Хэвлэх DOC Татаж авах

Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн

А/502 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

Донорын зөвшөөрлийн тэмдэглэгээ хийх журам

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журам нь донорын зөвшөөрөл, тэмдэглэгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

 

Хоёр.Донорын зөвшөөрлийн зохион байгуулалт, зохицуулалт

2.1.Донор болохыг зөвшөөрч  гарын үсэг  зурсан Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэнийг өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын менежер, тасгийн эрхлэгч, ахлагч эмч, эмчлэгч эмчийн аль нэг хүлээн авч, холбогдох хууль, журам, зөвлөмжийг танилцуулан, донорын зөвшөөрлийн хуудсыг хөтөлж, баталгаажуулан бүртгэлд авна.

2.2.Донорын зөвшөөрлийн хуудсанд иргэн донор болохоо зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсан тохиолдолд тухайн иргэн болон түүний талаарх мэдээлэл нууцын зэрэглэлд хамаарна.

2.3.Донорын зөвшөөрлийн хуудсыг хүлээн авсан  байгууллага тухайн мэдээллийг цахим шуудан болон утсаар 6 цагийн дотор Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны (цаашид “Зохицуулах алба” гэнэ) мэдээллийн нэгдсэн санд мэдээлж, бүртгүүлнэ. Донорын зөвшөөрлийн хуудсыг ажлын 3 хоногийн дотор Зохицуулах  албанд албан бичгээр ирүүлнэ.

2.4.Зохицуулах алба нь нэгдсэн бүртгэл мэдээллийн санд донор болохыг зөвшөөрснөө илэрхийлсэн иргэний мэдээлэл болон зөвшөөрлийн хуудсыг хүлээн авч, цахим хуудсанд коджуулан байршуулж, зохицуулах албаны дарга гарын үсгийг зурж, баталгаажуулна.

2.5.Зохицуулах алба нь мэдээ, баримт бичгийг нууцлахдаа нууцын зэрэглэл тодорхойлсон тэмдэг дарж, төлөөлүүлсэн нэр,  шифр, дугаарыг тавина.

2.6.Иргэн өөрийн зөвшөөрсөн шийдвэрээ өөрчилсөн тохиолдолд уг зөвшөөрлөө өгсөн эрүүл мэндийн байгууллага болон Зохицуулах албанд хандаж, донорын зөвшөөрлөөс татгалзсан хуудсыг гарын үсгээр зурж баталгаажуулан өгнө.

2.7.Зөвшөөрсөн шийдвэрээ өөрчилсөн тухай мэдээллийг эрүүл мэндийн байгууллага болон Зохицуулах албанд бүртгэгдсэн код, дугаараар мэдэгдэж, донорын зөвшөөрлөөс татгалзсан хуудсыг хүргүүлнэ.

2.8.Донорын зөвшөөрлийн болон зөвшөөрлөөс татгалзсан хуудас,  мэдээллийг  иргэний эрүүл мэндийн цахим хуудсанд коджуулан байршуулна.

2.9.Эрүүл мэндийн байгууллагад донор болох зөвшөөрөл илэрхийлэхтэй холбогдох албан тоот, хавсралт, маягт, танилцуулгын хамт /маягт, тоо, ширхэг, кодын дугаарын бүртгэлтэй/ хүргэгдэнэ.

2.10.Донорын зөвшөөрлийн хуудас болон донорын зөвшөөрлөөс татгалзсан хуудсыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн архивт 40 жил хадгална.