

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 98 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, НӨХӨН ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (цаашид “зөвшөөрөл” гэх)-тэй холбоотой үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хууль, энэхүү журам, холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.
1.2.Зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий орон тооны бус Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөл (цаашид “зөвлөл” гэх) ажиллах ба зөвлөлийн бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
1.3.Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгж (цаашид “ажлын алба” гэх) нь зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгохтой холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
1.4.Энэхүү журам нь хүний их, бага эмч, уламжлалт анагаахын их эмч, нүүр амны их эмч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сувилагч мэргэжлээр ажиллаж байгаа болон анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж төгсөж, дээрх чиглэлээр ажиллах гэж буй эмнэлгийн мэргэжилтэнд хамаарна.
1.5.Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3-д заасны дагуу 2 ба 5 жилийн хугацаагаар олгоно. Зөвшөөрөл олгосныг нотлох баримт нь зөвшөөрлийн гэрчилгээ байна.
1.6.Эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшлээрээ ажиллах баталгаа нь тухайн мэргэшлийн сургалтанд суралцсаныг нотлох баримт бичиг байна.
1.7.Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.1-д заасан зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн нь эхний жил өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, хоёр дах жил өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, түргэн тусламжийн төвд их эмчээр ажиллана.
Хоёр. Зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагаа
2.1.Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1.Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;
2.1.2.Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд бодлогын зөвлөгөө өгөх;
2.1.3.Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаарх санал, зөвлөмжийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжлах;
2.1.4.Эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавих;
2.1.5.Гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг Монгол Улсад ажиллуулах мэргэжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлон, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулах;
2.1.6.Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох эсэх талаар хэлэлцэн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд санал хүргүүлж, шийдвэрлүүлэх;
2.1.7.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан байгууллагуудын лавлагааг үндэслэн гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлж, шийдвэрлүүлэх.
2.2.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна.
2.3.Зөвлөл нь сард 1-ээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд зөвлөлийн даргын санаачлагаар ээлжит бус хурал зарлан хуралдуулж болно.
2.4.Зөвлөлийн нарийн бичгийн дарга хурлын төлөвлөгөө, хурлаар хэлэлцэх асуудлыг зөвлөлийн даргад танилцуулж батлуулан, зөвлөлийн гишүүдэд хурал болохоос ажлын 3 хоногийн өмнө хүргүүлсэн байна.
2.5.Зөвлөлийн гишүүд хурлаар хэлэлцэх асуудалтай бүрэн танилцаж, саналаа бэлтгэж ирнэ. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан байгууллагуудын төлөөлөл гадаадын эмнэлгийн мэргэжилтний асуудлыг хэлэлцэхэд оролцоно.
2.6.Зөвлөлийн дарга хурлын дэгийг батална. Шаардлагатай үед зөвлөлийн даргын шийдвэрээр төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг нэмэлтээр хэлэлцэж болно.
2.7.Зөвлөлийн гишүүдийн 2/3 нь ирсэн тохиолдолд хурал хүчин төгөлдөр байна. Зөвлөлийн гишүүн нь хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй тухайгаа хурал болохоос 1-ээс доошгүй хоногийн өмнө зөвлөлийн даргад мэдэгдэж, зөвлөлийн дарга зөвшөөрвөл саналаа цахим болон цаасан хэлбэрээр ирүүлж болно. Энэ тохиолдолд саналыг хүчинтэйд тооцно.
2.8.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хурлаар хэлэлцсэн асуудлын тэмдэглэл хөтөлж, зөвлөлийн дарга болон гишүүдээр гарын үсэг зуруулна.
2.9.Зөвлөлийн хурлын шийдвэр нь тогтоол байна. Тогтоолын төслийг зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцан бэлтгэж, зөвлөлийн даргад танилцуулан зөвлөлийн хурлаас хойш ажлын 2 хоногт багтаан баталгаажуулж, ажлын албанд хүргүүлнэ.
2.10.Зөвлөлийн тогтоолыг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийн төслийг ажлын алба хариуцан бэлтгэж, зөвлөлд хүргүүлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталгаажсан шийдвэрийг ажлын албанд хүргүүлнэ.
