Хэвлэх DOC Татаж авах

Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 сарын 30-ны өдрийн

А/485 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

ЭМНЭЛГИЙН МЭРГЭШСЭН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг.  Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журам нь Засгийн газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан  “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын баримтлах зарчим, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой дараах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Үүнд:

  • Өмчийн хэлбэрээс үл хамааран эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах,

  • Эрүүл мэндийн байгууллага хооронд үйлчлүүлэгчийг шилжүүлэх, мэдээлэл солилцох үйл ажиллагааны уялдаа холбоо, шуурхай байдлыг сайжруулан эмнэлгийн тусламж, үйлчилгээний чирэгдлийг бууруулах,

  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь үйлчлүүлэгч төвтэй байж, тусламж, үйлчилгээний төрөл, гүйцэтгэлтэй уялдсан магадлан итгэмжлэл бүхий чанарын удирдлагыг нэвтрүүлэх,

  • Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлд  суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг  нэмэгдүүлэх хөшүүрэг бүхий санхүүжилтийн төлбөрийн аргад шилжүүлэх.

  • Эрүүл мэндийн байгууллагыг шинээр байгуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэхдээ хүн амын тоо, газарзүйн байршил, нутаг дэвсгэрийн онцлог, эрүүл мэндийн эрэлт хэрэгцээний судалгаанд тулгуурлан зохион байгуулах

1.2.Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартын эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах үйл ажиллагаа, үйлчлүүлэгчийг хүлээн авах, шилжүүлэх, эмнэлгээс гаргах үйл ажиллагаанд тавигдах  шаардлагыг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг баримтална. 

1.3.Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасныг мөрдлөг болгон хэрэгжүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд өвчний түүх хөтлөх, онош тавих, оношилгоо, шинжилгээний хариу зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээний бүх төрлийн албан хэрэг хөтлөлтийг монгол хэлээр хөтлөн явуулна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний мэргэжлийн болон техникийн өвөрмөц нэр томъёо, үг хэллэгийн ойлгомжтой байдлыг хангах үүднээс англи, орос хэлний аль нэгээр орчуулгыг хамт ашиглана.  

1.4.Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд “Үйлчлүүлэгчийг буцаахгүй байх” гэсэн зарчим баримтлан ажиллаж, иргэний бүртгэл, харъяалал, бичиг баримтын бүрдлээс үл шалтгаалан өвчний оношийг нь баталгаажуулсны дараа шаардлагатай эрүүл мэндийн байгууллагад нь шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.     

1.5.“Улсын хэмжээнд эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах” гэдэгт “Төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа –MNS6330:2017” стандартын 10 дахь хэсэгт заасан шаардлагыг хангах үйл ажиллагааг хамааруулж ойлгоно. 

1.6.“Улсын хэмжээнд эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх” гэдэгт бусад эрүүл мэндийн байгууллагаас онош тодруулах, нарийн төвөгтэй оношилгоо эмчилгээ хийлгэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө авах зорилгоор  холбогдох журмын дагуу илгээсэн үйлчлүүлэгчид үзүүлсэн тусламж, үйлчилгээг хамааруулж ойлгоно.

1.7.Илгээх бичиг нь эмч, эмнэлгээ өөрөө сонгон ирсэн иргэнийг буцаах, тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

Хоёр. Журмын зорилго, хамрах хүрээ

2.1 Энэ журмын зорилго нь эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний нэгдмэл цогц байдлыг хангаж, хүн төвтэй эмнэлгийн мэргэшсэн цогц тусламж, үйлчилгээг нь зөв газарт, тохирсон цаг үед нь чирэгдэлгүй үзүүлэхэд оршино.

2.2.Энэ журам нь эмнэлэг мэргэшсэн тусламж, үйлчилгээг сонгон үзүүлэх шаардлага, тусламж, үйлчилгээг үзүүлэх явцад эмнэлэг хооронд, мэргэшсэн тусламж, үйлчилгээ хооронд болон эмнэлэг-үйлчлүүлэгчийн хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах харилцааны ерөнхий зохицуулалтыг хамаарна.

