

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 85 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралт
ПРОКУРОРЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Прокурорын ёс зүйн зөвлөл /Цаашид “Зөвлөл” гэх/ нь прокуророос ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар явуулсан шалгалтын дүнг хэлэлцэж, сахилгын хариуцлага хүлээлгэх үндэстэй эсэх талаар дүгнэлт гаргах үүрэгтэй ажиллана.
1.2.Зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль, Прокурорын ёс зүйн дүрэм, Прокурорын сахилгын дүрэм, энэ журам болон тэдгээрт нийцүүлэн гаргасан Улсын Ерөнхий Прокурорын тушаал, түүгээр баталсан баримт бичгийг удирдлага болгон үйл ажиллагаагаа прокурорын байгууллагын хэмжээнд нэгдмэл байдлаар хэрэгжүүлнэ.
1.3.Улсын Ерөнхий Прокурор нь Зөвлөлийн бүрэлдэхүүний талаарх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.
Хоёр.Зөвлөлийн бүрэлдэхүүнд тавигдах шалгуур
2.1.Зөвлөл нь дарга, 10 гишүүнээс бүрдэнэ. Зөвлөлийн дарга нь Улсын Ерөнхий Прокурорын орлогч байх бөгөөд түүний эзгүйд үүргийг нь Улсын Ерөнхий Прокуророос эрх олгосон зөвлөлийн гишүүн гүйцэтгэнэ.
2.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батална.
2.3.Улсын Ерөнхий Прокурор нь зөвлөлийн гишүүнээр 3 жил ажилласан прокурорыг цаашид зөвлөлд ажиллуулах эсэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан шийдвэрлүүлнэ.
2.4.Зөвлөл нь мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагатай, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй прокуроруудаас бүрдэнэ.
2.5.Зөвлөл нь нарийн бичгийн даргатай байх бөгөөд түүнийг Улсын Ерөнхий Прокурор томилно.
2.6.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь прокурор байна.
2.7.Прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаарх шалгалтыг Улсын Ерөнхий Прокурорын газрын дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж хариуцаж явуулна.
Гурав.Зөвлөлийн эрх хэмжээ, чиг үүрэг
3.1.Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.1.1.Прокурорын үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар явуулсан шалгалтын дүнг хэлэлцэж, дүгнэлт гаргана.
3.2.Зөвлөлийн дарга нь гишүүний эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
3.2.1.Прокуророос ёс зүйн зөрчил гаргасан талаарх гомдол, хүсэлтийг хүлээн авч танилцан энэ журмын 2.7-д заасан чиг үүрэг бүхий нэгжид шилжүүлж шалгуулах;
3.2.2.Гомдол, хүсэлтийг харьяаллын дагуу өөр байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;
3.2.3.Шалгалтын материалтай урьдчилан танилцаж нэмэлт шалгалт хийлгүүлэх;
3.2.4.Шалгалтын дүнг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэх;
3.2.5.Шалгалтын дүнг харгалзан шалгалтын материалыг харьяаллын дагуу шилжүүлэх;
3.2.6.Зөвлөлийн хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангуулах, хуралдааныг удирдах, зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэр, дүгнэлтийн төслийг бэлтгэх үүргийг зөвлөлийн гишүүдэд даалгах, боловсруулсан төслийг хянан үзэх;
3.2.7.Зөвлөлийн хуралдаанаас гаргасан дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулах, гомдол, хүсэлт гаргагчид хариу өгөх;
3.3.Зөвлөлийн гишүүн дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
3.3.1.Прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг шалгасан дүнг хэлэлцэх зөвлөлийн хуралдаанд оролцох;
3.3.2.Үүрэгт ажилтай нь холбогдуулж өөрт нь илэрхий болсон, эсхүл итгэмжлэн мэдэгдсэн нууцыг чанд хадгалах;
3.3.3.Зөвлөлийн хуралдаанд тухайн прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар саналаа хэлэх;
3.3.4.Зөвлөлийн даргын даалгасан ажлыг хариуцах;
3.4.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь дараах үүргийг хүлээнэ.
3.4.1.Зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыгхангах;
3.4.2.Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл хөтлөх;
3.4.3.Шалгалтын материалыг эмхэлж архивын нэгж болгох;
3.4.4.Бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
3.5.Гомдол, хүсэлтийг шалгах үүрэг хүлээсэн прокурор нь дараах тохиолдолд хянан шалгах ажиллагааг явуулахгүй байна.