Гурав. Ажлын албаны чиг үүрэг
3.1.Ажлын алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1.Дотоод, гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгохтой холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
3.1.2.Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлыг боловсруулж, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжээр хянуулсны үндсэн дээр зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;
3.1.3.Дотоод, гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулах;
3.1.4.Дотоод, гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн шалгалтын сорилын санг бүрдүүлэх, гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн шалгалтын сорилын санг монгол, англи хэл дээр үүсгэх;
3.1.5.Дотоод, гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн шалгалтын сорилын сангийн 50-иас доошгүй хувийг жил бүр шинэчлэн, баяжилтыг тогтмол хийж, нууцлалыг бүрэн хариуцан ажиллах;
3.1.6.Дотоодын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох шийдвэрийн төслийг зөвшөөрлийн шалгалт авснаас хойш ажлын 7 хоногт, зөвшөөрөл нөхөн олгох тохиолдолд эмнэлгийн мэргэжилтэн хүсэлт гаргаснаас хойш ажлын 5 хоногт, зөвшөөрөл хүчингүй болгох тохиолдолд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт, багц цаг биелүүлсэн эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох шийдвэрийн төсөл болон багц цаг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний нэрсийг жил бүрийн 12 дугаар сарын 20-нд багтаан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжид тус тус ирүүлэх;
3.1.7.Зөвлөлөөс 6 сар ба түүнээс доош хугацаагаар ажиллахыг дэмжсэн гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох шийдвэрийн төслийг хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 1 хоногт, зөвшөөрлийн шалгалтанд тэнцсэн гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох шийдвэрийн төслийг шалгалт авснаас хойш ажлын 2 хоногт, зөвшөөрөл хүчингүй болгох тохиолдолд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжид тус тус ирүүлэх;
3.1.8.Зөвлөлийн шийдвэр, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг холбогдох байгууллагуудад тухай бүр шуурхай хүргүүлж, танилцуулах;
3.1.9.Багц цагийн бүрдэлт, зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөгөө өгөх, гарын авлагаар хангах, сургалт зохион байгуулах;
3.1.10.Зөвшөөрлийн цахим мэдээний санг дотоод, гадаадын эмнэлгийн мэргэжилтэн тус бүрээр бүрдүүлж, эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн талаарх мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байршуулах;
3.1.11.Зөвшөөрөл олгосон, нөхөн олгосон, хүчингүй болгосон тохиолдолд цахим мэдээний санд тухай бүр тусгах;
3.1.12.Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар судалгаа хийж, судалгааны үр дүнг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, судалгааны мэдээллийн сан үүсгэх;
3.1.13.Шаардлагатай тохиолдолд гадаад орны холбогдох байгууллагатай харилцаж, зөвшөөрөл хүссэн гадаадын эмнэлгийн мэргэжилтний талаар тодорхойлолт, тодруулга авах;
3.1.14.Зөвшөөрөл олгосон гадаадын эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаанд явцын хяналт тавих;
3.1.15.Шаардлагатай тохиолдолд гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохтой холбоотой хяналт-үнэлгээг холбогдох байгууллагатай хамтран хийх;
3.1.16.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан байгууллага, хуулийн байгууллага зэрэг холбогдох талуудтай хамтран ажиллаж, мэдээлэл харилцан солилцох;
3.1.17.Дотоод, гадаадын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаарх статистик мэдээ тайлан, дүн шинжилгээ бүхий тайланг тус тус нэгтгэн гаргаж, жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх.
3.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ажлын албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
Дөрөв. Зөвшөөрлийн шалгалт
4.1.Зөвшөөрлийн шалгалтанд тэгш, хараат бус, ил тод, үл ялгаварлах зарчмыг баримтална.
4.2.Дараах нөхцөлд эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн шалгалтанд орох хүсэлт гаргана:
4.2.1.Хүний их, бага эмч, уламжлалт анагаахын их эмч, нүүр амны их эмч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сувилагч мэргэжлээр анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж төгсөгчид;
4.2.2.Энэхүү журмын 5.6.1, 5.6.2-д заасны дагуу зөвшөөрлийг хүчингүй болгосон хугацаа нь дуусч, зөвшөөрөл олгох эрх үүссэн, 5.6.3, 5.6.4-д заасан эмнэлгийн мэргэжилтэн.
