

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 сарын 08–ны өдрийн А/565 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
ТӨРИЙН ӨМЧИТ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГ, ОРОН НУТГИЙН ӨМЧИТ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАХ
ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭН СОНГОХ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөллийг нэр дэвшүүлэн сонгох хурлыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтлан нээлттэй сонгон шалгаруулна.
1.2. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах хороог (цаашид хороо гэх) Эрүүл мэндийн яам болон аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэргэд байгуулна.
1.2.1. Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөллийг нэр дэвшүүлэн сонгон шалгаруулах хороог Сангийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, тухайн эмнэлэг, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус бүр нэг, Эрүүл мэндийн яамнаас хоёр, нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
1.2.2. Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөллийг нэр дэвшүүлэн сонгон шалгаруулах хороог тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн даатгалын байгууллага, тухайн эмнэлгээс тус бүр нэг, Эрүүл мэндийн газраас хоёр, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хоёр, нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
1.3. Хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1.3.1. Нээлтэй сонгон шалгаруулалтыг зарлаж, баримт бичгийг хүлээн авч, хянах нэгтгэх;
1.3.2. Сонгон шалгаруулалт явуулах байр, бусад шаардагдах нөхцөлийг хангах;
1.3.3. Урьдчилсан сонгон шалгаруулалт зарлах;
1.3.4. Урьдчилсан сонгон шалгаруулалтаар босго оноо давсан нэр дэвшигчийн жагсаалт гаргах;
1.3.5. Нэр дэвшүүлэн сонгох хурлыг зохион байгуулах;
1.3.6. Сонгон шалгаруулалтын дүнг олон нийтэд мэдээлэх;
1.3.7. Сонгон шалгаруулалт явуулсан тухай тайланг тэнцсэн нэр дэвшигчийн нэрийн хамт эрх бүхий этгээдэд баталгаажуулахаар хүргүүлэх.
Хоёр. Сонгон шалгаруулалтыг зарлах, баримт бичиг хүлээн авах, урьдчилсан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах
2.1. Хороо нээлттэй сонгон шалгаруулалтын зарыг баримт бичиг хүлээн авахаас 15 хоногийн өмнө Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.23-д заасан байгууллагын цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлана.
2.2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.26, 15.27 дахь хэсгүүдийг баримтлан төрийн бус байгууллага нэр дэвшигч гишүүний холбогдох баримт бичгийг заасан хугацаанд багтаан Хороонд ирүүлнэ.
2.3. Төрийн бус байгууллагаас нэр дэвшигч нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15.1, 15.26-д тус тус заасан шалгуурыг хангасныг нотлох дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
2.3.1 нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;
2.3.2 боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, мэргэшлийн зэргийн үнэмлэх эсхүл мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
2.3.3 улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүйгээ баталгаажуулж бичсэн баталгаа;
2.3.4 хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх лавлагаа;
2.3.5 нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллагаас сүүлийн 6 сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх Нийгмийн даатгалын байгууллагын эсхүл холбогдох татвар төлсөн талаарх Татварын байгууллагын эсхүл үйл ажиллагааны тайланг өгсөн талаарх Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын лавлагаа;
2.3.6 нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллага нь санхүүгийн зөрчилгүй болохыг нотолсон Аудитын байгууллагын тодорхойлолт.
2.4 Хороо сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичигтэй танилцаж, хянана.
2.5. Хороо урьдчилсан сонгон шалгаруулалтыг энэ тушаалын хавсралтад дурдсан асуултын дагуу нэр дэвшигчидтэй ярилцлага хийх хэлбэрээр зохион байгуулах бөгөөд нэр дэвшигч бүрээр оноо өгч, хорооны гишүүдийн өгсөн онооны дунджаар 60-аас дээш оноо авсан нэр дэвшигчдийн жагсаалтыг нэр дэвшүүлж сонгон, хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болгоно.
Гурав. Нэр дэвшүүлэн сонгох хурлыг зохион байгуулах, нэр дэвшигчийг сонгох
3.1. Хороо хурлын товыг энэ журмын 2.5-д заасан жагсаалтад багтсан нэр дэвшигчийг дэвшүүлсэн төрийн бус байгууллагуудад хурал болохоос 14 хоногийн өмнө хүргүүлж, хурлын талаарх мэдээллийг олон нийтэд зарлана.
3.2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.24-т заасан төлөөллийг оролцуулан тухайн эмнэлгийн олон нийтийн 3 төлөөллийг сонгох хурлыг тус тусад нь зохион байгуулна.
3.3. Хурлын тэргүүлэгчдийг энэ журмын 3.8-д заасан оролцогчдоос нээлттэй санал хурааж сонгоно.
3.4. Хурлын тэргүүлэгчид хурлын дэгийг танилцуулж, оролцогчдоор батлуулна.
3.5. Хурлын тэргүүлэгчид олон нийтийн төлөөлөлд нэр дэвшигчийг танилцуулна.
3.6. Хуралд оролцогчид олон нийтийн төлөөлөлд нэр дэвшигчээс нээлттэй асуулт (энэхүү тушаалын хавсралтад зааснаас бусад) асууж, хариулт авна.
3.7 Хурлын тэргүүлэгчид нэр дэвшигч бүрээр нээлттэй санал хураалт явуулна.
3.8. Санал хураалтад Хорооны гишүүд, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15.27-д заасны дагуу нэр дэвшүүлэн оролцож буй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.
3.9. Олонхийн санал авсан нэг нэр дэвшигчийг, эсхүл нэр дэвшигчийн аль нь ч олонхийн санал аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийг 2 дахь санал хураалтад оруулж, олонхийн санал авсан 1 нэр дэвшигчийн нэрийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15.30-д заасан эрх бүхий этгээдэд хурлын тэргүүлэгчдийн гарын үсэг бүхий хурлын тэмдэглэлийн хамт баталгаажуулахаар 24 цагийн дотор хүргүүлнэ.
----оОо---
