/ХЗДХЯ-ны 2018 оны 07 сарын 05-ны өдрийн дотоод албан бичгийг үндэслэн нэгдсэн бүртгэлээс хасаж хөдөлгөөн хийв./

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны

195 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

ДАМЖИН ӨНГӨРҮҮЛЭХ АНГИД МӨРДӨХ ДЭГЛЭМ,

ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болж шилжин ирсэн ялтныг ял эдлэх ангид нь хүргэхийн өмнө хүлээн авах, түр хорих, хуяглан хүргэх, харуул хамгаалалтыг нь зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дамжин өнгөрүүлэх анги нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”, “Хорих ангийн дотоод журам”, “Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам” болон энэхүү журмыг баримтална.

1.2.“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн 105 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих анги, тэдгээртэй адил дэглэм бүхий байгууллага гэдэгт тогтоол гүйцэтгэх газрын Дамжин өнгөрүүлэх анги /цаашид “Дамжин өнгөрүүлэх анги” гэх/-ийг хамааруулан ойлгоно.

1.3.Дамжин өнгөрүүлэх ангийн дэглэм, харуул хамгаалалт нь чанга дэглэмтэй хорих ангийнхтай адил байх бөгөөд түүний гадна хамгаалалтыг “Чанга, онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих төв болон гяндангийн гадна хамгаалалтыг зохион байгуулах журам”-д нийцүүлэн зохион байгуулна.

1.4.Дамжин өнгөрүүлэх ангид мөрдөх дотоод цагийн хуваарийг энэхүү журамд нийцүүлэн ангийн даргын тушаалаар баталж мөрдөнө.

1.5.Дамжин өнгөрүүлэх ангийн харуул хамгаалалтын өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга шууд хариуцна.

1.6.Дамжин өнгөрүүлэх ангийн аж ахуйн үйлчилгээнд жирийн дэглэмтэй ялтныг ажиллуулна. 

Хоёр. Дамжин өнгөрүүлэх ангийн хүлээх үүрэг

2.1.Дамжин өнгөрүүлэх ангид дор дурдсан ялтныг 30 хүртлэх хоногоор байрлуулна. Үүнд:

2.1.1.нийслэл дэх цагдан хорих төв, орон нутаг дахь цагдан хорих байруудаас шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болж шилжин ирсэн ялтныг ял эдлэх ангид нь хүргэхийн өмнө;

2.1.2.эмчилгээ нь дууссан ялтан;

2.1.3.оргож баригдсан ялтан;

2.1.4.хуулийн байгууллагын дуудлагаар болон Тогтоол гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр шилжин ирсэн ялтан.

2.2.Дамжин өнгөрүүлэх анги нь ялтныг ял эдлэх үндсэн ангид хуяглан хүргэх үүргийг Тогтоол гүйцэтгэх газрын баталсан хуваарийн дагуу гүйцэтгэж, машин техник, тэдгээрийн бэлэн байдал, шатах тослох материалаар хангах үүрэгтэй.

2.3.Дамжин өнгөрүүлэх ангид ялтныг хүлээн авах комиссыг “Хорих ангийн дотоод журам”-ын 2 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүнтэйгээр дамжин өнгөрүүлэх ангийн даргын тушаалаар байгуулна.

2.4.Ялтныг хүлээн авахдаа дараах баримт бичгийг нэг бүрчлэн шалгана.

2.4.1.шүүхийн шийтгэх тогтоол /магадлал/-ын бүрдэл;

2.4.2.иргэний баримт бичиг;

2.4.3.эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

2.4.4.хэрэв анги хооронд шилжих бол хувийн хэргийн бүрдэл.

2.5.Дараах тохиолдолд ялтныг хүлээн авахыг хориглоно.

2.5.1.энэ журмын 2.4.1-2.4.3-т заасан баримт бичигт ялтны овог, нэр, нас, хүйс, дэглэм зөрсөн;

2.5.2.шүүхийн шийтгэх тогтоол /магадлал/ нь эрх зүйн бүрдэл хангаагүй, үг үсэг нь гаргагдахгүй, балархай байх.

2.6.Хүлээн авсан ялтны эрүүл мэндийн байдалд эмч нэн даруй үзлэг хийн тэмдэглэл үйлдэн хувийн хэрэгт хавсаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчлэх, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх асуудлыг ерөнхий эмч дамжин өнгөрүүлэх ангийн даргад, түүний эзгүйд гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.

2.7.Дамжин өнгөрүүлэх ангид хүлээн авсан ялтнуудын гадуур хувцсыг түр хураан авч, хорих анги руу хуяглан хүргэгдэх үед нь хүлээлгэн өгнө.

2.8.Хорих ангиас оргосон ялтныг баривчилсан бол энэ тухай тэмдэглэлийг үндэслэн ээлжийн дарга, жижүүр эмчийн хамт хүлээн авч, уг ялтны биед үзлэг хийж тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгсөн ажилтан, ялтнаар гарын үсэг зуруулна.

2.9.Ялтныг ял эдлэх дэглэм, эмэгтэйчүүд, насанд хүрээгүйчүүдээр нь ангилан тусгаарлан байрлуулах бөгөөд тэдгээрийн ахуй нөхцөл, хоолны илчлэг, хэмжээ, хоол олголтонд эрүүл ахуйч эмч хяналт тавьж, хүмүүжлийн ажлыг нийгмийн ажилтан хариуцан явуулна.

2.10.Ялтныг хорих байр нь эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байхаас гадна гал түймэр, гэнэтийн бусад аюул тохиолдсон үед ялтныг шуурхай гаргах, шилжүүлэн байрлуулах, туслалцаа үзүүлэх боломжтой байна.

2.11.Хорих байрны хамгаалалтанд телекамер, дохиоллын техник хэрэгсэл, албаны нохой ашиглана. 

2.12.Ялтныг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр бол энэ тухай Тогтоол гүйцэтгэх газрын даргад мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэн дээр хүлээлгэн өгнө.

2.13.Дамжин өнгөрүүлэх ангид байгаа ялтныг “Хорих ангийн дотоод журам”-д заасны дагуу төрөл садантай нь түр хугацаагаар уулзуулж болох бөгөөд уулзалтын хугацааг ялтны ял эдлэх дэглэмийг харгалзан ялгамжтай зохион байгуулна.

2.14.Ялтныг хорих ангиудад хуяглан хүргэх автомашины хаалга нь дотроосоо онгойх боломжгүй, гадна талдаа давхар даруулгатай, жолооч болон хянагч суух хэсгийг нь тусгаарлан хамгаалалт хийж, цонхны шилэнд бууруулагч хальс нааж, холбооны хэрэгслээр тоноглосон байна. 

2.15.Ялтныг хуяглан хүргэх үед батлагдсан нэрсийн дагуу ялтныг хувийн хэрэг, бусад холбогдох бичиг баримтын хамт хуяглан хүргэх бүлэгт хүлээлгэн өгч, хуяглан хүргэх ажиллагааны чиглэл, ялтны нэрс, бүрэлдэхүүний талаарх мэдээллийн нууцыг чанд хадгална.

2.16.Насанд хүрээгүй ялтныг хүлээн авмагц нэн даруй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хүргэнэ.