4.3.Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий дотоодын их, дээд сургууль, коллеж нь жил бүрийн төгсөлтийн шалгалт дууссанаас хойш ажлын 20 хоногт багтаан төгсөгчдийн нэрсийг баталгаажуулсан жагсаалтыг ажлын албанд албан тоотоор ирүүлнэ.
4.4.Энэхүү журмын 4.2-т заасан эмнэлгийн мэргэжилтэн нь зөвшөөрлийн шалгалтанд орох хүсэлтийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хаягаар эсвэл цаасан хэлбэрээр гаргана.
4.5.Зөвшөөрлийн шалгалтыг цахим эсвэл цаасан хэлбэрээр авна. Нийслэлд цахим хэлбэрээр 7 хоног бүр, цаасан хэлбэрээр сар тутамд, орон нутагт хагас жилд нэг удаа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга/захирлын тушаалаар томилсон шалгалтын комисс (цаашид “комисс” гэх) авна.
4.6.Комиссын гишүүн комисст ажиллахыг зөвшөөрсөн тухайгаа энэхүү тушаалын есдүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу гаргаж, шалгалт эхлэхээс 2-оос доошгүй хоногийн өмнө ажлын албанд хүлээлгэн өгнө.
4.7.Зөвшөөрлийн шалгалтыг олон хувилбарт сорилоор авна.
4.8.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл нь энэхүү журмын хүрээнд холбогдох чиглэлээр зөвшөөрлийн шалгалтын сорилыг боловсруулж, ажлын албанд хүлээлгэн өгнө. Ажлын алба нь сорил, сорилын түлхүүрийг нэгдсэн сангаас тухай бүр бэлтгэж, шалгалтыг авна.
4.9.Зөвшөөрлийн шалгалтын сорил нь дотоодын ба гадаадын эмнэлгийн мэргэжилтний гэсэн 2 төрөлтэй байна.
4.10.Энэхүү журмын 4.2.1-д заасан хүний их эмч болон ерөнхий мэргэжлийн их эмчийн зөвшөөрлийн шалгалтын сорилын 65 хувь нь ерөнхий мэргэжлийн, 5 хувь нь төрөлжсөн мэргэшлийн анагаах ухааны, 20 хувь нь нийгмийн эрүүл мэндийн, 5 хувь нь эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн, 5 хувь нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуултууд байна.
4.11.Энэхүү журмын 4.2.1-д заасан уламжлалт анагаахын их эмч, нүүр амны их эмч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сувилагчийн зөвшөөрлийн шалгалтын сорилын 70 хувь нь тухайн мэргэжлийн, 20 хувь нь нийгмийн эрүүл мэндийн, 5 хувь нь эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн, 5 хувь нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуултууд байна.
4.12.Энэхүү журмын 4.10-д зааснаас бусад хүний их эмчийн зөвшөөрлийн шалгалтын сорилын 75 хувь нь үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн анагаах ухааны (төрөлжсөн мэргэшлээр суралцсан бол 20 хувь нь тухайн чиглэлээр), 10 хувь нь нийгмийн эрүүл мэндийн, 5 хувь нь эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн, 10 хувь нь эмнэлгийн мэргэжилтний ба био-анагаахын ёс зүйн асуултууд байна.
4.13.Энэхүү журмын 4.11-д зааснаас бусад уламжлалт анагаахын их эмч, нүүр амны их эмч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сувилагчийн зөвшөөрлийн шалгалтын сорилын 75 хувь нь тухайн мэргэжлийн (төрөлжсөн мэргэшлээр суралцсан бол 20 хувь нь тухайн чиглэлээр), 10 хувь нь нийгмийн эрүүл мэндийн, 5 хувь нь эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн, 10 хувь нь эмнэлгийн мэргэжилтний ба био-анагаахын ёс зүйн асуултууд байна.
4.14.Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн шалгалтын сорилыг монгол, англи хэлээр бүрдүүлэх ба сорилын 80 хувь нь тухайн төрөлжсөн мэргэшлийн, 10 хувь нь био-анагаахын ёс зүйн, 5 хувь нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн, 5 хувь нь Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн талаарх асуултууд байна.
