Хэвлэх DOC Татаж авах

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2018 оны А/43 дугаар тушаалын 06 дугаар хавсралт

 

АДУУНЫ ХАЧГИЙН ХАЛУУН ӨВЧИН /EQUINE PIROPLASMOSIS/-өөс
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

Нэг. ӨВЧНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Адууны төрлийн амьтдын хачгийн халуун өвчин гарах эрсдэлтэй аймаг, орон нутагт урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

1.2.Хамрах хүрээ:Уг зааврыг бүх шатны мал эмнэлгийн байгууллага, малын эмч, орон нутгийн удирдлагаадууны төрлийн хачгийн халуун өвчний халдварын үед дагаж мөрдөнө.

1.3.Өвчний тодорхойлолт:Адууны хачгийн халуун нь эгэл биетнээр үүсгэгддэг цусны улаан эсэд шимэгчилдэг бэлчээрийн хачгаар дамждаг өвчин юм. Ард түмний дунд “Адууны хачгийн халуун” хэмээн нэршсэн адууны ба безиоз (пироплазмоз) нь адууны улаан цогцост шимэгчлэгч Theileriaequi, Babesiacaballi зүйлийн эгэл биетнээр үүсгэгддэг бэлчээрийн хачгаар дамжин халдварладаг, цочмог, цочмогдуух элбэрээр, архаг явцтай илэрдэг өвчин юм.

1.4.Үүсгэгчийн онцлог:Апикомплекс хүрээнд хамаарах Пироплазмирино (Piroplasmirino) дэдбаг, Бабезида (Babesiidae) язгуур, Бабезиа (Babesia) төрөлд хамаарах B. caballi, T. equi зүйлийн эгэл биетнээр адууны хачгийн халуун үүсгэгддэг. B. caballi нь хэмжээний хувьд том буюу мерозойт нь 2.0- 5.0 мкм х 1.0- 1.5 мкм хэмжээтэй, ихэвчилэн төгсгөл хэсгээрээ холбогдсон хоёрлосон хэлбэртэй байдаг. T. equi нь жижиг бөгөөд үүсгэгчийн трофозойт олон янзын (дугариг, зууван, элиф, ээрүүл) хэлбэртэй, 3мкм диаметртэй. Мерозойтууд нь төгсгөлөөрөө холбогдон хэрээс хэлбэр үүсгэн тохиолддог бөгөөд үүнийг Мальтийн хэрээс гэж нэрлэдэг. Энэ хэлбэр нь T. equi- ийн халдварын үед цусны улаан эс дэх гол онцлог хэлбэр бөгөөд 1.5 мкм урттай байна.

1-р зураг. Цусны улаан эс дэх паразитын хэвийн морфологийг үзүүлэв. A- T.equi-н халдвартай адууны улаан эс, Б-T.equiболон B.caballi-н холимог халдвартай адууны улаанэс, B- B. caballi-н халдвартай адууны цусны улаан эс. Цэнхэр сум нь Т.equi

(), Улаан сум нь B.caballi (  ) . Зургийг П. Мягмарсүрэн. 

1.5. Тэсвэрт чанар: Үүсгэгч нь гадаад орчинд тэсвэргүй (5-20 минутын дараа үхдэг) тул халдваргүйтгэл хийх шаардлагагүй.

1.6. Халдварын эх үүсвэр, дамжихзам: Бэлчээрийн хачиг нь адууны хачгийн халуун өвчин тархахад гол үүрэг гүйцэтгэдэг биологийн дамжуулагч юм. Адууны хачгийн халуун өвчний халдвар эхээс урагт хөхний сүүгээр дамждаггүй. Халдвар тархах хоёр зам байдаг.

Үүнд: А/.Хачгаар дамжин халдварлах буюу байгалийн халдвар Б/.Уг өвчний халдвараар бохирдсон мал эмнэлгийн хэрэгсэл хэрэглэсний улмаас хүний оролцоотой дамжин халдварлах. Dermacentor, Rhiphicephalus, Hyalomma төрлийн иксод хачгийн зүйлүүд B. caballi болонT. equi-г дамжуулдаг нь тогтоогдсон.

Хоёр. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Адууны хачгийн халуун өвчнөөр халдвар авч өвчилсөн тохиолдолд халдварын эхэн үед тодорхой шинж тэмдэг илрэхгүй боловч өвчний далд үе нь 12-30 өдөр байдаг. Халдвар ихэвчлэн архаг болон ужиг хэлбэрээр илрэхдээ халуурах (400С), улаан эс задралын улмаас цус багадах шинж тэмдэг илэрдэг. Цаашид цус багадсаны улмаас амьсгал давхцах, арьс шарлах зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд дархлаа суларсан мал амьтан, хачгийн тархалт ихтэй нутгийн мал халдварт өртөх магадлал ихтэй байдаг. Адуу, илжиг, тахь болон бүх битүү туурайтан амьтан Theileriaequi болон Babesiacaballi халдварт мэдрэмтгий, адуунд ихэвчлэн клиник шинж тэмдэг илилэрдэг байна. Хурц халдварын үед цусны цагаан эсүүдийн тоо цөөрдөг. Цусны фибриноген, ийлдсэнд агуулагдах төмөр, фосфорын хэмжээ багасаж, гемоглобин шээсээр ялгарах хэмжээ ихсэж болно. Theileriaequi- ийн халдвартай хачиг ассанаас хойш далд үе нь12- 19 өдөр, B.caballi-ийн хувьд 10-30 өдөр байдаг. Ихэнх эмнэл зүйн шинж тэмдэг нь T.equi-ийн халдвартай холбоотой байдаг. Халдвар авсан адуу бүхэл амьдралынхаа турш халдвар тээгч болж болно. B.caballi-ийн халдвар авсан адуу дөрөв хүртэл жил халдвар тээгч болж болдог. Уг өвчнөөр байгалийн халдвартай адуунд илрэх шинж тэмдэгийг 2-р зургаар үзүүлэв.

2-р зураг. Адууны хачгийн халууны үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг. А, Д- нүдний салст бүрхүүл шарлах, Б, Г- чихний мэдрэл саажих, В- цустай шээх, Е- адуу ихээр турах зэрэг шинж тэмдэгүүд илэрч байна.

2.2.Эмгэг бие бүтцийн хувирал: Хамрын нүхнээс хөөсөрхөг, шаравтар шингэн гоожсон байна. Арьсан доорх эслэг шарлаж, хэнхдэг, цээж, хэвлийн доод хананд нэвчрэл, цусн харвалт үүснэ. Дотор эрхтэн шарлана. Салст бүрхүүлд цус харвасан байна. Нарийн гэдэс, умс, олгой шээсээр дүүрсэн, цуллагийн эрхтнүүд эрс томорсон, уушиг хавагнасан, зүрхний булчин хэврэг болсон, тархины судас цусаар дүүрсэн зэрэг шинж тэмдэг илэрнэ.

2.3.Лабораторийн оношилгоо:Халдварлалтын байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторит эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулан дээж авах, бэлтгэх, илгээх журам”-ын дагуу авч ирүүлнэ. Лабораторит ирүүлсэн эмгэгт сорьцод Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллагын гарын авлагад зөвлөсний дагуу ХХУ, ИФУ, ФХЭБУ зэрэг батлагдсан аргуудыг ашиглаж шинжилгээ хийхээс гадна үүрэн ПГУ, микроскопын тусламжтай цусны түрхэцэд өвчний үүсгэгчийг илрүүлэх шинжилгээ хийнэ.

2.4.Ялгаварлан оношлох:Адууны халдварт цус багадалт, лептоспирозоос ялган оношлох шаардлагатай. Адууны хачгийн халуун өвчний архагшсан халдварын үед цус багадалт цочмог болдог.

2.5.Эмчилгээ:Мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн адууны адууны хачгийн халуун өвчний урьдчилан сэргийлэлт болон эмчилгээний эмийн бэлдмэлүүдийг хэрэглэнэ. Монгол улсын малын эмийн улсын бүртгэлд орсон имидокарб дипропионатын гол үйлчлэгч бодис бүхий эмүүдийг адууны хачгийн халуун өвчний эмчилгээнд хэрэглэнэ.

Гурав. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Уг өвчний биологийн дамжуулагч болох хачиг унах улиралд хачиг унахаас өмнө урьчилан сэргийлэлт хийж, адууг нутаг сэлгүүлэхдээ мөн анхаарах хэрэгтэй байна.Уяачид адууны уяаа сойлгоны үеэр дусал, тариа зэргийг нэг зүүгээр олон адуунд дамжуулан тарьж халдварын тархалтанд нөлөөлж байна. Адууны хачгийн халуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор малын эмийн улсын бүртгэлд орсон урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй эмүүдийг тухайн эмийн зааварын дагуу хэрэглэж болно.

3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Судалгаа болон шинжилгээний төв байгууллага нь орон нутгийн малын эмч нарт, сумдын мал эмнэлгийн тасаг нь мал бүхий иргэд болон хуулийн этгээдэд зориулсан өвчний талаар мэдлэг, мэдээлэлийг олон хэлбэрээр тасралтгүй өгдөг байх.

3.3.Вакцинжуулалт: Адууны хачгийн халуун өвчний эсрэг вакцин байдаггүй.

Дөрөв. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Халдварын эх үүсвэр тогтоох тархвар зүйн судалгаа:Манай орны Баян-өлгий, Төв, Булган, Дундговь, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Говь-алтай, Завхан аймгуудын бэлчээрийн хачиг ихээр унадаг ихэнх сумдад энзоот (эпизоотологийн хэлхээ буюу өвчтэй мал, өвчин үүсгэгч дамжуулагч хачиг, халдварт мэдрэмтгий өвчлөмтгий мал бүрдсэн) хэлбэрийн голомт байх бөгөөд хэрвээ урьдчилан сэргийлэх болон эмчилгээний арга хэмжээ аваагүй тохиолдолд өвчлөл хорогдол их байсаар байна.

4.2.Хязгаарлалт тогтоох: Хачиг унах ихээр унадаг бэлчээрт мал бэлчээхгүй байх.

4.3.Өвчин гарсан үед мал амьтан, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд тавих шаардлага: Цус, цусан бүтээгдэхүүнийг дулааны боловсруулалт хийж хэрэглэнэ. Өвчтэй малын мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэхэд тусгай шаардлага тавигдахгүй.

4.4.Импортын мал, амьтан, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага: Импортын адуунд зайлшгүй адууны хачгийн халуун өвчний шинжилгээг хийх шаардлагатай.

4.5.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.