2.3.Энэ журамд заагаагүй тусламж, үйлчилгээний асуудлыг тухайн мэргэшлийн чиглэлээр гаргасан журам, эмнэлзүйн заавраар зохицуулна. 

2.4.Цусны донор, цус цусан бүтээгдэхүүний нөөц, түүний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, эмгэг судлал, зоонозын тусламж, үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргасан журмаар зохицуулна.  

2.5. Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, үйлчилгээ, сэргээн засах, хөнгөвчлөх, сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргасан журмаар зохицуулна.

2.6.Энэ журмыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан, эмнэлгийн мэргэжилтэн мөрдөн ажиллана.

Гурав. Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ

 үзүүлэх нөхцөл, шаардлага    

3.1.Эмнэлэг нь үйлчлэх хүрээний хүн амын өвчлөл, нас баралт, амьжиргааны түвшин, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид тулгуурласан эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээний судалгаатай байна.

3.2.Эмнэлэг нь тухайн байгууллагын хөгжлийн төлөвлөлт, бүтэц, үйл ажиллагааны стандартын шаардлага, тусгай зөвшөөрөлд заасан тусламж, үйлчилгээний төрөл, чиглэлд үндэслэн энэхүү тушаалын хоёрдугаар хавсралтад заасан тусламж, үйлчилгээний жагсаалтаас сонгоно.

3.3.Эмнэлэг нь тухайн сонгосон тусламж, үйлчилгээнд шаардагдах санхүүжилт,  үндсэн орон тоогоор ажиллах хүний нөөцийн чадавхи, тоног төхөөрөмжийн хангамж, аюулгүй байдал зэрэг асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттай шийдвэрлэж, тусламж, үйлчилгээг үзүүлэх нөхцөлийг иж бүрэн бүрдүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

3.4.Эмнэлэг нь орлогоо нэмэгдүүлэх зорилгоор зохиомол эрэлт бий болгохоос сэргийлж, нотолгоонд суурилсан оношилгоо эмчилгээний стандарт, эмнэлзүйн зааврын дагуу тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

3.5.Эмнэлэг нь үйлчлүүлэгчийг тусламж, үйлчилгээний шууд төлбөрөөс шалтгаалж ядууралд орохоос сэргийлэхэд чиглэсэн үнийн бодлого баримталж, орлого багатай үйлчлүүлэгчдэд зориулсан хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэгт арга хэмжээг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулна. 

3.6.Эмнэлэг нь тусламж, үйлчилгээнд заавал мөрдөх журам, заавар, стандартыг эмнэлгийн мэргэжилтэн бүрт хүртээмжтэй хэмжээгээр тогтмол хангана.   

3.7.Тухайн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандарт, оношилгоо эмчилгээний заавар, журамд өөрөөр заагаагүй бол нөөцийг үр ашигтай хамтран ашиглах зорилгоор зарим мэргэшлийн хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагааг нэгтгэж, нэгдсэн тасаг хэлбэрээр зохион байгуулж болно. Энэ нь амбулаторийн кабинетэд хамаарахгүй.

Дөрөв. Эмнэлэг хоорондын тусламж, үйлчилгээний зохицуулалт

  4.1.Эрүүл мэндийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяанд ажиллаж байгаа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь тухайн байгууллагын тусгай зөвшөөрөл, дүрэм бүтцэд заасан мэргэшлийн чиглэлээр эрүүл мэндийн технологийн үнэлгээ хийх, улсын хэмжээнд мөрдөх эмнэлзүйн заавар, стандарт, жишиг хөтөч боловсруулах, бусад эмнэлэгт түүнийг мөрдөхөд арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт явуулах, судалгаа шинжилгээ хийх, телемедицинээр болон тухайн эмнэлэгт очиж мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангах, мэргэжлийн лавлагаа, дүгнэлт гаргах чиг үүргийг гүйцэтгэнэ.