4.15.Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн сорилын сангийн англи хувилбарын орчуулгыг “Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам”-ын 3.4-д заасан шаардлагыг хангасан орчуулагчтай гэрээ байгуулан хийлгэнэ.
4.16.Зөвшөөрлийн шалгалтанд 70 буюу түүнээс дээш оноо авсан эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл авах эрх үүснэ.
4.17.Ажлын алба нь нийслэлд зохион байгуулсан шалгалтын дүнг шалгалт авснаас хойш ажлын 3 хоногт, орон нутагт зохион байгуулсан шалгалтын дүнг шалгалт авснаас хойш ажлын 5 хоногт багтаан тус тус нэгтгэж, тухайн хугацаанд багтаан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсанд байршуулна.
4.18.Зөвшөөрлийн шалгалтанд тэнцэж зөвшөөрөл авах эрх үүссэн, зөвшөөрөл нөхөн олгох эмнэлгийн мэргэжилтэн дараах баримт бичгийг ажлын албанд бүрдүүлж өгнө. Үүнд:
4.18.1.Зөвшөөрөл хүссэн өргөдөл (энэхүү тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан маягтын дагуу);
4.18.2.Боловсролын дипломын хуулбар (зөвшөөрлийн шалгалт анх удаа өгсөн эмнэлгийн мэргэжилтэнд хамаарна);
4.18.3. 4x6 хэмжээтэй зураг 2 хувь;
4.18.4.Шалгалт болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт (зөвшөөрөл нөхөн олгох эмнэлгийн мэргэжилтэнд шалгалтын хураамж төлсөн баримт хамаарахгүй);
4.18.5.Зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт (зөвшөөрөл нөхөн олгох эмнэлгийн мэргэжилтэнд хамаарна).
4.19.Зөвшөөрлийн шалгалттай холбоотой гомдлыг комисст гаргана. Комисс гомдлыг судалж, хуулийн хугацаанд шийдвэрлэнэ.
4.20.Гомдол гаргагч нь комиссын шийдвэртэй санал нийлэхгүй тохиолдолд ажлын албанд хүсэлтээ тавьж, шийдвэрлүүлнэ.
Тав. Зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох
5.1.Энэхүү журмын 3.1.6, 5.4, 6.9-д заасан хугацаанд ирүүлсэн шийдвэрийн төслийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногт эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр гарна.
5.2.Энэхүү журмын 5.1-т заасан шийдвэрийн төслийн үнэн зөв байдлыг ажлын алба бүрэн хариуцах ба эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжийн мэргэжилтэн, дарга хянаж, зөвлөлийн дарга зөвшөөрснөөр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулна.
5.3.Эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох тухай шийдвэр, зөвшөөрлийн гэрчилгээтэй холбоотой алдаа гарсан тохиолдолд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга/захирал, ажлын албаны холбогдох албан тушаалтнуудад хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно. Алдаа гаргасан албан тушаалтнаар тэмдэгтийн хураамжийг төлүүлнэ.
5.4.Ажлын алба нь залруулга хийх тухай шийдвэрийн төслийг ажлын 3 хоногт багтаан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.5.Ажлын алба нь энэхүү журмын 4.18-д заасан баримт бичгийг хянаж, зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох үндэслэлтэй (зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаагүй, өмнөх оны багц цаг биелсэн) гэж үзвэл үрэгдүүлсэн гэрчилгээний хүчинтэй хугацаагаар нөхөн олгох ба энэ тохиолдолд эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн шалгалтанд орох шаардлагагүй.
5.6.Зөвшөөрлийг дараах тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хүчингүй болгох ба ажлын алба нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудас, эрүүл мэндийн ажилтны мэдээний нэгдсэн санд байршуулан нийтэд мэдээлнэ:
5.6.1.Эрүүл мэндийн тухай хуулийн 26.3-т заасны дагуу;
5.6.2.Шүүхийн шийдвэрийн дагуу;
5.6.3.Зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд багц цаг биелүүлээгүй бөгөөд зөвшөөрлийн шалгалтанд ороогүй буюу тэнцээгүй;
5.6.4.Нэг жилээс дээш хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй.
