Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан: Хууль зүйн үндэсний хүрээлэн олон улсын эрх зүйн чиглэлээр судалгаа, сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажил өргөн өрнүүлдэг.
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Хууль зүйн үндэсний төв байхаасаа буюу 2002 оноос эхлэн хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд олон улсын эрх зүйн чиглэлээр өргөн хүрээнд ажиллаж ирлээ.
2002-2012 оныг хүртэл
тус хүрээлэн эрх зүйн суурь болон хавсарга судалгаа гүйцэтгэж ирсэн бол 2012
оноос эхлэн хууль зүйн бодлогын судалгааны төрөлд голлон төвлөрч, хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамтран
ажиллах, судалгаа, мэдээлэл, онол-арга зүйн туслалцаа үзүүлэх, хууль зүйн
бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд олон талт оролцоог хангах тал дээр дэмжлэг
үзүүлэхэд түлхүү анхаарах болсон. Хуулийн төслийн хэрэгцээнд зориулсан болон
бусад төлөвлөгөөт ба захиалгат судалгаанд тухайн асуудлыг зохицуулсан олон
улсын эрх зүйн зохицуулалтыг нэн тэргүүнд судлах, улмаар гадаад улсуудын эрх зүйн
зохицуулалт, сайн туршлага, тулгарсан бэрхшээлтэй асуудал, түүнийг шийдвэрлэж
буй олон улсын чиг хандлагыг тодорхойлсны үндсэн дээр Монгол Улсын эрх зүйн орчныг
боловсронгуй болгох арга замын талаар хувилбар дэвшүүлж санал, зөвлөмж гаргах арга
зүйгээр ажиллаж бодлогын судалгаа, лавлагаа, судлаачийн зөвлөмж зэрэг
судалгааны бүтээгдэгдэхүүн боловсруулан гаргаж байна.
2005 онд “Олон улсын эрх зүйн ба үндэсний эрх зүйн харилцан хамаарал”, 2005 онд “Үндэсний шүүхэд олон улсын эрх зүйг хэрэглэх асуудал”, 2009 онд “Шүүх эрх мэдлийн хүрээний хууль тогтоомж ба холбогдох олон улсын гэрээний зөрчилдөөний талаар судалж, шүүх эрх мэдлийн хүрээнд олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх арга замыг тодорхойлох”, 2010 онд “Олон улсын гэрээнд нэгдэн ороход харгалзах шалгуур асуудал”/Монгол Улсын нэгдэн ороогүй олон улсын хүний эрхийн гэрээний жишээн дээр/, 2010 онд “Шүүх эрх мэдлийн хүрээнд олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх үндэслэл, арга зүй: олон улсын худалдааны эрх зүйг арбитрын шүүхэд хэрэглэх асуудал” зэрэг судалгаа гүйцэтгэснийг жишээ болгон дурдаж байна. Хүрээлэнгийн олон улсын эрх зүйн чиглэлээр 2003-2013 оны хооронд хийсэн судалгааны тайлангуудыг “Судалгааны тайлангийн эмхэтгэл”- I, II, III ботиуд болон “Хууль дээдлэх ёс” зэрэг хууль зүйн эрдэм шинжилгээ, практикийн сэтгүүлийн дугааруудаас үзэх боломжтой. 2008 онд “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх” ажлын хүрээнд гаргасан “Олон улсын эрх зүйн зохицуулалтад Монгол Улсын оролцоог өргөтгөх нь” ажлын дэд хэсгийн тайлан ба 2011 онд хийгдсэн “Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх” ажлын хүрээнд гаргасан “Хүний эрхийн талаарх олон улсын гэрээний биелэлт ба мониторинг” гэсэн ажлын дэд хэсгийн тайлан боловсруулахад оруулсан хүрээлэнгийн оролцоо нь олон улсын эрх зүйн чиглэлээр хийгдсэн томоохон ажилд зүй ёсоор тооцогддог. 2014 онд “Олон улсын гэрээг шүүхэд хэрэглэх нь” сэдвээр судалгааны ажил төлөвлөн гүйцэтгэж, 2015 оны эхний улиралд тайлан гаргасан ба үр дүнгээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус хүрээлэн 2010 онд “Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуулийн дэлгэрэнгүй тайлбар” номыг ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн, МУИС-ийн Олон улсын эрх зүй, харьцуулсан судалгааны төв,Монгол Улсын Олон улсын эрх зүйн нийгэмлэгтэй хамтарч эрхлэн гаргасан. Энэхүү дэлгэрэнгүй тайлбарыг бичихийн тулд тусгайлан судалгаа хийсэн болно. 1996 онд батлагдсан хууль ойлголт, нэр томъёо, зохицуулалтын хувьд зарим талаар нийгмийн хурдтай хөгжлөөс хоцорч байгаа нь илэрхий боловч нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль учир зарим шинэ ойлголт, шинээр батлагдсан хуультай уялдуулан тайлбарлахыг эрмэлзсэн. Олон улсын гэрээний хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт хүрээлэнгээс төлөөлөл орж ажилласан ба тус хуулийн төсөлтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас 2015 оны 6 дугаар сард олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах юм.
