Хэвлэх DOC Татаж авах

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2018 оны А/57 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

ҮХРИЙН РИНОТРАХЕИТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ АРГА

ХЭМЖЭЭНИЙ ЗААВАР /BOVINE RINOTRACHEITIS IBR/

НЭГ. ӨВЧНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Үхрийн ринотрахеитөвчнөөсурьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

1.2.Хамрах хүрээ: Үхрийн ринотрахеит  өвчний эрсдэлтэй болон уг өвчин бүртгэгдсэн бүс, орон нутагт урьдчилан сэргийлэх, тэмцэхэдмал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг дагаж мөрдөнө.

1.3.Өвчний тодорхойлолт: Үхрийн ринотрахеит өвчин нь өсвөр үхрийн ам, хамар, нүд болон амьсгалын дээд замын салст бүхүүл үрэвсэх, халуурах, ханиах, үнээ болон бухны үржлийн эрхтэний салст бүрхүүлд үрэвсэл, цэврүүт яршил үүсэх шинж тэмдгээр илэрдэг вирусийн хавьтал халдварт өвчин юм.

1.4.Өвчний үүсгэгч: Herpesviridae язгуурын Alphaherpesviridae төрөлд хамрагдах ДНХ агуулсан вирус юм. Энэ вируснь 60-70оС-д 7-9 сар, 20-30оС-д 4-5сар, 56оС-д 20 минут, 37оС-д4-10 хоног, 22оС-д 50 хоног идэвхээ хадгална. Вирус формалины 1:500 уусмалд 24 цаг, ацетон, эфир, хлорфром, этилийн спиртэнд богино хугацаанд идэвхээ алдана. Мөн ариутгах бодисууд амархан саармагжуулна. Өвчлөөд эдгэрсэн малын баас, шээс, нус, шүлсээр вирус 14-21 хоног гадагшлах бөгөөд хөрс, ус, ургамал малын хэвтэр, бууц болон өвчтэй малын тоног хэрэгсэлд 21-30 хоног идэвхтэй байна. Харин нарны шууд гэрэл, хэт ягаан туяанд 3-5 хоногийн дараа идэвхээ алдана.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам Вирус агаар дусал, хавьтал, тэжээл боловсруулах болон бэлгийн замаар дамжин халдварлана.Халдварын эх булаг нь өвчтэй, өвчлөөд эдгэрсэн үхэр болон вирусээр бохирлогдсон ус, тэжээл, хашаа, саравч, тоног хэрэгсэл, өвчтэй малтай харьцаж байсан хүний гутал, хувцас, бээлий, багаж, тээврийн хэрэгсэл зэргээр дамжин халдвар тархах аюултай.

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь 5-10 хоног байх бөгөөд цочмог, цочмогдуу явцтай байна. Энэ өвчний үед амьсгалын дээд замын салст бүрхүүл улайж үрэвсэн шингэн нус, шүлс ихээр гоожих, халуурах, ханиах, үнээний үтрээний салст бүрхүүлд цэврүүт яршил үүсэх, хээл хаях, хаг саатах, бухны үржлийн эрхтний салст бүрхүүлд гүвдрүүт яршил үүсэх, нялх тугал, өсвөр насны үхрийн үе мөч хавдах, доголох, халуурах, тэжээл усандаа дургүй болох, өсвөр үхрийн нүдний салст бүрхүүл үрэвсэх, нулимс гоожих, нуухтах, нүдний эвэрлэг бүрхүүл цийх, нялх тугалд тархи нугасны үрэвсэл үүсэх, халуурах, үе мөч саажих зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Өвчний эхний үед ам, хамрын салст бүрхүүл улайж үрэвсэн биеийн халуун 40-410С хүртэл нэмэгдэх, ус тэжээлдээ дургүй болох, үс, өнгөө алдах, ханиах, заримдаа цус залхагтай чацга алдана. Мөн үнээний дэлэн үрэвсэх, хавдах, сүү нь татрах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана. Амьсгалын замд их хэмжээний салслаг шингэн хуримтлагдсанаас амьсгал давхцаж өнгөц болон амаараа амьсгална. Өвчин хүндэрсэн үед хэвтэх бөгөөд ихэвчлэн хоёрдогч уушиг, мөгөөрсөн хоолойн үрэвслийн улмаас болж үхэх тохиолдол зонхилдог байна.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Өвчин амьсгалын дээд замын салст бүрхүүл үрэвсэх шинжээр илэрсэн үед хамрын хөндий, тагнай, төвөнх, залгиур, цагаан мөгөөрсөн хоолойд цус харвах, салслаг шингэн хуримтлагдах, уушиг үрэвсэх, уушиг хоорондын тунгалгийн зангилаа томрох, үе мөч хавдах, нүдний салст бүрхүүл үрэвсэх, тархи, нугасанд цус харвах, хаван үүсэх, зэрэг эмгэгийн хувиралтүүд ажиглагдана.