Зургаа. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цагийн биелэлт, бүртгэл
6.1.Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын агуулгын багтаамжийг багц цагаар тодорхойлно. Уг сургалтын 1 багц цаг нь лекцийн 12, дадлагын 24 цагтай тус тус дүйцнэ.
6.2.Зөвшөөрөл бүхий хүний их эмч, уламжлалт анагаахын их эмч, нүүр амны их эмч, эм зүйч жил тутам 6 багц цаг, хүний бага эмч, эх баригч, сувилагч, эм найруулагч жил тутам 3 багц цагийн багтаамж бүхий сургалтанд хамрагдана.
6.3.Аймгийн төвөөс 100 ба түүнээс дээш км-т алслагдсан нутагт ажиллаж байгаа бол их эмч, эм зүйч жил тутам 4 багц цаг, сувилагч, эм найруулагч, бага эмч, эх баригч жил тутам 2 багц цагийг бүрдүүлнэ.
6.4.Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа Монгол Улсын Ардын эмч, Хүний гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, тухайн мэргэжлээрээ 25 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний ажлын газрын тодорхойлолт, ажлын тайланг үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгана. /ЭМС-ын 2019 оны А/492 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/
6.5.Эмнэлгийн мэргэжилтний жил тутам биелүүлэх багц цагийн 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж байгаа мэргэжлийн чиглэлээр, бусад нь ёс зүй, харилцаа хандлага, хууль эрх зүй, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр байна.
6.6.Энэхүү тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цаг бүртгэх дэвтэр” (цаашид “багц цагийн дэвтэр” гэх) мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй эмнэлгийн мэргэжилтэн бүрт байна.
6.7.Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цагийн биелэлтийг өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч; сум, тосгоны эрүүл мэндийн төв болон сум дундын эмнэлгийн эрхлэгч; Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.4-15.1.10-д заасан байгууллага болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан (хэрэв байхгүй бол дарга/захирал) хянан үзэж, багц цагийн дэвтэрт тэмдэглэл хийж баталгаажуулан, энэхүү тушаалын тавдугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу байгууллагын тамга дарж, багц цаг биелүүлсэн болон биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар (цаашид “аймаг, нийслэлийн ЭМГ” гэх)-т жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор албан тоотоор ирүүлнэ.
6.8.Аймаг, нийслэлийн ЭМГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн энэхүү журмын 6.7-т заасан жагсаалтыг нэгтгэн, ажлын албанд жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор албан тоотоор ирүүлнэ. Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.11, 15.1.12-д заасан байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн багц цаг биелүүлсэн болон биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг ажлын албанд жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор албан тоотоор ирүүлнэ.
6.9.Ажлын алба нь ирүүлсэн тайланг хянаж, энэхүү журмын 6.2, 6.3, 6.4-т заасан багц цаг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийг тухайн оны эцэст хүчингүйд тооцон, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулна.
6.10.Ажлын алба нь энэхүү журмын 6.9-д заасан эмнэлгийн мэргэжилтний нэрсийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсанд байршуулан, зөвшөөрлийн шалгалтанд орохыг шаардсан мэдэгдлийг харьяалах аймаг, нийслэлийн ЭМГ, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор албан тоотоор хүргүүлнэ.
6.11.Багц цаг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн шалгалт өгнө. Зөвшөөрлийн шалгалтанд тэнцээгүй буюу зөвшөөрөл нь хүчингүй болсон эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй.
6.12.Багц цаг биелүүлсэн эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл нь зөвшөөрлийн гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэйд тооцогдоно.
6.13.Багц цагаа тасралтгүй биелүүлж ажилласан, 5 жилийн хугацаатайгаар зөвшөөрөл авсан эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн хугацаа дуусахад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр Эрүүл мэндийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрлийг олгоно.
