Хэвлэх DOC Татаж авах

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2018 оны А/57 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

ҮХРИЙН ДИАРЕЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

/BOVINE VIRAL DIARRHEA (BVD/

 

НЭГ. ӨВЧНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Үхрийн вирусийн диарей өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

1.2.Хамрах хүрээ: Үхрийн вирусийн диарей  өвчний эрсдэлтэй болон уг өвчин бүртгэгдсэн бүс, орон нутагт урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг дагаж мөрдөнө.

1.3.Өвчний тодорхойлолт: Үхрийн вируст диарей өвчин (BVDV- bovine viral diarrhea virus) нь ам, хамрын салст бүрхүүл улайж үрэвсэх, буйл, тагнай, завьж болон тэжээл боловсруулах замын эрхтний салст бүрхүүлд шархлаа, яршил үүсэх, халуурах, нус шүлс, нулимс гоожих, цус залхагтай чацга алдах шинжээр илэрдэг цочмог явцтай вирусийн халдварт өвчин юм.

1.4.Өвчний үүсгэгч: Flaviviridae язгуурын Pestivirus төрлийн РНХ агуулсан вирусээр үүсгэгдэнэ. Эфир, хлорформ, трипсинд идэвхгүйжнэ. Вирус хэт хүчиллэг (рH 3.0) орчинд амархан идэвхгүйжих ба саармаг орчинд (рH 7.0-7.4) идэвхит чанараа хадгалах бол -200 С-д н‎эг жил хүртэл хугацаанд амьд байна. Нарны шууд гэрэл болон хэт ягаан туяанд 1-3 цаг, натрийн шүлт, формалины 1-3%-ийн уусмалд шууд идэвхээ алдана. Өвчилсөн болон эдгэрсэн мал нь 50-150 хоног вирус тээгч болдог учир үүсгэгч баас, шээс, нус, шүлс, хөлсөөр гадагшлуулж гадаад орчныг бохирдуулна.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Үүсгэгч агаар дусал, хавьталын болон бохирдсон тоног хэрэгсэл, онгоц, услуур, ус, өвс тэжээлээр дамжин халдварлана. Мөн өвчтэй малтай харьцаж байсан хүний хувцас, гутал хэ‎рэ‎гл‎эж байсан тоног хэ‎рэг‎слээ‎‎р дамжиж болно. Халдварын эх булаг нь өвчтэй буюу өвчлөөд эдгэрсэн мал, амьтан байна. Энэ өвчнөөр бүх насны үхэр өвчлөх боловч цэвэр, эрлийз үүлдрийн болон өсвөр насны буюу 8-24 сарын настай үхэр өвчилнө. Мөн уг өвчнөөр сарлаг их мэдрэмтгий бөгөөд хүнд явцтай өвчилнө.

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе 2-10 хоног үргэлжлэх ба цочмог, цочмогдуу, архаг явцтай тохиолдоно. Цочмог явцтай өвчилсөн үхрийн биеийн халуун 39.5-420С хүрч тэжээлдээ дургүй болж номойрох ба хамраас их хэмжээний шингэн нус гоожиж аажимдаа өтгөрч хамрын толион дээр хатаж тав үүсгэнэ. Амьсгалын тоо (49-90) олшрох, зүрхний хэм алдагдаж (80-120) байнга хэвтэнэ. Баас шингэрч хар ногоон өнгөтэй, цус залхагтай болно. Дээрх шинж тэмдгүүд 7 хоногийн турш ажиглагдах ба шингэн чацга их хэмжээгээр алдана. Чацга алдалт хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн турш үргэлжилнэ. Чацга нь хөөстэй, усан, муухай үнэртэй, салс, залхагтай байна. Өвчин хүндрэх тутам чацган дахь цусны хольц нэмэгдэнэ. Чацга алдаж шингэн дутсаны улмаас биеийн жингийн 15-25 хувийг алдана. Сүү татрах, гүзээ агшихгүй болох шинжүүд ажиглагдана. Халуурах, чацга алдах шинж тэмдэг илэрснээс ам, хамрын толио, үтрээний салст бүрхүүлд цус ихдэлт болж 5-30 мм хэмжээтэй шархлаа үүснэ. Амны хөндий гэмтснээс их хэмжээний шүлс гоожно. Өвчний үед үений үрэвсэл болж ихэнх мал доголно. Өвчний цочмог явц нь 2-6 долоо хоног үргэлжлэх ба ихэнх малын өвчлөл архаг явцад шилжинэ. Архаг явцтай үед тэжээлийн дуршилгүй болж биеийн өсөлт зогсож турж эцэх ба биеийн халуун үе үе нэмэгдэнэ. Сааль сүү татрах, баас нь шингэрэх шинж ажиглагдана. Өвчний шинж тэмдэг тод бус илэрдэг учир оношлоход амаргүй байдаг. Цочмогдуу явц ихэвчлэн нялх, өсвөр тугалд ажиглагдана. Мөн үнээ хээл хаяж болно.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Тэжээл боловсруулах замд шархлаа, яршил үүснэ. Салст бүрхүүл хавагнаж цус ихдэлт болно. Эдгээр хувиралт нь хучуур эдэд тод ажиглагдана. Амны хөндий, хамрын таславч, толион дээр болон улаан хоолойд шархлаа үүснэ. Ходоодны салст бүрхүүл цус харвалт, цус ихдэлт ажиглагдана. Ихэнх тохиолдолд залгиур төвөнх, мөгөөрсөн хоолойн салст бүрхүүлд цус ихдэл, салсархаг шингэнтэй байна.

2.3.Лабораторийн оношлогоо: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд вирус ялгах болон ПГУ, ЭЛИЗА, ВСУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ. Мөн вирусийн генийн дараалал тогтоох шинжилгээ хийнэ.

2.4.Ялгаварлан оношлох: Вируст диарей өвчний үед амны хөндийд үүссэн шархлаат гэмтэл их байх боловч хэлний дээд тал гэмтэх нь бага байдгаар салстын өвчнөөс ялгагдана. Салстах өвчний үед шүлс их гоождог бол вируст диарейн өвчний үед харьцангуй бага гоожно.Хорт салст халуурал өвчний эхний шатанд андуурах тохиолдол байж болно. Мэдрэлийн шинж, нүдний үрэвсэл, халдварлалтын хувь  бага байх, үхлийн хувь өндөр байх зэргээр хоорондоо ялгагдана. Иж сүрьеэ өвчнөөс халдварлалтын хувь бага байх, архаг явц, баас, салст бүрхүүлийн хусдаснаас хүчилд тэсвэртэй нян илрэх зэргээр ялгагдана. Мөн янз бүрийн өвс тэжээлийн хордлогоос ялгаварлан оношлох хэрэгтэй.

2.5.Эмчилгээ: Вируст өвчний шууд эмчилгээ гэж байхгүй. Халдвартай амьтдыг сүргийн үлдсэн хэсгээс тусгаарлаж, хэрэв шаардлагатай бол хоёрдогч халдварын эсрэг эм, антибиотикоор эмчилнэ. Уг өвчний үед илэрч буй шинж тэмдэгт үндэслэн  хоёрдогч халдвараас сэргийлж шинж тэмдгийн эмчилгээг хийнэ. Биеийн эсэргүүцлийг сайжруулах, шингэн нөхөх зорилгоор төрөл бүрийн шингэн нөхөх бэлмэлүүдийг хэрэглэхийн дээр хоёрдогч халдвараас сэргийлэх зорилгоор малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн окситетрациклин, пенстреп, нитокс, фармазин зэрэг сүүлийн үеийн антибиотикийг зааврын дагуу хийнэ.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, голомтын бүсээс бог малыг гадагш гаргахгүй байх. Өвчтэй малыг эрүүл малаас тусгаарлаж тусад нь саравчинд хийн өвчний шинж тэмдэг үзүүлсэн яр шархыг цэвэрлэнэ. Бүрэн эдгэрсний дараа бусад эрүүл малтай нийлүүлнэ.

