Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2021 оны 148 дугаар
  тогтоолын 1 дүгээр хавсралт

 

АГААР ЧАНАРЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ


Нэгдүгээр бүлэг

Ерөнхий зүйл

1.1.Зорилго, хамрах хүрээ

      1.1.1.Энэ техникийн зохицуулалт нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор агаарын чанарыг хянах, үнэлэх, агаарын бохирдлын эх үүсвэрт тавих шаардлагыг тогтооход оршино.

      1.1.2.Энэ техникийн зохицуулалтыг агаарын бохирдлын суурин болон хөдөлгөөнт эх үүсвэр ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд заавал дагаж мөрдөнө.

1.2.Норматив эшлэл

Энэ техникийн зохицуулалтад эш татаж хэрэглэсэн дараахь стандарт, баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээрийг хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлээс эш татаж хэрэглэнэ.

-MNS 4585 Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага.

-MNS 5885 Агаарт байх бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээ. Техникийн ерөнхий шаардлага.

-MNS 6298 Шинэ дулааны цахилгаан станц, дулааны станцын яндангаар агаар мандалд хаях утааны найрлага дахь агаар бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга.

-MNS 5919 Дулааны цахилгаан станц, дулааны станцын уурын ба ус халаах зуухны ашиглалтын үед агаар мандалд хаях утааны найрлага дахь бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, тэдгээрийг хэмжих арга.

-MNS 5043 4.2 мВт хүчин чадалтай ус халаах зуух. Техникийн шаардлага.

-MNS 6342 Агаарын чанар. Аюултай хог хаягдал шатаах зуухны яндангаар агаар мандалд хаягдах утааны найрлага дахь агаар бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ.

-MNS 5606-1 Чандарлах зуух (крематор)-ны яндангаар агаар мандалд хаягдах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ.

-MNS 5216 Ахуйн хэрэглээний зуух. Техникийн ерөнхий шаардлага.

-MNS 5013 Бензин хөдөлгүүртэй автомашин-утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга.

-MNS 5014 Дизель хөдөлгүүртэй автомашин-утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга.

1.3.Нэр томьёо, тодорхойлолт

Энэ техникийн зохицуулалтад хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

      1.3.1.“агаарын бохирдол” гэж Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасныг;

      1.3.2.“агаарын чанар” гэж Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасныг;

      1.3.3.“агаар бохирдуулах бодис” гэж Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасныг;

      1.3.4.“агаарын бохирдлын эх үүсвэр” гэж Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасныг;

      1.3.5.“агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр” гэж Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасныг;

      1.3.6.“хөдөлгөөнт эх үүсвэр” гэж Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т заасныг.

Хоёрдугаар бүлэг

Агаарын чанар, түүнд тавигдах шаардлага

2.1.Агаар дахь түгээмэл тархацтай бохирдуулах бодис болох РМ10, РМ2.5 тоосонцор, хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), озон (O3), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-н зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4585 стандартын шаардлагыг хангасан байна. 

2.2.“Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4585 стандартаар зохицуулаагүй бусад агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь “Агаарт байх бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээ. Техникийн ерөнхий шаардлага” MNS 5885 стандартын шаардлагыг хангасан байна.

2.3.Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон тохиолдолд бүсийн журмыг мөрдөнө.

Гуравдугаар бүлэг

Агаарын бохирдлын эх үүсвэрт тавигдах шаардлага

3.1.Шинээр барих болон шинээр өргөтгөж байгаа дулааны цахилгаан станц ба дулааны станцад “Шинэ дулааны цахилгаан станц, дулааны станцын яндангаар агаар мандалд хаях утааны найрлага дахь агаар бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 6298 стандартын шаардлагыг хангасан зуухыг ашиглана. 

3.2.Дулааны цахилгаан станц, дулааны станцуудын уурын болон ус халаах зуухны ашиглалтын явцад хэвийн нөхцөлд гарч байгаа агаар бохирдуулах бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь “Дулааны цахилгаан станц, дулааны станцын уурын ба ус халаах зуухны ашиглалтын үед агаар мандалд хаях утааны найрлага дахь бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, тэдгээрийг хэмжих арга” MNS 5919 стандартын шаардлагыг хангасан байна.   

3.3.Нүүрс, шингэн түлш болон хийгээр ажиллах 4.2 мВт хүртэл чадалтай ус халаах зуухыг ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд “4.2 мВт хүчин чадалтай ус халаах зуух. Техникийн шаардлага” MNS 5043 стандартын шаардлагыг хангасан халаалтын зуухыг ашиглана.

3.4.Аюултай хог хаягдал шатаах бүх төрлийн зуух нь “Агаарын чанар. Аюултай хог хаягдал шатаах зуухны яндангаар агаар мандалд хаягдах утааны найрлага дахь агаар бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 6342, бүх төрлийн чандарлах зуух нь “Чандарлах зуух (крематор)-ны яндангаар агаар мандалд хаягдах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5606-1 стандартын шаардлагыг хангасан байна.

3.5.Гэр хорооллын айл өрх “Ахуйн хэрэглээний зуух. Техникийн ерөнхий шаардлага” MNS 5216 стандартын шаардлагыг хангасан зуухыг ахуйн хэрэглээндээ ашиглана.

3.6.Ахуйн хэрэглээний болон уур, ус халаах халаалтын зуух, чандарлах болон аюултай хог хаягдал шатаах зууханд стандартын шаардлага хангаж байгааг нотлох тохирлын үнэлгээний баталгаажилт хийлгэн, гэрчилгээ авсан байна.

3.7.Бензин хөдөлгүүртэй автотээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн утааны найрлага дахь агаар бохирдуулах бодис (CO-нүүрстөрөгчийн дутуу исэл,           CH-нүүрсустөрөгч)-ын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь “Бензин хөдөлгүүртэй автомашин-утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5013 стандартын шаардлагыг хангасан байна. 

3.8.Автомашины дизель хөдөлгүүрийн утааны тортогжилтын хэмжээ нь “Дизель хөдөлгүүртэй автомашин-утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5014 стандартын шаардлагыг хангасан байна.


Дөрөвдүгээр бүлэг

Хяналт-шинжилгээ, мониторинг

4.1.Агаарын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь агаарын чанар, агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөллийн өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт судалгаа, шинжилгээ хийж үнэлгээ өгөх, мэдээллээр хангах зорилго бүхий агаарын чанарын хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулна. 

4.2.Эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлж эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн тандалт, судалгааг хийнэ.

4.3.Агаар бохирдуулах бодисын үзүүлэлтийг тодорхойлох хэмжилт, шинжилгээг агаарын чанарын үзүүлэлтийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори хийнэ.

4.4.Агаарын бохирдлын эх үүсвэрийн хэмжилтийг агаарын чанарын үзүүлэлтийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори хийнэ.

4.5.Энэ техникийн зохицуулалтын хэрэгжилтэд тавих хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар зохицуулна.  

 


---о0о---