Хэвлэх DOC Татаж авах

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны

А/43 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

ТРИХИНЕЛТЭХ ӨВЧИН (Трихинеллёз; Trichinellosis)-өөс

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

Нэг. ӨВЧНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Трихинелтэх өвчин гарах эрсдэлтэй аймаг, орон нутагт урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

1.2.Хамрах хүрээ: Уг зааврыг нийтийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамаарах бүх шатны байгууллага, малын эмч, гахай, адууны аж ахуй эрхлэгчид, гахай, адууны бүтээгдэхүүнийг борлуулагчид, хэрэглэгчид, орон нутгийн удирдлага адуу, гахайн трихинелтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд болон хүнд уг шимэгч халдахаас сэргийлэхэд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.

1.3.Өвчний тодорхойлолт: Trichinellidae овгийн Trichinella төрлийн нематод мал амьтан болон хүнд шимэгчлэн үүсгэдэг өвчнийг трихинелтэх буюу трихинеллёз гэнэ.

Адуу, гахай, нохой, чоно, баавгай, харх, хулгана зэрэг битүү туурайтан, мэрэгчид болон хүн трихинеллёзоор өвчилдөг бөгөөд биегүйцсэн трихинеллходоодг эдсэнд, харин авгалдай нь хөндлөн судалт булчинд цист үүсгэн, бүрээсжин шимэгчилдэг ба эзэн амьтныг үхтэл тэндээ шимэгчилдэг. 

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Дэлхийд Trichinella төрлийн 8 зүйлийн нематод бүрт гэгдснээс хамгийн түгээмэл тархалттай нь Trichinellaspiralis зүйл байна. Trichinellaspiralis нь 1.4-4.0 мм хэмжээтэй маш жижиг нематод бөгөөд эмэгчин хорхой нь амьд авгалдай төрүүлдэг онцлогтой.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Трихинелтэх өвчний эх үүсвэр нь халдвартай харх болон бусад мэрэгчид байна. Гахай Trichinellaspp-ээр халдварласан мэрэгчийг идсэнээр трихинелл авгалдайг хамт залгих ба амаар орсон авгалдай гахайн ходоод, гэдсэнд 4 хоногт биегүйцсэн трихинелл хорхой болж шимэгчлэхдээ авгалдай төрүүлж эхэлдэг.

Трихинелл авгалдай гахайн нарийн гэдэсний ханаар нэвтэрч цус, тунгалгийн урсгалаар булчингийн эдэд хүрч, тэндээ бүрээсжсэн авгалдай болон хөгжиж, эзэн амьтныг үхтэл шимэгчилдэг. Хүн трихинеллтэй гахай болон адууны махнаас халдварладаг. Trichinella spp-ээр халдварласан үед булчингийн гр тутамд хэдэн зуун тооны авгалдай үүсч болох ба бүрээсжсэн авгалдай эзэн амьтны хүүр, сэгэнд удаан хугацаад амьдрах чадвараа хадгалдаг нь трихинеллтэй сэг зэмээс харх зэрэг мэрэгч амьтад халдвар авах, тараах нөхцөл болдог.

Хоёр. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчин ихэвчлэн ужиг хэлбэртэй илэрдэг учраас гахай болон бусад мал, амьтанд эмнэл зүйн шинж тэмдэг төдийлөн илрэхгүй. Амьсгал давхцах, чацга алдах, халуурах, гэдэсний хатгалга, булчин хөших, өвдөх, үе мөч ба нүүр, нүд хавагнах шинж тэмдэг зарим тохиолдолд үзүүлж болно. Халдвар авснаас хойш трихинеллийн авгалдай бүрээсжих явц 1.0-1.5 сар үргэлжлэх ба энэ хугацаанд булчин өвдсөний улмаас өвчтэй амьтан хөлөө жийн удаанаар хэвтэх хандлагатай болдог. Үүсгэгч ихээр залгигдахад өвчин хурц хэлбэрээр илэрч болох бөгөөд энэ үед паразитын хордлого ба хүчимдлийн хүчтэй эмгэг нөлөөний улмаас амьсгалын булчин саажин, үхэлд хүрдэг.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Булчингийн ширхэгийн хэвийн байдал өөрчлөгдөж гэмтсэн, авгалдай байрласан хэсэгт бүдүүрч хөндлөн судал аажмаар өөрчлөгдөн устаж бөөм нь томорч булчингийн ширхэг уусч мөхлөгжсөн байна. Араг ясны булчинд гинжилсэн үрлэн мөхлөгүүд бий болж хатууран цагаан өнгөтэй болсон байна.

