Засгийн газрын 2021 оны 45 дугаар
тогтоолын хавсралт

 

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ТАРХАЛТЫН ТҮВШИНГ ТОГТООЖ, 
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ
ЗОХИЦУУЛАХ ТҮР ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь коронавируст халдвар (КОВИД-19)-ын (цаашид “халдвар” гэх) тархалтын түвшинг тогтоож, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, халдварын тархалтын түвшинтэй уялдуулан төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2. Халдварын тархалтын түвшинтэй уялдуулан төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулахдаа тухайн нөхцөлд тохируулан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарлах, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах зарчим баримтална.

1.3. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг тогтоохдоо халдварын тархалтын түвшин, нийгэм, эдийн засгийн болон бусад нөхцөл байдалд үндэслэнэ.

1.4. “Халдварын тархалтын түвшин”-г энэ журмын 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4-т заасан шалгуур үзүүлэлтийн үр дүнг үндэслэн тодорхойлно.

Хоёр.Халдварын тархалтын түвшин

2.1. Халдварын тархалт нь дараахь түвшинтэй байна:

2.1.1. “Ногоон түвшин” (халдвар илрээгүй):

Шалгуур үзүүлэлт: -Сүүлийн 28 хоногийн хугацаанд шинээр халдвар бүртгэгдээгүй байх.

2.1.2. “Шар түвшин” (зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай):

Шалгуур үзүүлэлт: -Сүүлийн 14 хоногийн хугацаанд бүртгэгдсэн болон зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол нь цаг хугацаа, газар зүйн байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоогүй байх.

2.1.3. “Улбар шар түвшин” (халдвар голомтот тархалттай):
  
Шалгуур үзүүлэлт: -Сүүлийн 14 хоногийн хугацаанд бүртгэгдсэн тохиолдол болон голомт нь цаг хугацаа, газар зүйн байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоотой, тодорхой хүн амын хүрээнд хязгаарлагдсан байх. 

2.1.4. “Улаан түвшин” (халдвар хүн амын дунд өргөн тархалттай):

Шалгуур үзүүлэлт: -Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол нийт хүн амын дунд тархсан байх;

-Шинээр батлагдсан тохиолдлын 25-аас дээш хувьд халдварын эх үүсвэр тодорхойгүй буюу тархвар зүйн холбоогүй байх;

-10000 хүн ам тутамд өвчлөлийн түвшин 5.1-ээс их байх;

-“ПГУ” шинжилгээний эерэг илэрсэн хувь 2.1-ээс их байх;

-10000 хүн ам тутамд эмнэлэгт хэвтэлтийн түвшин 5-аас их байх;

-10000 хүн ам тутамд нас баралтын түвшин 0.1-ээс их байх.

Гурав.Удирдлага, зохион байгуулалт

3.1. Халдварын судалгаа, өвчний мэдээлэл, эрсдэлийн үнэлгээ, тандалтын тоон мэдээнд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн халдварын тархалтын түвшинг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, тухайн шатны эрүүл мэндийн байгууллага тодорхойлж, саналаа Улсын онцгой комисст хүргүүлнэ.

3.2. Энэ журмын 3.1-д заасан байгууллага халдварын тархалтын түвшинг    7 хоног тутам, шаардлагатай тохиолдолд тухай бүрт тогтоосон аргачлалаар үнэлж, түвшинг өөрчлөх тухай саналаа Улсын онцгой комисст хүргүүлнэ.

3.3. Халдварын тархалтын байдал, эрсдэлийн үнэлгээний дүн, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, орон нутгийн онцлог, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхаас хамаарч халдварын тархалтын түвшинг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоох, өөрчлөх шийдвэрийг Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу тухайн шатны Онцгой комисс гаргана.

3.4. Засгийн газраас тогтоосон гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгтэй уялдуулан улсын хэмжээнд, эсхүл нийслэл болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт халдварын тархалтын түвшинг тогтоох, өөрчлөх шийдвэрийг Улсын онцгой комисс гаргана.

Дөрөв.Халдварын тархалтын түвшинд
хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1. Халдварын тархалтын түвшинтэй уялдуулан хэрэгжүүлэх үйл ажиллагааг тухайн шатны Засаг дарга биечлэн хариуцаж, зохион байгуулна.

4.2. “Ногоон түвшин”-д төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана.

4.3. “Шар болон Улбар шар түвшин”-д “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн эсхүл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтооно.

4.4. “Улаан түвшин”-д “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн эсхүл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлаж, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмийг тогтооно.

4.5. Халдварын тархалтын түвшин бүрт төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг энэ журмын хавсралтад заасан горимоор зохицуулна.

4.6. Төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд нь энэ журмын хавсралтад заасан горимын дагуу үйл ажиллагаа явуулахдаа “Коронавируст халдвар    (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг мөрдөж, тусгай нөхцөл, шаардлагыг биелүүлж ажиллана.

Тав.Хариуцлага

5.1.Энэ журмыг зөрчсөн төрийн байгууллага, түүний удирдлага, албан тушаалтан, ажилтан, хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---о0о---