3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Одоогоор дэлхий нийтэд амьд, хатаасан вакциныг хэрэглэж байна. Вакциныг үйлдвэрлэгчээс гаргасан хэрэглэх зааварт заасны дагуу хэрэглэнэ. Вакциныг сэрүүн (+40C-ээс +100C) эсвэл хүйтэн (-200C-ээс +40C), харанхуй, хуурай байранд үйлдвэрлэгчийн заасан хугацаагаар хадгална. Мөн  хагарч, гэмтэхээргүй хадгалах нөхцөлийг бүрэн хангасан тоноглогдсон тээврийн хэрэгсэл эсвэл хадгалах нөхцөлийг бүрэн хангасан зөөврийн хөргүүр, хөлдөөгч ашиглан тээвэрлэнэ. Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч дархлаажуулалт хийх үед мал амьтныг барьж бэхлэн, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангана.

3.3.Тандалт: Үхрийн диарей өвчин гарсан ферм, аж ахуйн нэгжээс асуумж авч,  халдвартай үхрийг сүрэг сэлбэлтэнд оруулахгүй байх. Мөн жил бүр өвчний тандалтыг системтэй хийж байх шаардлагатай.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Тархвар зүйн судалгаа: Баталсан “Тархвар зүйн судалгааны хуудасны загвар”-ыг ашиглан, тархвар зүйн судалгааг явуулна. Тархвар зүйн судалгааны үр дүн нь цаашид тухайн бүс, үхрийн диарей өвчинтэй тэмцэх, хянах чиглэлд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах, хэрэгжүүлэх үндэслэл болно.

4.2.Хязгаарлалт тогтоох: Үхрийн диарей өвчин гарсанаж ахуйн нэгж, ферм, айл өрхөд болон өвчин гардаг нутаг бэлчээрт хазгаарлалтын дэглэм тогтооно. Хязгаалалтын дэглэм тогтоосон бүсээс гарах үхэр, тэдгээрийн гаралтай түүхий эд тээвэрлэж байгаа тээврийн

хэрэгслийн шилжилт хөдөлгөөнхийхгүй. Зайлшгүй шаардлагаар гарах зорчигч тээврийн хэрэгсэл, хүний хувцас хэрэгслийг шалган нэвтрүүлэх цэг дээр халдваргүйтгэл хийж гаргана. Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлана. Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн мал, төл эдгэрсэн юм уу үхсэн, сэргийлэх вакцин таригдсанаас хойш 30 хоногийн дараа бүх мал, төлд эмнэлгийн үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйтгэл хийж хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.

4.3.Халдваргүйтгэлийн арга хэмжээ: Өвчтэй төлийн уруул, амны орчмын яр шархыг поведи иод, марганцын 1:1000, риванолын 1:500 угааж цэвэрлэнэ. Яр шархыг цэвэрлэсэн хөвөн бинт зэргийг ил хаяж болохгүй. Халдвар дамжих эрсдэлтэй тул шатаах, халдваргүйтгэх бодисд хийж хонуулсны дараа тусгай зориулалтын уут саванд хийж хаяна. Өвчтэй мал байсан хашаа хороог 2%ийн формалальдгидын уусмал болон бусад халдваргүйтгэх уусмалаар шүршиж ариутгана.

4.4.Өвчин гарсан үед мал, амьтан, бүтээгдэхүүнд тавих шаардлага, ашиглах арга, зориулалт:Хязгаалалтын дэглэм тогтоосон бүсээс гарах үхэр, тэдгээрийн гаралтай түүхий эд тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийхгүй. Үхрийн диарей өвчин гарсан айл өрхийн эрүүл малыг вакциндах, мөн нэг худаг ус болон бэлчээрээс бэлчээрлэдэг бог малд уг өвчний эсрэг  вакциныг хийх. Үхрийн диарей өвчин гарсан айл өрхийн малыг тусад нь бэлчээрлүүлэх, эрүүл малтай хамт нэг бэлчээр болон худаг уснаас услахгүй байх.

4.5.Хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцалсан үед мал, амьтан, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд тавих шаардлага, ашиглах арга, зориулалт: Үхрийн диарей  өвчнөөр өвчлөөд бүрэн эдгэрсэн малыг хязгаарлалтын дэглэм бууснаас хойш худалдаалах болон хэрэгцээлэх шаардлага гарвал малын эмчид үзүүлж өвчин бүрэн эдгэрснийг батлах бичиг авч, зах зээлд нийлүүлж болно

4.6.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.