Хэвлэх DOC Татаж авах

 

Хууль зүйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн

А/190 дүгээр тушаалын хавсралт

 

 

 

АЛДУУЛ БОЛОН ХУЛГАЙЛАГДСАН МАЛЫГ БҮРТГЭХ,

 МЭДЭЭЛЭХ ЖУРАМ 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх, мэдээлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх, мэдээлэхэд Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/74 дүгээр тушаалын хавсралт “Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх тухай журам”, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн акт болон энэхүү журмыг удирдлага болгоно.

Хоёр.Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх, мэдээлэх

2.1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/74 дүгээр тушаалаар баталсан “Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх тухай   журам”-ын 4.6-д заасны дагуу орон нутгийн мал бүртгэлийн мэргэжилтэн алдуул болон хулгайлагдсан малын талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллана.

2.2.Алдуул болон хулгайлагдсан малын мэдээлэлд эзэн, малын нас, хүйс, зүс, им тамга, хувийн дугаар, содон тэмдгийг заавал тэмдэглэнэ.

2.3.Хулгайлагдсан малын эзэн цагдаагийн байгууллагад шалгуулахаар бичгээр болон амаар гомдол гаргана.

2.4.Алдуул болон хулгайлагдсан малын тухай мэдээлэл хүлээн авсан цагдаагийн алба хаагч холбогдох журмын дагуу эрэн сурвалжлах ажлыг явуулж, энэ тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад бичгээр хариу мэдэгдэнэ.

2.5.Цагдаагийн байгууллага харьяалах мал эмнэлэг, үржлийн тасгаас малын эзэн, малын нас, хүйс, хувийн дугаар, им тамганы талаар малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийг үндэслэсэн тодорхойлолт авч, эрэн сурвалжлах ажилд ашиглана.

2.6.Алдуул болон хулгайлагдсан малыг нийтэд зарлан мэдээлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, мал бүхий иргэдийн бүлгийг оролцуулж болох бөгөөд цагдаагийн байгууллага тэдний дэмжлэг, туслалцааг авч болно.

2.7.Малын эзэн өөрийн алдсан малаа эрж хайх явцад олсон тохиолдолд энэ тухай харьяалах мал эмнэлэг, үржлийн тасаг, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж бүртгэлээс хасалт хийлгэнэ.

2.8.Нутгийн захиргааны байгууллагаас алдуул малыг бүртгэсэн тухай мэдээлэл ирүүлсний дараа Цагдаагийн байгууллага малын эзнийг олох ажлыг зохион байгуулна.

2.9.Цагдаагийн байгууллага алдуул болон хулгайлагдсан малыг зарлан мэдээлэхтэй холбогдон гарсан зардлыг сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх санд төвлөрсөн хөрөнгөөс гаргуулж болох бөгөөд олдсон тохиолдолд буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

2.10.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага өөрсдийн зардлаар зарлан мэдээлэх ажлыг зохион байгуулж болно.

2.11.Алдуул малын арчилгаа, маллагаа, эмчилгээг баг, хорооны Засаг дарга болон мал эмнэлэг, үржлийн тасаг зохион байгуулж, хяналт тавих бөгөөд маллаж, арчилж байсан этгээдэд Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасан урамшуулал олгож болно.

2.12.Алдуул малыг орон нутгийн малын бүртгэлийн мэргэжилтэнд бүртгүүлсэн өдрөөс хойш 1 жил өнгөрсөн боловч уг малын эзэн олдоогүй бол Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т зааснаар олсон этгээдийн өмчлөлд, уг этгээд татгалзвал орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ.  

2.13.Олон тооны болон өндөр ашиг шимтэй, онцгой үүлдэр угсааны, хурдан, жороо морь зэрэг мал алдсан, хулгайлагдсан тохиолдолд аймаг, орон нутаг, улсын хэмжээнд эрэн сурвалжлах, зарлах, мэдээлэх ажлыг малаа алдсан малчны дэмжлэгтэйгээр цагдаагийн байгууллага зохион байгуулж болно.

2.14.Малыг өндөр ашиг шимтэй, онцгой үүлдэр угсааны болон хурдан, жороо морь гэдгийг тогтоохдоо холбогдох нутаг дэвсгэрийн засаг захиргаа, мал эмнэлэг, үржлийн тасгийн тодорхойлолт, уралдаан тэмцээнд орсон үнэлэмж, гэрчилгээ, өргөмжлөл, батламж зэрэг бичиг баримтыг үндэслэнэ.

2.15.Алдуул болон хулгайлагдсан малын мэдээллийг Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу цагдаагийн байгууллага худалдан авч болно. 

2.16.Цагдаагийн байгууллага алдуул болон хулгайлагдсан малын мэдээг жил бүрийн мал тооллогын улсын дүн гарсны дараа хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

 

--- оОо ---