Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2021 оны 24 дүгээр
    тогтоолын хавсралт

 

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН
“ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”
-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсад аливаа бараа үнэмлэхүй, эсхүл харьцангуй үзүүлэлтийн хувьд өсөн нэмэгдсэн хэмжээгээр импортлогдож, энэ нь ижил бараа, эсхүл шууд өрсөлдөх барааны дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан, эсхүл учруулах бодит эрсдэл бий болсон эсэхийг Дэлхийн худалдааны байгууллага (цаашид “ДХБ” гэх)-ын Хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээр (цаашид “Хэлэлцээр” гэх)-ийн хүрээнд хянан магадалгаа хийх, хамгаалалтын арга хэмжээ хэрэглэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ журамд зааснаас өөрөөр заасан бол тухайн тохиолдолд олон улсын гэрээ энэ журмын аль тохирох заалтыг дагаж мөрдөнө.

1.3.“Хянан магадалгаа” гэж Хэлэлцээрийн 3-р зүйлд заасныг, “дотоодын үйлдвэрлэл” гэж Хэлэлцээрийн 4-р зүйлийн 1 (с)-д заасныг, “ноцтой хохирол” гэж Хэлэлцээрийн 4-р зүйлийн 1 (а)-д заасныг, “ноцтой хохирол учруулах бодит эрсдэл” гэж Хэлэлцээрийн 4-р зүйлийн 1 (b)-д заасныг ойлгоно.

Хоёр.Хянан магадлуулах хүсэлт гаргах

2.1.Импортын барааны өсөлт нь дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан, эсхүл ноцтой хохирол учруулах бодит эрсдэл бий болсон эсэхийг тогтоолгохоор хянан магадлуулах хүсэлтийг хувь хүн, хуулийн этгээд тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

2.2.Энэ журмын 2.1-д заасан этгээд хүсэлтийг дангаар, эсхүл хамтран гаргаж болох бөгөөд хүсэлтэд дараахь мэдээлэл, судалгааг хавсарган ирүүлнэ:

     2.2.1.хүсэлт гаргагчийн нэр, хаяг;

     2.2.2.хянан магадлуулах барааны физик, химийн болон техникийн шинж чанар, технологи болон үйлдвэрлэлийн үйл явц, холбогдох үйлдвэрлэлийн онцлог үзүүлэлт, үнийн бүтэц, борлуулалтын суваг, барааны зориулалт болон ашиглалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, гаалийн тарифын ангиллын код болон хянан магадлах ажиллагааны цар хүрээ;

     2.2.3.ижил бараа, эсхүл шууд өрсөлдөх барааны физик, химийн болон техникийн шинж чанар, технологи болон үйлдвэрлэлийн үйл явц, холбогдох үйлдвэрлэлийн онцлог үзүүлэлт, үнийн бүтэц, борлуулалтын суваг, барааны зориулалт болон ашиглалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл; 

     2.2.4.хянан магадлуулах барааны импортын тоо хэмжээ, цаашдын чиг хандлагын талаар судалгаа мэдээлэл;

     2.2.5.хянан магадлуулах барааны сүүлийн 3 жилийн, хэрэв сүүлийн        3 жилд тухайн барааг импортлоогүй бол хүсэлт гаргагчаас илүү төлөөлөл болно гэж үзсэн хугацаанд импортолсон тоо хэмжээ, үнийн дүн, Монгол Улсад импортолсон бол борлуулалтын таамаглал зэргийг харуулсан мэдээлэл;

     2.2.6.хянан магадлуулах барааны импортлогчийн, эсхүл импортлох магадлал өндөр гэж хүсэлт гаргагч үзсэн импортлогчдын нэр, хаяг;

     2.2.7.хянан магадлуулах барааны үнэмлэхүй болон харьцангуй тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн импортын өсөлтийн хувь хэмжээ, импортын өсөлтөөс шалтгаалсан дотоодын зах зээлд эзлэх болсон хувь хэмжээ, борлуулалт, үйлдвэрлэл, ашиг алдагдлын өөрчлөлтийн түвшин, үйлдвэрлэлийн бүтээмж, үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалт болон ажил эрхлэлтийн мэдээлэл зэрэг тухайн барааны импортын өсөлт нь дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан, эсхүл учруулах бодит эрсдэл бий болсон гэдгийг нотолж чадахуйц аливаа бодит мэдээлэл, нотлох баримт, тайлбар;

     2.2.8.хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө болон дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сэргээхэд санал болгож байгаа дэмжлэг тусламжийн арга хэмжээ;

     2.2.9.хүсэлт гаргагчаас шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.

2.3.Хүсэлт гаргагч энэ журмын 2.2-т заасан мэдээлэл, судалгааг ирүүлээгүй, эсхүл дутуу ирүүлсэн тохиолдолд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж болно.

2.4.Хүсэлт гаргагч нь нууцлах шаардлагагүй, олон нийтэд мэдээлэх боломжтой гэж үзсэн хураангуй мэдээллийг хүсэлтийн хамт ирүүлнэ.

