Хэвлэх DOC Татаж авах

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны

12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

ЦОГЦОСТ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Нас барагчийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ /цаашид “шинжилгээ” гэх/ хийхэд энэхүү журам болон “Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”, Монгол Улсын стандарт MNS 5733:2004, холбогдох хууль тогтоомжийг баримтлана.

1.2.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс /цаашид “шинжээч томилох этгээд ” гэх/ ирүүлсэн тогтоол, захирамжийг Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, эрдмийн цол зэрэг, ажлын ачаалал зэргийг харгалзан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчид хуваарилна.

1.3.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, криминалистикийн шинжээч фото зураг авах, видео бичлэг хийх, схем зураг үйлдэх, тэмдэглэл хөтлөх зэргээр хэргийн газрын анхны байдлыг нарийвчлан бэхжүүлсний дараа шинжээч эмч нас барагчийн цогцост /цаашид “цогцос” гэх/ үзлэг хийж, зөөвөрлөнө.

 

Хоёр. Цогцост шинжилгээ хийх

2.1.Цогцост дараах дарааллаар шинжилгээ хийнэ. Үүнд:

2.1.1.шинжээч томилсон тогтоол, захирамж, эмнэлгийн бичиг баримт, бусад материалтай танилцах;

2.1.2.цогцост гадна үзлэг хийх;

2.1.3.дотор эрхтэнд шинжилгээ хийж, лабораторийн шинжилгээнд дээж авах.

2.2.Цогцсыг тусгайлан тоноглогдсон зориулалтын өрөөнд зөөвөрлөн байрлуулж, шинжилгээ хийх ба харин гамшгийн байдал үүссэн буюу хөдөө орон нутагт шинжилгээ хийх, шарил шинжлэх тохиолдолд тухайн нөхцөлд тохируулан хийнэ.

2.3.Бага эмч, эсхүл мөрдөн байцаагч шинжилгээний явцад үзлэг, шинжилгээний тэмдэглэл /цаашид “тэмдэглэл” гэх/ хөтлөх ба шинжилгээ хийх үеийн цогцосны ерөнхий байдал, гэмтэл, өөрчлөлтийн фото зургийг авч, шинжилгээний бичиг баримтанд хавсаргана.

2.4.Ар гэрийн хүмүүс нь хүсэлт гаргавал цогцост шинжилгээ хийх ажиллагаанд байлцуулж болно.

 

Гурав. Цогцост гадна үзлэг хийх

3.1.Гадна үзлэгийг дараах байдлаар гүйцэтгэнэ. Үүнд:

3.1.1.цогцсыг зөөвөрлөх буюу хувцсыг нь тайлахын өмнө цогцосны ерөнхий байдал, сүв тус бүрээс гарсан зүйл, биед хутга, багаж болон бусад гадны биет хатгагдсан, зоогдсон эсэхийг сайтар шалгах;

3.1.2.цогцосны нас, хүйс, урт, жин, биеийн галбир, мах мариа, эрхтэний бүрэн бүтэн байдлыг тодорхойлсон гадна үзлэгийг эхлэх;

3.1.3.цогцсыг дээрээс доош, урдаас арагш чиглэлээр нэг бүрчлэн үзэж, үсний өнгө, хэлбэр, хоёр нүдний зовхи, хүүхэн хараа, хамрын хэлбэр, уруул, амны салстын өнгө, шүдний бүрэн бүтэн байдал, хоёр чихний дэлбэн, хүзүү, их бие, мөчдийн байдал, өөрчлөлт, түүнчлэн ам, хамар, чихний суваг, шээс, өтгөний тус бүрээс ялгарсан зүйлийг шалгаж, өнгө шинж байдлыг нь тодорхойлон үзлэгийн тэмдэглэлд нарийвчлан тусгах;

3.1.4.цогцосны эрт үеийн өөрчлөлт /хөрөлт, хөшилт, хүүрийн толбо, хаталт/-ийг нарийвчлан тогтоож, хожуу үеийн өөрчлөлт илэрсэн /ялзрал, саванжилт, занданшилт, намагшилт/ эсэхийг тодорхойлох.

