Хэвлэх DOC Татаж авах

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны

А/43 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

ҮХЭР, ГАХАЙ ЦИСТИЦЕРКТЭХ ӨВЧНӨӨС УРЬЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

(Цистицеркоз КРС и свиней; Bovine and swine cysticercosis)

Нэг. ӨВЧНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Үхэр, гахайн цистицерктэх өвчлөл гардаг аймаг, сум, орон нутагт мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

1.2.Хамрах хүрээ: Уг зааврыг үхэр ба гахайн цистицерктэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд дагаж мөрдөнө.

1.3.Өвчний тодорхойлолт: Үхрийн булчингийн эдэд Cysticercusbovis авгалдай, гахайн булчингийн эдэд Cysticercuscellulosae авгалдай тус тус шимэгчлэн үүсгэдэг өвчнийг үхэр, гахайн цистицерктэх гэнэ. Үхэр ба гахайн цистицеркт эх өвчний үүсгэгчдийн жинхэнэ эзэн нь “хүн” буюу бие гүйцсэн Taeniidaesp туузан хорхой хүнийн арийн гэдсэнд шимэгчилдэг учраас энэ халдвар зооно зөвчин юм.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Үхрийн цистицерктэх (финноз) нь хүнийн арийн гэдсэнд шимэгчилдэг Taeniasaginata зүйлийн (4-8 м хүртэл урт) туузан хорхойн авгалдай Cysticercusbovis-р үүсдэг бол гахайн цистицерктэх нь хүний Taeniasolium зүйлийн (3-5 м урт) туузан хорхойн авгалдай Cysticercuscellulosae-р үүсдэг. Үхэр ба гахайн хэл, зүрх, өрц, араг ясны булчингийн эдэд шимэгчилдэг цистицерк нь соруул бүхий сколекс, уулинхайн гэр хальс шингэнтэй, шингэнгүй шохойжсон бүтэцтэй, 0.5-1х0.5 cмба 6-20х5-10 мм хэмжээтэй байна.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Хүнд шимэгчлэгч T.saginata хорхойн өндгөөр дүүрсэн үеүүд тасарч, хүний өтгөнтэй гадагшилдаг ба халдварт өндгөөр бохирлогдсон бэлчээр, устай хамт үхэр залгиж, үхрийн ходоодонд өндөгнөөс гарсан авгалдайг эд эсний ханаар ярган, цусаар дамжин хөндлөн судалт булчинд хүрч дотроо туузан хорхойн толгой (протосколекс)  агуулсан уулинхай хэлбэртэй авгалдай болтлоо шимэгчлэн хөгждөг. T.solium-н хөгжил T.saginata-тай төстэй боловч зарим тохиолдолд энэхүү зүйл үүсгэгчийн бэлэг боловсорсон үе хэсгүүд огиход хүний ходоодонд орж, тэндээ авгалдай гарч, ярган хүний уураг тархи, нүд, хөндлөн судалт булчин зэрэгт шимэгчилж хүн дээр өвчлүүлдэг. Цистицерктэй гахай, үхрийн махыг түүхий болон хагас боловсруулсанаар хүнсэнд хэрэглэхэд цистицерк нь хүнийг эд эсний хананд бэхлэгдэн 2 сарын хугацаанд үеүүд нь ургаж бие гүйцсэн тенийд туузан хорхой бол жшимэгчлэн, бэлэг боловсорч, халдварлуулах чадвартай өндөг гаргаж эхэлдэг байна.

Хоёр. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ.

2.1.Эмнэл зүйн шинж тэмдэг: Үхрийн цистицерктэх нь эмнэлзүйн тодорхой шинж тэмдэг төдийлөн үзүүлдэггүй ч цөөн тохиолдолд эрчимжил ихтэй халдварын улмаас зүрхний булчин болон бусад булчингийн үрэвсэл үүсч, үхэр хэт мэдрэмтгий эсвэл номойрлын шинж тэмдэг үзүүлдэг.  Цистицерктэй гахайд мөн тодорхой шинж тэмдэг илрэхгүй. Хөндлөн судалт булчин олон цистицерк (уулинхай)-ээр халдварласан үед гахайн биеийг барьж  үзэхэд хөндүүрлэнэ. Гахай амархан турж эцнэ. Уулинхай тархинд байрласан үед мэдрэлийн шинж тэмдэг ажиглагдана.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Цочмог явцтай цистицэрктэх өвчний үед арьсан доорхи эслэг, зүрхний булчинд цэглэг цус харвалтууд байхаас гадна булчинд саарал өнгийн толбо (цистицерк)байна.

Өвчний тархвар зүйн мэдээлэл, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувирал зэргийг харгалзан булчингийн эдэд үүссэн толбо, цусны дээжинд хийсэн лабораторийн шинжилгээнд үндэслэн оношийг тогтооно.  Гэхдээ үхэр, гахайд эмнэлзүйн оношлогоо үр дүн муутай.

