Хэвлэх DOC Татаж авах

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/73 дугаар тушаалын хавсралт

 

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ АЮУЛГҮЙ ГАЗАРТ ТҮР БАЙРЛУУЛАХ

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан этгээд /цаашид “хамгаалуулагч” гэх/-ийн амь нас, эрүүл мэнд, бие махбод, сэтгэл зүйд учирч болзошгүй заналхийлэл, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор бодит аюул арилах хүртэл хугацаанд аюулгүй газарт түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд Цагдаагийн албаны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах  тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актыг баримтална.

1.2.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэн хамгаалуулагчийн өөрийнх нь зөвшөөрснөөр, насанд хүрээгүй хамгаалуулагчийг түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын зөвшөөрснөөр Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-д заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр аюулгүй байдал хангагдсан газарт буюу хамгаалах болон тусгай хамгаалах байранд бодит аюул, заналхийлэл арилах хүртэл хугацаанд түр байрлуулна.

1.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан байгууллагууд нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.10-д заасны дагуу хамгаалуулагч болон хамгаалах байрны холбогдох албан тушаалтантай хамтран ажиллах гэрээг байгуулна.

Хоёр.Хамгаалах болон тусгай хамгаалах байр

2.1.Хамгаалах болон тусгай хамгаалах байрыг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллага ажиллуулах бөгөөд хамгаалах байрыг бусад төрийн болон төрийн бус байгууллагатай  гэрээ байгуулан ажиллуулж болно.

2.2.Хамгаалах болон тусгай хамгаалах байр нь MNS 6040:2009 Монгол Улсын стандартын шаардлагыг хангасан байх бөгөөд үйл ажиллагааны дотоод журамтай байна.

2.3.Энэ журмын 2.2-д заасан үйл ажиллагааны дотоод журамд хамгаалалт хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтан болон хамгаалуулагч, насанд хүрээгүй хамгаалуулагч түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын эрх үүрэг, хориглох зүйлийн талаар нарийвчлан тусгана.

2.4.Хамгаалах болон тусгай хамгаалах байр нь эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, гэр бүлийн хүмүүс байрлах тусгай өрөөнүүдтэй байна.

2.5.Хамгаалах болон тусгай хамгаалах байрны үйлчилгээ нь үнэ төлбөргүй байх ба зардлыг улсын төсөв болон хуульд заасан бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

2.6.Хамгаалах болон тусгай хамгаалах байр нь тасралтгүй ажиллах ба аюулгүйн нөхцөл, хамгаалалтын техник хэрэгслээр хангагдсан, хүн хүчний хүрэлцэхүйц нөөцтэй байна.

2.7.Хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэгч байгууллага нь хамгаалах болон тусгай хамгаалах байранд байрласан гэрч, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэж, улирал тутам цагдаагийн байгууллагад хүргүүлнэ.

2.8. Нэг гэмт хэргийн гэрч, хохирогч нарыг хамгаалах болон тусгай хамгаалах байранд хамтад нь байрлуулахыг хориглоно.

2.9.Хамгаалах болон тусгай хамгаалах байрны байршил, холбогдох бусад мэдээлэл нь албаны нууцад хамаарах бөгөөд байрны ажилтныг тухайн ажлын байр /албан тушаал/-д томилогдсон даруйд хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэгч байгууллага нь ажил, үүргээ гүйцэтгэх хугацаанд болон тухайн ажлаас чөлөөлөгдсөн буюу өөрчлөгдсөн /халагдсан/-ий дараа хамгаалах байрны байршил, гэрч хохирогчийн талаарх мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх тухай баталгаа гаргуулан авна.

2.10.Шаардлагатай тохиолдолд эрсдэлийн бага түвшинтэй гэрч, хохирогчийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хамгаалах байранд байрлуулж болох бөгөөд хамгаалуулагч нь өөрийн байрны аюулгүй байдал, гарах зардлыг сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэрээ байгуулан түүний байрыг хамгаалах байрны зориулалтаар ашиглаж болно.

Гурав.Эрсдэлийн түвшинг тодорхойлох

3.1.Хуулиар эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан нь гэрч, хохирогчийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор аюулгүй газарт түр байрлуулах арга хэмжээг өөрийн эрх хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлнэ.

3.2.Хамгаалуулагчийг аюулгүй газарт түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргахдаа доор дурдсан эрсдэлийн түвшинг харгалзан үзнэ:

3.2.1.эрсдэлийн өндөр түвшин: амь насанд нь бодитой заналхийлсэн, бие махбодид хохирол учруулсан, тарчлаасан, байнгын дарамтад байлгасан, гэмт хэрэг үйлдэхийг тулган шаардсан, айлган сүрдүүлсэн, дарамт шахалт үзүүлсэн, дагаж мөшгөсөн;

3.2.2.эрсдэлийн дунд түвшин: эд хөрөнгөнд халдсан, заналхийлсэн цахим сүлжээ, холбооны хэрэгсэл ашиглан ятгасан, нөлөөлсөн, мөнгө, эд зүйл, албан тушаал амласан;

3.2.3.эрсдэлийн бага түвшин: хамгаалуулагчтай уулзах, харилцаа тогтоохыг оролдсон.

