

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 98 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ГАДААДЫН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эмчлэх, сувилах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (цаашид “зөвшөөрөл” гэх) олгох, хүчингүй болгох үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, энэхүү журам болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.
1.2.Энэхүү журам нь Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд хамаарна.
1.3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан Монгол Улсын анагаах ухааны тэргүүлэх чиглэлийн дагуу гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нь зөвхөн төрөлжсөн мэргэшлийн үйл ажиллагааг эрхэлнэ.
1.4.Монгол Улсад эмнэлзүйн стандарт, удирдамж нь батлагдсан мэргэжлийн чиглэл болон өндөр хөгжилтэй орны анагаах ухааны салбарт нэвтэрч, үр дүн нь нотлогдсон эмчилгээ, оношлогоо, сувилахуйн чиглэлээр гадаадын эмнэлгийн мэргэжилтэн ажиллахыг дэмжинэ.
1.5.Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд “эм барих”, “эх барих” чиглэлээр зөвшөөрөл олгохгүй бөгөөд гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нь эм, эмнэлгийн хэрэгсэл авчран, үйл ажиллагаа явуулах тохиолдолд эм, эмнэлгийн хэрэгслийн зөвшөөрлийн асуудлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Импортын лиценз олгох журам”-ын дагуу зохицуулна.
1.6.“Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын 1.2, 1.3 дах заалт, 2, 3, 4, 5, 8 дугаар бүлгийн заалтууд энэхүү журамд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Хоёр. Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа
2.1.Дараах шалгуурыг хангасан гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргана:
2.1.1.Анагаах ухаан, сувилахуйн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
2.1.2.Зөвшөөрөл буюу түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичигтэй байх;
2.1.3.Төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр суралцсаныг нотлох хүчин төгөлдөр баримт бичигтэй байх;
2.1.4.Тухайн төрөлжсөн мэргэшлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
2.1.5.Эрүүл мэндийн байгууллагын байнгын ажлын байранд ажиллах бол Монгол Улсын хууль тогтоомжид заасан тэтгэврийн насны хязгаарт байх.
2.2.Гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг урьж буй Монголын талын байгууллага нь (цаашид “байгууллага” гэх) гадаадын эмнэлгийн мэргэжилтэнг Монгол Улсад ирэхээс ажлын 20-иос доошгүй хоногийн өмнө дараах баримт бичгийг ажлын албанд ирүүлнэ. Үүнд:
2.2.1.Тухайн төрөлжсөн мэргэшлээр гадаадын эмнэлгийн мэргэжилтэн зайлшгүй ажиллуулах хэрэгцээг тодорхойлсон албан бичиг;
2.2.2.Байгууллагын даргын баталсан “Гүйцэтгэх ажил үйлчилгээний төлөвлөгөө”;
2.2.3.Байгууллагын эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн баталгаат хуулбар;
2.2.4.Гадаадын эмнэлгийн мэргэжилтний танилцуулга (энэхүү тушаалын наймдугаар хавсралтаар баталсан маягтын дагуу);
2.2.5.Гадаадын эмнэлгийн мэргэжилтний паспорт, түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн хуулбар, баталгаат монгол орчуулгын хамт;
2.2.6.Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл буюу түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичгийн хуулбар, баталгаат монгол орчуулгын хамт;
2.2.7.Анагаах ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэнийг нотлох үнэмлэх, диплом, түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичгийн хуулбар, баталгаат монгол орчуулгын хамт;
2.2.8.Төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр суралцсаныг нотлох хүчин төгөлдөр баримт бичгийн хуулбар, баталгаат монгол орчуулгын хамт;
2.2.9.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагуудын лавлагаа;
2.2.10.Энэхүү журмын 3.4-т заасан шалгуурыг хангасныг нотлох орчуулагчийн баримт бичгийн баталгаат хуулбар.
2.3.Энэхүү журмын 2.2.6-2.2.8-д заасан баримт бичгүүдийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэглэгддэг албан ёсны нэршлээр орчуулсан байна.
2.4.Ажлын алба нь энэхүү журмын 2.2-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан шалгаж, шаардлага хангасан баримт бичгийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжид хүргүүлэн хянуулж, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлүүлнэ.
