

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2019 оны А/05 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ЗӨГИЙН АМЕРИК ҮЖИЛӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,ТЭМЦЭХ ЗААВАР
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго:Зөгийн америк үжил өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Зөгийн америк үжил өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Тодорхойлолт:Америк үжил нь спор үүсгэгч Paenibacillus larvae бактериар үүсгэгддэг, хаасан авгалдай, хүүхэлдэй (үрвэлдэй)-г өвчлүүлдэг халдварт өвчин юм.Энэ өвчин нь зөгийн үржил, хөгжил явагдаж буй зуны улиралд зөвхөн үрвэлдэйг өвчлүүлдэг. P. larvae бактери нь бага зэргийн дугуйрсан төгсгөлтэй, грам-эерэг, шулуун, заримдаа бага зэргийн муруйсан хэлбэртэй нарийн савханцар юм. Савханцар нь 1.5-6 микрометр (мкм) урт, 0.5-0.8 мкм өргөн хэмжээтэй байдаг бол спор нь зууван хэлбэртэй урт нь өргөнөөсөө 2 дахин их, 0.6х1.3 мкм хэмжээтэй байдаг. Спорыг карбол фуксинээр будахад хана нь улаан-ягаанаар будагдаж, төв хэсэгтээ будагдаагүй байдаг. Халдварласан авгалдай бүрт 2.5 тэрбум спор үржиж, халдварын эхэн үед буюу 10 өдрийн дотор бактерийн ургал эсүүд голлон, споруудын хэлбэржилт нь эхэлж байгаа харагддаг.
1.4.Өвчний явц, шинж тэмдэг:Paenibacillus larvae бактериар халдварласан үрвэлдэй нь цайвар хүрэн өнгөөс хар өнгөтэй болж, 7-12 хоногийн хугацаанд үхдэг. Хааж удсан авгалдайн хөгжлийн сүүлийн шат болон хөгжлийн эхний шатанд буй хүүхэлдэй өвчилж ташаалавчин дотроо үхдэг, үхсэн үрвэлдэй нь зунгааралдсан, өмхий үнэртэй байдаг. Өвчнөөр халдварласан үрвэлдэйн хаагдсан ташаалавчны битүүмж алдагдаж нүх гарсан, дотогшоо хонхойсон байдалтай харагдана. Халдварын ихээр тархсан үед хатсан үрвэлдэйн хар өнгөтэй гадар хальс ташаалавчны ёроолд үлдсэн байдаг. Эдгээр хальсанд халдвар дамжуулах чадвартэй, гадаад орчны үйлчлэлд тэсвэртэй америк үжлийн бактерийн спорыг олон тоогоор агуулсан байдаг.Америк үжил өвчний үед бүлийн хүч хурдан сулрах, үүрний уланд үхсэн зөгийн тоо олшрох, ажилчин зөгийн тоо цөөрч ажиллах идэвх нь буурах, эх зөгийн өндөглөлт татрах, бүтээгдэхүүний гарц эрс буурах зэрэг эмнэлзүйн ерөнхий шинж тэмдэг илэрнэ.
1.5.Халдвар дамжих:Ажилчин зөгий ташаалавчид байх өвчилсөн үрвэлдэйг зайлуулж ташаалавчийг цэвэрлэх явцдаа халдварыг дамжуулна. Өвчний үүсгэгч нэгэнт халдварласан зөгийн бүлд өвчин маш хурдан тархаж, улмаар зэргэлдээх үүрний ажилчин зөгийн хавьтал, зөгийчний багаж, хувцас, гараар дамжин зэргэлдээх бүлүүдэд халдвар тархдаг. Үүнтэй төстэй замаар зөгийн нэг аж ахуйгаас нөгөөд дамждаг. Байгалийн халдварын тархалт нь 1 км-ийн радиус доторх зөгийн бүлүүдэд дамжин явагддаг. Өвчин тархсан зөгийн аж ахуйгаас хураасан зөгийн бал нь өвчин тархаах эх үүсвэр болдог.
ХОЁР. ОНОШЛОГОО
2.1.Зөгийн бүлд үзлэг хийж өвчний шинж тэмдэг, лабораторийн шинжилгээгээр үүсгэгчийг илрүүлэх замаар оношилно. “Наалдамхай тест”. Ташаалавчинд буй америк үжлээр өвчилж үхсэн үрвэлдэйн үлдэгдэл нь наалдамхай болдог тул шүдний чигчлүүр модоор өлгөн авч гаргахад хар хүрэн өнгийн унжралдсан шингэн ажиглагдах шинжээр нь америк үжлийг үрвэлдэйн бусад өвчнөөс ялгана. “Тосгүйжүүлсэн сүүний Холстын тест”. Энэ нь зөгийн арчилгааны явцад хийж болох энгийн арга юм. Шилэн цодонд 1%-ийн тосгүйжүүлсэн сүүний усан уусмалаас 4 мл хийж, өвчилсөн авгалдайн унжралдсан шингэн, эсвэл задрагийг нэмж, халуун газар (37 ºC орчим дулаантай) тавина. Хэрэв авгалдай америк үжлээр өвчилсөн тохиолдолд дээрх суспензи нь 10-20 минутын хугацаанд цэвэр усан өнгөтэй болдог. Үүнийг америк үжлийн үүсгэгч P. larvae-н спорууд нь уураг задлагч энзимууд агуулдаг тул сүүний уургийг задалснаар уусмалын сүүн өнгө хувирч усан өнгөтэй болдог гэж ойлговол зохино. “Лабораторийн шинжилгээний арга”. Өвчний оношийг тогтоох, баталгаажуулах бактериологи, биохими, ДНХ илрүүлэх зэрэг лабораторийн олон аргууд байдаг тул орон нутгийн мал эмнэлгийн лабораторид хандана.
2.2.Ялгаварлан оношлох: Америк үжил, европ үжлийг хооронд нь, мөн үрвэлдэй хүүрших өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
3.1.Зөгийн үжил нь зөгийн бүлийн хүч сулрах, арчилгаа дутагдах, үүр бохирдох, зөгийн бүл стресс дарамтанд орсноос зөгийн бүлийн өвчин эсэргүүцэх чадвар суларсны улмаас үүсдэг өвчин тул эрүүл бүлд арчилгааг сайтар явуулах нь өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга болдог.
3.2.Өвчин тархаагүй бүлд эрүүл ахуйн дэглэм баримтлах, зөгийн арчилгааг сайжруулах арга хэмжээ авна.
3.3.Хүчтэй, эрүүл бүлийн зөгийнүүд өвчтэй, хүч муутай бүлийг дайрахаас сэргийлнэ.
3.4.Эрүүл бүлийн зөгий үүсгэгчээр бохирдсон зөгийн бал идэхээс сэргийлнэ.
3.5.Зөгийн үүрүүд хооронд сархиагтай жаазыг сольж хэрэглэхгүй.
3.6.Зөгийн үүр, жааз, сархиагийг этилен оксид ашиглан жил бүр утаж ариутгана.
3.7.Зөгийн үүрний жаазыг жил бүр шинэчилнэ.
3.8.Өвчин гарсан зөгийн бүлд антибиотик эмчилгээ хийх нь тохиромжтой бус байдаг. Энэ эмчилгээ нь өвчний тархалтыг бууруулахгүй, үүсгэгч бактери нь антибиотикт тэсвэртэй болох магадлалыг ихэсгэдэг.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Халдварлалтыг баталгаажуулан, үрвэлдэйн бусад өвчнөөс ялган оношилно.
4.2.Өвчтэй бүлийн бүх зөгий, хайрцаг, сархиаг, бусад хэрэгслэлийг шатааж устгана.
4.3.Зэргэлдээх бүлийн хайрцаг, сархиаг, ул мод, хашлага мод, таг зэргийг утаж ариутгана.
4.4.Өвчин гарсан тохиолдолд Мал эмнэлгийн холбогдох байгууллагад заавал мэдэгдэнэ.
4.5.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
