Хэвлэх DOC Татаж авах

ХХЕГ-ын даргын 2009 оны 8 дугаарсарын

28-ны өдрийн А/21 дугаар тушаалын

хоёрдугаар хавсралт

 

 

ХИЛИЙН БООМТОД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ

БАЙГУУЛЛАГУУДАД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ,

ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Хилийн тухай хууль, Засгийн газрын 2003 оны “Хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах журам батлах тухай” 20 дугаар тогтоол болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хилийн боомт газарт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, хяналт тавих, нэгдсэн бүртгэл судалгаанд хамруулах, хилийн боомтын журмыг сахиулахад энэ журмын зорилго оршино.

Хоёр.Зөвшөөрөл олгох журам

1.Хил хамгаалах байгууллага нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 26 дугаар зүйл, Засгийн газрын 20 дугаар тогтоолын 6 дугаар заалтыг тус тус үндэслэн хилийн боомтод үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэнэ.

2.Хилийн боомтод үйл ажиллагаа явуулахаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас гаргасан хүсэлтийг Хилийн цэргийн штаб судлан үзэж, энэхүү журмын хүрээнд холбогдох зөвшөөрлийг олгоно.

3.Хилийн боомтод нэвтрэх зориулалтаас шалтгаалж зөвшөөрлийг доорх албан тушаалтнууд олгоно. Үүнд:

а/хилийн боомтод байнгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга;

б/хилийн боомтод нэг удаа түр нэвтрэх зөвшөөрлийг Хилийн цэргийн штабын Хилийн шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга;

в/хилийн боомтын хил хяналтын болон үйлчилгээний ажилтнуудад тухайн боомтыг хариуцсан отрядын дарга тус тус олгоно.

4.Хилийн боомтод нэвтэрч үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь байнгын /1 жил хүртэл/, нэг удаагийн /30 хоног хүртэл/ гэсэн хоёр төрөл байна.

5.Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хилийн боомтод нэвтэрч, үйл ажиллагаа явуулахаар гаргасан хүсэлтийг Хилийн цэргийн штабын Хилийн шалган нэвтрүүлэх хэлтэс судлаж, холбогдох дүгнэлт, саналаа Хилийн цэргийн штабын даргад танилцуулна.

6.Зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хариуг ажлын 5 хоногт багтаан өгнө.

7.Хилийн цэргийн штаб нь хилийн боомтод олгогдсон зөвшөөрлийн талаар нэгдсэн дүнг сар бүр, онцлог тохиолдолд зөвшөөрөл олгохоос өмнө тухай бүр ХХЕГ-ын даргад танилцуулна.

8.Хилийн боомтод нэвтрэх зөвшөөрөл нь энэ журмын хавсралтаар тодорхойлсон хэвлэмэл загвартай байх бөгөөд холбогдох албан тушаалтны гарын үсэг, Хилийн цэргийн штаб /тухайн анги/-ын тэмдгээр баталгаажуулна.

9.Хилийн боомтын цагийн байдлаас шалтгаалан боомтод нэвтрэх зөвшөөрөл олгох, сунгахыг тодорхой хугацаагаар хойшлуулж, үйл ажиллагааг нь зогсоож болно.

Гурав.Зөвшөөрөл олгох баримт бичгийн бүрдүүлэлт

Хилийн боомтод үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлсэн байна. 

а.Иргэн:

§  ХЦ-ийн штабт гаргасан хүсэлт, өргөдөл;

§  Иргэний баримт бичгийн баталгаажуулсан хуулбар;

§  Ажлын газрын үнэмлэхний хуулбар;

§  Тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээний хуулбар.

б.Аж ахуйн нэгж байгууллага:

§  Зөвшөөрөл хүссэн албан тоот;

§  Байгууллагын гэрчилгээ болон баталгаажуулсан хуулбар;

§  Гаалийн зуучлалын болон бэлэг дурсгал, татваргүй барааны дэлгүүр ажиллуулах СЭЗЯ болон ГЕГ-ын тусгай зөвшөөрөл;

§  Боомтод байрлан үйл ажиллагаа явуулах газар, явах замнал болон ажлын байрны тодорхойлолт;

§  Ажилчдын дэлгэрэнгүй судалгаа, нэрсийн жагсаалт, баримт бичгийн баталгаажуулсан хуулбар;

§  Тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээний хуулбар. 

Дөрөв. Хяналт шалгалт

1.Хилийн боомтод олгосон зөвшөөрлүүдийн талаарх мэдээ, бүртгэл, судалгааг Хилийн цэргийн штабын Хилийн шалган нэвтрүүлэх хэлтэс хариуцан хөтлөнө.

2.Хилийн боомтод ажил үйлдвэрлэл явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжийг бүртгэн, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг тухайн боомтыг хариуцсан отрядын дарга нар хариуцна.

Тав.Зөвшөөрөл олгохоос татгалзах, хүчингүй болгох тохиолдол

1.Олгохоос татгалзах

Боомтод явуулах үйл ажиллагаа нь:

а/Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох үндэслэл байвал;

б/Улсын хил хамгаалалтын эрх ашигт нийцэхгүй тохиолдолд;

в/Холбогдох хууль тогтоомжийн заалттай харшлах тохиолдолд; 

г/Боомтын журам зөрчигдөх тохиолдолд зөвшөөрлийг олгохгүй.

2.Олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох:

а/Зөвшөөрлийг Монгол Улсын Хилийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хилийн зурваст хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, завдсан;

б/Хил хамгаалах байгууллагаас олгогдсон зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн;

в/Зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн;

г/Зөвшөөрөлд заагдсан цэг, газраас өөр газарт үйл ажиллагаа явуулсан;

д/Хилчдийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй;

е/Зөвшөөрөлгүй ажилтан ажиллуулах, тээврийн хэрэгсэл боомтод нэвтрүүлэх;

ё/Хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн /боомтын журам/;

ж/Хилийн зөрчил гаргах, хил зөрчигч нарт туслах, хуйвалдах, нуун дарагдуулах, улсын хилээр эд зүйл хууль бусаар нэвтрүүлэх зэрэг үйлдэл гаргасан тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгох буюу сунгахгүй;

Зургаа.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг

1.Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө харъяа хилийн отряд, боомтод албан ёсоор мэдэгдэж, бүртгүүлнэ.

2.Тухайн боомтод байнгын үйл ажиллагаа явуулах тохиолдолд хилийн отрядтой гэрээ байгуулна.

3.Ажил үйлдвэрлэл явуулж байгаа байрлалаараа улсын хил хамгаалалтад оролцож, хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн үйлдлийн талаар хил хамгаалах байгууллагад цаг тухайд нь мэдэгдэнэ.

4.Хилийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 23 дугаар зүйлийн 8-д заасны дагуу хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд албан үүргээ гүйцэтгэхэд нь иргэн, байгууллага, аж ахуйн нэгж туслалцаа үзүүлнэ.

Долоо.Хүлээх хариуцлага

1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авна.

 

 

 

ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБ

 

 

Загвар

 

 

 ХИЛИЙН БООМТОД НЭВТЭРЧ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ

 

 

200...оны....дугаар                                                                                                Улаанбаатар

сарын....-ны өдөр                                     Дугаар....                                                      хот

 

..............................................................................байгууллагын..........................................

Маркийн..............................................................................................дугаартай машинтай

................................................................................................................................................

.....................................................................................................................................нарын

бүгд.....................................хүн..............................................аймгийн..................................

хилийн боомтод нэвтэрч 20......оны.......дугаар.........сарын...........-наас..............оны ..........дугаар сарын.......ны өдрүүдэд.........хоногийн хугацаатайгаар....................................................зорилгоор.................................................

.................................................................................ажиллах тул тусгай зөвшөөрөл олгов.

 

.................................................

/албан тушаал/

 

.................................................

/цол, нэр/

 

 

Анхаарах зүйлс:

 

 

§  Энэ зөвшөөрлийг тухайн хилийн отряд, боомтод бүртгүүлж, гэрээ байгуулж ажиллана.

§  Хил хамгаалах байгууллагаас заасан цэгт үйл ажиллагаа явуулна

§  Хилчдийн тавьсан шаардлагыг биелүүлнэ

§  Хилийн боомтод мөрдөх журмыг дагаж мөрдөнө

§  Хилийн боомт газраар хууль бусаар нэвтрэх, эд зүйлийг нэвтрүүлэх оролдлого, сэжигтэй үйлдэл, шинж тэмдгийн талаар хилийн ШНА-ийн ажилтанд мэдэгдэнэ.

§  Хил орчмын дэглэм, боомтын журам зөрчвөл холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.