2.3.Лабораторийн оношлогоо: Үхэр, гахайг төхөөрөх үед зажлуурын булчин, зүрх, гулууз махны булчинг зүсэж цистицерк илрүүлэх үзлэг хийнэмгэгт материал авч, лабораторит хүргүүлнэ. Үхэр, гахайн цусны болон гельминтийн задлан шинжилгээгээр илрүүлсэн үүсгэгч болон эмгэгт эд эрхтэний сорьцонд молекул биологийн шинжилгээ хийж,  цистицеркийн генийн өвөрмөц маркерууд, түүний тархалтыг тогтооно.

Ийлдсэнд цистицеркийн эсрэгбие илрүүлэн, өвчний тархалтыг тодорхойлно. Хүний ялгадасанд Taeniidaespp-ийн үе хэсэг болон өндөг илрүүлэх шинжилгээ хийнэ.

2.4.Ялгаварлан оношлох: Задлан шинжилгээгээр илрүүлсэн цистицеркийн финотип ба генотипийг үндэслэн бусад уйланхай үүсгэгчээс ялгаварлан оношилно. 

2.5.Эмчилгээ: Үхэр, гахайд эмчилгээгүй.

Гурав. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах бодлого, чиглэлд үхэр, гахайн махыг гүйцэд боловсруулан хэрэглэх, туузан хорхой (Taeniidaespp) халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг бий болгох;

3.2.Мал, амьтны махны ариун цэвэр, худалдан борлуулалт, түгээлтэд хяналт тавих;

3.3.Хүнсний зориулалтаар нядалж буй үхэр, гахайн махыг малын эмч, махны хяналтын байцаагчийн үзлэгт заавал оруулж, цистицерк илрүүлэх шинжилгээ хийлгэх;

3.4.Ил задгай газар бие засахыг хориглож, заавал тусгай нүх, жорлонд бие засах, ялгадсанд нь туузан хорхойн үе илэрч байвал хүн эмнэлгийн байгууллага, эмчид даруй мэдэгдэж, оношийг тодруулсны дараа эмчлэх, хорхойгүйжүүлэх арга хэмжээнд хамрагдах;

3.5.Үхэр, гахай маллагч хүмүүс жилд 2-оос доошгүй удаа цагаан хорхойн шинжилгээнд хамрагдаж, туузан хорхой (Taeniidaespp)-р халдварласан тохиолдолд эмчлэх, хорхойгүйжүүлэх арга хэмжээнд хамрагдах шаардлагатай.

Дөрөв. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Үхэр, гахайн цистицерктэх оношлогдсон тохиолдолд тэмцэх, сэргийлэх арга хэмжээг мал аж ахуйн мэргэжилтэн, албан тушаалтнууд хүн эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлнэ.

4.2.Цистицерктэх илэрсэн үхэр ба гахайн аж ахуй, малчин өрхийн мэдээллийг мал эмнэлгийн алба, эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх,

4.3.Үхэр, гахайн цистицерктэх гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх,

4.4.Өвчний тархвар зүйн байдалд үндэслэн сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;

4.5.Мал нядалгааны газар нядлаж байгаа мал болон төв суурин газруудын хүнсний зах дээр худалдаалж буй үхэр, гахайн маханд цистицерк илрүүлэх  үзлэг, шинжилгээг тогтмол хийх хэрэгтэй. Хэрэв үхэр, гахайн хэл, өрц, зүрх ба хүзүү, нуруу, хавирга хоорондын булчингийн 40 см2 талбайд 3-аас дээш “цистицерк” уулинхай илэрвэл махыг  устгуулах; түүнээс бага илэрвэл ариутганболовсруулсны дараа хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрөх;

4.6.Үхэр гахай төхөөрөх үед хийгдсэн үзлэгээр уйланхайд их нэрвэгдсэн, булчин нь хавагнасан, өнгө нь хувирсан үхрийн гулуузыг устгана. Гулууз, зүрх, өрц, өрцний хөхөнцөр, зажлуурын булчин, улаан хоолой, хэл, бусад булчингийн хоёрт нь л голомт илэрвэл;

а)Хоёр гуяны зузаан булчинг хөндлөн зүснэ;

б)Хоёр хааны булчинг залааны товгороос мөрний чиглэлд 5-7 см хэмжээтэйгээр зүснэ;

Их хэмжээний гэмтэлгүй өрц, өрцний булчинд үзлэгийг сайтар хийж нэг ба түүнээс олон голомт гулуузанд илрүүлбэл гулуузанд "Саатуулах" гэсэн тэмдэг зүүж ялгах бөгөөд хасах 10°С орчинд 10-аас дээш хоногийн турш хөлдөөсний дараа энэхүү тэмдгийг махны хяналтын байцаагчийн хяналттайгаар авах буюу дээр дурьдсан гулуузаас махыг шулж хайрцаг, торх, бусад саванд хийж, "Саатуулах" гэсэн тэмдэг зүүж, байцаагчийн хяналттайгаар 20-оос дээш хоногийн хугацаатай  –10°С орчинд хөлдөөнө. Дээр дурьдсан гулуузыг +60°С-аас дээш хэмийн халуун аргаар боловсруулж болно.

4.7.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.