

Засгийн газрын 2021 оны 283 дугаар
тогтоолын хавсралт
“И-МОНГОЛ АКАДЕМИ” УЛСЫН ТӨСӨВТ
ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ дүрмийн зорилго нь “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэл, чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтыг тогтоож, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.“И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газар (цаашид “И-Монгол академи” гэх) нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяанд өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг улсын төсөвт үйлдвэрийн газар мөн.
1.3.“И-Монгол академи” нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль болон бусад хууль тогтоомж, салбарын төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, энэ дүрмийг баримтлан ажиллана.
1.4.Оноосон бүтэн нэр нь “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газар байх бөгөөд товчилсон нэр нь “И-Монгол академи” УТҮГ байна.
Хоёр.“И-Монгол академи”-ийн бэлгэдэл, тэмдэг
2.1.“И-Монгол академи” нь холбогдох журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд өөрийн бэлгэдэлтэй байна.
2.2.Бэлгэдлийн загварыг захирлын тушаалаар батлах бөгөөд түүнийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, хэрэглэх эрхийг “И-Монгол академи” эдэлнэ.
2.3.Тэмдгийг захирлаас итгэмжлэн хариуцуулсан этгээд түшиж, ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг хариуцна.
Гурав.“И-Монгол академи”-ийн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл
3.1.“И-Монгол академи” нь төрийн цахим шилжилтийг дэмжиж, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах талаар судалгаа хийх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах-1111” төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байна.
3.2.“И-Монгол академи” нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
3.2.1.төрөөс баримтлах бодлого, чиглэл, шийдвэр, төрийн байгууллагын захиалгын дагуу мэдээллийн систем, програм хангамжийг хөгжүүлэх;
3.2.2.төр, хувийн хэвшлийн дундын мэдээлэл солилцооны систем (ХУР), түүнийг дэмжих дэд системүүдийг зохион байгуулах, хөгжүүлэх;
3.2.3.төрийн тодорхой салбар, байгууллага, үйл ажиллагааг оновчилж, цахимжуулах боломжийн талаар судалгаа, шинжилгээ хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, бодлогын даалгавар боловсруулах;
3.2.4.хариуцсан мэдээллийн системийн нэвтрүүлэлт, хөгжүүлэлт, ашиглалт, хэвийн үйл ажиллагааг хангах, төрийн бусад байгууллагатай хамтран ажиллах;
3.2.5.мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр агуулга боловсруулах, сургалт хийх, хөтөлбөр зохион байгуулах;
3.2.6.Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах-1111” төвийн үйл ажиллагаа, мэдээллийн системийн байнгын ажиллагааг хангах, хөгжүүлэх, Засгийн газарт иргэд, байгууллагаас “Иргэд, олон нийттэй харилцах-1111” төвөөр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авах, шийдвэрлэлтийг мэдэгдэх, Засгийн газар, төрийн байгууллага, иргэд, олон нийтийг шаардлагатай мэдээллээр хангах үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшил нэвтрүүлж, олон талт мэдээллээр хангах.
Дөрөв.“И-Монгол академи”-ийн эрх, үүрэг
4.1.“И-Монгол академи” нь дор дурдсан эрхтэй байна:
4.1.1.өөрт олгогдсон үл хөдлөх болон бусад эд хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;
4.1.2.барилга байгууламж, техник хэрэгсэл, машин, тоног төхөөрөмжийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бусдад худалдах, шилжүүлэх, түрээслэх асуудлыг харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар уламжлан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зөвшөөрөлтэйгээр шийдвэрлэх;
4.1.3.ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын болон гадаад орны, олон улсын байгууллагатай эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллах.
4.2.“И-Монгол академи” нь дор дурдсан үүрэгтэй байна:
4.2.1.Монгол Улсын хууль тогтоомж болон энэ дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах;
4.2.2.үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн болон эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны найдвартай байдлыг хангах, технологийн горим, хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиулах;
4.2.3.улсын төсвийн санхүүжилтийг сар, улирал, жилээр батлагдсан хуваариар зориулалтын дагуу зарцуулах;
4.2.4.шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх;
4.2.5.удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, “Иргэд, олон нийттэй харилцах-1111” төвийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг бэхжүүлэх;
4.2.6.санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх, төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх;
4.2.7.хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэ дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
4.2.8.байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн маркетинг, менежментийн үр ашигтай, оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх.