6.14.Багц цагийн бүрдүүлэлт:
№ |
Багц цагийг бүрдүүлэх хэлбэр |
Тооцох багц цаг |
Баталгаажуулах баримт |
||
---|---|---|---|---|---|
А. Албан сургалт |
|||||
1 |
Үндсэн мэргэшлийн сургалтанд суралцсан жил тутамд |
6 |
Дүнгийн дэвтэр, төгссөн мэргэжлийн үнэмлэхний хуулбар |
||
2 |
Мэргэжил олгох сургалт |
эмнэлгийн дээд мэргэжилтэн |
6 |
Үнэмлэхний хуулбар |
|
сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн |
3 |
||||
3 |
Мэргэжил дээшлүүлэх сургалт |
эмнэлгийн дээд мэргэжилтэн |
6 |
Үнэмлэхний хуулбар |
|
сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн |
3 |
||||
4 |
Анагаах ухааны магистрын сургалтанд суралцсан жил тутамд |
6 |
Дүнгийн дэвтэр, төгссөн мэргэжлийн үнэмлэхний хуулбар |
||
5 |
Анагаах ухааны докторын сургалтанд суралцсан жил тутамд |
6 |
|||
Б. Албан бус сургалт |
|||||
1 |
Мэргэжлийн чиглэлээр семинарт оролцох 1.1 Олон улсын хэмжээнд 1.2 Улсын хэмжээнд 1.3 Орон нутгийн хэмжээнд |
1 0.5 0.25 |
Албан шийдвэр, хөтөлбөр, урилга |
||
2 |
Мэргэжлийн төрөлжсөн зөвлөгөөн, хуралд илтгэл тавих 2.1 Олон улсын хэмжээнд 2.2 Улсын хэмжээнд 2.3 Орон нутгийн хэмжээнд |
1 0.5 0.25 |
Илтгэлийн хураангуй |
||
3 |
Эмгэг судлалын конференцид оролцох |
0.1 |
Ирцийн бүртгэл |
||
4 |
Мэргэжлийн чиглэлээр зайны сургалтанд суралцах |
Зөвшөөрөгдсөн багц цаг |
Хөтөлбөр, сэдэв, сертификат |
||
5 |
Мэргэжлийн чиглэлээр ажлын байрны болон сэдэвчилсэн сургалтанд суралцах |
Зөвшөөрөгдсөн багц цаг |
Батлагдсан сургалтын сэдэв, гэрчилгээний хуулбар |
||
6 |
Мэргэжлийн зэрэг хамгаалах |
эмнэлгийн дээд мэргэжилтэн |
6 |
Үнэмлэхний хуулбар |
|
сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн |
3 |
||||
В. Судалгаа шинжилгээний ажил, бүтээл, практикт нэвтрүүлсэн шинэ санаачлага |
|||||
1 |
Илтгэл тавих 1.1 Байгууллагын хэмжээнд 1.2 Их, дээд сургуулийн хэмжээнд 1.3 Улс, олон улсын хэмжээнд |
1 2 3 |
Хурлын илтгэлийн хураангуйн нэр бүхий хуудасны хуулбар |
||
2 |
Оношилгоо, эмчилгээний стандарт боловсруулахад оролцох |
Стандарт тутамд 3 |
Батлагдсан стандартын хуулбар |
||
3 |
Судалгааны ажил удирдах |
6 |
Судалгааны ажлын тайлан |
||
4 |
Судалгааны багт орж ажиллах |
3 |
Судалгааны ажлын тайлан |
||
5 |
Төсөл, хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах |
1 х.х1 тутамд 0.5 |
Батлагдсан төсөл, хөтөлбөрийн баримт бичиг |
||
6 |
Мэргэжлийн зөвлөмж боловсруулж, хэвлүүлэх |
Зөвлөмж тутамд-1 |
Хэвлүүлсэн сэтгүүлийн хувь |
||
7 |
Гарын авлага, аргачлал боловсруулж, хэвлүүлэх |
Нэг бүр-2 |
Хэвлүүлсэн сэтгүүлийн хувь |
||
8 |
Мэргэжлийн ном туурвих |
1 х.х тутам-1 8 х.х дээш-6 |
Зохиогчийн нэр бүхий номын нүүрний хуулбар |
||
9 |
Мэргэжлийн ном туурвихад оролцох, шүүмж, дүгнэлт гаргах, хянах |
1 х.х тутам-0.5 8 х.х дээш-3 |
Зохиогчийн нэр бүхий номын нүүрний хуулбар |
||
10 |
Мэргэжлийн ном орчуулах |
1 х.х тутам-0.25 8 х.х дээш-3 |
Орчуулсан хүний нэр бүхий номын нүүрний хуулбар |
||
11 |
Мэргэжлийн ном орчуулахад хамтрах |
1 х.х тутам-0.1 8 х.х дээш-1.5 |
Орчуулсан хүний нэр бүхий номын нүүрний хуулбар |
||
12 |
Шинэ бүтээл, тэргүүн туршлага гаргаж, баталгаажуулсан байх |
