Хэвлэх DOC Татаж авах

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2018 оны А/57 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт

 

МАЭДИ-ВИСНА ӨВЧНӨӨС  УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

МAEDI-VISNA, OVINE PROGRESSIVE PNEUMONIA, МАЭДИ-ВИСНА

 

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Энэхүү заавар нь маэди-висна өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Маэди-висна өвчнөөсурьдчилан сэргийлэх, тэмцэхэдмал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт: Хонь, ямааны Маэди-Висна нь үндсэндээ хоёр үндсэн эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлдэг өвчин бөгөөд хонь, ямааны Маэди нь уушигны цулцангийн хананы эдийн лавширмал үрэвсэл, Висна нь тархины эдийн үрэвслийн эмгэгээр илэрдэг зонхилон ямаанд тусдаг архаг явцтай, хавьтал халдварт өвчин юм.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Маэди-Висна өвчин нь Ретровирусын язгуурын Лентивирусын төрлийн үүсгэгчээрүүсгэгдэнэ.Лентивирус гадаад орчинд хэдэн өдөр байх бөгөөд хэт ягаан туяаны үйлчлэлд герпесвирусээс 10 дахин тэсвэртэй боловч тос уусгагч, угаагч бодис, иодын хэт ислийн нэгдлүүд, фенолт бодис, формальдегид зэрэг түгээмэл халдваргүйтгэх бодисууд болон бага рН <4.2-д тэсвэргүй.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Өвчний үүсгэгч хавдрын эсэд үржиж олшроод агаар дуслын замаар гадагшилдаг учир амьсгалын замаар халдварладаг. Мөн эх малаас уураг болон сүүгээр дамжин халдвар тардаг нь тогтоогдсон байна. Цус, сүү, үр хөврөлөөр дамжиж болно. Өвчний үүсгэгчийн эх булаг нь Маэди-Виснагийн вирусээр халдварласан болон өвчилсөн хонь, ямаа юм.

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Энэ өвчний талаар харьцангуй бага судлагдсан. Маэди-Висна өвчний нууц үе хэдэн сараас хэдэн жил үргэлжилнэ. Халдвар авсан амьтны уушгинд хамгийн түрүүнд үрэвсэл үүсгэдэг. Маэдигийн вирусийн халдварын үед өвчилсөн хонь, ямаа үлбэгэр дорой болж амьсгаадах, хааяа ханиах, сүргээс хоцрон арай ядан явах, лавшран турсаар тамиргүйдэх, ихэнхдээ эвхрэн хэвтэх, хөхүүл хонины дэлэн хатууран томорч сүүгүйдэх зэрэг шинж архаг явцтайгаар илэрч улмаар үхнэ. Виснагийн вирусийн халдварын үед өвчилсөн хонь, ямаанд урд хөл сулран тэнцвэр алдах, доголох, шургачих, булчингууд чичрэх, улмаар саажих, турж эцэх зэрэг мэдрэлийн эмгэгийн шинж үзүүлнэ. Гэхдээ тархинд эмгэг үүсгэдэг нь Исландаас өөр улсад бүртгэгдээгүй.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Уушгинд булчирхайлаг нягт улаан, хүрэн улаан, бор саарал алагласан хавдар үүсч хатууран томрох, тэр хавийн тунгалгийн зангилаанууд улаан, хүрэн улаан болж томорч зөөлрөх, мөгөөрсөн хоолойд ялимгүй хөөсөрхөг салслаг шингэн хуралдах нь Маэди–Виснагийн түгээмэл онцлог эмгэг өөрчлөлт юм. Ихэнх тохиолдолд хоёрдогч халдварын улмаас уушиг, цээжний хөндий идээлэн ногоон, шар ногоон, улаан өнгөөр алагласан байдаг. Тархи, дэлэнгийн үрэвслийн эмгэг элбэг биш.