Тав.“И-Монгол академи”-ийн удирдлага
5.1.“И-Монгол академи”-ийн захирлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга томилж, чөлөөлнө.
5.2.Захирал нь холбогдох хууль тогтоомж, энэ дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд “И-Монгол академи”-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
5.3.Захирал нь дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
5.3.1.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
5.3.2.батлагдсан төсөв, хөрөнгийг зориулалт, холбогдох хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, тайлагнах;
5.3.3.ажил, үүргээ гүйцэтгэх явцад олж авсан төрийн болон албаны, байгууллага, хувь хүний нууцыг хуулийн дагуу хадгалах, хувийн болон бусад этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх, үйлдвэрийн газрын ажиллагчидтай нууцлалын гэрээ байгуулах;
5.3.4.батлагдсан бүтэц, орон тоондоо багтаан үйлдвэрийн газрын ажилчдыг томилох, чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах, урамшуулал олгох, хариуцлага тооцох;
5.3.5.ажилчдын ажлын байрны тодорхойлолтыг батлах;
5.3.6.үйл ажиллагаа, технологийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг баталж мөрдүүлэх;
5.3.7.хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх;
5.3.8.анхан шатны бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн үнэн зөвийг биечлэн хариуцах;
5.3.9.өөрийн эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, үйлдвэрийн газрыг гадаад, дотоодод төлөөлөх зэргээр үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэл олгох;
5.3.10.захирлын эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, холбогдох дүрэм, журам, заавар баталж, биелэлтийг нь зохион байгуулж, үр дүнг тооцох;
5.3.11.үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах тусгай зөвшөөрөл, лиценз, эрхийн холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, үйлдвэрийн газарт шинээр худалдан авах болон акталж устгах, худалдах, шилжүүлэх, үндсэн хөрөнгийн асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
5.3.12.өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд ур чадвартай мэргэжилтэн (баг, хувь хүн )-тэй хамтран ажиллах;
5.3.13.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
5.4.Захирал нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргад ажлаа улирал тутамд тайлагнана.
5.5.Захирал нь албан үүргээ гүйцэтгэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон бусад хууль тогтоомж, дүрмийг мөрдөж ажиллана.
5.6.Захирал нь хууль тогтоомж, дүрмийг зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь түүнд хариуцлага тооцох үндэслэл болно.
5.7.Захирал нь үндсэн ажлаас гадуур өөр байгууллагад аливаа албан тушаал, ажил үүрэг хавсран гүйцэтгэхийг хориглоно.
Зургаа.Санхүүгийн тайлан, тэнцэл, бүртгэл
6.1.“И-Монгол академи”-ийн орлого нь дараахь санхүүгийн эх үүсвэрээс бүрдэнэ:
6.1.1.улсын төсвийн санхүүжилт;
6.1.2.хууль тогтоомжоор хориглоогүй бусад.
6.2.Санхүүгийн жил тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусч, дараа оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлнэ.
6.3.Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу жил бүр санхүүгийн тайлан гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.
6.4.Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, ерөнхий нягтлан бодогч хариуцна.
6.5.Санхүүгийн тайланд дараахь зүйлийг тусгана:
6.5.1.баланс;
6.5.2.орлого, үр дүнгийн тайлан;
6.5.3.мөнгөн гүйлгээний тайлан;
6.5.4.хуримтлагдсан ашгийн тайлан;
6.5.5.тухайн тайлангийн хугацаанд хийсэн их хэмжээний болон сонирхлын зөрчил бүхий хэлцлийн жагсаалт, нэр, төрөл, үнийн дүн, удирдлагад олгосон цалин, шагнал, урамшуулал;
6.5.6.байгууллага, иргэд, ажилтнаас авах авлага, тэдгээрийн үүссэн шалтгаан, барагдуулалтын явц;
6.5.7.нэмэлт тайлбар;
6.5.8.санхүүгийн тайлангийн тодруулга;
6.5.9.өмчийн өөрчлөлтийн тайлан;
6.5.10.бусад.