Дөрөв.Эрсдэлийн өндөр болон дунд түвшний гэрч, хохирогчид хамгаалалтын арга хэмжээ авах

4.1.Хамгаалуулагчийг аюулгүй газарт түр байрлуулахад Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 13, 21 дүгээр зүйлийн 21.2.2, 22 дугаар зүйл болон энэ журмын 1.2-т заасныг баримтална.

4.2.Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийн дагуу зөвхөн эрсдэлийн өндөр түвшинтэй гэрч, хохирогчийг тусгай хамгаалах байранд, эрсдэлийн дунд болон бага түвшинтэй гэрч, хохирогчийг хамгаалах байранд тус тус байрлуулна.

4.3.Хамгаалуулагчийн зөвшөөрөл, эрсдэлийн түвшинг харгалзан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр төрийн болон төрийн бус байгууллагын хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний төв болон бусад байрыг хамгаалах байрны зориулалтаар гэрээ байгуулан ашиглаж болно.

4.4.Хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэгч байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь хамгаалуулагчийг хамгаалах болон тусгай хамгаалах байранд байрлуулахад өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй эд зүйлийг түр хураан авч бүртгэл хөтлөн хамгаалалтын арга хэмжээ цуцлагдаж, хамгаалах байрнаас гарах үед буцаан хүлээлгэн өгнө.

4.5.Хамгаалах болон тусгай хамгаалах байрны нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалуулагчаас нууц хадгалах баталгааг гаргуулан авна.

4.6.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23.1 дэх хэсэгт заасан байгууллага нь хамгаалалтын арга хэмжээний явцад хамгаалуулагчийн сэтгэл зүйн сорил, аюулын эрсдэлийн үнэлгээ, нөхцөл байдлыг харгалзан хамгаалах байрыг өөрчилж болно.

Тав.Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах

5.1.Насанд хүрээгүй хамгаалуулагчийг түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын зөвшөөрлөөр, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамтаар хамгаалах болон тусгай хамгаалах байранд байрлуулна.

5.2.Насанд хүрээгүй хамгаалуулагчийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгч хамгаалах болон тусгай хамгаалах байранд хамт байх боломжгүй тохиолдолд тэдний зөвшөөрлөөр дангаар нь байлгаж болно.

5.3.Хамгаалах болон тусгай хамгаалах байрны нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор насанд хүрээгүй хамгаалуулагчид түүний хууль ёсны төлөөлөгчийг байлцуулан, нууц хадгалах талаар тайлбарлаж, тэмдэглэл үйлдэнэ.

5.4.Насанд хүрээгүй хамгаалуулагчийн суралцах нөхцөл боломжийг хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага хангана.

5.5.Насанд хүрээгүй хамгаалуулагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, прокурор, шүүгчийн албан бичгийг үндэслэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагын зөвшөөрлөөр оролцуулах бөгөөд аюулгүй байдлыг хэрэгжүүлэгч байгууллага бүрэн хариуцна.

5.6.Энэ журмын 5.5-д заасан ажиллагаанд оролцуулах тухай албан бичгийг хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллагад 24 цагаас доошгүй хугацааны өмнө хүргүүлнэ.

5.7.Энэ журмын 5.2-т заасан хамгаалуулагч нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон өмгөөлөгчтэйгээ уулзах тохиолдолд хамгаалах байрнаас гадуур уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэхүү асуудлыг хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага хариуцна.

Зургаа.Хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид үзүүлэх туслалцаа

6.1.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага нь туслалцаа үзүүлэх шаардлагыг тодорхойлон тусгай хамгаалах болон хамгаалах байранд байгаа гэрч, хохирогчид Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан туслалцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үзүүлнэ.

6.2.Энэ журмын 6.1-д заасан туслалцааг нууцлал хангасны үндсэн дээр холбогдох байгууллагатай хамтран үзүүлж болно.

6.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагууд нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасан мэдээллээр гэрч, хохирогчийг шуурхай хангана.

Долоо.Бусад

7.1.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хорих ял эдэлж байгаа хамгаалуулагчийг аюулгүй газарт түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээнд авахад энэ журам, Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Цагдан хоригдож байгаа болон хорих ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалах журам”-ыг баримтална.

7.2.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---о0о---