4.2.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс бусад эмнэлэгт арга зүйн зөвлөгөө үйл ажиллагаа нь иргэнд тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

4.3.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг улсын хэмжээнд мөрдөх эрх зүйн баримт бичгийг боловсруулахдаа төр, хувийн хэвшлийн эмнэлэг, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн оролцоог бүрэн хангасан байна.

4.4.Эмнэлэг нь нарийн төвөгтэй оношилгоо эмчилгээний асуудлыг цаг алдахгүй, зөв шийдвэрлэх зорилгоор “Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт MNS6330:2017”-ын 10.3.3 дахь заалтыг үндэслэн дараах хуваарийн дагуу төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс арга зүйн зөвлөгөө авах үйл ажиллагааг байгууллагын дотоод журмаар зохицуулсан байна.

4.5.Эрүүл мэндийн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллаж байгаа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв дараах хуваарийн дагуу улсын хэмжээнд эрүүл мэндийн бусад байгууллагыг арга зүйгээр хангаж ажиллана.

 

Улсын хэмжээнд эрүүл мэндийн бусад байгууллагыг  

арга зүйгээр хангах тусламж, үйлчилгээний хуваарь

 

 

Байгууллагын нэр

Тусламж, үйлчилгээний чиглэл

1

Арьсны өвчин судлалын үндэсний төв

Арьс, арьсан доорх эслэгийн өвчний тусламж, үйлчилгээ

Арьсны харшил өвчний тусламж, үйлчилгээ

Арьс, салстын эмчилгээний гоо заслын тусламж, үйлчилгээ

Арьсны өвчний мэс заслын тусламж, үйлчилгээ

2

Гэмтэл, согог судлалын үндэсний төв

Гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээ

Хүүхдийн гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээ 

Гэмтэл, согогийн мэс заслын тусламж, үйлчилгээ 

Түлэнхий, осголт, хөлдөлтийн тусламж, үйлчилгээ

Гэмтэл согогийн нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ

 

3

Халдварт өвчин судлалын үндэсний төв

Халдварт өвчин судлалын тусламж, үйлчилгээ

Сүрьеэ өвчин судлалын тусламж, үйлчилгээ

Дархлаажуулалтын тусламж, үйлчилгээ

Халдвар судлалын лабораторийн тусламж, үйлчилгээ

4

Хавдар судлалын үндэсний төв

Бүх төрлийн хавдрын тусламж, үйлчилгээ

Хүүхдийн хавдрын тусламж, үйлчилгээ

Хавдрын шалтгаантай элэг шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ

Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ

Өвдөлт намдаах тусламж, үйлчилгээ

5

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ

Донтох эмгэгийн тусламж, үйлчилгээ

4

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

Хүүхдийн дотор, мэс заслын чиглэлийн бүх төрлийн төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ

Хүүхдийн нүд, чих хамар хоолойн тусламж үйлчилгээ

Хүүхдийн мэдрэл судлалын тусламж үйлчилгээ

Хүүхдийн харшил судлалын тусламж, үйлчилгээ

Хүүхдийн цусны эмгэг, хавдрын тусламж үйлчилгээ

Хүүхдийн зүрхний ангиографийн оношилгоо, эмчилгээ

Нярай ба гурав хүртэлх насны хүүхдийн зүрхний таславч хоорондын гажиг засах мэс заслын тусламж, үйлчилгээ

Хүүхэд, нярайн зарим өвчний эрт илрүүлэг ба эмчилгээ (дутуу нярайн ретинопати, нярайн сонсгол бууралт, түнхний үений дисплази, бодисын солилцооны эмгэг, сул хараа)