2.5.Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан саналын дагуу хүсэлтэд хавсаргасан мэдээлэл, судалгааг Байгууллагын нууцын тухай хуулийн хүрээнд хэсэгчлэн болон бүхэлд нь нууцлах асуудлыг мэдээлэл хүлээн авагч төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

2.6.Хүсэлт гаргагч хянан магадалгаа эхлэхээс өмнө хүсэлтээ буцаан татсан тохиолдолд хүсэлт гаргаагүйд тооцно.

2.7.Хүсэлт хүлээн авсан төрийн захиргааны төв байгууллага импортын өсөлтийн улмаас дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан, эсхүл ноцтой хохирол учруулах бодит эрсдэл бий болсныг нотлох хангалттай баримт байгаа эсэхийг хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 өдрийн дотор хянан үзнэ. Шаардлагатай гэж үзвэл энэхүү хугацааг нэг удаа 15 хүртэл өдрөөр сунгаж болно.

2.8.Хүсэлт хүлээн авсан төрийн захиргааны төв байгууллага импортын өсөлтийн улмаас дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан, эсхүл ноцтой хохирол учруулах бодит эрсдэл бий болсныг нотлох хангалттай баримт байна гэж үзсэн тохиолдолд хүсэлт гаргасан хувь хүн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал гаргана. Саналд энэ журмын 2.2-т заасан мэдээлэл болон дараахь мэдээллийг хавсарган ирүүлнэ:

     2.8.1.хянан магадлуулах барааны бичиглэл;

     2.8.2.ижил бараа, эсхүл шууд өрсөлдөх барааны бичиглэл;

     2.8.3.хянан магадлуулах барааны импортын өсөлтийг харуулсан хураангуй;

     2.8.4.ноцтой хохирол учруулсан, эсхүл учруулах бодит эрсдэл бий болсон гэдгийг баталсан хүчин зүйлсийн товч хураангуй;

     2.8.5.шаардлагатай мэдээлэл, эсхүл санал авах тохиолдолд харилцах хаяг;

     2.8.6.хянан магадлах ажиллагааг эхлүүлэхээр тогтсон огноо;

     2.8.7.сонирхогч талууд санал бодлоо илэрхийлэх хугацааны хязгаарлалт.

2.9.Шаардлагатай гэж үзвэл тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага өөрийн санаачлагаар хянан магадлах ажиллагааг эхлүүлэх саналыг гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж болно. Саналд энэ журмын 2.2 болон 2.8-д заасан мэдээлэл, судалгааг хавсаргана.

Гурав.Хянан магадлах

3.1.Гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.8, 2.9-д заасан санал, мөн саналын хамтаар ирүүлсэн нотлох баримт, тайлбартай танилцсаны үндсэн дээр хянан магадалгааг эхлүүлэх эсэхийг санал хүлээн авсан өдрөөс хойш 15 өдрийн дотор шийдвэрлэж тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл хугацааг нэг удаа 15 хүртэл өдрөөр сунгаж болно.

3.2.Гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэр гаргахад шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээллийг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргуулан авч болно.

3.3.Гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан магадлагааг эхлүүлэхээр шийдвэрлэсэн бол энэ тухай нийтэд мэдээлж, ДХБ-ын Хамгаалалтын арга хэмжээний хороо (цаашид Хороо гэх)-нд холбогдох мэдэгдлийг даруй хүргүүлнэ.

3.4.Тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 3.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор хянан магадалгааг эхлүүлнэ.

3.5.Хянан магадалгааг эхлүүлсэн өдрөөс 60 өдрийн дотор тухайн бараа нь дотоодын үйлдвэрлэлтэй харьцуулахад үнэмлэхүй, эсхүл харьцангуй хэмжээгээр тоо хэмжээ нь өсөн нэмэгдэн импортлогдож байгаа эсэх, ижил бараа, эсхүл шууд өрсөлдөх барааны дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан, эсхүл учруулах бодит эрсдэл бий болсон эсэхийг тогтоох урьдчилсан дүгнэлт гаргана. Шаардлагатай тохиолдолд тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хугацааг 30 хүртэл өдрөөр сунгаж болно.

3.6.Хүсэлт гаргагч нь хянан магадалгаа эхэлснээс хойш 30 өдрийн дотор хүсэлтдээ нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Хэрэв хянан магадлах явцад нэмэлт, өөрчлөлт хийх нь уг ажиллагааг тасалдуулах, эсхүл саад учруулна гэж тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас үзвэл хүсэлтэд аливаа нэмэлт, өөрчлөлт хийхээс татгалзаж болно.

3.7.Хянан магадлах явцад тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь экспортлогч, импортлогч болон бусад сонирхогч талуудад үзэл бодлоо илэрхийлэх, баримт нотолгоогоо ирүүлэх боломжоор хангах ба тэдний санал хүсэлтийг санал асуулга авах, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах (энэ тохиолдолд хурлын протоколыг заавал хөтөлнө) болон бусад тохиромжтой хэлбэрээр авч болно.