2.3.Лабораторийн оношлогоо: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд эцсийн оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд вирус ялгах болон ПГУ, ЭЛИЗА, ВСУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ. Мөн вирусийн генийн дараалал тогтоох шинжилгээ хийнэ.

2.4.Ялгаварлан оношлох: Ринотрахеитийн үед ам, хамрын болон тэжээл боловсруулах замын эрхтний салст бүрхүүлд яршил үүсэхгүй, зөвхөн үрэвсэл илэрдгээрээ бусад эмнэл зүйн төстэй шинж тэмдэг илэрдэг вируст диарей, иж томуу-3, шүлхий, хорт салст халуурал зэрэг өвчнүүдээс ялгаатай байна.

2.5.Эмчилгээ:Вируст өвчний шууд эмчилгээ гэж байхгүй. Халдвартай амьтдыг сүргийн үлдсэн хэсгээс тусгаарлаж, хэрэв шаардлагатай бол хоёрдогч халдварын эсрэг үрэвслийн эсрэг эм, антибиотикоор эмчилнэ. Өвчний үед илэрч буй шинж тэмдэгт үндэслэн биеийн эсэргүүцлийг сайжруулах, шингэн нөхөх зорилгоор төрөл бүрийн шингэн нөхөх бэлмэлүүдийг хэрэглэхийн дээр хоёрдогч халдвараас сэргийлэх зорилгоор антибиотикуудыг хэрэглэх арга, тунгаар зааврын дагуу хийнэ.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий болон Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Одоогоор дэлхий нийтэд амьд, хатаасан болон идэвхигүйжүүлсэн вакциныг өргөн хэрэглэж байна. Уг өвчний хяналт нь вакцины хэрэглээнд тулгуурладаг. Ринотрахейтын амьд вирусийн вакциныг биокомбинатад үйлдвэрлэж байгаа ба уг өвчнөөр тайван бус суурь, фермийн үхэрт 14 хоногийн завсарлагатайгаар бяруунаас дээш насны үхэрт 5 мл-ээр, 5 хоногоос дээш насны тугалд 2 мл-ээр тарина. Бүдүүн үхэр 6 сарын, тугал 4 сарын дархлаатай болно. Халдварын эрсдэлээс сэргийлж тугалыг 2-3 долоо хоног дотор вакцинжуулна.

3.2.Тандалт: Үхрийн ринотрахейт өвчин гарсан ферм, аж ахуйн нэгжээс асуумж авч,  халдвартай үхрийг сүрэг сэлбэлтэнд оруулахгүй байх.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Тархвар зүйн судалгаа: Тархвар зүйн судалгаа хийнэ. Тархвар зүйн судалгааны үр дүн нь цаашид үхрийн диарей өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын төлөвлөгөөг гаргах, хэрэгжүүлэх үндэслэл болно.

4.2.Хязгаарлалт тогтоох: Үхрийн ринотрахеит өвчин гарсанаж ахуйн нэгж, ферм, айл өрхөд болон өвчин гардаг нутаг бэлчээрт хазгаарлалтын дэглэм тогтооно. Хязгаалалтын дэглэм тогтоосон бүсээс шилжилт хөдөлгөөн хийхгүй. Зайлшгүй шаардлагаар гарах зорчигч тээврийн хэрэгсэл, хүний хувцас хэрэгслийг шалган нэвтрүүлэх цэг дээр халдваргүйтгэл хийж гаргана.Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед малын шилжилт, хөдөлгөөн, үзэсгэлэн зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноормал бөөгнөрүүлэхгүй. Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн мал эдгэрсэн юм уу үхсэн, эсхүл урьдчилан сэргийлэх вакцин таригдсанаас хойш 30 хоногийн дараа бүх малд үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйтгэл хийж хязгаарлалтын дэглэм тогтоосон албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.

4.3.Халдваргүйтгэлийн арга хэмжээ: Өвчтэй мал байсан хашаа хороог 2 хувийн формальдгидын уусмал болон бусад халдваргүйтгэх уусмалаараар шүршиж ариутгана.

4.4.Шаардлага: Хязгаалалтын дэглэм тогтоосон бүсээс гарах үхэр, тэдгээрийн гаралтай түүхий эд тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийхгүй. Үхрийн ринотрахеит өвчин гарсан айл өрхийн малыг тусад нь бэлчээрлүүлэх, эрүүл малтай хамт нэг бэлчээр болон худаг уснаас услахгүй байх.

4.5.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.