Хэвлэх DOC Татаж авах

Эрүүл мэнд, спортын сайдын

                                                2015 оны 12 сарын 03-ны өдрийн 470 дугаар
тушаалын 2 дугаар хавсралт

 

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй 

тусламж, үйлчилгээний журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлж буй эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг төлбөртэй үзүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулна.

1.2.Төлбөртэй тусламж, үйлчилгээ гэдэгт энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан тусламж, үйлчилгээ хамаарна.

1.3.Төлбөртэй тусламж, үйлчилгээг төрийн өмчийн амаржих газар, эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, сувилал, түргэн тусламжийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төвүүд үзүүлнэ.

1.4.Амаржих газар нь төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалтын зөвхөн 5.3.12, 7.16-т заасан тусламж, үйлчилгээг төлбөртэй үзүүлнэ.

1.5.Түргэн тусламжийн төв нь төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалтын зөвхөн 7.13, 7.14-т заасан тусламж, үйлчилгээг төлбөртэй үзүүлнэ.

1.6.Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нь төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалтын зөвхөн 7.17-т заасан тусламж, үйлчилгээг төлбөртэй үзүүлнэ.

Хоёр. Төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөр төлөх

2.1.Төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалтын 1, 2, 3, 4.2, 4.3, 4.4, 5, 7.3 дэх хэсэгт заасан тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгал /цаашид “ЭМД”/-д даатгуулсан иргэн нь ЭМД-ын сангаас хөнгөлөлт эдлэн, хөнгөлөгдөөгүй үлдсэн хэсгийг, ЭМД-ын шимтгэл төлөөгүй, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн өөрөө бүрэн төлнө.

2.2.Төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалтын 4.1, 4.5-4.6 болон 6, 7 дахь хэсэгт заасан тусламж, үйлчилгээний төлбөрийг иргэн өөрөө бүрэн төлнө.

2.3.“Эрүүл мэндийн тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасан тусламж, үйлчилгээ буюу “Төлбөрийг нь төр хариуцах тусламж, үйлчилгээ”-г авч буй иргэнээс төлбөр авахгүй,

2.4.Нийгмийн халамжид хамрагдагсдад хавсралтаар батлагдсан жагсаалтын 1, 2, 3-д заасан оношилгоо шинжилгээг төлбөргүй үзүүлэх ба энэхүү тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

2.5.Иргэн төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийг зөвхөн төлбөр хураах төвлөрсөн цэгт төлж, төлбөр төлснийг нотлох баримт авна.

Гурав. Төлбөртэй тусламж, үйлчилгээний талаарх мэдээлэл

3.1 Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага нь иргэдэд зөвөлгөө өгөх нээлттэй мэдээллийн цэг /лавлах/-ийг төлбөр хураах нэг цэгийн ойролцоо ажиллуулна.

3.2 Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага нь төлбөртэй тусламж, үйлчилгээтэй холбоотой дараах мэдээллийг мэдээллийн самбар, үйлчлүүлэгчийн хүлээлгийн танхим болон төлбөр хураах нэг цэгийн дэргэд иргэнд харагдахуйц, ойлгомжтой байдлаар байршуулах ба байгууллагын вэбсайтад байрлуулна. Үүнд:

3.2.1Сангийн сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ /Хэрэв тухайн эрүүл мэндийн байгууллага өөрийн байгууллагын үзүүлж буй тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг жишиг хэмжээнээс доогуур баталсан бол тухайн төлбөрийн хэмжээ/

3.2.2 ЭМД-ын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний оношийн бүлгээрх жагсаалт, оношийн бүлэг тус бүрт даатгалын сангаас олгож буй санхүүжилтийн хэмжээ, даатгуулагчийн төлөх хамтын төлбөрийн хэмжээ

 

Дөрөв. Бусад

4.1 Иргэн өөрийн хүсэлтээр төлбөртэй тусламж, үйлчилгээг зогсоох санал гаргавал тухайн тусламж, үйлчилгээг зогсоох хүртлэх үеийн төлбөрийг тооцож, үлдэгдэл төлбөрийг ямар нэгэн шимтгэл, хураамжгүйгээр буцаан олгож баримтжуулна.

4.2 Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлж буй хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардалд тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед хийгдсэн үндсэн оношилгоо шинжилгээ, эмчилгээ, бариа засал, нөхөн сэргээх эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ багтах бөгөөд энэхүү зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас болон иргэнээс давхардуулан авахгүй.

4.3 Төлбөртэй өрөөгөөр үйлчлэх тусламж, үйлчилгээг зөвхөн иргэний хүсэлтээр нэмэлт үйлчилгээ үзүүлэх зорилгоор явуулна. Төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлснээр иргэн бусад ижил төрлийн тусламж, үйлчилгээ авч буй иргэнээс илүү эмчилгээ, оношилгоо, сувилгаа авах, хөнгөлөлт эдлэх үндэслэл болохгүй.

4.4 Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага нь иргэдээс жагсаалтад зааснаас бусад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон анхан шатны маягт, бие засах газар, нөмрөг, улавч, машины зогсоол, халатны үнэ, өвчтөн шилжүүлэх болон шинжилгээний бичиг олгох, хувцас өлгөх зэрэг нийтлэг үйлчилгээнээс төлбөр авахгүй.

4.5 Иргэн эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлаар тухайн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон бусад холбогдох байгууллагуудад гомдол гаргах эрхтэй.  

4.6 Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага энэхүү тушаалыг зөрчиж, төлбөр авсныг эрх бүхий этгээд нотолсон тохиолдолд эрүүл мэндийн байгууллага иргэний төлбөрийг буцаан олгож, хохирлыг барагдуулна.

 

-----оОо----