Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2015оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 433, А/248 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт

 

СПОРТ-СУРГАЛТЫН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ БУУДЛАГА ҮЙЛДЭХ

БАЙГУУЛАМЖ /ТИР/-Д ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Нэг.Нийтлэг зүйл

1.1.”Буудлага үйлдэх байгууламж /тир/” гэж Галт зэвсгийн тухай хуулийн 3.1.5-д заасныг ойлгоно.

1.2.Тирийг

  1. Битүү
  2. Хагас битүү
  3. Задгай гэж 3 ангилна.

 

Хоёр.Ерөнхий шаардлага

2.1.Битүү, хагас битүү, задгай тир нь тухайн буудлагын зэвсэг, суманд тохирсон аюулгүй байдлыг хангасан хаалт баригчтай байна.

2.2.Буудлагын тир талбай нь олон тооны буудагчид зориулсан төрөл бүрийн зай, талбайтай байж болно.

2.3.Буудлагын тир болон зэвсэг хадгалах өрөө нь нэг барилгад байгаа тохиолдолд бусад төрлийн туслах өрөө тасалгаануудаас тусдаа байна.

2.4.Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмийн сантай байна.

2.5.Тирний шаардлага хангасан эсэхэд спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргаж, цагдаагийн байгууллага хяналт тавина.

 

Гурав.Битүү тирэнд тавигдах шаардлага

3.1.Хана, тааз, шалыг сум нэвтрэхээргүй материалаар бэхжүүлэн баригдсан барилга бүхий байгууламж байна.

3.2.Хана тааз шал нь үндсэн барилгын хийцтэй, чулуун болон тоосгон өрлөгний зузаан нь 360 мм-ээс багагүй, ханын бетонон блокны зузаан нь 200 мм-ээс багагүй хоёр үе өрлөгтэй буюу нийт 400 мм-ээс багагүй байна. Төмөр бетон хавтантай бол 180 мм-ээс багагүй зузаантай байна. Дээрх материалыг чанарын хувьд давуу материалаар орлуулан хийж болно. Мөн ханын дагуу сум баригч болон сум хүлээн авагч хийж болно.

3.3.Битүү тир нь хот суурин газарт байрлаж болно.

 

Дөрөв.Хагас битүү тирэнд тавигдах шаардлага

4.1.Хана нь сум үл нэвтрэх материалаар хийгдсэн, буудагчийн хэвтээ байрлалаас тэнгэр харагдахааргүй хөндлөн сум баригч ханатай байна. Хагас битүү тирэнд нэмэлт сум баригч байрлуулж болно.

4.2.Хагас битүү тир нь барилга, байгууламж, орон сууцнаас 300 метрээс багагүй зайд байрлана.

 

Тав.Задгай тирэнд тавигдах шаардлага

5.1.Сум үл нэвтрэх шороон далан бүхий бүтэцтэй, аль эсвэл материалын бүтцийн хувьд сум эргэн ойхооргүй, нэвтрэхээргүй далан /хаалт/ нь 2,5 метрээс багагүй өндөртэй байна. Шороон далан нь 3 талыг хаасан байна.

5.2 Аюулгүйн бүс, анхааруулах тэмдэг /буудлагын тир/ гэсэн тэмдэглэгээтэй байна.

5.3.Задгай тир нь  суурин газраас 3000 м-ээс багагүй зайд байрлана.

5.4.Таваг буудлагын спортын задгай тир нь суурин газраас 300 м-ээс багагүй зайд байрлана.

 

oooOooo