6 |
Тухайн хүний нэр бүхий зохиогчийн эрхийн гэрчилгээний хуулбар |
||
13 |
Мэргэжлийн сургалтанд хичээл заах |
6 цагийн лекц тутамд-1 12 цагийн дадлага тутамд-1 |
Сургалтын батлагдсан хөтөлбөр |
||
14 |
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хийх |
Телевизийн нэвтрүүлгийн 30 минут тутамд 0,1 |
Сургалт явуулсан тухай бичлэгийн хуулбар |
||
Сонины 1/8 нүүр тутамд 0.1 |
Сонины хуулбар |
||||
15 |
Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинэ арга технологи нэвтрүүлэх |
Шинээр нэвтрүүлсэн шинэ арга технологи 0.5 |
Тухайн байгууллагын удирдлагын зөвлөлийн тодорхойлолт, хагас бүтэн жилийн тайланд тусгагдсан байх, мэдээний сангийн бүртгэлд давхцаагүй байх |
х.х1-хэвлэлийн хуудас
6.15.Багц цагийн бүрдүүлэлт, оноо тооцох аргачлалын 14, 15-д заасан хэлбэрээр тухайн жилийн багц цагийн 25 хүртэлх хувийг бүрдүүлэхийг зөвшөөрнө.
6.16.Эмнэлгийн мэргэжилтний тухайн жилд биелүүлсэн багц цаг нь энэхүү журмын 6.2, 6.3, 6.4-т зааснаас илүү гарсан тохиолдолд дараагийн жилд шилжүүлэн тооцохгүй.
6.17.Эмнэлгийн мэргэжилтэн нь гадаад оронд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтанд суралцсан тохиолдолд багц цагийг дотоодын сургалттай адилтган үзэж, гэрчилгээ, үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн тооцно.
6.18.Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын зохион байгуулсан сургалтаар олгогдсон багц цагийг хүчинтэйд тооцно.
6.19.Эрүүл мэндийн байгууллага бүр эмнэлгийн мэргэжилтнийг төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтанд хамруулах төлөвлөгөө батлан хэрэгжүүлнэ.
Долоо. Мэдээний сан
7.1.Ажлын алба нь эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн мэдээний санг дотоодын эмнэлгийн мэргэжилтэн, гадаадын эмнэлгийн мэргэжилтэн, зөвшөөрөл хүчингүй болсон мэргэжилтэн гэсэн 3 төрлөөр бүрдүүлэн ажиллана. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний багц цагийн бүрдүүлэлтийн мэдээний санд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ арга, технологийг тогтмол бүртгэнэ.
7.2.Ажлын алба нь зөвшөөрлийн мэдээний сангийн баяжилтыг сар бүрийн 5-ны дотор хийсэн байна.
7.3.Ажлын алба нь зөвшөөрлийн мэдээний санд үндэслэн улирал, жилийн эцэст тайлан гаргаж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд албан тоотоор хүргүүлэн, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсанд байршуулна.
Найм. Хяналт, хариуцлага
8.1.Эрүүл мэндийн хөгжлийн төв нь ажлын албаны үйл ажиллагаанд дотоодын хяналтыг тогтмол хийж, үр дүнг тооцон шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ.
8.2.Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгж төлөвлөгөөт хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудит хийнэ.
8.3.Энэхүү журмын 8.2-д заасан хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудитын дүнг зөвлөлийн хурлаар тухай бүр хэлэлцүүлж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын чиглэл, хариуцлагын арга хэмжээний саналыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга/захиралд хүргүүлж шийдвэрлүүлнэ.
8.4.Энэхүү журмыг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
