ЦЕГ болон ХЦУГ-ын дарга нарын

1998 оны 26/114 тоот тушаалын хавсралт

 

 

ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

Монгол Улсын хилийн тухай болон цагдаагийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

Хоёр.Цагдаагийн ерөнхий газар, Хилийн цэргийг удирдах газрын хооронд

1.Улсын хил дээр болон хил орчмын нутаг дэвсгэрт гарч буй малын хулгай, бусад гэмт хэрэг, түүнийг таслан зогсоох талаар авч буй арга хэмжээний хамтарсан зөвлөгөөнийг хагас жилд 1 удаа зохион байгуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж байх.

2.Зарим гэмт хэрэг хилийн зөрчил түүнтэй холбогдсон асуудлыг хоёр талаасаа бүлэг томилон газар дээр нь шуурхай шалгаж хамтран шийдвэрлэж байх.

3.Гэмт хэрэг, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор анхаарал татаж буй чиглэлд хамтарсан арга хэмжээ /операци/ төлөвлөж хэрэгжүүлэх.

4.Гэмт хэрэг, хилийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсооход амжилт гаргасан ажилтнуудыг шагнаж урамшуулах.

Гурав.Аймгийн цагдаагийн газар, хэлтэс, хилийн төлөөлөгчийн газар, хилийн хороодын хооронд

1.Улсын хил дээр гарсан гэмт хэрэг, малын хулгай, автомашин хууль бусаар хил давуулах хэргийг илрүүлэн шийдвэрлэх талаар харилцан ажиллах төлөвлөгөө боловсруулж улирал тутам тодотгож ажиллах.

2.Улсын хил дээр гарсан гэмт хэрэг, хилийн малын хулгай, автомашин хууль бусаар хил давуулах зэрэг хэргийг шалган шийдвэрлэж байх комисс байгуулан ажиллуулах.

3.Хойт хилд малын хулгайн мөрөөр ажиллах шуурхай бүлэг байгуулан тэднийг хил нэвтрэхэд хилийн төлөөлөгчийн газар, хилийн хорооноос бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, гэмт хэргийг шаардлагатай үед тодруулах, шалгахтай холбогдсон хилийн уулзалтанд цагдаагийн холбогдох ажилтнуудыг оролцуулан шийдвэрлэж байх.

4.Улсын хил дээр болон хил орчмын нутаг дэвсгэрт нийтийг хамарсан арга хэмжээ зохиогдох үед хэв журам хамтран сахиулах.

5.Эрүүгийн цагдаагийн газраас өгсөн нэрсийн жагсаалтыг үндэслэн улсын хилээр үл нэвтрүүлэх хүнийг хилээр гарах, орох үед нь саатуулан хил хамгаалах байгууллага тухайн хүн бүр дээр нотломж үйлдэж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч байх.

6.Орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн Замын цагдаагийн тасаг гадаадаас оруулж ирээд орон нутагт ирсэн автомашин /улсын хилээр хууль бусаар давуулж болзошгүй маркийн/-уудыг бүртгэлд авч хилийн бүс, зурваст хилийн цэргийн зөвшөөрөлгүй орохыг хориглож, тухайн судалгааг гаргаж өгч байх.

7.Хил орчмын нутаг дэвсгэрийн хилийн бүс, зурваст суурьшиж ажил үйлдвэрлэл явуулах иргэд, аж ахуйн нэгж байгууллагатай хилийн болон хил орчмын дэглэм зөрчихгүй байх талаар гурвалсан гэрээ байгуулж, удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд хамтран хилийн бүс, зурваснаас гаргаж байх.

8.Манай талаас хулгайлагдан алдагдаж хил залгаа улсын нутагт орсон малын зүс, тоо бүртгэлийг нарийн гаргаж тэдгээрийг эргүүлж авах, иргэдийг хохиролгүй болгох ажиллагааг тухай бүр эцэслэн шийдвэрлэж байх.

Дөрөв.Солилцох мэдээ, мэдээллийн талаар:

1.Хилийн цэргийг удирдах газар, Цагдаагийн ерөнхий газрын хооронд:

а/талуудын ашиг сонирхлыг хөндсөн бүхий л асуудлаар цагдаагийн ерөнхий газар, Хилийн цэргийг удирдах газрын дарга нарын хооронд.

б/Эрүүгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байгаа хүн, автомашин хил нэвтэрч болзошгүй буюу нэвтэрсэн тухай.

в/Замын цагдаагийн газраас улсын хилээр оруулж байгаа болон худалдахаар гаргаж байгаа авто тээврийн хэрэгслийн тухай /улсын хилээр хууль бусаар гаргаж болзошгүй маркийн/.

г/Хилийн цэргийн штабаас хил давуулан хууль бусаар гаргаж буй автомашин, эд зүйлс, бараа, малын хулгайн талаарх онцлог зөрчлийн тухай.

2.Хилийн төлөөлөгчийн газар, хороо, аймгийн цагдаагийн газар, хэлтсийн хооронд:

а/хилийн зөрчил түүнтэй холбогдсон гэмт хэргийн талаар 14 хоног тутам.

б/гарч болзошгүй зөрчил, гэмт хэргийн талаар тухай бүр нь.

 

 

 

                                                                                       ХИЛИЙН ЦЭРГИЙГ УДИРДАХ ГАЗАР

 

                                                                                              ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР