

Уул уурхайн сайдын 2015 оны 126 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
Нэг. Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д дор дурдсан агуулга бүхий 1.5, 5.4.1, 5.4.2, 5.4.3, 5.4.4, 5.4.5, 7.2.4, 8.2.7, 8.5, 8.6, 8.7, 8.8 гэсэн заалтуудыг нэмсүгэй:
1/ 1.5.Сонгон шалгаруулалтын талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай, хууль бус олборлолтонд өртсөн, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байвал Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно.
2/ 5.4.1.Сонгон шалгаруулалтын санал нь эх ба хуулбар хувиас бүрдэнэ;
3/ 5.4.2.Тухайн талбайд санал болгож буй үнийн дүнг тоо болон үсгээр бичиж битүүмжилсэн байх ба тоогоор болон үсгээр бичсэн хоёр тоо зөрүүгүй байна;
4/ 5.4.3.Сонгон шалгаруулалтын саналыг төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу бүрдүүлж, хуудас тус бүрийг дугаарласан байна;
5/ 5.4.4.Сонгон шалгаруулалтанд оролцогч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан хураамжийг төлсөн байна;
6/ 5.4.5.Сонгон шалгаруулалтанд оролцогчийн санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан шаардлагыг хангасан байх бөгөөд түүнд дараах бичиг баримтыг хавсаргасан байна. Үүнд:
- Сонгон шалгаруулалтанд оролцох санал;
- Санал гаргагчийн албан ёсны тодорхойлолт;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Монгол Улсад татвар төлөгч болох тухай нотолгоо;
- Сонгон шалгаруулалтын босго үнийг Монгол банкинд бүртгэлтэй арилжааны банкинд хугацаатай байршуулсан баталгаа (Төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу);
- Тухайн талбайд гүйцэтгэх хайгуул болон ашиглалтын ажлын төрөл хэмжээ, хугацаа, өртөг, болон байгаль хамгаалахад зарцуулах зардлыг тоймлон тусгасан төсөл, төсвийн санал;
- Хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах техник, тоног төхөөрөмжийн жагсаалт /баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна/;
- Мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажилтнаар хангагдсан байдал /баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна/;
- Хайгуул, ашиглалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулах дэвшилтэт арга, аргачлал, технологийн шийдэл;
- Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зураг;
- Энэхүү журмын 5.4.4-т заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт.
7/ 7.2.4.Сонгон шалгаруулалтын санал нь энэхүү журмын 5.4-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд саналыг хүчингүйд тооцож буцаан хүлээлгэн өгнө;
8/ 8.2.7.Орон нутагтай хамтран ажиллах санал, төлөвлөгөө;
9/ 8.5.Сонгон шалгаруулалтын саналд энэхүү журмын 5.4.5-т заасан заавал бүрдүүлэх баримт бичгийн бүрдэл дутуу, баримтаар нотлогдоогүй болон илт хуурамч бичиг баримт ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтын комисс үнэлгээ хийхээс татгалзана.
10/ 8.6.Сонгон шалгаруулалтанд оролцогчдын техникийн саналыг үнэлсэний дараа үнийн саналыг нээнэ. Үнийн саналыг нээхэд сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгжийн эрх бүхий тус бүр нэг төлөөллийг оролцуулж ялагчийг тодруулна.
11/ 8.7.Үнийн саналыг нээхэд энэхүү журмын 5.4.2-т заасан шаардлагыг хангаагүй бол үнийн саналд 0 оноо өгнө.
12/ 8.8.Сонгон шалгаруулалтын саналын эх ба хуулбар хувь хоорондоо зөрчилдсөн тохиолдолд эх хувийг баримтлана.
Хоёр. Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дараах 4.1.7, 5.4, 5.6, 5.7, 5.8, 5.9, 5.10, 6.3, 8.2.1, 8.2.2, 8.2.3, 8.2.4, 8.2.5, 8.3, 8.4, 9.1, 9.3, 11.1, 12.1 хэсэг заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 4.1.7.Сонгон шалгаруулалтын босго үнэ;
2/ 5.4.Сонгон шалгаруулалтын санал нь дараах шаардлагыг хангасан байна.