2.5.Шаардлага хангасан гадаадын эмнэлгийн мэргэжилтний асуудлыг зөвлөлийн хурлаар ажлын алба хариуцан хэлэлцүүлнэ.
2.6.Зөвлөл нь энэхүү журмын 1.3-т заасныг баримтлан гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар шийдвэр гаргана.
2.7.Зөвлөлөөс гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд Монгол Улсад 6 сар ба түүнээс доош хугацаагаар зөвшөөрөл олгохыг дэмжсэн тохиолдолд зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулж олгоно.
2.8.Энэхүү журмын 2.7-д заасан хугацаагаар ажиллах зөвшөөрөл авсан гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нь Монгол Улсад үргэлжлүүлэн ажиллах тохиолдолд байгууллага нь зөвшөөрлийн хугацаа дуусахаас ажлын 20-иос доошгүй хоногийн өмнө гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг үргэлжлүүлэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээг тодорхойлсон албан бичгийг ажлын тайлан, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан байгууллагуудын лавлагааны хамт ажлын албанд хүргүүлнэ.
2.9.Энэхүү журмын 2.8-д заасан гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нь ажлын албанаас зарласан хугацаанд зөвшөөрлийн шалгалтанд орж тэнцсэн тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар олгоно.
2.10.Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нь зөвшөөрлийн шалгалтыг монгол, англи хэлний аль нэгийг сонгон өгч болно.
2.11.Ажлын алба нь гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн шалгалтанд орох хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан цаасан хэлбэрээр авч, шалгалтын дүнг шалгалт авсан өдрөөс хойш ажлын 2 хоногт багтаан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсанд байршуулна.
2.12.Ажлын алба нь дор дурдсан гадаадын эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалт бүхий шийдвэрийн төслийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжээр хянуулж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулна. Үүнд:
2.12.1.Зөвлөлөөс 6 сар ба түүнээс доош хугацаагаар ажиллахыг дэмжсэн гадаадын эмнэлгийн мэргэжилтэн;
2.12.2.Шалгалтанд орж тэнцсэн гадаадын эмнэлгийн мэргэжилтэн.
2.13.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрөл олгох тухай шийдвэрийн төслийг баталгаажуулахад дараах баримт бичгийг хавсаргасан байна. Үүнд:
2.13.1.Зөвлөлийн шийдвэр;
2.13.2.Шалгалтын комиссын дүгнэлт.
2.14.Энэхүү журмын 2.2, 2.8-д заасан баримт бичгийг дутуу эсвэл хуурамчаар бүрдүүлсэн тохиолдолд гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрлийг олгохгүй.
2.15.Монгол Улсад тохиолдсон байгалийн гамшиг, осол, нийтийг хамарсан аюул бүхий халдварт өвчний дэгдэлт болон бусад онцгой тохиолдлын үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр ирж ажиллах гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр ажлын 1 хоногт багтаан олгож болно.
2.16.Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн дагуу төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх зорилгоор тус улсад богино хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд Зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжээр баримт бичиг, шийдвэрийн төслийг хянуулан, зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр ажлын 3 хоногт багтаан олгож болно.
2.17.Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй байгуулсан урт хугацаагаар хамтран ажиллах гэрээний дагуу өмнөх жил ирж ажиллахдаа ямар нэг зөрчил гаргаагүй гадаадын эмнэлгийн мэргэжилтэн дахин ирж буй тохиолдолд асуудлыг Зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжээр баримт бичиг, шийдвэрийн төслийг хянуулан, зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр ажлын 5 хоногт багтаан олгож болно.
2.18.Энэхүү журмын 2.12, 2.15, 2.16, 2.17-д заасан шийдвэрийн төслийн үндэслэл, үнэн зөв байдлыг ажлын алба бүрэн хариуцна.
Гурав. Гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг урьж буй байгууллагын эрх, хүлээх үүрэг
3.1.Байгууллага нь дараах эрхтэй:
3.1.1.Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн асуудлаар хүсэлт гаргаж, журамд заасан хугацаанд шийдвэрлүүлэх;
3.1.2.Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд цалин олгох бол цалин, хөлсийг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоон, олгох;
3.1.3.Гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг гэрээний дагуу ажиллахыг шаардах;
3.1.4.Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн гэрээний заалт биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах.