Эмэгтэйчүүдийн өвчний тусламж, үйлчилгээ

Жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн тусламж үйлчилгээ

Эх, ургийн анагаах ухааны тусламж үйлчилгээ

Эрсдэлтэй жирэмсэн, дутуу тээлт, дутуу төрөлтийн тусламж, үйлчилгээ

Анагаахын удамзүйн тусламж үйлчилгээ

5

Улсын нэгдүгээр төв  эмнэлэг

Цус, цус төлжүүлэх эрхтэн тогтолцооны эмгэгийн тусламж, үйлчилгээ

Дархлааны механизм хамарсан эмгэгийн тусламж, үйлчилгээ

Дотоод шүүрэл, шим тэжээл, бодисын солилцооны эмгэгийн тусламж, үйлчилгээ

Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ   

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны тусламж, үйлчилгээ

Эрүү, нүүрний мэс заслын тусламж, үйлчилгээ 

Шээс, бэлгийн тогтолцооны эмгэгийн тусламж, үйлчилгээ

Бөөр орлуулах тусламж, үйлчилгээ

Яс, үе, булчингийн тогтолцоо, холбох эдийн эмгэгийн  тусламж, үйлчилгээ

Нүдний тусламж, үйлчилгээ

Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ

Цусны хавдрын тусламж үйлчилгээ

Цөмийн анагаах ухааны оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээ

Радиоиммунологийн оношилгооны тусламж, үйлчилгээ

6

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Дүрс оношилгоо 

Позитрон цацрагийн оношилгоо, эмчилгээ, хяналт (ПЭТ-КТ)

7

Улсын гуравдугаар төв эмнэлэг

Зүрх судасны өвчний тусламж, үйлчилгээ

Зүрхний мэс заслын тусламж, үйлчилгээ

Судсан дотуурх мэс засал, ангиографийн тусламж, үйлчилгээ

Хүүхдийн зүрх, судасны нээлттэй болон судсан дотуурх мэс заслын тусламж, үйлчилгээ 

Мэдрэлийн тогтолцооны өвчний тусламж, үйлчилгээ

Хүүхдийн тархи, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээ

Тархи, нуруу нугасны мэс заслын тусламж, үйлчилгээ

Амьсгалын тогтолцооны өвчний тусламж, үйлчилгээ

Цээжний хөндийн мэс заслын тусламж, үйлчилгээ

8

Цэргийн төв эмнэлэг

Эм, химийн бодисын хордлогын тусламж, үйлчилгээ

Цацраг идэвхт бодис, бактерийн хордлогын тусламж, үйлчилгээ  

Хутга, мэс, галт зэвсгийн гэмтлээс шалтгаалсан гэмтлийн тусламж, үйлчилгээ  

9

Зоонозын өвчин судлалын үндэсний төв

Зоонозын өвчний тусламж, үйлчилгээ

10

Цус сэлбэлт судлалын  үндэсний төв

Цус сэлбэлт судлалын тусламж, үйлчилгээ

11

Эмгэг судлалын үндэсний төв

Эмгэг судлалын тусламж, үйлчилгээ

  

12

Геронтологийн үндэсний төв

Настны эмгэг судлалын тусламж, үйлчилгээ

4.6.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв улсын хэмжээнд эрүүл мэндийн бусад байгууллагыг арга зүйгээр хангаж ажилласан талаарх үйл ажиллагааны тайланг холбогдох журмын дагуу жил бүр Эрүүл мэндийн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

4.7.Эмнэлэг нь бусад эмнэлэгтэй хамтарсан үзлэг, оношилгоо хийх, өвчтөн шилжүүлэх, нөөц ашиглалтын үр ашгийг сайжруулах зорилгоор зарим өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг хамтран ашиглах асуудлаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.

4.8.Эмнэлэг хооронд зөөвөрлөх боломжгүй, эсхүл тусгай хамгаалалттай нөхцөлд эмчлүүлж байгаа иргэдэд явуулын амбулатори, цахим зөвлөгөө, телемедициний сүлжээг ашиглан төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажиллана.

4.9.Эмнэлэг нь сэтгэц, сүрьеэ, хавдар гэх мэт хавсарсан, суурь эмгэгтэй иргэдэд бусад мэргэшлийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ ялгаварлан гадуурхахгүй байх нөхцөлийг хангах, хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээг хийх ажлыг зохион байгуулсан байна.

