Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
“Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, гэмт хэргийн хохирогч, гэрч хүүхэдтэй харилцах олон улсын стандарт” сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх 4 өдрийн сургалт өнөөдөр /2015.05.26/ эхэлж байна.
Уг сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сан, Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Хувь хүний хөгжлийн Институт хамтран Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулж буй юм. Сургалтаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, тахар, хүүхдийн байгууллагын ажилтнууд зэрэг 30 хүнийг үндэсний сургагч багшаар бэлтгэнэ.
ХЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт сургалтыг нээж хэлсэн үгэндээ Хууль зүйн сайд 2015 онд хуульчдын давтан сургалтад анхаарал хандуулан ажиллах чиглэл өгсөн. Хүүхэд хамгааллын хууль хэлэлцэгдэж буй энэ үед тус сургалтыг зохион байгуулж буйд талархаж байна гэв.
Мөн ХЗҮХ-ийн захирал, доктор Э.Батбаяр энэхүү сургалтын сэдэв, агуулгын чухлыг тэмдэглээд, үндэсний сургагч багш болж олон хүмүүст хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тухай мэдээлэл, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан сургалтаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, цагдаагийн албаны 4 хуульч бэлтгэгдэж ирсэн бөгөөд эдгээр сургагч багш нар энэхүү сургалтыг явуулах юм. Сургалтын гол зорилго нь хүүхдийг хүчирхийллээс урьдчилан хамгаалах, хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болсон үед нь туслалцаа үзүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхэд хууль хяналтын байгууллагын оролцоо ямар байхыг олон улсын стандартад нийцүүлэх зорилготой.