/ХЗДХЯ-ны 2018 оны 07 сарын 05-ны өдрийн дотоод албан бичгийг үндэслэн нэгдсэн бүртгэлээс хасаж хөдөлгөөн хийв./

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны

195 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

ТОГТООЛ ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН ХАРЬЯА НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ

МӨРДӨХ ДЭГЛЭМ, ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Нэгдсэн эмнэлэгт ялтныг хүлээн авах, ялтанд эмнэлгийн тусламж үзүүлэх, хэвтүүлж эмчлэх, хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг /групп/ тогтоолгох болон өвчний учир ялаас чөлөөлүүлэх саналаа холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх, эмчлэгдэж байгаа ялтны харуул хамгаалалтыг зохион байгуулах, тэдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтлана.

1.2.“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн 105 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих анги, тэдгээртэй адил дэглэм бүхий байгууллага гэдэгт Тогтоол гүйцэтгэх газрын харьяа Нэгдсэн эмнэлэг /цаашид “Нэгдсэн эмнэлэг” гэх/-ийг хамааруулан ойлгоно.

1.3.Нэгдсэн эмнэлгийн дэглэм, харуул хамгаалалт нь чанга дэглэмтэй хорих ангийнхтай адил байх бөгөөд түүний гадна хамгаалалтыг “Чанга, онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих төв болон гяндангийн гадна хамгаалалтыг зохион байгуулах журам”-д нийцүүлэн зохион байгуулна.

1.4.Нэгдсэн эмнэлэгт мөрдөх дотоод цагийн хуваарийг энэхүү журамд нийцүүлэн Нэгдсэн эмнэлэгийн даргын тушаалаар баталж мөрдөнө.

1.5.Нэгдсэн эмнэлгийн дэглэм, харуул хамгаалалтын өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга шууд хариуцна.

1.6.Нэгдсэн эмнэлгийн аж ахуйн үйлчилгээнд жирийн дэглэмтэй ялтныг ажиллуулна. 

Хоёр. Нэгдсэн эмнэлгийн хүлээх үүрэг

2.1.Нэгдсэн эмнэлэг нь баривчлах болон хорих ял эдэлж байгаа ялтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхтэй холбогдсон нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, баривчлах ял эдлүүлэх байр, хорих ангийн эмнэлгийн салбарыг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг хүлээнэ.

2.2.Нэгдсэн эмнэлгийн захиргаа нь ялтны нийгмийн даатгалын тооцоог холбогдох байгууллагатай зохих журмын дагуу сар тутамд хийхээс гадна эмнэлгийн холбогдох мэдээ, тайланг сар, улирлаар нэгтгэн гаргаж холбогдох байгууллагад өгнө.

2.3.Нэгдсэн эмнэлгийн ээлжийн дарга, жижүүрийн эмч, шалган нэвтрүүлэх харуул нь баривчлах ял эдлүүлэх байрны эсхүл хорих ангийн эмчийн тодорхойлолт /маягт ¹36/, ялтны эрүүл мэндийн даатгалын дэвтэр /засваргүй, хураамж төлөгдсөн/, хувийн хэргийг үндэслэн ялтныг нэгдсэн эмнэлэгт хүлээж авна.

2.4.Ялтныг хүлээн авах тасагт хэвтүүлэн, нарийн мэргэжлийн шинжилгээ хийж түүний үр дүн, эмч нарын дүгнэлтийг харгалзан эмчилгээний асуудлыг ерөнхий эмч шийдвэрлэх ба харин өвчин хүндэрсэн, яаралтай мэс засал хийх шаардлагатай зэрэг хойшлуулшгүй тохиолдолд эмчилгээний асуудлыг жижүүрийн эмч нэн даруй шийдвэрлэнэ.

2.5.Ялтныг дэглэм болон эмэгтэйчүүд, насанд хүрээгүйчүүдээр нь ангилан хэвтүүлж эмчлэх ба тасгуудыг өвчтөн сэлгүүцэхгүй байхаар тусгаарлаж, харуул хамгаалалтын ажилтан байнгын хяналт тавина.

2.6.Гянданд ял эдэлж байгаа ялтныг нэгдсэн эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлага гарвал энэ тухай Тогтоол гүйцэтгэх газрын даргад урьдчилан танилцуулж бичгээр зөвшөөрөл авах бөгөөд түүнийг нэгдсэн эмнэлэгт хүргэхдээ “Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам”, “Ялтныг хуяглан хүргэх заавар”-ын дагуу харуул хамгаалалтыг хорих ангийн дарга зохион байгуулна.