3.8.Хянан магадлагдаж байгаа бараа нь дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан эсэхийг тодорхойлохдоо дараахь хүчин зүйлсийг харгалзан үзнэ:

     3.8.1.ижил бараа, эсхүл шууд өрсөлдөх барааны дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг хянан магадлагдаж байгаа барааны харьцангуй, эсхүл үнэмлэхүй тоон үзүүлэлтээр илэрхийлсэн импортын өсөлттэй харьцуулсан хэмжээ, түвшин; 

     3.8.2.хянан магадлагдаж байгаа барааны импорт өссөнөөр дотоодын зах зээлд эзлэх болсон хувь;

     3.8.3.дотоодын барааны борлуулалт, үйлдвэрлэл, ашиг, алдагдал, үйлдвэрлэлийн бүтээмж, үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалт болон ажил эрхлэлтэд гарсан өөрчлөлт; 

     3.8.4.хянан магадлагдаж байгаа барааны импортын өсөлтөөс гадна дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан, эсхүл хохирол учруулах бодит эрсдэл бий болсон бусад хүчин зүйлс;

     3.8.5.шаардлагатай гэж үзсэн бусад хүчин зүйлс.

3.9.Хянан магадлагдаж байгаа бараа нь дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулах бодит эрсдэл бий болсон эсэхийг мэдэгдэл, таамаглал, магадлалаас гадна нотлох баримтыг үндэслэн тодорхойлох бөгөөд доор дурдсан хүчин зүйлсийг авч үзнэ:

     3.9.1.тухайн бүтээгдэхүүний гарал үүслийн, эсхүл үйлдвэрлэсэн орны экспортын бодит болон боломжит чадавх;

     3.9.2.дотоодын болон экспортлогч орны барааны нөөц бүрдүүлэлт;

     3.9.3.хянан магадлуулах барааны дотоодын зах зээлд их хэмжээгээр нэвтрүүлэх магадлал;
  
     3.9.4.шаардлагатай гэж үзсэн бусад хүчин зүйлс.

3.10.Хянан магадлах явцад хүсэлт гаргасан этгээдээс ирүүлсэн мэдээллийн үнэн, зөвийг баталгаажуулах нь зүйтэй гэж үзсэн бол тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь арга хэмжээг авна: 

     3.10.1.мэдээллийг газар дээр нь очиж баталгаажуулах болсон тухайгаа  тухайн этгээдэд мэдэгдэж, зөвшөөрөл авах;

     3.10.2.баталгаажуулж байгаа мэдээллийн төрөл, мөн баталгаажуулах явцад шаардагдах бусад нэмэлт мэдээллийн талаар тухайн этгээдэд мэдэгдэх; 

     3.10.3.шаардлагатай гэж үзсэн баримт бичиг, бүртгэл, тэмдэглэлд чөлөөтэй нэвтрэх хүсэлтийг тухайн этгээдэд гаргах;

     3.10.4.олон тооны этгээд хүсэлт гаргасантай холбоотойгоор тал тус бүрээс мэдээлэл гаргуулах нь бодит байдалд, эсхүл өөр бусад шалтгааны улмаас хүндрэлтэй тохиолдолд ижил бараа, эсхүл шууд өрсөлдөх бараа, эсхүл хянан магадлагдаж байгаа импортын барааны зонхилох хэсгийг төлөөлж чадахуйц түүвэр барааг сонгон хянах;

     3.10.5.мэдээллийг баталгаажуулах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд  холбогдох этгээдийг мэдээллээ нотлох баримт бичгийн эх хувийг ирүүлэх, эсхүл ирүүлсэн мэдээллийн үнэн зөв, бүрэн болохыг баталсан хөндлөнгийн аудитын дүгнэлт, эсхүл бусад зохистой аргуудыг ашиглах.

3.11.Дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан, эсхүл учруулах бодит эрсдэл бий болсон нь хянан магадлагдаж байгаа барааны импортын өсөлттэй “шалтгаант холбоо” байгаа гэдгийг баримт, нотолгоонд тулгуурлан тогтооно.

Дөрөв.Хянан магадалгааны дүгнэлт

4.1.Хянан магадалгааны дүнд тухайн барааны импортын өсөлтөөс өөр хүчин зүйлс дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан, эсхүл учруулах бодит эрсдэл бий болоход нөлөөлсөн гэж тогтоосон бол түүнийг импортын өсөлттэй “шалтгаант холбоо”-той хохирол гэж үзэхгүй бөгөөд энэ талаар урьдчилсан дүгнэлт гаргана.

4.2.Энэ журмын 4.1-д заасан дүгнэлтэд дараахь мэдээллийг тусгана:

     4.2.1.хянан магадлагдсан барааны бичиглэл, тодорхойлолт;

     4.2.2.ижил бараа, эсхүл шууд өрсөлдөх барааны дэлгэрэнгүй тодорхойлолт;

     4.2.3.урьдчилсан дүгнэлтээр энэ журмын 3.8, эсхүл 3.9-д заасан нөхцөл нотлогдоогүй шалтгаан;

     4.2.4.хянан магадалгааг үргэлжлүүлэх, эсхүл зогсоох тухай санал.

4.3.Энэ журмын 4.1-д дурдсан “шалтгаант холбоо” нотлогдсон тохиолдолд тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урьдчилсан дүгнэлтийг гаргаж, хянан магадалгааг үргэлжлүүлнэ.