2.3.Лабораторийн оношлогоо: Трихинелтэх өвчний тархвар зүйн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, бичил харуур, ийлдэс судлал болон молекул биологийн шинжилгээ ашиглан оношилно.

а/ Гахай, адууны махны дээжинд MNS 5813:2007 стандартын дагуу шинжилгээ хийнэ. Гахай ба адууны махны дээжийг шилэн хавтанд хавчуулан, микроскопоор дурандаж, нимбэг хэлбэртэй, бүрээстэй, дотроо эрчлээтсэн 1-2 трихинелл авгалдай илрүүлнэ. Шинжилгээнд өрц болон гулуузны зарим хэсэг, холбоос шөрмөсний залгаа булчингаас дээж авч, ферментэд уусган, тунадаст нь трихинелл авгалдай илрүүлэх шинжилгээг хийнэ.

б/ Ийлдэс судлалын шинжилгээгээр трихинеллийн эсрэгбие илрүүлэн, халдварын тандах шинжилгээ хийнэ. Гэхдээ зарим үүсгэгчийн зүйлийн онцлогоос хамаарч адууны трихинелтэхийг халдварын эрт үед нь ийлдэс судлалын аргааг оношлох боломжгүй байна.  

Трихинелтэхийн үед цусны эозинофил эсийн олшролт 20%-95% байна.  Молекул биологийн шинжилгээгээр Trichinella spp үүсгэгчийн зүйл, тархалтыг мөн өвөрмөц эзнийг тогтооно.

2.4.Эмчилгээ: Байхгүй

Гурав. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Нийтийн эрүүл мэндийн боловсролд гахайн махыг гүйцэд боловсруулан хэрэглэх, трихинеллийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг бий болгох;

3.2.Гахай үржүүлэх, бордох аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгч гахай үржүүлэх, бордох технологийг сахиулах;

3.3.Гахай болон адууг мал эмнэлгийн магадлан шинжилгээний хяналт бүхий орчинд нядлах, махыг боловсруулан, нийтийн хэрэгцээнд нийлүүлнэ.

3.4.Хүнсний зах дээр худалдаалж байгаа ба нядласан гахай, адууны маханд трихинеллын авгалдай илрүүлэх магадлан шинжилгээг хийнэ.

Дөрөв. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Халдвар оношлогдсон тохиолдолд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын засаг даргын шийдвэрийн дагуу трихинеллтэй аж ахуйн нэгж, иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, сэргийлэх арга барилд тэднийг сургах ажлыг нийтийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

4.2.Тиабендазолийн бүлгийн бэлдмэлүүд бие гүйцсэн Trichinellaspp-д үйлчилдэг ч булчин маханд үүссэн авгалдайд үйлчлэхгүйг анхаарах;

4.3.Гахайн трихинелтэх гарсан айл өрх, аж ахуйн нэгжийн сүрэгт мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тэмцэх, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

4.4.Нийтийн болон хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах бодлого, чиглэлд тусгаж арга хэмжээ авах;

4.5.Өвчин гарснаас хойш 1 жилийн туршид тухайн аж ахуйн нэгжийн гахай болон маханд хийсэн шинжилгээгээр трихинелл илрээгүй бол эрүүлжсэнд тооцно.

4.6.Гахайг үржүүлэх, бордох технологийг мөрдөх;

4.7.Малын хашаа, байр, төв суурин газар, гуу, жалга, хог хаягдал бүхий газруудаар гахайг бэлчээхгүй байх;

4.8.Гахайн байрны мэрэгчидтэй тэмцэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ. 

4.9.Төхөөрөх үеийн үзлэгээр их хэмжээний гэмтэлгүй өрц, өрцний булчинд үзлэгийг сайтар хийж нэг ба түүнээс олон голомт гулуузанд илрүүлбэл гулуузанд "Саатуулах" гэсэн тэмдэг зүүж ялгах бөгөөд-10°С орчинд 10-аас дээш хоногийн турш хөлдөөсний дараа энэхүү тэмдгийг байцаагчийн хяналттайгаар авах буюу дээр дурьдсан гулуузаас махыг шулж хайрцаг, торх, бусад саванд хийж, "Саатуулах" гэсэн тэмдэг зүүж, махны хяналтын байцаагчийн хяналтан дор 20-оос дээш хоногийн хугацаатай -10°С орчинд хөлдөөнө. Дээр дурьдсан гулуузыг +60°С-аас дээш хэмийн халуу наргаар боловсруулж болно.

4.10.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.