2.7.Гяндан, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтныг нэгдсэн эмнэлэгт бусад ялтнаас тусад нь хэвтүүлж эмчлэх бөгөөд ингэхдээ эмч, сувилагч нарын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, эмчилгээний үед харуул хамгаалалтын ажилтан заавал байлцана.

2.8.Онцгой дэглэмтэй хорих анги болон гянданд ял эдэлж байгаа ялтныг нэгдсэн эмнэлгээс өөр эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэхийг хориглох ба зайлшгүй шаардлагаар өөр эмнэлэгт эмчлүүлэх бол энэ тухай Тогтоол гүйцэтгэх газрын даргад танилцуулж, зөвшөөрөл авна.

2.9.Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх ялтны хувцсыг хурааж, эмнэлгийн нэг загварын хувцсаар хангах ба эмнэлгээс гарахад нь хувцсыг нь буцаан олгоно.

2.10.Ялтныг өвчний байдлаас шалтгаалан төрөлжсөн клиникийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх шаардлагатай бол энэ тухай Тогтоол гүйцэтгэх газарт мэдэгдэж бичгээр зөвшөөрөл авах ба уг эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд харуул хамгаалалтыг нэгдсэн эмнэлэг бүрэн хариуцна.

2.11.Орон нутагт байгаа жирийн дэглэмтэй хорих ангийн ялтныг аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх бол Тогтоол гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэж, харуул хамгаалалтыг тухайн хорих анги хариуцна.

2.12.Өвчтнийг дараах тохиолдолд эмнэлгээс гаргана. Үүнд:

2.12.1.өвчтөн эдгэрсэн;

2.12.2.нэгдсэн эмнэлгийн батлагдсан ор хоног дуусч, үргэлжлүүлэх шатны эмчилгээг ангийн эмнэлэгт хийх боломжтой гэж үзэн эмчлэгч эмч энэ тухай ерөнхий эмчид танилцуулж шийдвэрлэсэн;

2.12.3.өвчтөн эмчлэгдэх хугацаандаа эмнэлгийн дотоод дэгийг зөрчсөн.

2.13.Нэгдсэн эмнэлгээс гарсан өвчтнийг дамжин өнгөрүүлэх ангид шилжүүлж улмаар хорих ангид нь нэн даруй хүргэнэ.

2.14.Нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаа ялтан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн 107-111 дүгээр зүйлд заасан түр хугацааны уулзалт хийж, илгээмж авч болно.

2.15.Ялтны биеийн байдал хүнд, эсхүл мэс засал хийлгэснээс бусдын асаргаа, сувилгаа зайлшгүй шаардлагатай бол ар гэрийхний нь хүсэлтийг харгалзан эмнэлгийн даргын шийдвэрээр төрөл садангийн нэг хүнийг 14 хоног хүртлэх хугацаагаар сахиураар байлгаж болох ба энэ тухай Тогтоол гүйцэтгэх газрын даргад мэдэгдэнэ.

2.16.Нэгдсэн эмнэлэг нь хорих ангиудад нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй урьдчилан сэргийлэх үзлэгийг жилд хоёроос доошгүй удаа хийж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчтэй ялтнуудыг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна.

2.17.Нэгдсэн эмнэлэг нь шаардлагатай тохиолдолд хорих ангиудад дуудлагаар очиж эмнэлгийн тусламж үзүүлнэ.

2.18.Нэгдсэн эмнэлэг нь сүрьеэгийн эмнэлгийн эмчилгээ, түүний үр дүнд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах бөгөөд Сүрьеэгийн үндэсний төв зэрэг мэргэжлийн бусад байгууллагатай хамтран нарийн мэргэжлийн зөвлөх эмчийг гэрээний үндсэн дээр ажиллуулж болно.

2.19.Ялтныг өвчний учир ялаас хугацааны өмнө тэнсэн суллуулах тухай эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн саналаа нийслэлийн прокурорт гаргах, түүнчлэн ялтны хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг /групп/ тогтоолгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

2.20.Тогтоол гүйцэтгэх газрын эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан их эмч нь Тогтоол гүйцэтгэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу нэгдсэн болон салбар эмнэлгүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийх, эмнэлгүүдийн үйл ажиллагааг уялдуулах, эмч, эмнэлгийн ажилтан, эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлыг шалган шийдвэрлэх, бусад нарийн мэргэжлийн эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ эрүүл мэндийн холбогдох хууль тогтоомж, энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангах үүрэгтэй.