4.4.Энэ журмын 4.3-т заасан дүгнэлтэд дараах мэдээллийг тусгана:

     4.4.1.хянан магадлагдсан барааны бичиглэл, дэлгэрэнгүй тодорхойлолт;

     4.4.2.ижил бараа, эсхүл шууд өрсөлдөх барааны бичиглэл;

     4.4.3.хамгаалалтын түр арга хэмжээг зайлшгүй хэрэглэх болсон шалтгаан;

     4.4.4.хамгаалалтын түр арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд ногдуулах татварын хувь хэмжээний тухай санал;

     4.4.5.хамгаалалтын түр арга хэмжээ үргэлжлэх хугацааны талаарх санал.

4.5.Урьдчилсан дүгнэлтээр “шалтгаант холбоо” нотлогдсон, эсхүл нотлогдоогүй болохыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 3.5-д заасан хугацаа дууссанаас хойш 7 өдрийн дотор гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.6.Гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урьдчилсан дүгнэлтийн дүнг нийтэд мэдээлнэ.

Тав.Хамгаалалтын түр арга хэмжээ ба эцсийн дүгнэлт

5.1.Энэ журмын 3.8 болон 3.9-д заасан нөхцөл урьдчилсан дүгнэлтээр нотлогдон, хамгаалалтын арга хэмжээ яаралтай хэрэглэхгүй байх нь дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан, эсхүл учруулах бодит эрсдэл бий болгож байгаа тохиолдолд хамгаалалтын түр арга хэмжээг хэрэглэж болно.

5.2.Хамгаалалтын түр арга хэмжээ нь зөвхөн гаалийн тарифыг нэмэгдүүлэх хэлбэртэй байх бөгөөд түүний үргэлжлэх хугацаа Хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан хугацаанаас хэтрэхгүй байна.

5.3.Энэ журмын 5.2-т заасан түр арга хэмжээг хэрэглэх тохиолдолд тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын түр арга хэмжээг хэрэглэх тухай саналаа гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

5.4.Гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын түр арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн бол энэ журмын 5.3-т заасан саналыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн     6 дугаар зүйлд заасан Гаалийн тарифын зөвлөлтэй зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. Шийдвэрт хамгаалалтын түр арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх огноог заасан байна.

5.5.Засгийн газар хамгаалалтын түр арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэсэн бол тус арга хэмжээг хэрэглэж эхлэхээс өмнө гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ тухай Хороонд даруй мэдэгдэнэ.

5.6.Шаардлагатай тохиолдолд түр арга хэмжээг хэрэглэхээс өмнө гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хэлэлцээрийн 12 дугаар зүйлийн 4-т зааснаар ДХБ-ын гишүүн орнууд, экспортлогч, импортлогч, болон бусад сонирхогч талыг зөвлөлдөх боломжоор хангана.

5.7.Хамгаалалтын түр арга хэмжээг хэрэглэх, эс хэрэглэх тухай шийдвэрийг холбогдох дүгнэлт нотолгооны хамт гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийтэд мэдээлнэ.

5.8.Түр арга хэмжээг нийтэд мэдээлж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн гаалийн байгууллага түүнийг хэрэгжүүлэх бөгөөд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 36.2-т заасан дансанд түр байршуулна.

5.9.Тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын түр арга хэмжээг хэрэглэж эхэлснээс 100 өдрийн дотор энэ журмын 3.8, эсхүл 3.9-д заасан нөхцөл хянан магадалгааны хүрээнд нотлогдсон эсэх талаар эцсийн дүгнэлт гаргана.

5.10.Хянан магадалгааны урьдчилсан болон эцсийн дүгнэлт гаргах нийт хугацаа энэ журмын 3.1-д заасан шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш           200 өдрөөс хэтрэхгүй байна.

5.11.Хянан магадалгааны эцсийн дүгнэлтээр энэ журмын 3.8, эсхүл 3.9-д заасан нөхцөл нотлогдоогүй бол хянан магадалгааг зогсоох, эсхүл хамгаалалтын түр арга хэмжээг цуцлах, энэ журмын 5.8-д заасан дансанд байршуулсан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох бөгөөд нотлогдоогүй шалтгааны талаарх эцсийн дүгнэлтийг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж, нийтэд мэдээлнэ.

5.12.Энэ журмын 5.11-д заасан дүгнэлтэд дараахь мэдээллийг тусгана:

     5.12.1.хянан магадлагдсан барааны бичиглэл, дэлгэрэнгүй тодорхойлолт;

     5.12.2.ижил бараа, эсхүл шууд өрсөлдөх барааны дэлгэрэнгүй  тодорхойлолт;

     5.12.3.эцсийн дүгнэлтээр энэ журмын 3.8, эсхүл 3.9-д заасан нөхцөл нотлогдоогүй шалтгаан.

5.13.Хянан магадалгааны эцсийн дүгнэлтээр энэ журмын 3.8, эсхүл 3.9-д заасан нөхцөл нотлогдсон бол тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эцсийн дүгнэлтийг гаргаж, олон нийтэд мэдээлнэ.

