/Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/86 дугаар тушаалаар хүчингүй болсон.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсад Гэмт хэргээс

урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын

2002 оны 172 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

Аймаг, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

ажлыг зохицуулах зөвлөлийн ажил дүгнэх журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг дүгнэхэд энэ журмыг баримтлана.

1.2.Энэхүү журмын зорилго нь аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс нийгмийн дэг журам бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажлыг дүгнэж тэдгээрийн ажлыг эрчимжүүлэхэд оршино.

Хоёр. Аймаг, нийслэлийн Зохицуулах зөвлөлийн ажил дүгнэх

2.1.Аймаг, нийслэлийн Зохицуулах зөвлөлөөс тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн дэг журам бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, сахилга хариуцлагыг сайжруулах, архидан согтуурахтай тэмцэх талаар зохиож байгаа ажлыг энэхүү журмын хавсралтанд заасан үзүүлэлтийн дагуу хагас, бүтэн жилээр дүгнэнэ.

2.2.Зохицуулах салбар зөвлөлүүд нь улирал, хагас, бүтэн жилийн тайланг /дэлгэрэнгүй/ дараа сарын 5-ны дотор ирүүлэхээс гадна ажил дүгнэх үзүүлэлтийн биелэлтийг хагас, бүтэн жилээр гарган дараа сарын 5-ны дотор Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанд ирүүлнэ.

2.3.Аймаг, нийслэлийн Зохицуулах зөвлөлийн ажлыг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба үзүүлэлт бүрт үнэлгээ өгч нэгтгэн, бүсчлэн дүгнэж байр эзлүүлнэ. Ингэж дүгнэхдээ салбар зөвлөлүүдийг эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг харгалзан 3 бүсэд хуваана. Үүнд:

1.Нэгдүгээр бүс: Нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Орхон, Төв, Хэнтий, Хөвсгөл;

2.Хоёрдугаар бүс: Архангай, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Увс, Ховд;

3.Гуравдугаар бүс: Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Говьсүмбэр.

2.4.Зохицуулах зөвлөл, түүний Ажлын албанаас орон нутагт шалгалт хийхдээ энэхүү ажил дүгнэх журмын биелэлтийг тооцон үзэж, үнэлэлт дүгнэлт өгнө.

2.5.Орон нутгийн салбар Зохицуулах зөвлөлүүдийн ажлыг дүгнэхдээ нийт ажлыг нэмэх, хасах оноонд дүйцүүлэн бүсчлэн дүгнэж оноогоор байр эзлүүлнэ.