Засгийн газрын 2021 оны 148 дугаар
  тогтоолын 3 дугаар хавсралт

 

ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ


Нэгдүгээр бүлэг

Ерөнхий зүйл

1.1.Зорилго, хамрах хүрээ

      1.1.1.Энэ техникийн зохицуулалтын зорилго нь хүн амын аюулгүй байдлыг хангахад хөрсний чанарыг хянах, үнэлэх, хөрсний бохирдлын эх үүсвэрт тавих шаардлагыг тогтооход оршино.

      1.1.2.Энэ техникийн зохицуулалтыг Монгол улсын нутаг дэвсгэрт хөрсний чанарт сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

1.2.Норматив эшлэл

Энэ техникийн зохицуулалтад эш татаж хэрэглэсэн дараах стандарт, баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээрийг хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлээс эш татаж хэрэглэнэ.

-MNS 5850 Хөрсний чанар. Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ.

-MNS 3297 Байгаль хамгаалал. Хөрс. Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх.

-MNS 6147 Байгаль орчны бохирдол, бохирдлын хяналт ба             хамгаалалт-Агаар, хөрсөн дэх пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ.

-MNS 6783 Ашиглалтаас гарсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах. Ерөнхий шаардлага.

-MNS 3985 Байгаль хамгаалал. Хөрс. Ариун цэврийн байдлын үзүүлэлтийн нэр төрөл.

-MNS 6501 Байгаль орчин. Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрийн хаягдлын ерөнхий ангилал, код.

-MNS 6487 Байгаль орчин. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хаягдлын   ангилал. Хаягдлын байгууламжид тавигдах шаардлага.

-MNS 5891 Азот, фосфор, калийн холимог бордоо. Техникийн шаардлага.

-MNS 4722 Шим бордоо-Чийгийн улаан хорхойн биоялзмаг. Техникийн  шаардлага.

-MNS 6265 Фосфо-гуматын холимог бордоо. Техникийн шаардлага.

-MNS 6507 Компост бордоо. Техникийн шаардлага.

-MNS 5924 Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага.

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал. Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах  ерөнхий шаардлага.

-Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал. Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам.

1.3.Нэр томьёо, тодорхойлолт

Энэ техникийн зохицуулалтад хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

      1.3.1.“хөрсний бохирдол” гэж хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй бохирдуулагчийн агууламж нь хөрсөнд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байхыг; 

      1.3.2.“хөрс бохирдуулах бодис” гэж хөрсөнд тогтвортой удаан хугацаагаар хадгалагддаг, амьд организмд аюултай хор нөлөө үзүүлдэг, уусах чанар багатай, хортой хүнд металлууд, удаан задардаг органик бохирдуулах бодисыг;

      1.3.3.“зөвшөөрөгдөх дээд хэмжээ” гэж Эрүүл ахуйн тухай хуулийн   3.1.8-д заасныг;

      1.3.1.“эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт” гэж Эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.7-д заасныг.

Хоёрдугаар бүлэг

Хөрсний чанар, түүнд тавигдах шаардлага

2.1.Хөрсөнд тогтвортой удаан хугацаагаар хадгалагддаг, амьд организмд аюултай нөлөө үзүүлдэг, уусах чанар багатай, хорт хүнд металлууд, удаан задардаг органик бохирдуулах бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь “Хөрсний чанар. Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5850 стандартын шаардлагыг хангасан байна.

2.2.Хот суурин газрын хөрсний эрүүл ахуйн байдалд тавигдах шаардлага, хөрсний эрүүл ахуйн байдал, бохирдлын түвшин нь “Хөрс. Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх”               MNS 3297 стандартын шаардлагыг хангасан байна. 

2.3.Хүрээлэн буй орчны хөрсөнд байх пестицидийн зөвшөөрөгдөх       хэмжээ нь “Хөрсөн дэх пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 6147 стандартын шаардлагыг хангасан байна.

2.4.Ашиглалтаас гарсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулахад тавих ерөнхий шаардлагыг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа нь “Ашиглалтаас гарсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах. Ерөнхий шаардлага” MNS 6783 стандартыг хангасан байна.

Гуравдугаар бүлэг

Хөрсний бохирдлын эх үүсвэрт тавигдах шаардлага

3.1.Арьс шир болон үслэг боловсруулах үйлдвэрлэлээс гарах бүх төрлийн хаягдалд тавигдах шаардлага нь “Байгаль орчин. Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрийн хаягдлын ерөнхий ангилал, код” MNS 6501 стандартыг хангасан байна.

3.2.Газрын тос, байгалийн хий олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн хаягдлыг ангилан хадгалах, булшлах устгах ажиллагаанд “Байгаль орчин. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хаягдлын ангилал. Хаягдлын байгууламжид тавих ерөнхий шаардлага” MNS 6487 стандартыг хангасан байна.

3.3.Хөрсний ариун цэврийн байдалд заавал хийгдэх үзүүлэлтүүдийг тогтооход “Байгаль хамгаалал. Хөрс. Ариун цэврийн байдлын үзүүлэлтүүдийн нэр төрөл” MNS 3985 стандартыг мөрдөж ажиллана.

3.4.Азот, фосфор, калийн бордоог савлах, хадгалах, тээвэрлэхэд “Азот, фосфор, калийн бордоо. Техникийн шаардлага” MNS 5891 стандартыг хангасан байна.

3.5.Шим бордоо-чийгийн улаан хорхойн био ялзмагийг үйлдвэрлэх, шалгах, хадгалах, савлах, тээвэрлэхэд “Шим бордоо-чийгийн улаан хорхойн био ялзмаг, Техникийн шаардлага. Экологийн цэвэр бүтээгдэхүүн” MNS 4722 стандартыг хангасан байна.

3.6.Фосфор болон гумины хүчлийн бодисыг нэгэн зэрэг агуулсан холимог бордоог үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэхэд “Фосфо-гуматын холимог бордоо. Техникийн шаардлага” MNS 6265 стандартыг хангасан байна.

3.7.Ургамал, амьтны гаралтай органик хаягдлаар үйлдвэрлэсэн бордоо нь “Компост бордоо. Техникийн шаардлага” MNS 6507 стандартын шаардлагыг хангасан байна.

3.8.Төвлөрсөн болон бие даасан ариутгах татуургын системд холбох боломжгүй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын ахуйн хэрэгцээнд хэрэглэх нүхэн жорлон, угаадасны нүх нь “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага” MNS 5924 стандартын шаардлагыг хангасан байна.

3.9.Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгахдаа Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 54/А/136/А215 дугаар тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах”  журмыг мөрдөж ажиллана.

3.10.Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулахдаа  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/443 дугаар тушаалаар баталсан “Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага” журмыг мөрдөж ажиллана.

Дөрөвдүгээр бүлэг

Хяналт-шинжилгээ, мониторинг

4.1.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгаль орчны төлөв байдал, түүний хувьсал өөрчлөлтөд хэмжилт, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, илэрсэн сөрөг өөрчлөлтийг зогсоох, арилгах арга хэмжээ авах зорилгоор хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулна.

4.2.Эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлж эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн тандалт, судалгааг хийнэ.

4.3.Хөрс бохирдуулах бодисын үзүүлэлтийг тодорхойлох хэмжилт, шинжилгээг итгэмжлэгдсэн лаборатори хийнэ.

4.4.Хөрсний бохирдлын эх үүсвэрийн хэмжилтийг итгэмжлэгдсэн лаборатори хийнэ.

4.5.Энэ техникийн зохицуулалтын хэрэгжилтэд тавих хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар зохицуулна.

 


---о0о---