3.2.Байгууллага нь дараах үүрэгтэй:
3.2.1.Энэхүү журмын 2.2, 2.8-д заасан баримт бичгүүдийг журамд заасан хугацаанд үнэн зөв бүрдүүлж, ажлын албанд хүргүүлэх;
3.2.2.Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнтэй гэрээ байгуулан ажиллах;
3.2.3.Зөвшөөрөл олгосон гадаадын эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг монгол хэлээр үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, энэхүү журмын 3.4-т заасан шалгуурыг хангасан орчуулагч ажиллуулах;
3.2.4.Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнтэй хийсэн гэрээгээ цуцалсан тохиолдолд ажлын 5 хоногийн дотор ажлын алба, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжид албан тоотоор тус тус мэдэгдэх;
3.2.5.Гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг ажиллуулсан тухай тайлан, тухайн мэргэжилтэнтэй хийсэн гэрээний хуулбарыг гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор ажлын албанд хүргүүлэх;
3.2.6.Гадаадын эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаатай холбоотой хүний эрүүл мэндэд хохирол учирсан болон бусад зөрчил, сөрөг үр дагавар гарсан тохиолдолд хуулийн хариуцлага бүрэн хүлээх.
3.3.Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнтэй байгуулах гэрээнд байгууллага нь дараах нөхцөлийг заавал тусгана:
3.3.1.Ажиллах хугацаа;
3.3.2.Албан тушаал, ажлын газрын хаяг, ажиллах нөхцөл;
3.3.3.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл;
3.3.4.Цалин хөлсний хэмжээ, олгох хугацаа болон нийгмийн даатгалын шимтгэл, татварын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тооцох;
3.3.5.Гадаадын эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаатай холбоотой хүний эрүүл мэндэд хохирол учирсан болон бусад зөрчил, сөрөг үр дагавар гарсан тохиолдолд хүлээх хариуцлага.
3.4.Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнтэй ажиллах орчуулагч нь дараах шаардлагыг хангасан байна:
3.4.1.Тухайн гадаадын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гадаад хэлийг дээд түвшинд эзэмшсэнийг гэрчлэх үнэмлэх, баримт бичигтэй байх;
3.4.2.Эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр орчуулга хийж байсан туршлагатай буюу түүнийг гэрчлэх баримт бичигтэй байх (өмнө нь орчуулга хийж байсан эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт гэх мэт).
Дөрөв. Гадаадын эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг
4.1.Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн дараах эрхтэй:
4.1.1.Эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулах байр, орчинг бүрдүүлэхийг шаардах;
4.1.2.Энэхүү журмын 3.4-т заасан шалгуур хангасан орчуулагчтай ажиллах.
4.2.Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн дараах үүрэгтэй:
4.2.1.Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг бүрэн сахиж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, био-анагаахын ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах;
4.2.2.Зөвхөн тухайн төрөлжсөн мэргэшлээр авсан зөвшөөрлийн хүрээнд зөвлөлөөс тогтоосон хугацаанд гэрээ байгуулсан байгууллагад ажиллах;
4.2.3.Эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ үйлчлүүлэгчийн зөвшөөрлийг бичгээр авах;
4.2.4.Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай үзүүлэх;
4.2.5.Эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ ажиллаж буй байгууллагын монгол эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, ур чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
Тав. Зөвшөөрлийг хүчингүй болгох, мэдээлэх
5.1.Дараах тохиолдолд гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно:
5.1.1.Байгууллагын болон гадаадын эмнэлгийн мэргэжилтний санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан;
5.1.2.Байгууллага болон гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн нь холбогдох байгууллагаар тогтоогдсон;
5.1.3.Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил болон мэргэжлийн алдаа гаргасан нь холбогдох байгууллагаар тогтоогдсон.
5.2.Ажлын алба нь гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийн төслийг боловсруулж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжээр хянуулан, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулна.
5.3.Энэхүү журмын 5.2-т заасан шийдвэрийн төсөл, зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой асуудлын үнэн зөв байдлыг ажлын алба бүрэн хариуцна.