5.14.Энэ журмын 5.13-т заасан дүгнэлтэд дараахь мэдээллийг тусгана:

     5.14.1.хянан магадлагдсан барааны бичиглэл, дэлгэрэнгүй тодорхойлолт;

     5.14.2.ижил бараа, эсхүл шууд өрсөлдөх барааны дэлгэрэнгүй тодорхойлолт;

     5.14.3.ноцтой хохирол учруулсан, эсхүл ноцтой хохирол учруулах бодит эрсдэл бий болоход нөлөөлсөн хүчин зүйлс;

     5.14.4.импортын өсөлт нь дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан, эсхүл учруулах бодит эрсдэл бий болгосон үндэслэлийн тайлбар;

     5.14.5.хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийн дагуу ногдуулах татварын хэмжээ, эсхүл тоон хязгаарлалтыг хэрэглэх нөхцөлд нийлүүлэгч орнуудад тогтоох тоо хэмжээний хязгаарлалтыг хуваарилах, тоо хэмжээний хязгаарлалт хуваарилсан үндэслэлийн холбогдох тайлбар, мэдээлэл;

     5.14.6.хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийн үргэлжлэх хугацаа; 

     5.14.7.арга хэмжээ нь нийтийн эрх ашигт нийцэж байгаа эсэх талаар тайлбар, үндэслэл;

     5.14.8.хамгаалалтын арга хэмжээг 1-ээс дээш жил хэрэглэх бол уг арга хэмжээг шатлан чөлөөлөх хуваарь;

     5.14.9.уг хамгаалалтын арга хэмжээ үл хамаарах хөгжиж буй орнуудын жагсаалт.

5.15.Гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 5.13-т заасан нөхцөл тогтоогдсон тухай эцсийн дүгнэлт гарсан бол энэ тухай Хороонд даруй мэдэгдэнэ. Аливаа мэдэгдэл нь Хорооноос тавьсан шаардлагад нийцсэн байна.

Зургаа.Хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх

6.1.Энэ журмын 5.13-т заасан эцсийн дүгнэлт гарсан тохиолдолд тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх тухай саналаа гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж, холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. Шийдвэрт хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх огноог заасан байна.

6.2.Энэ журмын 6.1-д заасны дагуу зөвшилцөхдөө гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь хүчин зүйлсийг харгалзан үзнэ:

     6.2.1.импортын өсөлт нь дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан, эсхүл учруулах бодит эрсдэл бий болсон эсэх;

     6.2.2.импортын өсөлт нь урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс шалтгаалсан эсэх;

     6.2.3.хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх нь дотоодын үйлдвэрлэлийг ноцтой хохирлоос урьдчилан сэргийлэх буюу хохирлыг нөхөх, цаашид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж, нөхцөлийг бий болгох эсэх;

     6.2.4.барааны сонголт, хэрэгжүүлэх арга хэмжээний хэлбэр, хэмжээ, хугацаа оновчтой эсэх;

     6.2.5.нийтийн эрх ашиг, худалдааны бодлоготой нийцэж байгаа эсэх.

6.3.Хамгаалалтын арга хэмжээ нь гаалийн тариф, эсхүл импортын тоо хэмжээний хязгаарлалт гэсэн хэлбэртэй байх ба эдгээр арга хэмжээг хослуулан хэрэглэж болно.

6.4.Импортын тоо хэмжээний хязгаарлалт тогтоох тохиолдолд Хэлэлцээрийн 5 дугаар зүйлд заасныг баримтална. 

6.5.Хамгаалалтын арга хэмжээг дотоодын үйлдвэрлэлийг ноцтой хохирлоос урьдчилан сэргийлэх буюу хохирлыг нөхөх, түүнчлэн дасан зохицох нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн хугацаа болон хэмжээнд хэрэглэнэ.

6.6.Энэ журмын 6.1-д заасны дагуу Засгийн газраас хамгаалалтын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэсэн бол гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдэгдэл гаргаж, нийтэд даруй мэдээлнэ. Мэдэгдэлд дараахь мэдээллийг тусгана:

     6.6.1.импортын өсөлт дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан, эсхүл учруулах аюул бий болсныг тогтоосон нотолгоо;

     6.6.2.хянан магадлагдсан барааны тодорхойлолт;

     6.6.3.хэрэглэх гэж буй хамгаалалтын арга хэмжээний хэлбэр, түвшин болон үргэлжлэх хугацаа;

     6.6.4.хамгаалалтын арга хэмжээг хэрэглэж эхлэх огноо;

     6.6.5.хамгаалалтын арга хэмжээний үргэлжлэх хугацаа, шатлан чөлөөлөх хуваарь.

6.7.Хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх тухай шийдвэр гарсны дараа тухайн шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс өмнө гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хороонд холбогдох мэдэгдлийг даруй хүргүүлнэ.