3/ 5.6.Оролцогч аж ахуй нэгж, байгууллагын захирал, дарга эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаанд, дурдсан хаягаар, битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгнө.
4/ 5.7.Сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, комиссын гишүүний хамт хүлээн авч дэвтэрт бүртгэх ба бүртгэсэн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг оролцогчид өгнө.
5/ 5.8.Сонгон шалгаруулалтын санал нь энэхүү журмын 5.5, 5.6-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тэмдэглэл үйлдэн хүлээн авахаас татгалзсан үндэслэл, буцаасан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэсэн тодорхойлолтыг саналын хамт сонгон шалгаруулалтын санал авч ирсэн этгээдэд буцаан өгнө.
6/ 5.9.Шуудангаар илгээсэн саналыг сонгон шалгаруулалтанд оролцуулахгүй. Уг сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга дэвтэрт тэмдэглэж, сонгон шалгаруулалтын саналыг задлалгүйгээр албан бичигт хавсарган буцаана.
7/ 5.10.Сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаа дуусмагц сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалтын санал бүртгэх дэвтэрийг хааж, ирүүлсэн нийт сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулах комиссын дарга, гишүүдэд акт үйлдэн хүлээлгэн өгнө.
8/ 6.3.Комисс нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй байна. Комиссын нарийн бичгийн дарга нь саналын эрхгүй байна.
9/ 8.2.1.Хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн сонгон шалгаруулалтанд оролцогчид сонгон шалгаруулалтын нийт үнэлгээний 50 хувийн оноог өгнө;
10/ 8.2.2.Тухайн талбайд гүйцэтгэх хайгуул болон ашиглалтын ажлын арга аргачлал, төрөл хэмжээ, хугацаа болон байгаль хамгаалах асуудлыг тусгасан төсөл, төсвийн санал;
11/ 8.2.3.Хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах техник, тоног төхөөрөмжийн жагсаалт /баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна/;
12/ 8.2.4.Мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажилтнаар хангагдсан байдал /баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна/;
13/ 8.2.5.Хайгуул, ашиглалтын явцад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх дэвшилтэт техник, технологийн шийдэл.
14/ 8.3.Энэ журамд заасан сонгон шалгаруулалтын саналыг бүртгэх дэвтрийн загварыг Төрийн захиргааны байгууллагын дарга батална.
15/ 8.4.Сонгон шалгаруулалтын саналыг ажлын 10 өдөрт багтаан үнэлж, сонгон шалгаруулах комиссын үнэлгээний хуралдааны тэмдэглэл үйлдэнэ. Сонгон шалгаруулалтын саналыг ажлын 10 өдөрт багтаан үнэлж, үнэлгээний хуралдааны тэмдэглэл үйлдэнэ. Үнэлгээг хийхдээ комиссын гишүүдийн өгсөн үнэлгээний онооны дүнг нэмж үнэлгээ өгсөн гишүүдийн тоонд хувааж дундаж оноог гарган, бутархай тоог аравтын орны нарийвчлалтай /зуутын орон нь 5 болон түүнээс дээш байх тохиолдолд зэрэг дэвшүүлнэ/ тодорхойлно.
16/ 9.1.Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах эрхтэй байна.
17/ 9.3.Сонгон шалгаруулалтын саналд энэхүү журмын 5.4.5-т заасан заавал бүрдүүлэх баримт бичгийг нотлох баримтын хамт үнэн зөв бүрдүүлж ирүүлэх.
18/ 11.1.Сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийг үндэслэн Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалын дагуу кадастрын асуудал хариуцсан нэгж тусгай зөвшөөрлийг “Ашигт малтмалын тухай хууль”-д заасны дагуу олгоно.
19/ 12.1.Сонгон шалгаруулалтанд оролцогч нь энэхүү журмын 5.4-т заасан шаардлагыг хангаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь холбогдох байгууллагын лавлагаа, дүгнэлтээр тогтоогдсон бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
Гурав. Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын “8.2.7” гэснийг “8.2.6“ гэж өөрчилсүгэй.
Дөрөв. Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 8.2.6, 12.2 дахь заалтыг тус тус хассугай.
-----оОо-----
