/ХЗДХС-ийн 2017-06-08-ны өдрийн А/159 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

Хууль зүйн сайдын 2015 оны А/42  дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТАМГА, ТЭМДЭГ, БАТАЛГААНЫ

ТЭМДЭГ ХИЙЛГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ,

 ЛАВЛАГАА ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь  иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгохтой холбогдсон  харилцааг  зохицуулахад оршино.

 

1.2.Иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын тамга, тэмдэг, баталгааны тэмдэгт улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хяналтын дугаар олгож, нэгдсэн бүртгэл хөтөлнө.

 

1.3.Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаар гэдэг нь иргэн, хуулийн этгээдээс  тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэхтэй холбогдуулан  улсын бүртгэлийн байгууллагаас олгосон дахин давтагдахгүй нэгдсэн дугаарлалтыг хэлнэ. Хуулийн этгээдийн тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаар нь арван оронтой тооноос бүрдэх бөгөөд 1,2 дугаар тоо нь харьяалал, 3,4 дүгээр тоо нь он, сүүлийн 6 тоо нь мэдээллийн сангаас  олгогдох давхардахгүй дугаар байна.

 

1.4.Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг энэ журмын 2.2.4, 2.2.5-д заасан үндэслэлээр дахин авах тохиолдолд анх олгосон хяналтын дугаарыг хүчингүй болгож, дахин хяналтын дугаар олгоно.

 

Хоёр.Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг шинээр болон

дахин хийлгэх үйл ажиллагаа, түүнд хяналт тавих

 

2.1.Тамга, тэмдэг үйлдвэрлэгч хуулийн этгээд нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.1.1.Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг үйлдвэрлэгч нь Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон хяналтын дугаартай маягт /цаашид маягт гэх/-ын дагуу захиалга авна.

2.1.2 Зохих шаардлагыг хангасан тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг үйлдвэрлэж, дардсыг маягтад баталгаажуулан авч, бүртгэл хөтлөн, мэдээллийн санд оруулна.

2.1.3 Үйлдвэрлэсэн тамга, тэмдгийн талаарх тухайн сарын тайланд маягтыг хавсарган дараа сарын 5-ны өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.

2.2.Улсын бүртгэлийн байгууллага хяналт тавихтай холбоотой дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.2.1.шинээр байгуулагдсан хуулийн этгээд, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэрийг, бусад хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын хүсэлт, түүний эрх барих дээд байгууллагын шийдвэрийг, иргэний хүсэлтийг үндэслэн тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаарыг  маягтад тэмдэглэн, улсын бүртгэгчийн тэмдэг дарж, баталгаажуулан олгоно.

2.2.2.тамга, тэмдгийн үйлдвэрээс ирүүлсэн тайланг улсын бүртгэлийн байгууллагаас олгосон хяналтын дугаар болон бусад мэдээлэлтэй тухай бүр тулган, шалгаж мэдээллийн санд оруулна.

2.2.3.тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг үрэгдүүлсэн бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр зарлуулсан баримт, торгуулийн хуудас эсхүл шийтгэвэр, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын хүсэлт, түүний эрх барих дээд байгууллагын шийдвэр, иргэний хүсэлтийг үндэслэн өмнөх хяналтын дугаарыг хүчингүй болгож,   хяналтын дугаар олгоно.

2.2.4.гэмтээсэн, оноосон нэр, хэлбэр өөрчилсөн бол тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгохдоо тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг хураан авч өмнөх хяналтын  дугаарыг хүчингүй болгоно.

 

Гурав. Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн талаарх лавлагаа олгох

 

3.1.Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн талаарх лавлагааг ажлын 2 өдрийн дотор дараах этгээдийн хүсэлтээр олгоно:

3.1.1.тухайн иргэн;

3.1.2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий  этгээд;

3.1.3.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд;

3.1.4.хуульд заасан эрх бүхий байгууллага;

 

Дөрөв.  Бусад

 

4.1.Хүчингүй болсон, олдсон, бусад шалтгаанаар ирүүлсэн тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг хүлээн авч, хадгална.

4.2.Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх баримт бичиг, тайлан, хураагдсан тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг архивт хадгалахтай холбоотой харилцааг Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх журмаар зохицуулна.

4.3.Хүчингүй болсон тэмдэг, баталгааны тэмдгийг улирал тутам комиссын  саналыг үндэслэн устгана.

4.4.Комиссын бүрэлдхүүнийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батална.

4.5.Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тамга тэмдэг үйлдвэрлэгч хуулийн этгээд энэ журмыг зөрчвөл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах тухай саналыг холбогдох байгууллагад хүргүүлнэ.

4.6.Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 6-д заасны дагуу хуулийн этгээд татан буугдсан бол тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг хураан авч, хяналтын дугаарыг хүчингүй болгоно.

4.7. Иргэн, хуулийн этгээд тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаартай маягтыг авснаас хойш 30 хоногийн дотор хийлгээгүй бол хяналтын дугаарыг улсын бүртгэлийн байгууллагаас хүчингүй болгоно.

 

 

---ооОоо---