6.8.Хороонд хүргүүлсэн мэдэгдлийн дагуу хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхээс өмнө гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан магадлагдсан барааг экспортлох ихээхэн сонирхол бүхий ДХБ-ын гишүүн орнуудтай зөвлөлдөх зохистой боломжоор хангах бөгөөд зөвлөлдөөнийг дараахь хүрээнд явуулна:

     6.8.1.импортын өсөлтөөс үүдэн ноцтой хохирол учруулсан, эсхүл  учруулах бодит эрсдэл бий болсон тухай дүгнэлт болон хэрэглэхээр төлөвлөж байгаа хамгаалалтын арга хэмжээний талаар Хороонд мэдэгдсэн мэдээллийг хянан үзэх, уг арга хэмжээний талаар санал солилцох;

     6.8.2.Монгол Улс болон хамгаалалтын арга хэмжээнд өртөх экспортлогч ДХБ-ын гишүүн орнууд хоорондоо 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр (ТХЕХ)-ийн дагуу олгох ижил тэнцүү буултын түвшин болон тэдний хүлээсэн бусад үүргийн тэнцвэртэй байдлыг хангах зорилтод хүрэхийн тулд харилцан ойлголцлын арга замыг эрэлхийлэх;

     6.8.3.худалдаанд учирсан сөрөг нөлөөллийг нөхөх худалдааны аливаа зохистой нөхөн олговрыг хангах асуудлаар зөвшилцөлд хүрэхийг эрмэлзэх.

6.9.Зөвлөлдөөний үр дүнгийн талаар гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хороогоор дамжуулан ДХБ-ын Барааны худалдааны зөвлөлд даруй мэдэгдэнэ.

6.10.Зөвлөлдөөний үр дүнд хянан магадлагдсан барааг экспортлох ихээхэн сонирхол бүхий ДХБ-ын гишүүн орнуудтай тэдгээрийн худалдаанд учирсан сөрөг нөлөөллийг нөхөх асуудлаар урьдчилсан зөвшилцөлд хүрсэн тохиолдолд гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.   

6.11.Хэлэлцээрийн 9 дүгээр зүйлийн 1-д зааснаас бусад тохиолдолд аливаа хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэр нь хянан магадлагдсан импортын бүх бараанд гарал үүслээс нь үл хамааран арга хэмжээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нийтлэг үйлчилнэ.

6.12.Хамгаалалтын арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн өдрөөс гаалийн байгууллага энэ журмын 5.8-д заасан дансанд түр байршуулсан гаалийн татвар, мөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжих хугацаанд тухайн бараанд ногдуулах гаалийн татварыг улсын төсөвт төвлөрүүлнэ.

6.13.Энэ журмын дагуу хийж байгаа аливаа хянан магадалгааг гаалийн бүрдүүлэлтэд саад учруулахгүй байдлаар зохион байгуулна.

6.14.Хамгаалалтын арга хэмжээний шийдвэртэй холбоотой аливаа хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

Долоо.Хамгаалалтын арга хэмжээний үргэлжлэх
      хугацаа, түүнийг хянан үзэх

7.1.Хамгаалалтын арга хэмжээг энэ журмын 10.4-т зааснаас бусад тохиолдолд 4 жилээс хэтрэхгүй хугацаагаар хэрэглэнэ.

7.2.Хамгаалалтын арга хэмжээний үргэлжлэх нийт хугацаа нь аливаа түр арга хэмжээг хэрэглэх хугацаа, анхлан хэрэглэх, сунгасан хугацаа зэргийг оролцуулаад Хэлэлцээрийн 9 дүгээр зүйлийн 2-т заасан хугацаанаас хэтрэхгүй байна.

7.3.Хамгаалалтын арга хэмжээний үргэлжлэх хугацаа 1 жилээс дээш байх тохиолдолд уг арга хэмжээг хэрэгжих хугацаанд тодорхой шатлалтайгаар өсөн нэмэгдэж буй хэмжээгээр чөлөөлнө.

7.4.Хамгаалалтын арга хэмжээний үргэлжлэх хугацаа 3 жилээс дээш байх тохиолдолд гадаад худалдааны болон тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааны дунд хэсэгт нь хянан үзэж, боломжтой гэж үзвэл уг арга хэмжээг цуцлах, эсхүл чөлөөлөх саналыг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

Найм.Хамгаалалтын арга хэмжээг
       сунгах хүсэлт гаргах

8.1.Хүсэлт гаргагч хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийг сунгах тухай хүсэлтийг өмнөх хамгаалалтын арга хэмжээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болохоос 8 сарын өмнө тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

8.2.Энэ журмын 8.1-д  заасан хүсэлтэд дараахь мэдээллийг тусгасан байна:

     8.2.1.хүсэлт гаргагчийн нэр, хаяг;

     8.2.2.хянан магадлуулах барааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, тухайлбал хянан магадлагааны цар хүрээ, тухайн барааны физик, химийн болон техникийн шинж чанар, технологи болон үйлдвэрлэлийн үйл явц, холбогдох үйлдвэрлэлийн онцлог үзүүлэлт, үнийн бүтэц, борлуулалтын суваг, барааны зориулалт болон ашиглалт, гаалийн тариф, ангиллын Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн код;

     8.2.3.ижил бараа, эсхүл шууд өрсөлдөх барааны физик, химийн болон техникийн шинж чанар, технологи болон үйлдвэрлэлийн үйл явц, холбогдох үйлдвэрлэлийн онцлог үзүүлэлт, үнийн бүтэц, борлуулалтын суваг, барааны зориулалт болон ашиглалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл;

