Хэвлэх DOC Татаж авах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны

04 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаар

                                                                                         зарлигийн нэгдүгээр хавсралт

 

 

 

 

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ

 ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ОРОН ТООНЫ БУС

 БАЙНГЫН АЖЛЫН ХЭСГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар мэдээлэл солилцох, Зөвлөлөөс гарах шийдвэрийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх болон гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөх төрийн байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсэг (цаашид “ажлын хэсэг” гэх)-ийг Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (цаашид “Зөвлөл” гэх) дэргэд байгуулна.

 

1.2. Ажлын хэсэг нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, энэхүү журмыг удирдлага болгож ажиллана.

 

1.3. Ажлын хэсгийг Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-18.1.9 дэх хэсгүүдэд заасан бүрэлдэхүүн хэсэг бүрээр байгуулна.

 

1.4. Зөвлөлийн Нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавина.

 

Хоёр. Ажлын хэсгийн бүтэц, бүрэлдэхүүн

 

            2.1.      Ажлын хэсэг нь ажлын хэсгийн ахлагч, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

 

            2.2.      Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зөвлөлийн ажлын албаны ахлах референт, референт, ахлах шинжээч, шинжээч, орон тооны бус шинжээч, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллийг оролцуулна.

 

            2.3. Зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, дэд дарга, мэдээлэл, дүн шинжилгээний төвийн дарга, ажлын хэсгийн хуралдаанд шаардлагатай тохиолдолд саналын эрхтэйгээр оролцоно.

 

            2.4. Зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, ажлын хэсгийн ахлагч нь шаардлагатай тохиолдолд тухайн салбарт мэргэшсэн, эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөгөөг авч болно.

 

Гурав. Ажлын хэсгийн үйл ажиллагааны үндсэн зарчим

 

            3.1. Ажлын хэсэг нь улс үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн, бодит мэдээлэлд үндэслэсэн, харилцан уялдаатай, хууль дээдэлсэн нэгдмэл зарчим дээр тулгуурлан хамтран ажиллана.     

 

Дөрөв. Ажлын хэсгийн үйл ажиллагааны зорилго

 

            4.1. Ажлын хэсэг нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан асуудлаар зөвлөлдөх зорилготой.

 

Тав. Ажлын хэсгийн чиг үүрэг

 

            5.1.      Ажлын хэсэг нь үйл ажиллагааны зорилтоо хангахын тулд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

                        5.1.1.  Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар харилцан мэдээлэл солилцох;

 

                        5.1.2.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулж хэлэлцүүлэх асуудал, шийдвэрийн төсөл, санал, дүгнэлт боловсруулахад дэмжлэг үзүүлэх;

 

                        5.1.3.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах асуудлаар зөвлөлдөх;

 

                        5.1.4.  Ажлын хэсгүүдийн хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, хамтран ажиллах.

 

            5.2. Ажлын хэсгийн солилцсон мэдээлэл, шийдвэрийн төсөл боловсруулахад өгсөн санал, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдсөн санал, дүгнэлт нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын нэгдмэл бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, уялдуулан зохицуулах үндэслэл болно.

 

Зургаа. Ажлын хэсгийн ажиллах журам

 

            6.1.      Ажлын хэсгийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь ажлын хэсгийн хуралдаан байна.

 

            6.2.      Ажлын хэсгийн гишүүд нь Зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны даргаас өгсөн чиглэлийн дагуу сар тутам мэдээ, мэдээллийг нэгтгэж, Зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны даргад танилцуулж, үүрэг чиглэл авч ажиллана.

 

            6.3.      Ажлын хэсэг нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, ажлын хэсгийн ахлагч нар шаардлагатай гэж үзвэл ээлжит бус хуралдааны товыг тогтоон, зарлан хуралдуулж болно. Хуралдааны зохион байгуулах үйл ажиллагааг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга хариуцна.

 

            6.4.      Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь хуралдааны товыг хүргэж, ирцийг ханган, хуралдааны тэмдэглэлийг хөтөлж, Зөвлөлийн ажлын албанд хадгалуулна. Шаардлагатай тохиолдолд хуралдааны тэмдэглэл, гарсан саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, гишүүд, нарийн бичгийн даргад танилцуулна.

 

            6.5.      Ажлын хэсгийн гишүүн нь хуралдаанд өөрийн биеэр оролцоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийн биеэр оролцох боломжгүй тохиолдолд тухайн асуудлыг хариуцсан өөр албан тушаалтныг томилон оролцуулна.

 

            6.6.      Шаардлагатай тохиолдолд хэд хэдэн ажлын хэсэг хамтарсан хуралдааныг зохион байгуулж болно. Хамтарсан хуралдааныг санаачилсан ажлын хэсгийн дарга уг хуралдааныг даргална.

 

            6.7.      Ажлын хэсгийн мэдээлэл, гаргасан санал нь албан ёсны бодит, баталгаатай эх сурвалжид үндэслэсэн байна.

 

6.8. Ажлын хэсгийн гишүүн хийсэн мэдээлэл, саналынхаа үндэслэлийг хариуцна.

 

6.9. Ажлын хэсэг нь олонхын саналд үндэслэн дүгнэлт гаргах бөгөөд эсрэг байр суурьтай ажлын хэсгийн гишүүний саналыг хуралдааны тэмдэглэлд тусгана. Санал тэнцсэн тохиолдолд ажлын хэсгийн ахлагчийн санал нь шийдвэрлэх санал болно.

 

6.10. Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж гаргасан санал, дүгнэлтийг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын эх сурвалжид ашиглаж болно.

 

6.11. Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан санал, холбогдох шийдвэрийн төсөл нь төрийн болон албаны нууцад хамаарна.

 

Долоо. Ажлын хэсгийн гишүүдэд хориглох зүйл

 

            7.1.      Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг бусдад задруулахыг хориглоно.

 

            7.2.      Ажлын хэсгийн хуралдааныг нээлттэй зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн цахим сүлжээгээр хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийг нийтлэхийг хориглоно.

 

Найм. Хариуцлага

 

            8.1.      Энэхүү журмыг зөрчсөн хуулийн этгээд, албан тушаалтан, иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

---оОо---