3.2.Цогцост илэрсэн гэмтэл, өөрчлөлтийг дараах байдлаар тодорхойлж, тэмдэглэлд тусгана. Үүнд:

3.2.1.гэмтлийн төрөл;

3.2.2.гэмтлийн байрлал /үүнийг гэмтэл биеийн аль хэсэгт байгааг босоо, хэвтээ тэнхлэгийн дагуу анатомийн нэршлээр нь тодорхойлно/-ийг тодорхойлох;

3.2.3.гэмтлийн өнгө /үүнийг арьс, салстын өнгөний хувирлаар, хэрэв үндсэн өнгө биш бол ямар туяа болохыг заах, эсхүл олон улсын өнгө тодорхойлогчийг ашиглан тодорхойлно/-ийг тогтоох;

3.2.4.гэмтлийн хэмжээ /үүнийг алслагдсан цэгүүдийн хооронд перпендикуляр огтлолоор хэмжиж тодорхойлно/-г тодорхойлох;

3.2.5.гэмтлийн хэлбэр /үүнийг  геометрийн дүрс, нийтлэг төстэй зүйлийн хэлбэрээр илэрхийлнэ/-ийг тодорхойлох;

3.2.6.гэмтлийн гадаргуу /үүнийг барзгар, гөлгөр, овгор, хонхор, шүүдэс бохирдолт байгаа эсэхээр тодорхойлно/-г тодорхойлох;

3.2.7.гэмтлийн зах ирмэг /үүнийг тэгш, тэгш бус, долгионтсон, шүдэлсэн, зах ирмэгт зулгаралт үүссэн, арьс хууларсан зэргээр тодорхойлно/-ийг тодорхойлох.

3.3.Цогцосны нас, хүйс, нас баралтын шалтгаантай холбоотой дараах зүйлийг тодорхойлж, тэмдэглэлд тусгана. Үүнд:

3.3.1.өвчин, эмгэгийн гадаад илрэл, хаван, тууралт, цэврүү, гүвдрүү, судас өргөссөн эсэх;

3.3.2.эмэгтэй хүний тухайд хөх, нөсөө, товчны хэлбэр, хэмжээ, гадна бэлэг эрхтэн, охин хальс, үтрээний амсар, хярзан, хошногоны амсрын байдал, өтгөний сүв, үтрээ, хөхнөөс ялгарсан зүйл;

3.3.3.ураг, нярайн цогцосны тухайд, жин, урт, биеийн галбир, салиа, зунгаг, толгойн хэмжээс, үс, шар үс, гуравдагч зовхи, чих, хамрын мөгөөрсний хэлбэржилт, хавирганы завсар, цээжний хэлбэр, хумсны ургалт, бэлгийн их, бага уруулын байдал, төмсөг хуухнагт буусан эсэх, хүйн байрлал, үрэвслийн цагираг, хүйн таслагдсан үзүүрийн байдал, /усанд дүрж үзэх/ , ихэсийн хэмжээ, жин, хэлтэнгийн тоо, цус хуралт, шохойжилт;

3.3.4.хэн болох нь тодорхойгүй цогцосны тухайд урт, жин, биеийн галбир, мах мариа, нүүрний хэлбэр, төрх, сахал, үсний байдал, мэнгэ, ургацаг, сорви, шивээс, хиймэл эрхтэн, өвчин, эмгэгийн гадаад илрэл зэрэг таньж болох онцлогуудыг.

3.3.5.мэс заслын шархны байрлал, хэмжээ, өнгөр, шархны ирмэг, мэс заслын утас, оёдлын тоо.

 

Дөрөв. Дотор эрхтэний шинжилгээ

4.1.Шинжээч эмч цогцосны гавал, цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийг заавал нэг бүрчлэн шинжлэх ба шинжилгээг аль ч хөндийгөөс эхлэн хийж болно.

4.2.Цогцосны хөндийг нээмэгц дотор эрхтэний байрлал болон тухайн хөндийд шингэн, эсхүл гадны биет байгаа эсэхийг сайтар тогтооно.

4.3.Шаардлагатай үед хийн, агаарын, өөхөн бөглөөдөс илрүүлэх сорил хийнэ.

4.4.Дайвар хөндийг нээх болон мөчдийг шалгах шаардлага гарвал цогцсыг аль болох ар талаас нь нээж үзэх.

4.5.Шинжээч эмч дотор эрхтэнийг нэг бүрчлэн үзэж шинжлэн, дараах байдлаар  тэмдэглэлд тусгана. Үүнд:

4.5.1.гол судасны агууламж, өргөн, уян чанар, хатуурлын товрууны илрэл, гэмтэл, өөрчлөлт;

4.5.2.бөөрний дээд булчирхайн хэмжээ, давхаргын зааг, гэмтэл, өөрчлөлт;

4.5.3.бөөрний өөхөн эд болон бөөрний хэмжээ, өнгө, гадаргуу, тогтоц, цусан хангамж, тэвшинцэр, шээлүүр, давсагны байдал, шээсний өнгө, хэмжээ, гэмтэл, өөрчлөлт;

4.5.4.улаан хоолойн агууламж, салстын өнгө, судасны өргөсөл, гэмтэл, өөрчлөлт;

4.5.5.хэл, залгиур, төвөнхийн мөгөөрс, ховч ясны гэмтэл, өөрчлөлт;

4.5.6.цагаан мөгөөрсөн ба гуурсан хоолойн агууламж, салстын өнгө, цагираг мөгөөрсний байдал, гэмтэл, өөрчлөлт;

4.5.7.цээж, хэвлийн хөндийн цуллаг эрхтнийг дээрээс доош чиглэлээр үзэж шинжлэх ба эрхтэн тус бүрийн өнгө, хэлбэр, тогтоц /хатуу, биелэг, зөөлөн, улбагар/, гадаргуу /толигор, гялгар, барзгар, овон товон, жигд бус/, ирмэг /хурц, мохоо/, хэмжээ /урт, өргөн, зузаан см-ээр/, жин /гр-аар/, цусан хангамж, бүтэц, эмгэг өөрчлөлт, гэмтлийн шинж, байрлал;

4.5.8.зүрх, үнхэлцэг гадаргуу, эдгээрийн хөндий дэх агууламж, ховдлын ханын зузаан, цусан хангамж, хавхлаасын дэлгэсэн урт, хавхлагын ба хөхлөг булчингийн байдал, титэм судасны хатуурал, сүвний нарийсал, гэмтэл, өөрчлөлт;

4.5.9.ходоод, 12 нугалаа гэдэс, цөсний хүүдий, нарийн ба бүдүүн гэдэсний агууламж, салстын өнгө, атираа нугалаасын байдал, гэмтэл, өөрчлөлт

4.5.10.голт, уушгины уг, чацархайн тунгалгийн булчирхай, судасны салаалалт;

4.5.11.багана нуруу, нугалам, хавирга, эгэм, өвчүү, аарцаг, дээд, доод мөчдийн ясны гэмтэл, өөрчлөлт;

4.5.12.толгой хуйхны дотор тал, гавлын орой, суурь яс, тархины хатуу ба зөөлөн бүрхүүл, тархины бөмбөлөг, түүний судасжилт, тархины эдийн гэмтэл, өөрчлөлт, ховдлын агууламж, шаардлагатай тохиолдолд гавлын дайвар хөндийн агууламж.

4.6.Цогцсын эмгэг судлалын шинжилгээний дараа эрхтнүүдийг цээж, хэвлийн хөндийд буцаан хийж, биүүлэн оёж цэгцэлнэ. Цогцсыг битүүмжлэн оёсны дараа угааж арчин хуурайшуулж, цогцос хадгалах газарт шилжүүлнэ.

4.7.Цогцост шаардлагагүй зүслэг хийх, эд эрхтэнийг гэмтээх, устгах, авахыг хориглоно.

4.8.Шинжээч эмч дотор эрхтэний шинжилгээ хийх үед тогтоосон аргачлалын дагуу лабораторийн болон нэмэлт шинжилгээнд дээж авч, холбогдох лабораторид илгээлт бичгийн хамт хүргүүлэх ба уг бичигт хэний, аль эрхтэнээс хэзээ, хэдий хэмжээгээр дээж авсан, түүнд ямар төрлийн шинжилгээ хийхийг тэмдэглэж, үхлийн шалтгааныг товч бичнэ.

4.9.Цогцосноос эрдэм шинжилгээ, сургалт, эмчилгээ, оношлогооны зорилгоор шинжилгээний дээж авах тохиолдолд тэмдэглэлд тусгайлан заана.         

              

Тав. Шинжээчийн дүгнэлт

5.1.Цогцост илэрсэн гэмтэл, өөрчлөлт, лабораторийн шинжилгээний хариу, эмнэлгийн бичиг баримт, бусад материалыг нэгтгэн үнэлж үзсэний үндсэн дээр шинжээч эмч шүүх эмнэлгийн шинжилгээний онош тавина.

5.2.Цогцосны нас барсан шалтгааныг тогтоож, онош тавихдаа шинжээч эмч “Өвчин гэмтэл ба үхлийн шалтгааны олон улсын ангилал”-ыг баримтална.

5.3.Дүгнэлтийг гаргахдаа шинжээч эмч нь эрх бүхий этгээдийн тогтоол, захирамжид тавигдсан асуултын дагуу хариулна.

5.4.Шинжээч эмч гаргасан дүгнэлтээ хуульд заасны дагуу шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтанд танилцуулснаар тухайн шинжилгээг хийж дууссанд тооцно.

5.5.Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг өөрчлөхийг хориглох ба уг албан тушаалтан нь зөвхөн өөрийн эзэмшсэн нарийн мэргэжлийн хүрээнд шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурлан шинжилгээний үр дүн дүгнэлтэд үнэн зөв тусгасан эсэхтэй нарийвчлан танилцаж, мэргэжлийн  зөвлөлгөө өгч болно.

5.6.Шинжээч эмч дүгнэлтийг хоёр хувь үйлдэж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгөх ба эрх бүхий албан тушаалтан нэг хувийг шинжээч томилсон этгээдэд, үлдэх хувийг архивт хадгалана.

Зургаа. Бусад

6.1.Эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байгаад нас барсан цогцост шинжилгээ хийсэн тохиолдолд эмгэг судлал, эмнэлзүйн зөвөлгөөн хийж болох ба энэ тохиолдолд шинжээч томилсон эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авна.

6.2.Цогцост анхны шинжилгээ хийсэн шинжээч эмчийг давтан шинжилгээ хийх, шарил шинжлэх үед мөрдөн байцаагчийн зөвшөөрлөөр байлцуулж болно.

6.3.Шинжилгээ хийх ажиллагаанд дадлагажигч эмч, анагаах ухааны болон хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудыг оролцуулж болох ба шинжээч эмч тэд нарт шинжилгээний үр дүнгийн талаар урьдчилан тайлбарлахыг хориглоно.

6.4.Цогцост шинжилгээ хийсэн шинжээч эмч, шинжилгээнд оролцсон бага эмч, туслах ажилтан нар шинжээч томилсон этгээдээс бусад этгээдэд шинжилгээний үр дүнгийн талаар мэдээлэл өгөхийг хориглоно.

 

 

 

--------------oOo--------------