Хэвлэх DOC Татаж авах

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны

А/43 дугаар тушаалын 3 дугаар хавсралт

 

БОГ МАЛ ТУУЗАН ХОРХОЙТОХ ӨВЧИН (Аноплоцефалидоз МРС; Anoplocephalidosis SR)-өөс

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

 

 

Нэг: ӨВЧНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Бог малын туузан хорхойтох өвчинөөр тайван бус болон тархах эрсдэлтэй аймаг, орон нутагт урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

1.2.Хамрах хүрээ: Мал эмнэлгийн үйлчилгээний бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага бог малын өвчлөлийн үед уг зааврыг дагаж мөрдөнө.

1.3.Өвчний тодорхойлолт: Хивэгч малын нарийн гэдсэнд шимэгчилдэг Monieziasp,  Thysanieziasp ба Avitellinaspгэх туузан хорхойн шимэгчлэлийн улмаас бог мал ялан гуяа төл, өсвөр насны малд тэжээл боловсруулах эрхтэн системийн эмгэг үүсгэдэг өвчнийг туузан хорхойтох буюу аноплоцефлято зөвчин гэж нэрлэдэг.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Мониезиозыг үүсгэгч Monieziaтөрлийн туузан хорхой нь 6 м хүртэл урт, 1.6 см хүртэл өргөн бөгөөд үе хоорондын урт нь өргөнөөсөө бага, үеийнхээ 2 талд бэлгийн сүвтэй байдагаар ялгагдана. Тизаниезиозын үүсгэгч Thysaniezia төрлийн туузан хорхой нь 2 м хүртэл урт бөгөөд 1.2 см хүртэл өргөн, ихэвчлэн үеийн 1 талд сөөлжин бэлгийн сүв байрладаг онцлогоор нь бусдаас нь ялгана.

Харин Авителлинниозын үүсгэгч Avitellinasp нь 3 м хүртэл урт, маш нарийхан үетэй (3.2 мм), үе хоорондын зааг бараг мэдэгддэггүй, бэлгийн сүв нь зөв бус дараалалтай байдаг онцлогтой туузан хорхой юм.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Туузан хорхойтсон бог мал халдварын эх үүсвэр бөгөөд тус малын баастай хамт туузан хорхойн биеэс салсан бэлэг боловсорсон үе хэсэг мөн түүний өндөг гадагшилдаг. Гадаад орчинд хаягдсан өндгийг орбитид төрлийн хөрсний хачиг ба псоцид төрлийн бөөс залгин 4 сар хүртэлх хугацаанд халдварт авгалдай хөгждөг. Хивэгч мал, амьтан нь бэлчээрээс цистицеркойдтой хөрсний орбитид хачиг (бөөс)-ийг залгин халдвар авах ба халдвар авсан малын нарийн гэдсэнд 37-40 хоногт туузан хорхой биегүйцэж, бэлэг боловсордог байна.

Хоёр: ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Мониезиозын үед насгүйцсэн малд тодорхой шинж тэмдэг илэрдэггүй бол нялх төлд хүнд хордлогын, хөрвөжсөн төлд хөнгөн хордлогын шинж илрэхээс гадна гэдэс чихэлдэж, орооцолдсоны улмаас гэдэсний хатгалын шинжтэмдэг үзүүлж, үхдэг. Эрчимжил ихтэй туузан хорхойн хордлогын нөлөөнөөс хөхүүл хурганы бие сульдаж, сэнсрэх шинж тэмдэгтэй өвчлөх ба усархаг чацганд туузан хорхойн үе хэсэг илэрдэг. Мөн төл мал хэвтэх дуртай болж, цус багадах шинж тэмдэгтэй өвчилж, 1-2 долоо хоноод үхнэ. Хоёроос дөрвөн сарын бойжилттой хурганы гэдэс ороолдох, чихэлдэ хбөгөөд үүний улмаас хэвлийрүүгээ харах, гэдсээ тийрэх, хүчтэй цовхрох зэрэг шинж тэмдэг үзүүлж, улмаар үхнэ. Мэдрэлийн хэлбэрийн үед хурга гэнэт эргэлдэн унаж, тийчилсээр 1-2 цагийн дараа үхдэг байна. Хөнгөн хордлогын үед хөрвөжсөн төл турж эцэх, баас шингэрэх, туузан хорхойн үеүд үзэгдэх зэргээр өвчилж 3-4 долоо хоногт халдвар архагших шатанд шилждэг. Авителлинээр 6–аас дээш сарын бойжилттой хурга голдуу халдварлаж, намар, өвлийн эхэнд олноороо өвчилдөг бөгөөд мэдрэлийн шинжээр илэрч сүргээсээ хоцорч өөр зүгт явах, толгойгоо унжуулан зогсох, номойрох,  салст бүрхүүл цайх, шилээ татах, таталдах, чичрэх, шүдээ хавирах зэрэг мэдрэлийн хам шинжтэй өвчилж, цөөн цагийн дотор үхдэг.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Төл болон өсвөр мал ихээр турж, эцсэн байхаас гадна ходоод, нарийн ба бүдүүн гэдэс дангаар, эсвэл тэжээл боловсруулах замыг бүхэлд нь хамарсан уст, салст үрэвсэл, цус харвалт, үхжил зэрэг голомтолсон эмгэг өөрчлөлт үүссэн, чацархайн тунгалагын зангилаа томорсон байна. Гельминтийн бүрэн задлан шинжилгээ (ГБЗШ) мөн тэжээл боловсруулах эрхтэн системд нь гельминтийн бүрэн бус задлан шинжилгээ (ГББЗШ)-г хийж тэжээл боловсруулах замд нь туузан хорхой, түүний үе хэсэг илрүүлнэ. Өвчний тархвар зүйн мэдээлэл, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувирал зэргийг харгалзан үзэх ба баас ба цусны сорьцонд хийсэн лабораторийн шинжилгээнд үндэслэн оношийг тогтооно. 

2.3.Лабораторийн оношлогоо: Шинжилгээнд туузан хорхой, баас, цус ба эмгэгт эд эрхтэний сорьцыг ашиглана. Баасны сорьцонд туузан хорхойн үе хэсэг илрүүлэхээс гадна үр хөврөлийн лийр хэлбэрийн аппарат бүхий 56-67 мкм хэмжээтэй, гурвалжин эсвэл 5 өнцөгт хэлбэртэй өндөг илрүүлнэ. Туузан хорхойн үе хэсгийг сүүн хүчлийн карминаар будаж, хорхойн бэлгийн сүв болон умайн хажуугийн салаагаар үүсгэгчийн зүйлийг тогтооно.Ийлдэс судлалын шинжилгээгээр туузан хорхойн төрөл, зүйлийн өвөрмөц эсрэг бие илрүүлж,  тархалтыг тогтооно. Цус, баасны сорьцыг аноплоцефлятын генийн маркерууд ашиглан шинжилж, үүсгэгчийн төрөл, зүйл, тархалтыг тогтооно.

2.4.Ялгаварлан оношлох: Туузан хорхойн халдварт өртөмтгий бүлэг буюу төл, өсвөр насны бог малыг онцлохоос гадна лабораторийн шинжилгээнд илэрсэн туузан хорхойн үүсгэгчээ хоол боловсруулах замын бусад өвчин, халдвараас ялгаварлан оношлох хэрэгтэй.

2.5.Эмчилгээ: Шинжилгээ хийж онош тогтоосны дараа эмчлэхдээ малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг баталгаат малын эмийн сүлжээ дэлгүүр болон харъяа мал эмнэлгийн нэгжээр дамжуулан авч эмчилгээг хийх бөгөөд тухайн эм бэлдмэлийн үйлдвэрлэгчээс гаргасан зааврыг баримтлан хийж гүйцэтгэнэ.

Гурав. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Бог малыг шимэгчийн халдварт өртөхгүй байх нөхцлөөр хангаж, эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийнэ. Бог малыг цэнгэг гол, горхи, худгийн усаар услах, тогтоол ус, нуураас услахгүй байх ба арчилгаа, маллагаа, тэжээллэгийг сайжруулах арга хэмжэг авна.

3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Бог мал нь туузан хорхойтох өвчин гарсан тохиолдолд аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, баг, айл өрхөд мэдэгдэх;
  • Өвчний тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэ‎р‎эгжүүлэ‎х;
  • Бүс нутгийн хэмжээнд бог малын төл туузан хорхойтохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хавар эрт, зун, намар орой гэсэн байдлаар зохион байгуулж, хэрэгжүүлэх,
  • Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
  • Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн нөхцлийг анхаарах, сайжруулах;
  • Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
  • Сэргийлэх арга хэмжээг нэг бэлчээрийн нийт бог малыг хамруулан хэрэгжүүлнэ.

 

Дөрөв. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Бог малын туузан хорхойтох гарсан айл өрх, аж ахуйн нэгжийн мал сүрэгт мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

4.2.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь Бог малын туузан хорхойтох өвчин гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, баг, айл өрхөд мэдэгдэнэ. Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулан өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлнэ.

4.3.Мөн бог малын туузан хорхойтох өвчингарсан бэлчээрт нялх төлийг гаргахгүй байх, хорхойгүйжүүлсэн арга хэмжээний үр дүнг мал эмнэлгийн байгууллага үнэлэх, дүгнэлт гаргах хүртэл малын хөдөлгөөнийг хязгаарлан, бусад малтай ус, бэлчээр холихгүй байх нөхцлөөр хангана.

4.4.Туузан хорхойн шимэгчлэлийн улмаас үхэж хорогдсон өсвөр малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгана. Малын эмчийн зааварчилгааны дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйтгэл хийх шаардлагатай.

4.5.Нядалгааны үед хийх үзлэгээр уйланхайд ихээр нэрвэгдсэн, булчин нь хавагнасан, өнгө нь хувирсан үхрийн гулуузыг устгана. Гулууз, зүрх, өрц, өрцний хөхөнцөр, зажлуурын булчин, улаан хоолой, хэл, бусад булчингийн хоёрт нь л голомт илэрвэл устгах арга хэмжээ авна.

4.6.Нядалгааны үед хоёр гуяны зузаан булчинг хөндлөн зүснэ. Хоёр хааны булчинг залааны товгороос мөрний чиглэлд 5-7 см хэмжээтэйгээр зүсэж үзлэг хийнэ.

Их хэмжээний гэмтэлгүй зүрх, өрц, өрцний хөхөнцөр, зажлуурын булчин, улаан хоолой, хэл бусад булчинд уйланхай илрүүлээгүй боловч үзлэгийг сайтар хийснээр нэг ба түүнээс олон голомт гулуузанд илрүүлбэл гэмтлийг хүрээлэн буй эрүүл эдийн хэсэгтэй хамт авч устгасны дараа гулуузыг хүнсэнд нийлүүлнэ.

Гулуузанд "Саатуулах" гэсэн тэмдэг зүүж ялгах бөгөөд -10°С орчинд 10-аас дээш хоногийн турш хөлдөөсний дараа энэхүү тэмдгийг байцаагчийн хяналттайгаар авах буюу дээр дурьдсан гулуузаас махыг шулж хайрцаг, торх, бусад саванд хийж, "Саатуулах" гэсэн тэмдэг зүүж, байцаагчийн хяналттайгаар 20-оос дээш хоногийн хугацаатай -10°С орчинд хөлдөөнө. Дээр дурьдсан гулуузыг +60°С-аас дээш хэмийн халуун аргаар боловсруулж болно.

4.7.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.