/ХЗДХС-ын 2018.01.25-ны өдрийн 1-1/663 дугаар албан бичгээр улсын нэгдсэн бүртгэлээс хассан/

Батлан хамгаалахын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан

1993 оны 338/131 дүгээр тушаалын хавсралт

 

ЦЭРГИЙН ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ТЭСРЭХ, ДЭЛБЭРЭХ ЗҮЙЛ, ХОРДУУЛАХ БОДИСЫН ХАЙГУУЛ ХИЙХ,

АЮУЛГҮЙ БОЛГОХ, УСТГАХ АЖИЛЛАГААНЫ ҮЕД МӨРДӨХ ЖУРАМ

 

Монгол Улсын нутаг дэвсгэрт цэргийн зориулалт бүхий тэсрэх, дэлбэрэх зүйл, хордуулах бодис, орхигдсон байж болзошгүй болон тийм зүйл илэрсэн газарт эрэл хайгуул хийх, аюулгүй болгох, устгах ажиллагааны үед энэхүү журмыг мөрдөнө. Аймаг, нийслэл /хот/, сум, дүүргийн Засаг дарга нар нутаг дэвсгэртээ тэсрэх дэлбэрэх зүйл, хордуулах бодис орхигдсон байж болзошгүй тухай мэдээлэл байвал Батлан хамгаалах яаманд хүсэлт гарган мэргэжлийн хэрэг ирүүлж ажиллуулж болно. Батлан хамгаалах яам нь цэргийн зориулалттай тэсрэх, дэлбэрэх зүйл, хордуулах бодис байж болзошгүй газар орны талаар судалгаа, зураглал гаргаж, холбогдох аймаг, хотуудад өгч, аюулгүй ажиллагааны дүрэм журам, заавраар хангаж байна. Аймаг, нийслэл /хот/, сум, дүүргийн Засаг дарга нар нутаг дэвсгэртээ тэсрэх, дэлбэрэх зүйл, хордуулах бодис илэрсэн буюу осол эндэгдэл гарсан тухай мэдээлэл авмагц уг тэсрэх, дэлбэрэх зүйл, хордуулах бодисын байгаа байршил, эзлэх газар, төрөл, хэмжээ, учирсан болон учруулж болзошгүй хор аюулыг тогтоох шуурхай арга хэмжээ авна.

Аймаг, нийслэл /хот/, сум, дүүргийн Засаг дарга нар цэрэг, иргэний хамгаалалтын штабаа түшиглүүлэн, БХ-ийн инженер, хими, зэвсгийн мэргэжлийн ангиудад алба хаасан, зэвсэгт хүчнээс тэтгэвэр чөлөөндөө гарсан мэргэжлийн хүмүүсээс ажлын хэсэг байгуулж, орон нутгийн боломжийг дайчлан ашиглах замаар илэрсэн тэсрэх, дэлбэрэх зүйл, хордуулах бодисыг өөрсдийн хүчээр аюулгүй болгох, устгах ажлыг бие даан аюулгүй ажиллагааны дүрэм зааврын дагуу хийж гүйцэтгэж болно. Орон нутгийн хүч хэрэгслээр аюулгүй болгох, устгах боломжгүй эсвэл уг зүйл тэсрэх дэлбэрэх, хордуулах аюултай гэж үзвэл Батлан хамгаалах яаманд даруй мэдээлж, мэргэжлийн хэсэг ирүүлэх тухай захиалга өгнө. Мэргэжлийн хэсэг очтол уг тэсрэх дэлбэрэх зүйл, хордуулах бодис илэрсэн газрыг байнгын хяналтад авч, хүн ам эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авна. Мэргэжлийн хэсэг нь хүсэл, захиалгын дагуу ажллаж, тэсрэх, дэлбэрэх зүйл, хордуулах бодисыг илрүүлж, аюулгүй болгосон тухай албан ёсны нотломж гаргах бөгөөд түүний агуулгад:

·  Уг зүйлийг хэзээ, хаана, хэн, хэрхэн илрүүлсэн;

·  Илрүүлсэн тухай хэнд, хэдийд, яаж мэдэгдсэн;

·  Мэдээллийн мөрөөр ямар байгууллага, хэн, хэзээ, ямар арга хэмжээ авсан;

·  Илэрсэн зүйлийн зориулалт, үйлдвэрлэгдсэн он, тоо хэмжээ, төрөл, хамаарал, чанар байдал;

·  Тэсрэх дэлбэрэх зүйл, хордуулах бодисыг ямар арга хэрэгслээр аюулгүй болгосон, түүнд зарцуулсан материал, зардлын хэмжээ;

·  Цаашид авах арга хэмжээ, анхаарах асуудлын талаарх санал, дүгнэлт;

·  Дээрх үйл ажиллагаанд оролцсон байгууллага, хүмүүс, тэдний ажлын үнэлэлт зэргийг тодорхой тусгана.

Шаардлагатай бол гэрэл зураг, дүрс бичлэг, бүдүүвч, зураглал болон бусад материалыг баримт болгон хавсаргаж болно.

Аймаг, нийслэл /хот/, сум, дүүргийн Засаг дарга нь мэргэжлийн хэсгийн ажлын гүйцэтгэл, үр дүнд нь хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгч, гаргасан нотломжтой танилцан зарцуулсан материалын зардлыг тооцон олгож байна.