4.10.Өөрийн сонголтоор илгээх бичиггүй үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн мэдээллийг эмнэлгээс гарсны дараах тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг нь хангах зорилгоор харьяалах анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагад мэдээлнэ.

4.11.Зонхилон тохиолдох халдварт бус өвчний хяналтыг сайжруулж, эмнэлэгт давтан хэвтэлтийг бууруулах зорилгоор эмнэлгээс гарсны дараах эмчилгээг үргэлжлүүлэх, хянах, болзошгүй хүндрэлээс сэргийлэх, архаг өвчний намжмал байдлыг уртасгах чиглэлээр заавар, зөвлөмжийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хүргүүлэх эргэх холбоог бүрдүүлж ажиллана.  

4.12.Хавсарсан эмгэгтэй, олон мэргэшлийн тусламж, үйлчилгээ шаардлагатай өвчтөнд эмнэлэг дамжин олон давтан хэвтэх урсгалыг бууруулах, илгээсэн үйлчлүүлэгчийг хүлээн авах, эмнэлгээс гарсны дараах тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг сайжруулах чиглэлээр эмнэлэг хоорондоо хамтарч ажиллана.    

4.13.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь хариуцсан тусламж, үйлчилгээний чиглэлээр заавар, журам, стандарт, оношилгоо эмчилгээний дэвшилтэт арга технологи, мэдлэг туршлагаа хуваалцах зорилготой “Харилцан суралцаж, хамтдаа хөгжих” мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох, үүндээ мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоо, өмчийн бүх хэлбэрийн эмнэлгийг татан оролцуулах, тэднийг мэргэжил арга зүйн хувьд нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажлыг зохион байгуулна.

 

Тав. Мэргэшил хоорондын тусламж, үйлчилгээний зохицуулалт   

5.1.Эмнэлэг нь сонгосон тусламж, үйлчилгээний заавар, журамд үндэслэн хэвтүүлэн эмчлэх шалгуур, тасаг хооронд эмнэлгийн орны ачааллыг зохицуулах нэгдсэн зохицуулалттай байна.

5.2.Эмнэлэг нь өөрийн бүтэц, үйл ажиллагааны онцлогт тулгуурлан тусламж, үйлчилгээний урсгал, амбулаторийн кабинет, тасгуудын үйлчилгээний хоорондын уялдаа холбоог харуулсан хөтөч зураглалыг гаргаж, мөрдүүлнэ.  

5.3.Эмнэлэг нь ноцтой хүндрэл гарах эрсдэлтэй, хүнд, маш хүнд өвчтний оношилгоо эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн зөвлөх эмч нарын хамтарсан үзлэг хийх, эмнэлзүй-эмгэг судлалын зөвлөгөөн зохион байгуулж ажиллана.

5.4.Эмнэлгийн орны дэргэд нь ирж үйлчлэх, тусламж, үйлчилгээний цогц байдлыг хангах асуудлаар оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр олон мэргэшлийн багийн зөвлөгөөн хийж, хамтын шийдвэр гаргаж ажиллана. 

5.5.Халдварт бус өвчний зонхилон тохиолдох хавсарсан эмгэгийн үед зайлшгүй цогц байдлаар хийгдэх оношилгоо эмчилгээ, асаргаа сувилгаа, хяналтын талаар холбогдох мэргэшлийн эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан ерөнхий зөвлөмжийг хамтран боловсруулж, хэрэгжүүлнэ.       

5.6.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлогын зохицуулалт хийх, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээ мэдээллийн бэлэн байдлыг хангахад зориулсан эмнэлгийн ачааллыг урьдчилан таамаглах, эрсдэлийг эрт сэрэмжлүүлэх тойм мэдээг эмнэлгийн цахим хуудас, мэдээллийн самбарт гаргаж, шуурхай мэдээллээр хангаж ажиллана. 