6.6.Санхүүгийн алба, нягтлан бодогч хуулиар тогтоосон журмын дагуу анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах ажлыг хариуцан зохион байгуулж, захиралд танилцуулна.
6.7.Захирал нь тухайн жилийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтэц, хөрөнгө, санхүү, үр дүнгийн талаар тодорхой тусгасан дараахь мэдээллийг агуулсан тайлан, илтгэх бичгийг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:
6.7.1.тайлангийн хугацаанд үйлдвэрийн газрын эрхлэн явуулсан үндсэн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй танилцуулга, гарсан өөрчлөлт болон эдгээр үйл ажиллагааны үр дүн;
6.7.2.тайлангийн хугацаанд үйлдвэрийн газрын албан тушаалтан ажиллагсдад олгосон шагнал, урамшуулал, удирдлагын зардлын хэмжээ;
6.7.3.шаардлагатай бусад мэдээлэл.
6.8.Төсвийн орлого, зарлагын мэдээ, мөнгөн болон мөнгөн бус хөрөнгийн гүйцэтгэлийн тайланг улирал, жил тутам гаргаж аудитаар баталгаажуулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
6.9.Эд хөрөнгийн дотоодын тооллогыг хугацаанд нь явуулж, жилийн тайлан тэнцэлд тусгана.
6.10.Төсвийн тухай хуульд заасны дагуу өөрийн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, урсгал зардлын төлөвлөгөөний төслийг санхүүгийн жил эхлэхээс гурван сарын өмнө гаргаж, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.
6.11.Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллана.
Долоо.Эд хөрөнгийн хяналт
7.1.Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтад төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллана.
7.2.Захирал нь байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын өмнө хариуцна.
7.3.Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад ерөнхий нягтлан бодогч бүртгэлийн хяналт тавьж ажиллана.
Найм.Баримт бичгийн хадгалалт
8.1.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, түүнийг дагаж гарсан нийтлэг журмыг мөрдөн ажиллаж, дараахь баримт бичгийг хадгална:
8.1.1.үйлдвэрийн газрын дүрэм, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, үйлдвэрийн газрыг байгуулах эрх бүхий байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх, лиценз, тусгай зөвшөөрөл, сертификат;
8.1.2.санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмж;
8.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, нягтлан бодох бүртгэлд тусгасан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох баримт бичиг;
8.1.4.үйлдвэрлэл, технологи, үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, заавар, стандарт, холбогдох бусад баримт бичиг;
8.1.5.хурлын тэмдэглэл, шийдвэр, захирлын гаргасан тушаал, шийдвэр;
8.1.6.шаардлагатай бусад баримт бичиг.
8.2.Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой дараахь баримт бичиг, файлыг хадгална:
8.2.1.тоног төхөөрөмжийн бүртгэл, түүнийг эзэмшигчийн бүртгэл;
8.2.2.тоног төхөөрөмжийн лог файл, нэвтрэлтийн мэдээлэл;
8.2.3.тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийсэн мэдээлэл;
8.2.4.өөрийн хариуцсан системийн эх кодын хувилбар тус бүр;
8.2.5.төвийн өрөө тасалгаанд нэвтэрсэн хүний бүртгэл, хяналтын камерын бичлэг.
8.3.Мэдээллийг хадгалах хугацааг хууль, журам, стандартыг үндэслэн дотоод журмаар шийдвэрлэнэ.
Ес.Бусад
9.1.Энэ дүрэмд зааснаас бусад асуудлыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
9.2.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан үндэслэл, журмын дагуу татан буулгана.
9.3.Энэ дүрэм нь Монгол Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
9.4.Дүрэмд хуульд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлт нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
---о0о---
