

Шүүхийн ерөнхий зөвлөлийн
2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн
49 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт
НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛЭГ ХӨТЛӨХ, ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДЭХ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйл, 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгч /цаашид “Мэдүүлэг хөтлөгч” гэх/-өөс нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, шүүгчээс тэмдэглэл үйлдэх, тэдгээрийг шийдвэрлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Энэ журам нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журамд нийцсэн байна.
Хоёр. Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, хүргүүлэх
2.1.Мэдүүлэг хөтлөгч нь нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид “Ерөнхий зөвлөл” гэх/-өөс баталсан загварын дагуу хөтөлж, хувийг Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.
2.2.Шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.8 дахь хэсэгт заасан тэмдэглэлийг үйлдэж ажлын гурван өдрийн дотор Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.
2.3.Нөлөөллийн мэдүүлэгт Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт заасан нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтыг хавсаргана.
2.4.Мэдүүлэг хөтлөгч нь нөлөөллийн мэдүүлгийг, шүүгч тэмдэглэлийг Ерөнхий зөвлөлд хүргүүлэхдээ битүүмжлэн, тухайн шүүхийн тамгын газрын нууцын асуудал хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө.
2.5.Шүүхийн тамгын газрын нууцын асуудал хариуцсан ажилтан мэдүүлэг хөтлөгчөөс шилжүүлсэн нөлөөллийн мэдүүлэг, шүүгчээс ирүүлсэн тэмдэглэлийн битүүмжлэлийг сайтар шалгаж, “Нөлөөлөл-Мэдүүлэг”, эсхүл “Нөлөөлөл-Тэмдэглэл” гэсэн баталгааны тэмдгийн аль нэгийг дарж, Ерөнхий зөвлөлд даруй хүргүүлнэ.
Гурав. Нөлөөллийн мэдүүлэг, тэмдэглэлийг хүлээн авах, бүртгэх, танилцуулах
шийдвэрлэх, шилжүүлэх
3.1.Нөлөөллийн мэдүүлэг, тэмдэглэлийг Ерөнхий зөвлөлийн Ажлын албаны бичиг хэргийн ажилтан хүлээн авч, битүүмжлэлийг хөндөхгүйгээр нөлөөллийн мэдүүлэг хариуцсан нэгж, ажилтан /цаашид “Ажилтан” гэх/-д тухайн өдөрт нь хүлээлгэн өгнө.
3.2.Ажилтан нөлөөллийн мэдүүлэг, тэмдэглэлийг хүлээн авч, холбогдох бүртгэлд тэмдэглэнэ.
3.3.Нөлөөллийн мэдүүлгийг хүлээн авсан Ажилтан ажлын 3 өдөрт багтаан нөлөөллийн мэдүүлгийн танилцуулгыг бэлтгэж, хавсаргаж ирүүлсэн материалыг хуулбарлан Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн даргад танилцуулна.
3.4.Шаардлагатай тохиолдолд Ажилтан нөлөөллийн мэдүүлэг, хавсарган ирүүлсэн баримт, материалтай холбогдуулан мэдүүлэг хөтлөгчөөс нэмэлт мэдээлэл авах бөгөөд энэ талаар тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан байна.
3.5.Ажилтан Ерөнхий зөвлөлийн хуралдаанд нөлөөллийн мэдүүлгийг танилцуулна.
3.6.Ерөнхий зөвлөлийн хуралдаанаас нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдлийг холбогдох эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэхээр шилжүүлнэ.
3.7.Ажилтан энэ журмын 3.6-д заасан шийдвэр болон нөлөөллийн мэдүүлэг, хавсарган ирүүлсэн баримт, материалын хуулбарыг ажлын 1 өдөрт багтаан холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
3.8.Ерөнхий зөвлөлөөс хүргүүлсэн тогтоол болон нөлөөллийн мэдүүлэг, хавсарган ирүүлсэн баримт материалыг хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсэгт заасан хугацаанд шийдвэрлэж, хариу ирүүлнэ.
3.9.Нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хариу ирүүлээгүй тохиолдолд Ажилтан эрх бүхий этгээдээс шалгалтын явцын талаар мэдээлэл авах, тухайн нөлөөллийн мэдүүлгийг нэн даруй шалгаж, хариу ирүүлэх талаар хүсэлт гаргах зэргээр холбогдох арга хэмжээг авна.
3.10.Ажилтан нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлт, шалгалтын явцын талаар мэдүүлэг хөтлөгчийг тухай бүр мэдээллээр хангана.
3.11.Ажилтан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.8-д заасны дагуу битүүмжлэн ирүүлсэн тэмдэглэлийг хадгалах бөгөөд эрх бүхий байгууллага, шүүгчээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Ерөнхий зөвлөлийн даргад танилцуулж, холбогдох этгээдэд гарган өгч бүртгэлд тэмдэглэнэ.
Дөрөв. Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэсэн талаар мэдээлэх
4.1.Энэ журмын 3.6-д заасан шийдвэр албажсаны дараа Ажилтан холбогдох мэдээллийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст ажлын 3 өдөрт багтаан байршуулна.
4.2.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэгт заасны дагуу нөлөөллийн мэдүүлгийг шалгаж, эцэслэн шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэрийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
Тав. Нөлөөллийн мэдүүлэг, тэмдэглэлийг хадгалах
5.1.Ажилтан нь нөлөөллийн мэдүүлэг, хавсарган ирүүлсэн баримт материал, тэмдэглэлийг зориулалтын сейф, төмөр шүүгээнд хадгална.
5.2.Ажилтан нь нөлөөллийн мэдүүлэг, хавсарган ирүүлсэн баримт, материалыг зохих журмын дагуу архивд хүлээлгэн өгнө.
Зургаа. Хариуцлага
6.1.Нөлөөллийн мэдүүлэг, хавсарган ирүүлсэн баримт, материал, тэдгээрт дурдсан мэдээлэл болон шүүгчээс тэмдэглэл үйлдэж ирүүлсэн талаар бусдад задруулахыг хориглоно.
6.2.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
--- о0о ---