 

Зургаа. Эмнэлэг үйлчлүүлэгчийн хоорондын зохицуулалт   

6.1.Эмнэлэг нь үйлчлүүлэгчийн өвчин эмгэг, нийгэм сэтгэл зүйн эрэлт, хэрэгцээ, иргэний эмнэлгээр үйлчлүүлсэн туршлагад үндэслэсэн сургамж, сэтгэл ханамжийн байдлыг жил бүр судлан, тусламж, үйлчилгээний зохицуулалтыг сайжруулах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлнэ.

6.2.Эмнэлэг нь иргэний санал, хүсэлт, өргөдөл, гомдлын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тусламж, үйлчилгээний зохицуулалтыг сайжруулах арга хэмжээ авч ажиллана.  

6.3.Эрүүл мэндийн даатгал, төр хариуцан төлж буй тусламж, үйлчилгээ болон, төлбөртэй тусламж, үйлчилгээний нэр төрөл, төлбөрийн хэмжээ, хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг, туслалцаа авах бусад боломжийн талаар хэрэглэгчийг ил тод мэдээллээр хангаж, албан бус төлбөрөөс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна. 

6.4.Эмнэлгийн шаардлагагүй хэвтэлтийг бууруулах зорилгоор амбулатори, өдрийн, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний хэлбэрийг сонгох, шаардлагагүй хэвтэлтийг бууруулах боломжийн талаар үйлчлүүлэгчдэд зориулсан хялбаршуулсан мэдээллийг инфографик хэлбэрээр гаргасан байна.

6.5.Оношилгоо эмчилгээний шийдвэр гаргахдаа үйлчлүүлэгчид урьдчилан тайлбарлаж, харилцан зөвшилцөх, батлагдсан маягтаар таниулсан зөвшөөрөл авах, тэднийг асуулт асуух, мэдээлэл авах эрхийг хангаж, үйлчлүүлэгчтэй хүндэтгэж харилцах соёлыг үйлчилгээний бүх шатанд хэвшүүлж ажиллана.

6.6.Үйлчлүүлэгчийн дунд өөрийгөө дур мэдэн эмчилж, хүндрүүлэх, нэн яаралтай шийдвэр гаргах нөхцөлд цаг алдах, эмчийн заавар, эмчилгээний дэглэмийг биелүүлээгүйгээс гарч болох хүндрэл, эрсдэлийг урьдчилан таниулах, хүндрэлээс сэргийлэхэд өвчтөн, түүний ар гэрийнхний үүрэг, хариуцлагыг сурталчилж, мэдээлнэ.

6.7.Өвчний шинж тэмдгээ хэрхэн ажиглаж, гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах, ямар тохиолдолд эмнэлэгт хандах, илгээх бичгийг хаанаас авах, эмнэлэг, эмчээ зөв сонгох, эмнэлгээс гарсны дараа хаана хандах гэх мэт асуудлаар хариуцлагатай, нотолгоонд тулгуурласан зөв шийдвэр гаргахад нь иргэнд туслах зорилгоор зураг, дүрслэл бүхий хялбаршуулсан мэдээллийг цахим болон цаасан хэлбэрээр гаргаж, хүргэнэ.

6.8.Эмнэлэг нь үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргахад нь үндсэн болон хавсарсан өвчний талаар иж бүрэн заавар, зөвлөмжөөр ханган, цаашид баримтлах дэглэм, заавар, зөвлөмж, үргэлжлүүлэн авах тусламж, үйлчилгээ, эмнэлгээс гаргах үеийн дүгнэлтийг иргэний эрүүл мэндийн дэвтэрт заавал тэмдэглэнэ.

6.9.Эмнэлэг нь үйлчлүүлэгчид эмнэлэгт хэвтэхийн өмнөх болон эмнэлгээс гарсны дараа зөвлөгөө мэдээлэл өгөх, хяналт тавихад нь туслах утсан холбоо, цахим үйлчилгээг нэвтрүүлж ажиллана.  

 

---оОо---