

Соёлын сайдын 1994 оны 246 дугаар тушаалын хавсралт
ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХУДАЛДАХ,
СОЛИЛЦОХ ЖУРАМ
1.Монгол Улсын нутаг дэвсгэрт түүх, соёлын дурсгалт зүйлийг (цаашид дурсгалт зүйл гэнэ) худалдах, солилцоход энэхүү журмыг мөрдөнө.
2.Дурсгалт зүйлсийг зориулалтын дэлгүүрээр (антиквариатын дамжуулан худалдах бөгөөд худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох журмыг Монгол Улсын Соёлын яам, Улсын гаалийн ерөнхий газар батална.
3.Дурсгалт зүйлийг худалдах, солилцохыг хүссэн аж ахуйн нэгжид Монгол Улсын Соёлын яам зөвшөөрөл олгоно.
4.Антиквариатын дэлгүүрийн дэргэд Соёлын яам, ШУА-ын хамтран байгуулсан мэргэжлийн комисс ажиллаж, иргэдээс дэлгүүрт ирсэн дурсгалт зүйлийг хосгүй үнэт, үнэт, ердийн гэж ангилан худалдаалах зөвшөөрөл олгоно.
5. Антиквариатын дэлгүүрт худалдаалах зөвшөөрөл олгох мэргэжлийн комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг Соёлын яам батална.
6.Дэлгүүрт ирсэн дурсгалт зүйлийг улсын үзмэрийн сан хөмрөгийг баяжуулахад зориулан тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг улсын музейнүүд эдэлнэ.
7. Антиквариатын дэлгүүрт ирсэн ердийн дурсгалт зүйлийг мэргэжлийн комисс, Улсын гаалийн ерөнхий газрын хамтарсан журмыг үндэслэн гадаадын иргэд, харьяалалгүй хүнд худалдаж болно.
8.Улсын музейнүүд Соёлын яамны баталсан “Үзмэр худалдан авах журам”-ын дагуу үзмэрээ баяжуулах бөгөөд харин худалдах, солилцох тохиолдолд Соёлын яамнаас зөвшөөрөл авна.
9.Хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг өмчлөгч нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнд уг зүйлээ худалдах, солилцохыг хориглоно.
10.Ердийн дурсгалт зүйлийг өмчлөгч нь уг зүйлээ гадаадын иргэн, харьяалалгүй хүнд худалдах, солилцох тохиолдолд тухайн сум, дүүргийнхээ дурсгалт зүйлийн бүртгэл-мэдээллийн санд урьдчилан мэдэгдэнэ.
11. Хувийн өмчид байгаа хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг бусдад худалдах, солилцох, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад эрхээ шилжүүлэх тохиолдолд өмчлөгчтэй тохиролцсоноор буюу шаардлагатай тохиолдолд өмчлөгчийн хүслийг үл харгалзан төр тэргүүн ээлжинд худалдаж авна. Хосгүй үнэт дурсгалт зүйлийн үнийг харилцан тохиролцсоны дагуу тогтоож төлөх бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
12. Соёлын яамны зөвшөөрлөөр дурсгалт зүйлийн худалдаа эрхлэж буй аж ахуйн нэгж нь худалдахыг хүссэн болон худалдан авсан иргэдийн бүртгэл, худалдагдсан зүйлийн тодорхойлолт, гэрэл зургийг хавсарган авч тухайн сум, дүүргийн бүртгэл мэдээллийн санд хадгалуулна.
13.Дурсгалт зүйлийг өмчлөгч нь уг зүйлээ улсын музей, номын сан, архивт сайн дурын үндсэн дээр бэлэглэх буюу зохих үнээр нь худалдаж болно.
14.Дурсгалт зүйлийг хотын гудамж талбай, зочид буудал, зориулалтын бус дэлгүүрт худалдахыг хориглоно. Худалдсан этгээд Монгол улсын хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
15.Хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ гадаадын иргэн, харьяалалгүй хүнд шилжүүлсэн тохиолдолд Монгол улсын “Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль”-ийн 22 дугаар зүйлийн 4 заалтын дагуу хариуцлага хүлээнэ.