3.5.1.Өөрөө гомдол, хүсэлтийг гаргасан болон прокурорын ёс зүйтэй холбоотой зөрчлийг илрүүлсэн бол;
3.5.2.Тухайн прокурортой, эсхүл гомдол, хүсэлт гаргасан этгээдийн гэр бүлийн гишүүдтэй төрөл, садан байвал;
3.5.3.Өөрөө шууд буюу шууд бусаар уг асуудалд хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэл байгаа бол;
Дөрөв.Гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажиллагаа
4.1.Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн талаар иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан гомдол, хүсэлт, түүнчлэн прокурорын газруудаас ирүүлсэн хүсэлтийг зөвлөлийн нарийн бичгийн дарга хүлээн авч зөвлөлийн даргад танилцуулна.Зөвлөлийн дарга тухайн гомдол, хүсэлтийг хүлээн авч шалгалт явуулах чиг үүрэг бүхий нэгжид шилжүүлнэ.
4.2.Гомдол, хүсэлтийг шалгах чиг үүрэг бүхий нэгж нь түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан шалгаж дуусгана. Нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай тохиолдолд зөвлөлийн дарга хугацааг нэг удаа 5 хүртэл хоногоор сунгана.
4.3.Шалгалт хийж буй прокурор нь Прокурорын байгууллагын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг нарийвчлан шалган тогтоож, баримтжуулсан байна.
4.4.Прокурор ёс зүйн зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрч тайлбараа бичгээр гаргаж өгсөн тохиолдолд зөвлөл нь түүнд үндэслэн дүгнэлт гаргаж, Улсын Ерөнхий прокурорт танилцуулж шийдвэрлүүлэх бөгөөд энэ тохиолдолд энэ журмын 4.4-д заасны дагуу бусад баримтаар зөрчлийг баримтжуулан тогтоосон байна.
4.5.Шалгалтыг явуулахдаа албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нотлох баримт шаардан гаргуулах, тайлбар авах, хавтаст хэргээс хуулбар хийх, шалгалтын материалыг тухайн прокурорт танилцуулж тэмдэглэл үйлдэх, хариу тайлбар авах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэнэ.
4.6.Шалгалт явуулсан прокурор нь шалгалтын дүнгийн талаар танилцуулга бэлтгэж, зөвлөлийн хуралдаанд илтгэнэ.
4.7.Гомдол, хүсэлт гаргасан этгээд өөрийн биеэр хуралдаанд оролцох хүсэлтээ гаргавал зөвлөлийн хуралдаанд оролцуулж тайлбарыг сонсох ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй бол энэ нь Зөвлөлийн хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
4.8.Ёс зүйн зөрчилд холбогдон шалгагдаж байгаа прокурор хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд зөвлөлийн хуралдаанд оролцоно.
4.9.Зөвлөл нь прокурорын ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг хянан шалгасан шалгалт дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэнэ. Зөвлөлийн хуралдааныг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэй хийнэ.
4.10.Зөвлөл шалгалтын дүнг хэлэлцээд олонхын саналаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.
4.10.1.Прокурор ёс зүй зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргах;
4.10.2.Нэмэлт шалгалт хийлгэх;
4.10.3.Шалгалтын материалыг харьяаллаар шилжүүлэх;
4.11.Зөвлөлийн хуралдааны шийдвэр, зөвлөлийн дүгнэлтэд зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
4.12.Санал хураалтад зөвлөлийн нарийн бичгийн дарга оролцохгүй ба санал хураалтын дүнг хуралдааны тэмдэглэлд тусгана. Хуралдааны тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарна.
4.13.Зөвлөлийн дүгнэлтийг асуудал нь хэлэлцэгдсэн прокурорт мэдэгдэх ба энэ тухай баримт үйлдэж, шалгалтын материалд хавсаргана.
4.14.Зөвлөлийн дүгнэлтийг прокурор, гомдол, хүсэлт гаргасан этгээд нь эс зөвшөөрвөл түүнийг мэдэгдсэнээс хойш 3 хоногийн дотор зөвлөлийн даргад гомдол гаргаж болно.
4.15.Дээрх хугацаанд гомдол гаргаагүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэр, зөвлөлийн дүгнэлтийг зөвлөлийн дарга нь Улсын Ерөнхий прокурорт тус тус танилцуулж шийдвэрлүүлнэ.
Тав.Бусад асуудал
5.1.Зөвлөлийн хуралдааны дэгийг Улсын Ерөнхий прокурор батална.
5.2.Зөвлөлийн бичиг хэрэг, техникийн бусад үйлчилгээг Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газар хариуцна.
5.3.Зөвлөл нь Улсын Ерөнхий прокурорын газрын тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ.
---оОо---