     8.2.4.хянан магадлуулах барааны импортын тоо хэмжээ, цаашдын чиг хандлагын талаар судалгаа мэдээлэл;

     8.2.5.хамгаалалтын арга хэмжээ үйлчлэх хугацаанд тухайн барааны импортлогдсон тоо хэмжээ, үнийн дүн;

     8.2.6.хамгаалалтын арга хэмжээ үйлчлэх хугацаанд тухайн бүтээгдэхүүн импортлогдоогүй хэдий ч уг арга хэмжээг цуцлах бол импортлогдох эсэх талаар мэдээлэл;

     8.2.7.дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан, эсхүл учруулах бодит эрсдэл бий болсон нь хянан магадлагдаж байгаа барааны импортын хэмжээний өсөлттэй “шалтгаант холбоо” байгаа гэдгийг тогтоосон баримт, нотолгоо;

     8.2.8.дотоодын үйлдвэрлэл дасан зохицож буй талаарх нотолгоо мэдээлэл;

     8.2.9.хамгаалалтын арга хэмжээг сунгах тохиолдолд тус арга хэмжээг сунгасан хугацаанд дотоодын үйлдвэрлэлийн дасан зохицох, өрсөлдөх    чадварыг нь дэмжихэд чиглэсэн тодорхой санал, төлөвлөгөө;

     8.2.10.хүсэлт гаргагчаас шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл, нотолгоо;

     8.2.11.шийдвэр гаргахад шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.

8.3.Энэ журмын 8.2.3, 8.2.7-д заасан мэдээлэлд дотоодын үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг илтгэх шинж чанараараа бодитой болон тоон үзүүлэлт бүхий холбогдох бүх хүчин зүйлс, тэр дундаа хянан магадлагдаж байгаа барааны импортын үнэмлэхүй, эсхүл харьцангуй өсөлтийн хувь, хэмжээ, импортын өсөлттэй тухайн барааны дотоодын зах зээлд эзлэх болсон хувь, борлуулалт, үйлдвэрлэл, ашиг, алдагдал, бүтээмж, үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалт болон ажил эрхлэлтэд гарсан өөрчлөлтийг тусгасан байна.

8.4.Хүсэлт гаргагч энэ журмын 8.2, 8.3-т заасан мэдээллийг ирүүлээгүй, эсхүл дутуу ирүүлсэн тохиолдолд тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж болно. 

Ес.Хамгаалалтын арга хэмжээг сунгах
эсэхийг хянан магадлах

9.1.Хамгаалалтын арга хэмжээг сунгах хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэхдээ энэ журмын “Гурав”-т заасныг тус тус баримтална.

9.2.Хүсэлт хүлээн авсан төрийн захиргааны төв байгууллага тухайн үйлдвэрлэлийг ноцтой хохирлоос урьдчилан сэргийлэх буюу хохирлыг нөхөхөд хамгаалалтын арга хэмжээг сунгах зайлшгүй шаардлага байгаа эсэхийг хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 15 өдрийн дотор хянан үзнэ.

9.3.Хүсэлт хүлээн авсан төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын арга хэмжээг сунгах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн тохиолдолд гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад саналаа гаргана.

9.4.Тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага өөрийн санаачлагаар хамгаалалтын арга хэмжээг  сунгах санал гаргаж болно. Саналд энэ журмын 8.2-т заасан мэдээллийг хавсаргасан байна.

9.5.Гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 9.3, 9.4-т заасан санал, түүнд хавсарган ирүүлсэн нотлох баримт, тайлбарыг санал хүлээн авсан өдрөөс хойш 15 өдрийн дотор хянаж, хянан магадалгааг эхлүүлэх эсэх талаар шийдвэр гаргаж, тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

9.6.Гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэр гаргахад шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээллийг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргуулан авч болно.

9.7.Тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 9.5-д заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор хянан магадлах ажиллагааг эхлүүлнэ.

9.8.Хянан магадалгааг эхлүүлсэн өдрөөс хойш 60 өдрийн дотор дотоодын үйлдвэрлэлийг ноцтой хохирлоос урьдчилан сэргийлэх буюу хохирлыг нөхөхөд хамгаалалтын арга хэмжээг сунгах зайлшгүй шаардлагатай эсэх, мөн дотоодын үйлдвэрлэл өрсөлдөөнд дасан зохицож буйн нотолгоо илэрхий байгаа эсэхийг нотлох урьдчилсан дүгнэлт гаргана.

9.9.Тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 9.8-д заасан хянан магадалгааг гүйцэтгэхдээ дараахь нөхцөлийг харгалзан үзнэ:

     9.9.1.ноцтой хохирлоос урьдчилан сэргийлэх буюу хохирлыг нөхөхөд хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх хугацааг зайлшгүй сунгах шаардлагатай эсэх;

     9.9.2.дотоодын үйлдвэрлэл өрсөлдөөнд дасан зохицож буйн нотолгоо илэрхий байгаа эсэх, мөн өрсөлдөөнд дасан зохицох үйл явцад ашиг тустай байх эсэх;

     9.9.3.хамгаалалтын арга хэмжээг сунгах нь зүйтэй гэж үзсэн тохиолдолд арга хэмжээг хэрэглэх барааны сонголт, хэрэгжүүлэх арга хэмжээний хэлбэр, хэмжээ, хугацаа;

     9.9.4.хамгаалалтын арга хэмжээнээс өөр бусад арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжтой эсэх;

     9.9.5.арга хэмжээг сунгах нь дотоодын зах зээл болон хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө.

