Хэвлэх DOC Татаж авах

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2018 оны А/43 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт

 

БОГ МАЛ СТРОНГИЛТЭХ ӨВЧИН-өөс (Стронгилидоз МРС; StrongylidiosisSR)

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

Нэг. ӨВЧНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Бог малын стронгилтэх өвчин гардаг болон тархах эрсдэлтэй аймаг, орон нутагт урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

1.2.Хамрах хүрээ: Мал эмнэлгийн үйлчилгээнд хамаарах бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага бог малын өвчлөлийн үед уг зааврыг дагаж мөрдөнө.

1.3.Өвчний тодорхойлолт: Бог малын ходоод-гэдсэнд шимэгчилдэг хялгасан хорхойн халдварыг бүлэглэн стронгилтэх гэнэ. Стронгилтэх нь ходоодонд гемонх, телодорсагиа(остертагиа), нарийн гэдсэндтрихостронгилус, нематодирус, коопериа, буностомзэрэг, бүдүүн гэдсэндхаберт, эозофагостом төрлийн хялгасан хорхойн шимэгчлэлээр үүсдэг.  

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Стронгилтэх өвчний үүсгэгчид нь эрэгчин ба эмэгчин салангид бэлэгтэй хялгасан хорхой бөгөөд том хэмжээтэй нь гемонх ≈4 см, буностом≈2.6 см, жижиг нь трихостронгилус ≈0.5 см хэмжээтэй, хабертын ам хатуу эвэрлэг шүдэнцэртэй, гурвалжин далбаагаар хүрээлэгдсэн, нематодирусийн толгойн кутикул өргөссөн тус тус онцлог бүтэцтэй. Үүсгэгчид гадаад орчны тохиромжтой нөхцөл (8°C-25°C,  >10–15 mm чийг)-д 21 хүртэл хоногт  90%-иар халдах чадвараа хадгалдаг ба орчны хэм >-10°C ба 30°C≤ нөхцөлд 48 цагт 70% хүртэл халдах чадваргүй болдог.     

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Стронгилтсэн хэвэгч мал, амьтан халдварын эх үүсвэр болохдоо ходоод гэдсэнд шимэгчилж байгаа эмэгчин стронгилятаас өндөг ялгарч, баастай хамт гадагшилдаг. Гадаад орчинд гарсан өндөгнөөс халдварт авгалдай хөгжиж, бог малын амаар залгигдана. Залгигдсан халдварт авгалдай бог малын ходоод, гэдсэнд 28 хүртэл хоногт бие гүйцэн шимэгчлэх ба өндөг төрүүлэн, үржил хөгжлөө үргэлжлүүлнэ. Буностом зэрэг зарим төрлийн авгалдай амаар залгигдахаас гадна арьсаар нэвтрэн гэдсэнд хүрч, шимэгчилж болдог.   

Хоёр. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Халдвар ихэвчлэн олон төрлийн стронгилятын холимог халдвараар тохиолддог ч давамгайлах шимэгчийн төрлөөс хамаарч эмнэлзүйн шинж тэмдэг өвөрмөц илэрнэ.  Тухайлбал, гемонхозын улмаас бог мал халуурах, богино хугацаанд цус багадан, салст бүрхүүл цайх, эрүүн доор усан хаван гүйх, чацга алдах, хэвтэх зэргээр эмнэлзүйн шинж тэмдэг үзүүлэн, өвчилж, олноор үхнэ. Хабертиозын гаралт манай орны ойт болон тал хээрийн бүсэд 3–р сарын сүүлчээс эхлэн дараа жилийн 3–р сар хүртэл хугацаанд бог мал, ялангуяа төлөг, борлон эцэж турах, цус багадан салст бүрхүүл цайх, баас нь шингэрч хоргол нь задгайрах шинж тэмдэгтэй илэрч, 1,2–р сараас эхлэн үхэж хорогддог. Буностомоз, нематодириоз, остертагиоз, трихостронгилиозын гаралт манай орны ойт хээрийн бүсэд 5–11 сард дээд хэмжээнд илрэх ба төлөг, борлон халуурах, салст бүрхүүл цайх, хэвтэх, эрүүн доор усан хаван гүйх, эцэж турах, баас шингэрч чацга алдах, арьс хуурайших, үс ноос унах зэрэг шинжээр өвчилж, үхэж хорогдоно. 

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Халдварласан бог мал турж, эцсэн байхаас гадна үүсгэгчийн төрлийн онцлог, халдварын эрчимжил зэргээс хамаарч, ходоод, нарийн ба бүдүүн гэдсэнд  дангаар эсвэл ходоод-гэдэсний системийг бүхэлд нь хамарсан уст,  салст, цусархаг зарим тохиолдолд идээт үрэвсэл, цус харвалт, үхжил зэрэг голомтолсон эмгэг өөрчлөлт үүсгэсэн  байна. Мөн чацархайн тунгалагын зангилаа томорсон, жижгэрсэн,  өнгө нь өөрчлөгдсөн, шарласан, үнхэлцэг, дэлүү үрэвссэн, элгэнд авгалдай нүүдэллэсэн үрэвслийн голомтууд үүссэн байдаг. Ходоодонд улаан, цагаан утас нийтгэсэн мэт алаг биетэй гемонх 1000–аас дээш, хосонд хаберт 100–200–аас дээш, хос, бүдүүн гэдсэнд буностом 200–300–аас дээш илэрвэл стронгилтэх оношлогдсонд тооцно.

2.3.Лабораторийн оношлогоо: Шинжилгээнд стронгилят үүсгэгч, баас, цус ба эмгэгт эд эрхтний сорьцыг ашиглана. Баасны сорьцонд стронгилятын зуйван хэлбэртэй, дотроо үр хөврөлийн эс, эсвэл авгалдай бүхий цагаан шаргал өндөг илрүүлэн, үүсгэгчийн төрлийг тогтоох ба өсгөвөрлөсөн баасны сорьцонд үүсгэгчийн зүйлийн өвөрмөц бүтэц бүхий авгалдай илрүүлэн оношлоно. Нэг грамм баасны сорьцонд байгаа стронгилятын өндөг, авгалдайн тоогоор халдварын эрчимжлийг тогтооно. Цусны сорьцонд ийлдэс судлалын аргаар стронгилятын эсрэгбие илрүүлнэ.

Стронгилтэх өвчний генийн маркер ашиглан цус, баас болон эмгэгт эд эрхтэнд молекул биологийн шинжилгээ хийж, стронгилятын төрөл, зүйл, тархалтыг тогтооно.

2.4.Ялгаварлан оношлох: Гельминтийн задлан шинжилгээ болон баас, цусны шинжилгээгээр илрүүлсэн стронгилятыг үндэслэн өвчүү омруунд  хаван үүсгэх, цус багадах, турах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг үзүүлдэг бусад өвчнөөс ялгаварлан оношлоно.  

2.5.Эмчилгээ: Сүрэгт оношлогдсон стронгилтэх өвчний хамаарал, эрчимжлийг үндэслэн эмчилгээг төлөвлөн хэрэгжүүлнэ. Үүнд:

Стронгилтэх оношлогдсон тухай бүр өвчтэй мал, амьтныг эмчлэхдээ малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийн аль нэгийг баталгаат малын эмийн сүлжээ болон харъяа мал эмнэлгийн нэгжээр дамжуулан авч эмчилгээг хийх бөгөөд тухайн эм бэлдмэлийн үйлдвэрлэгчээс гаргасан зааврыг баримталж малын эмчийн хяналтан дор эмчилгээг хийж гүйцэтгэнэ.

Гурав. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Бог малыг шимэгчийн халдварт өртөхгүй арчилгаа, маллагаа, тэжээллэгийн нөхцлөөр хангана.  Бог малыг цэнгэг гол, горхи, худгийн усаар услах, тогтоол ус, нуураас услахгүй. Бог малд эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийнэ.

3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Жилд 2-оос доошгүй удаа нийт сүргийн 6-аас дээш хувийг лабораторийн шинжилгээнд хамруулахдаа стронгилтэх халдварт өртөмтгий бүлэг болох турж, доройтсон, бага насны, хөхүүл, үржилд түлхүү ашиглаж байгаа өндөр ашиг шимт малыг сонгон хамруулна.Стронгилтэх тогтмол гардаг нутгийн малд сэргийлэх хорхойгүйжүүлэх арга хэмжээг жилд 2 удаа - хавар 4-р сарын 15-аас 5-р сарын 15-ны хооронд, намар 10-р сарын 15-наас 11-р сарын 15-ны хооронд хэрэгжүүлнэ. Сэргийлэх арга хэмжээг нэг бэлчээрийн нийт бог малыг хамруулан хэрэгжүүлнэ.

Дөрөв. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Халдварын эх үүсвэр тогтоох тархвар зүйн арга хэмжээ: Бог малын стронгилтэх өвчин гарсан айл өрх, эрчимжсэн аж ахуйн мал сүрэгт малын эмчийн санал, дүгнэлтийг үндэслэн тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

а/Бог малын стронгилтэх өвчин гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, баг, айл өрхөд мэдэгдэнэ. Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулна.

б/Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйтгэлийн бодис, бэлдмэлүүдийг ашиглана.

4.2.Хязгаарлалт тогтоох /үргэлжлэх хугацаа, онцлог арга хэмжээ/: Бог малын стронгилтэх өвчин гарсан бэлчээр, усыг 21 хүртлэх хоногт чөлөөлж, сэлгэн ашиглах, хорхойгүйжүүлсэн арга хэмжээний үр дүнг мал эмнэлгийн байгууллага үнэлэн, шийдвэр гаргах хүртэл малын хөдөлгөөнийг хязгаарлан, бусад малтай ус, бэлчээрээр нийлүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

4.3.Өвчилсөн мал, амьтныг утсгах арга хэмжээ: Стронгилятын шимэгчлэлийн улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйтгэл хийж булах, эсвэл шатааж устгана.

4.4.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.