2.3.Лабораторийн оношлогоо: Хээрийн нөхцөлд хамраас шингэн гоожиж, амьсгаадаж, сүргээс хоцордог, эрчимтэй турсан хонины бөгсөн биеийг өргөхөд хамраас шингэн гоожих нь улам нэмэгддэг байна. Тухайн айлын бүх хонь, ямааны уушигны орчимд чагнахад ус буцалж байгаа мэт авиа сонсогдоно, 20 минут хөөж туусны дараа эсвэл хамрыг нь бөглөн нэг минут амьсгааг түгжихэд амьсгаадаж хэрчигнүүртэй удаан ханиадаг, хоёрдогч халдвараар хүндрээгүй бол биеийн халуун хэвийн байдаг зэрэг аргуудаар урьдчилсан онош тавьж болно. Шинжилгээнд эмгэгт материалыг авч хүргүүлнэ. Цусны болон задлангаар эмгэг хувирал илэрсэн дээжийг хөлдөөлгүй хүйтэн хэлхээнд лабораторид хүргүүлнэ. Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд вирус ялгах болон нэвчин тундасжих урвал /НТУ/, полимеразын гинжин урвал /ПГУ/, ЭЛИЗА зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ. Аденоматозоос эсрэгээр ийлдэс судлалын шинжилгээ хийх боломжтой байдаг. Гэхдээ ямааны үе мөч тархины үрэвсэлийн вирустэй ийлдэс судлалаар солбицох урвал өгдөг учир молекул биологийн аргаар баталгаажуулах шаардлагатай.

2.4.Ялгаварлан оношлох: Маэдиг аденоматоз, диктокаулёз, хуурамч сүрьеэ, нокардиоз, уушигны идээт архаг үрэвсэл, цусан халдвараас, Виснаг листериоз, скрепи, галзуу, тархины бусад үрэвслээс ялган оношлоно.

2.5.Энэ өвчинд ямар ч эмчилгээ байдаггүй.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Урьдчилан сэргийлэх: Маэди-Висна өвчний сэжиг бүхий мал, амьтныг шинжилгээнд хамруулж онош батлагдсан бол устгалд оруулна. 

3.2.Тандалт: Санамсаргүй түүврийн аргаар гүйцэтгэнэ.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Маэди-Висна өвчний онош батлагдсан тохиолдолд үлдсэн хонинд шинж тэмдгийн үзлэг хийнэ. Хорио цээр тогтоох шаардлагагүй. 

4.2.Хязгаарлалтын дэглэмийг суурийн төвшинд тогтоож малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн зохион байгуулах, нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлана.

4.4.Маэди-Висна өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг булж устгаж болно. Хашаа хороо, тоног хэрэгслийг сайтар цэвэрлэж хатаана. Хашаа хороо, тоног хэрэгслийг Virkon 1 %, Hi-cop зэрэг бэлдмэлүүдээр халдваргүйтгэнэ. Халдваргүйтгэлийн бэлдмэлийг зөв тунгаар найруулсны дараа уусмалын рH-ийг шалгаж, зохих түвшинд байгаа эсэхийг сайтар нягталсны дараа хэрэглэнэ.

4.5.Маэди-Висна өвчний онош батлагдсан хойно тухайн мал, амьтныг малын эмчийн хяналтанд зохих зааврын дагуу устгаж булна. Тухайн мал, амьтны мах, дайвар бүтээгдэхүүн, түүхий эдийг боловсруулалгүй устгалд оруулна.  

4.6.Маэди-Висна өвчин илэрсэн сүрэгт үзлэг хийж уушигны ямар нэг эмгэгтэй мал, амьтныг шинжилгээнд хамруулна. Өвчин батлагдсан мал, амьтныг хэрэгцээлэлгүй устгалд оруулна. Өвчингүй мал, амьтны гаралтай бүтээгдхүүнийг ашиглах, зах зээлд нийлүүлэхэд ямар нэг өвөрмөц шаардлага тавигдахгүй. 

4.7.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.