Арав.Хамгаалалтын арга хэмжээг сунгах
  эсэхийг шийдвэрлэх

10.1.Тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урьдчилсан дүгнэлтэд энэ журмын 9.9-д заасан нөхцөл нотлогдсон эсэхийг тусгаж, холбогдох нотолгоог хавсарган урьдчилсан дүгнэлт гарснаас хойш            7 өдрийн дотор гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

10.2.Хамгаалалтын арга хэмжээг сунгах зайлшгүй шаардлагатай болох нь урьдчилсан дүгнэлтээр нотлогдсон бол тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан магадалгааг үргэлжлүүлж, 60 өдрийн дотор эцсийн дүгнэлт гарган холбогдох дүгнэлт нотолгооны хамт гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Урьдчилсан болон эцсийн дүгнэлт гаргах нийт хугацаа 120 өдрөөс хэтрэхгүй байна.

10.3.Хамгаалалтын арга хэмжээг сунгах, чөлөөлөх, эсхүл цуцлах тухай урьдчилсан болон эцсийн дүгнэлтийн талаарх хураангуйлсан мэдээллийг нийтэд мэдээлж, холбогдох мэдэгдлийг гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хороонд хүргүүлнэ.

10.4.Эцсийн дүгнэлтээр хамгаалалтын арга хэмжээг сунгах зайлшгүй шаардлагатай болох нь нотлогдсон бол тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын арга хэмжээг сунгах тухай саналаа гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж, холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

10.5.Энэ журмын 10.4-т заасны дагуу зөвшилцөхдөө гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь хүчин зүйлсийг харгалзан үзнэ:

     10.5.1.тухайн үйлдвэрлэлийг ноцтой хохирлоос урьдчилан сэргийлэх буюу хохирлыг нөхөхөд хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх хугацааг сунгах зайлшгүй шаардлага бий эсэх;

     10.5.2.арга хэмжээг сунгах нь тухайн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг цаашид нэмэгдүүлж дасан зохицолтыг бий болгох эсэх;

     10.5.3.барааны сонголт, хэрэгжүүлэх арга хэмжээний хэлбэр, хэмжээ, хугацаа оновчтой эсэх;

     10.5.4.нийтийн эрх ашиг, худалдааны бодлоготой нийцэж байгаа эсэх.

10.6.Хамгаалалтын арга хэмжээг сунгах тохиолдолд хэрэглэх арга     хэмжээ нь урд авсан хамгаалалтын арга хэмжээнээс илүү хязгаарласан шинжтэй байж болохгүй ба энэ тухай 10.8-д заасан мэдэгдэлд тусгагдсаны дагуу цаашид тус арга хэмжээг тодорхой шатлалтайгаар цуцална.

10.7.3 жилээс дээш хугацаанд хэрэгжсэн хамгаалалтын арга хэмжээг сунгахдаа гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь уг арга хэмжээнд өртөх экспортлогч ДХБ-ын гишүүн орнуудын ижил тэнцүү буултын түвшин болон хүлээсэн бусад үүрэг амлалтын тэнцвэртэй байдлыг хангахыг эрмэлзэнэ.

10.8.Хамгаалалтын арга хэмжээг сунгахаар шийдвэрлэсэн бол тус арга хэмжээг хэрэглэж эхлэхээс өмнө гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ тухай Хороонд даруй мэдэгдэнэ.

10.9.Хамгаалалтын арга хэмжээг сунгах шийдвэрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 6.8-д заасны дагуу зөвлөлдөж, 6.9, 6.10-т заасан арга хэмжээ авна.

Арван нэг.Хамгаалалтын арга хэмжээг
        дахин хэрэглэх

11.1.Дараахь тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг аль нэг хянан магадлагдаж буй барааны импортод 180 өдрөөс хэтрэхгүй хугацаагаар дахин хэрэглэж болно:

     11.1.1.тухайн барааны импортод хамгаалалтын арга хэмжээ хэрэглэж эхэлснээс хойш 1-ээс дээш жилийн хугацаа өнгөрсөн;

     11.1.2.хамгаалалтын тухайн арга хэмжээг хэрэглэж эхэлсэн өдрөөс өмнөх 5 жилийн хугацаанд ижил бараанд хамгаалалтын арга хэмжээг хоёроос дээш удаа хэрэглэж байгаагүй.

11.2.Энэ журмын 11.1-д зааснаас бусад тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг хэрэглэсэн импортын бараанд хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх хугацаа дууссанаас хойш өмнө нь авсан хамгаалалтын арга хэмжээг 2-оос доошгүй жилийн хугацаанд дахин хэрэглэхгүй.

 

----o0o----