Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2021 оны 148 дугаар
  тогтоолын 2 дугаар хавсралт

 

УСНЫ ЧАНАРЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ


Нэгдүгээр бүлэг

Ерөнхий зүйл

1.1.Зорилго, хамрах хүрээ

      1.1.1.Энэ техникийн зохицуулалт нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор усны чанарыг үнэлэх, бохирдлын эх үүсвэрт тавих шаардлагыг тогтооход оршино.

      1.1.2.Энэ техникийн зохицуулалтыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ус ашиглагч иргэн, хуулийн этгээд заавал дагаж мөрдөнө.

1.2.Норматив эшлэл

Энэ техникийн зохицуулалтад эш татаж хэрэглэсэн дараахь стандарт, баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээрийн хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлээс эш татаж хэрэглэнэ.

-MNS 899. Унд ахуйн зориулалттай төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийг сонгох журам ба эрүүл ахуй. Техникийн шаардлага.

-MNS 4047. Усан мандал. Гадаргын усны чанарыг хянах журам.

-MNS 4586. Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага.

-MNS 0900. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ.

-MNS 4943. Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага.

-MNS 6561. Усны чанар. Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага.

-MNS 6734. Дахин ашиглах цэвэрлэсэн ус. Техникийн ерөнхий шаардлага.

-MNS ISO 16075. Цэвэрлэсэн хаягдал усыг усалгаанд ашиглах заавар.

-MNS 4079. Усны чанар. Нэр томьёо, тодорхойлолт.

-Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын     2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал.

1.3.Нэр томьёо, тодорхойлолт

Энэ техникийн зохицуулалтад хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

      1.3.1.“усны чанар” гэж Усны тухай хуулийн 3.1.20-т заасныг;      

      1.3.2.“усны чанарын стандарт” гэж Усны тухай хуулийн 3.1.21-д заасныг; 

      1.3.3.“бохирдуулах бодис” гэж Усны тухай хуулийн 3.1.22-т заасныг; 

      1.3.4. “зөвшөөрөгдөх дээд хэмжээ” гэж усны чанар нь шаардлагад нийцсэн эсэхийг тодорхойлох чанарын үзүүлэлтийн дээд хэмжээг;

      1.3.5. “ундны ус” гэж хүн ам, хүнсний зориулалтаар хэрэглэх, эрүүл ахуйн шаардлага хангасан, стандартад нийцсэн усыг;

      1.3.6.“хаягдал ус” гэж Усны тухай хуулийн 3.1.24-т заасныг; 

      1.3.7.“цэвэрлэсэн ус” гэж хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх болон дахин ашиглах зориулалтын чанарын шаардлагад нийцэх хүртэл боловсруулсан усыг;

      1.3.8.“усны чанарын шалгуур” гэж усны чанарын үнэлгээний үзүүлэлтүүд буюу усны чанар аль нэг ашиглалтын шаардлагад нийцэж байгаа эсэхийг илтгэх багц үзүүлэлтүүдийг;

      1.3.9.“усны чанарын хяналт-шинжилгээ” гэж усны чанарын төлөв байдлыг тогтоосон хөтөлбөрийн дагуу ажиглах, хянах, үнэлэх үйл ажиллагааг. 

Хоёрдугаар бүлэг

Усны чанар, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн
хамгаалалтын бүс, түүний дэглэм

2.1.Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцлийг хангах зорилгоор усны орчин рН, жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, азот, фосфор, бичил амь судлалын үзүүлэлт зэрэг усан орчны чанарын үзүүлэлт нь “Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага” MNS 4586 стандартын шаардлагыг хангасан байна.

2.2.Шинээр барих болон шинэчлэхээр төлөвлөж байгаа төвлөрсөн системээр түгээж, унд ахуйн зориулалтаар болон унд ахуй-үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах ус хангамжийн эх үүсвэрийг сонгоход “Унд ахуйн зориулалттай төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийг сонгох журам ба эрүүл ахуй, техникийн шаардлага” MNS 899 стандартын шаардлагыг хангасан байна.

2.3.Төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс (ус олборлох, нөөцлөх, чанарыг сайжруулах, түгээх, зөөвөрлөх, хадгалах) ус ашиглагч, хэрэглэгч хүртэлх ус хангамжийн сүлжээний  үе шат бүрд хүн амын ундны болон ахуйн зориулалтаар ус хэрэглэх тохиолдолд “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900 стандартын шаардлагыг хангасан байна.

Гуравдугаар бүлэг

Усны бохирдлын эх үүсвэр, тавигдах шаардлага

3.1.Ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтээс хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх тохиолдолд усны орчин рН, өнгө, цахилгаан дамжуулах чанар, жинлэгдэх бодис, нитрат, нитрит, аммони, үлдэгдэл чөлөөт хлор, хүнд металлууд, бичил амь судлалын үзүүлэлт зэрэг нь хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын дээд хэмжээ нь “Хаягдал ус. Ерөнхий шаардлага”           MNS 4943 стандартын шаардлагыг хангасан байна.

3.2.Ахуйн болон үйлдвэрийн үйл ажиллагаанаас гарсан хаягдал усыг цэвэрлэж үйлдвэрлэл, үйлчилгээнд болон хүрээлэн байгаа орчныг хамгаалах чиглэлээр ашиглах тохиолдолд хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын дээд хэмжээ нь “Дахин ашиглах цэвэрлэсэн ус. Техникийн ерөнхий шаардлага” MNS 6734, усалгаанд ашиглах тохиолдолд “Цэвэрлэсэн хаягдал усыг усалгаанд ашиглах заавар” MNS ISO 16075 стандартын шаардлагыг хангасан байна.

3.3.Ахуйн болон үйлдвэрийн үйл ажиллагаанаас гарсан хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын дээд хэмжээ нь төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэх тохиолдолд “Усны чанар. Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага” MNS 6561 стандартын шаардлагыг хангасан байна.

3.4.Ус ашиглагч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан ажиллана.

3.5.Ахуйн болон үйлдвэр, аж ахуйн нэгжийн урьдчилсан цэвэрлэх байгууламжаас гарсан лаг, хог хаягдлыг цэвэрлэх байгууламжийн лагийн талбай, аюултай хог хаягдлыг булшлах талбайгаас бусад газарт хаяхыг хориглоно.

3.6.Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын дагуу хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоож Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга усны мэдээллийн санд бүртгүүлнэ.

Дөрөвдүгээр бүлэг

Хяналт-шинжилгээ, мониторинг

4.1.Усны тухай хуулийн 6.1-д заасны дагуу усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь усны нөөц, горим, чанарын төлөв байдал, өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, мэдээллээр хангах зорилго бүхий усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулна.

4.2.Эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлж эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн тандалт, судалгааг хийнэ.

4.3.Ус бохирдуулах бодисын үзүүлэлтийг тодорхойлох хяналт-шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид хийнэ.

4.4.Усны бохирдлын эх үүсвэрийн хэмжилтийг итгэмжлэгдсэн лаборатори хийнэ.

4.5.Энэ техникийн зохицуулалтын хэрэгжилтэд тавих хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар зохицуулна.

 


---о0о---