шинэ арга зүй, инновац нэвтрүүлэхийг дэмжин урамшуулах бодлого, журамтай байна.
4.4.Судалгаа ба хөгжил
Багш нар хөтөлбөрийн судлагдахуунтай холбоотой судалгааны ажлыг идэвхтэй хийх, шаардлагатай тохиолдолд судалгааны баг бүрдүүлж, магистрантуудыг судалгаанд татан оролцуулах боломжийг бүрдүүлсэн байна. Үүний зэрэгцээ үндэсний болон олон улсын эрдэмтдийн баг, сүлжээ, мэргэжлийн байгууллагын идэвхтэй гишүүн байхыг сургуулийн зүгээс дэмжих бодлого, зохицуулалттай байна.
Шалгуур 5.НӨӨЦ БА САНХҮҮЖИЛТ
Суралцахуйн зорилтот үр дүнд хүрэх, судалгааны ажлыг чанартай хийхэд шаардагдах нөөцийг бүрдүүлж, нөөцийн хуваарилалт болон гүйцэтгэлийг хянах, хөтөлбөрийн байнгын хөгжлийг дэмжих санхүүгийн хангалттай эх үүсвэртэй байна.
5.1.Сургалт, судалгааны орчин
Тухайн хөтөлбөр, шинжлэх ухааны чиглэлээр магистрант идэвхтэй суралцах, судалгаа хийх анги танхим, лаборатори, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрдүүлсэн, цаашид сайжруулах төлөвлөлттэй байна.
5.2.Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн
Хичээл тус бүрээр үндсэн сурах бичиг, сургалт, судалгааны хэрэглэгдэхүүнийг хангалттай бүрдүүлсэн ба судалгааны ажилд шаардлагатай мэдээлэл, үр дүнгүүдийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр ашиглах боломж бүрдүүлсэн байна.
5.3.Төсөв, санхүүжилт
Хөтөлбөр олон эх үүсвэрээс санхүүжих ба хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэх, хяналт, үнэлгээ хийх, шинэчлэх төсөв боловсруулсан байна. Хөтөлбөрийн санхүүжилтийн тодорхой хувийг багшлахуй, суралцахуйн хөгжилд зарцуулахаар төсөвлөсөн байна.
Шалгуур 6.УДИРДЛАГА БА МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Хөтөлбөрийн зорилгодоо хүрэхэд нийцсэн засаглал ба удирдлагын тогтолцоотой, захиргааны зохистой бүтэц, удирдлагын мэдээллийн систем бүрдүүлсэн байна.
6.1.Засаглал ба удирдлага
Хөтөлбөрийн зорилгодоо хүрэхэд туслах үр ашигтай засаглал, удирдлагын тогтолцоо, захиргааны бүтэцтэй байх ба академик эрх чөлөө, ёс зүйн хариуцлагыг дэмждэг байна.
6.2.Ажилтнууд
Захиргааны болон туслах ажилтны орон тоо хангалттай, зохих ур чадвар, туршлагатай байна. Захиргааны болон туслах ажилтныг ажил мэргэжилдээ өсөн дэвжих, мэргэжил дээшлүүлэх, насан туршийн боловсролд нь дэмжлэг үзүүлэх бодлого, зохицуулалттай байна.
6.3.Удирдлагын мэдээллийн систем
Хөтөлбөрийн удирдлагын шуурхай, оновчтой үйл ажиллагааг хангахад чиглэсэн мэдээлэл цуглуулах, боловсруулах удирдлагын мэдээллийн системтэй байна. Цуглуулсан мэдээлэл, дүн шинжилгээг хөтөлбөрийг сайжруулахад ашиглана.
6.4.Мэдээллийн ил тод байдал
Тухайн хөтөлбөрийн танилцуулга, суралцахуйн зорилтот үр дүн, элсэгчид тавих шаардлага, сургалтын төлөвлөгөөний бүтэц, хичээлийн хөтөлбөрүүд, суралцах ачаалал, багц цаг, суралцахуйн үнэлгээний аргачлал зэрэг хөтөлбөртэй холбоотой үнэн зөв мэдээллийг багш, суралцагчид, олон нийтэд нээлттэй хүргэх, цаашид тогтмол шинэчлэх боломжтой байна.
Шалгуур 7.ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
Хөтөлбөрийг оролцогч талуудын оролцоотойгоор тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн дотоод болон хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлсэн байна.
7.1.Чанарын дотоод баталгаажуулалт ба хөтөлбөрийн сайжруулалт
Хөтөлбөрийн хэрэгжилтийг бүхэлд нь болон үе шат бүрийг, түүнчлэн бүрэлдэхүүн хэсэг (хичээлийн хөтөлбөрүүд, суралцахуйн орчин, багшлахуй ба суралцахуйн үнэлгээ, элсэлт, төгсөлт гэх мэт) тус бүрийг байнга, тогтмол давтамжтайгаар хянан үнэлэх, тухай бүр сайжруулах чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоог төлөвлөж, хэрэгжүүлэх бэлтгэлийг хангасан байна. Чанарын дотоод баталгаажуулалтын бүтэц, үйл явцад бүх талын оролцоог хангана.
7.2.Чанарын хөндлөнгийн үнэлгээ ба магадлан итгэмжлэл
Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш жил бүр хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуурын дагуу өөрийн үнэлгээ хийж, үндэсний болон олон улсын нийтлэг жишигт хүрэхийг эрмэлзэж ажиллана.