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Үндэсний тагнуулын академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран жил бүр олон улсын эрх зүйн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлалтай. Хүрээлэнгээс 2011 онд Б.Энх-Амгалан “Олон улсын гэрээнд нэгдэн ороход судалгаатай хандах нь: Харгалзан үзэх шалгуур асуудал” сэдвээр, 2012 онд Б.Энх-Амгалан, Н.Мөнхтуяа нар “Цахим худалдааны олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалт” сэдвээр, 2014 онд Ч.Бат-Уянга, Б.Ундрах нар “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх арга зам, олон улсын туршлага” сэдвээр илтгэл тавьж оролцсон. 2015 оны ээлжит хурал 5 дугаар сарын 27-ны өдөр “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ба олон улсын гэрээ” сэдвийн дор явагдаж, тус хуралд ХЗҮХ-ийн Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан “Хүнсний аюулгүй байдлын олон улсын эрх зүйн зохицуулалт: Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвийг онцолж илтгэл хэлэлцүүллээ.
Хүрээлэн хууль тогтоомжийн санд орсон Монгол Улсын олон улсын гэрээг эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим сан /legalinfo.mn/- д байршуулах, шинээр нэгдэн орсон олон улсын олон талт гэрээний талаар иргэд, олон нийтэд сурталчилан таниулах, хуульч, мэргэжилтнүүдэд олон улсын эрх зүй, олон улсын гэрээ, хүний эрхийн олон улсын стандартын чиглэлээр сургалт зохион байгуулж ажилладаг. 2010-2012 онуудад Хуульчдын багц цаг тооцох үргэлжилсэн сургалтад “Олон улсын эрх зүй ба үндэсний эрх зүй”, “Олон улсын гэрээг шүүхэд хэрэглэх арга зүй”, “Олон улсын гэрээ ба хүний эрхийн хамгаалал” сэдвүүдээр судлаач сургалтын хөтөлбөр боловсруулж, сургагч багшаар ажилласан нь судалгааны үр дүнг эргэлтэд оруулах замаар олон улсын эрх зүйн мэдлэг, мэдээллийг хуульчдад хүргэх зорилготой байв. Хамгийн сүүлд “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, гэмт хэргийн хохирогч, гэрч хүүхэдтэй харилцах олон улсын стандарт” сэдэвт сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хувь хүний хөгжлийн институт хамтран 2015 оны 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулсан. Сургалтаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, судлаач, хүүхдийн байгууллагын ажилтнуудаас бүрдсэн 30 хүнийг үндэсний сургагч багшаар бэлтгэн гэрчилгээ олголоо.
Дээр дурдсан ажлууд бол олон улсын эрх зүйн чиглэлээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хэрэгжүүлсэн болон өнөө хэрэгжүүлж буй олон ажлын жишээ юм. Цаашид хүрээлэн олон улсын эрх зүйн чиглэлээр өмнө хийсэн судалгаа, сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлынхаа үр дүнд тулгуурлан, практикт гарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тал дээр шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын хувилбараар дэмжлэг үзүүлэх, олон улсын гэрээний хэрэглээ, хэрэгжилтийг шинжилж үнэлэх, Монгол Улсын олон улсын гэрээний цахим системчлэлийг боловсронгуй болгох, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг нэмэгдүүлэх зэргээр өргөн хүрээнд үргэлжлүүлэн ажиллаж олон улсын эрх зүйн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна.