

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар тушаалаар хассан.
Хууль зүй дотоод хэргийн сайдын 2002 оны
251 дүгээр тушаалын хавсралт
ӨРТЭЙ ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүх, эрх бүхий бусад байгууллагын шийдвэрийн дагуу бусдад төлбөр төлөх өртэй этгээдийн талаар улсын хэмжээнд нэгдсэн бүртгэл хөтлөх, олон нийтэд мэдээлэх, хүсэлт гаргасан этгээдэд мэдээлэл өгөх, бүртгэлээс хасах үйл ажиллагаа явуулахад энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр.Төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах
2.1.Шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаараа буюу төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн дараахь тохиолдолд төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн тухай мэдүүлэг авна:
2.1.1.төлбөр төлөгч хөрөнгөгүй нь тогтоогдсон, эсхүл байгаа эд хөрөнгө нь төлбөр төлж хүрэлцэхгүй бол;
2.1.2.төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө бусдын эзэмшилд байгаа, эсхүл ирээдүйд буй болох бусад хөрөнгийн тухай;
2.1.3.төлбөр төлөгч төлбөрийн чадваргүй.
2.2.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах хугацааг товлож энэ тухай төлбөр төлөгч, төлбөр авагчид мэдэгдэх ба төлбөр авагч ирээгүй нь уг мэдүүлгийг авахад саад болохгүй.
2.3.Төлбөр авагчийн шаардлагыг зургаан сарын дотор хангаж чадахаа төлбөр төлөгч нотолсон бөгөөд төлбөр авагч төлбөрийг хэсэгчлэн төлүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд албаны даргын хяналтын дор шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн тухай мэдүүлэг авах өдрийг товлож, уг мэдүүлэг авах хугацааг зургаан сар хүртэл хугацаагаар хойшлуулна.
2.4.Эд хөрөнгийн тухай мэдүүлэг авахаар товлосон өдөр төлбөр төлөгч төлбөрийн дөрөвний гурвыг төлсөн байвал мэдүүлэг өгөх хугацааг энэ журмын 2.3-т заасны дагуу дахин хоёр сараар сунгаж болно.
2.5.Төлбөр төлөгч шинээр хөрөнгөтэй болсон, эсхүл өмнө байсан хөдөлмөрийн харилцаа нь өөрчлөгдсөн бол өртэй этгээдийн бүртгэлд бүртгүүлснээс хойш төлбөр авагчийн хүсэлтээр мэдүүлэг дахин өгөх үүрэгтэй.
Гурав. Өртэй этгээдийн бүртгэл хөтлөх
3.1.Шийдвэр гүйцэтгэгч нь энэ журмын 2.1-д заасан эд хөрөнгийн мэдүүлгийг үндэслэн, эсхүл товлосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзсан төлбөр төлөгчийг өртэй этгээдийн бүртгэлд бүртгэж төлбөр авагчид энэ тухай бичгээр мэдэгдэнэ.
3.2.Шүүх, эрх бүхий бусад байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй төлбөр төлөгч этгээдийн талаарх мэдээллийг аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба орон нутгийн хэмжээнд, Шийдвэр гүйцэтгэх газар улсын хэмжээнд цахим тоолуурт оруулж, өртэй этгээдийн бүртгэл хөтөлнө.
3.3.Өртэй этгээдийн бүртгэлд дараахь мэдээллийг заавал тусгана:
3.3.1.төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэр, үйл ажиллагаа явуулж буй газрын хаяг, улсын бүртгэлийн дугаар, удирдлага, харъяалах татварын байгууллагын нэр, харилцах дансны дугаар;
3.3.2.төлбөр төлөгч нь иргэн бол овог, эцгийн нэр, нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар, оршин суугаа газрын болон ажлын газрын хаяг;
3.3.3.төлбөр авагчид олговол зохих төлбөрийн төрөл, хэмжээ түүнд орсон өөрчлөлтүүд;
3.3.4.шүүх, эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн огноо дугаар, хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа;
3.3.5. шийдвэр гүйцэтгэгчийн овог нэр, хувийн дугаар.
3.4.Өртэй этгээдийн бүртгэлд тусгах мэдээллийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч бүрдүүлнэ.
3.5.Засвартай, бүрдэл дутуу баримтыг үндэслэн өртэй этгээдийн бүртгэлд бүртгэхийг хориглоно.
3.6.Өртэй этгээдийн бүртгэл хөтлөх маягтын загварыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга батална.
Дөрөв. Өртэй этгээдийг нийтэд мэдээлэх
4.1.Аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь тухай сард шинээр өртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн төлбөр төлөгчдийн мэдээллийг нэгтгэж дараа сарын 10-ны дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ирүүлнэ.
4.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь энэ журмын 4.1-т заасны дагуу ирүүлсэн мэдээллийг нэгтгэж долоо хоногийн дотор өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.
4.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар өртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн төрийн захиргааны алба хаагчдын талаархи мэдээллийг төрийн захиргааны албаны зөвлөлд улирал бүр хүргүүлнэ.
4.4.Төрийн захиргааны албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо төрийн захиргааны албанд болон сонгуульд нэр дэвшигчтэй холбогдох мэдээлэл өгөхийг хүсвэл Шийдвэр гүйцэтгэх газар долоо хоногийн дотор холбогдох мэдээллийг өгнө.
4.5.Энэ журмын 4.4-т заасан байгууллага мэдээлэл авах хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд мэдээлэл өгсөн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ тухайгаа цахим тоолуурт тэмдэглэнэ.
4.5.Энэ журмын 4.2-д заасны дагуу нийтэд зарлагдсан өртэй этгээдийн тухай мэдээллийг Шийдвэр гүйцэтгэх газар, аймаг нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба хүсэлт гаргасан этгээдэд дараахь тохиолдолд өгч болно:
4.5.1. шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх;
4.5.2. санхүү, эдийн засгийн хувьд найдвартай эсэхийг шалгуулах;
4.5.3. зээл авах, өгөх гэж байгаа;
4.5.4.хэрэг маргаан шийдвэрлэх зорилгоор хууль хяналтын байгууллагаас хүсэлт гаргасан.
4.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15.1.3-д заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн бол түүнийг сэргээх хүртэл хугацаанд өртэй этгээдийн талаар олон нийтэд албан ёсоор мэдээлэхийг хориглоно.
4.7.Шийдвэр гүйцэтгэх газар, аймаг нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба өртэй этгээдийн талаар буруу мэдээлэл өгснөөс хохирол учирсан бол түүнийг шууд хариуцах, учирсан хохирлыг буруутай алба хаагч, албан тушаалтнаар тушаалтнаар нөхөн төлүүлнэ.
4.8.Энэ журамд зааснаас бусад тохиолдолд мэдээлэл өгөхийг хориглоно.
Тав. Өртэй этгээдийг бүртгэлээс хасах үндэслэл
5.1.Төлбөр төлөгчийг дараахь үндэслэлээр өртэй этгээдийн бүртгэлээс хасна:
5.1.1.эд хөрөнгийн тухай мэдүүлгээ өгсөн;
5.1.2.төлбөр авагчийн шаардлага хангагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлсөн.
Зургаа. Өртэй этгээдийн бүртгэлд хяналт тавих
6.1.Өртэй этгээдийн бүртгэлд тавих хяналтыг улсын хэмжээнд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, аймаг нийслэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хэрэгжүүлнэ.
