Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН БОЛОН ГААЛИЙН ТАРИФЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ,ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

 

2001 оны 8 дугаар                                                                                                                                                                                                                                                 Улаанбаатар

сарын 25-ны өдөр                                                                                                  Дугаар 439                                                                                                                                    хот

 

 

ГААЛИЙН БОЛОН ГААЛИЙН ТАРИФЫН ТУХАЙ ХУУЛИЙН

ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Гаалийн болон Гаалийн тарифын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгож зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн дөрөв дэх заалт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн зургаа дахь хэсгийн зургаа дахь заалтыг удирдлага болгон Монгол Улсын Дээд Шүүхээс ТОГТООХ НЬ:

Нэг.Монгол Улсын Гаалийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурьдсанаар ойлгон хэрэглэхээр тайлбарласугай.

1.1.Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын <<...гаалийн хяналтын талбайн хил нь тухайн хэсэгтээ гаалийн хилд тооцогдоно>> гэдэгт гаалийн нутаг дэвсгэрт оруулах, гаалийн нутаг дэвсгэрээс гаргах бараа, тээврийн хэрэгсэлд эцсийн бүрдүүлэлт хийж буй хилийн, эсхүл гүний гаалийн байгууллагын гаалийн хяналтын талбайн хилийг ойлгоно.

Гаалийн бүрдүүлэлтийг гүний болон хилийн гаалийн байгууллага хийсэн тохиолдолд анхны бүрдүүлэлт хийж байгаа гаалийн байгууллагын гаалийн хяналтын талбайн хил нь гаалийн хилд тооцогдохгүй.

1.2.Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтын << ...гаалийн байгууллагад мэдүүлсэн, эсхүл мэдүүлж байгаа аливаа хүнийг хэлнэ>> гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг хүлээн авагч, илгээгч аж ахуйн нэгж байгууллагын итгэмжлэгдсэн этгээд, гаалийн зуучлагч байгууллагын бүртгэгдсэн мэргэжилтэн зэргийг ойлгоно. Мэдүүлэгч нь 16 насанд хүрсэн Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн байна.

1.3.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалтын <<...тарифын бус аргаар хязгаарласан бараа...>> гэдэгт тодорхой болзол хангасан, тоон хязгаарлалт, нэмэгдэл татвар тогтоосон, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр улсын хилээр оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэхээр хууль, хууль тогтоомж, олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрт заасан барааг ойлгоно.

1.4.Хуулийн 71 дугаар зүйлийн 5, 36 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн <<...амархан гэмтэх...>> гэдэгт хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагддаг, хадгалах хугацаа богино, амархан муудаж, чанараа алддаг хүнсний болон бусад барааг;

<<...аюултай бараа...>> -нд физик, хими, биологийн шинж чанараараа байгаль орчин болон хүн, амьтны эрүүл мэнд, үр удамд сөрөгөөр нөлөөлж, хохирол учруулж болзошгүй цацраг идэвхт бодис, тэсэрч дэлбэрэх зүйлс, нефтийн шингэн бүтээгдэхүүн, хорт болон онцгой хортой химийн бодис, түүний хаягдал, аюултай хог хаягдал зэрэг эд зүйлс хамаарна.

1.5.Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн <<бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлэх>> гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар шаардлагатай бүх мэдээллийг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу бичиж, гаалийн холбогдох бичиг баримтын хамт гаалийн байгууллагад өгөхийг хэлнэ.

1.6.Хуулийн 15, 21 дүгээр зүйлд заасан гаалийн нутаг дэвсгэрт, эсхүл хилийн чанадад <<...боловсруулах ...>> гэдэгт түүхий эд, материалыг цэвэршүүлэх, анхан шатны боловсруулалт хийх зэргээр үйлдвэрлэлд ашиглахад бэлэн болгох үйл ажиллагааг, Тухайлбал: гуалин, ширийг хилийн чанадад гаргаж, боловсруулалт хийж, банз, хөх шир болгож оруулах гэх мэт; <<...засвар үйлчилгээ хийх...>> гэдэгт барааны эвдэрч гэмтсэн хэсгийг засах, солих, шинэчлэх, эсхүл дутуу хэсгийг нөхөн гүйцээх үйл ажиллагааг; <<...бүтээгдэхүүн үйлдвэрлэх...>> гэдэгт тухайн аж ахуйн нэгж өөрийн хийсэн гэрээ, хэлцлийн дагуу гаалийн хилээр нэвтрүүлсэн үндсэн түүхий эд материалаар эцсийн, эсхүл хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг тус тус ойлгоно.

1.7.Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан <<...тогтоосон хугацаа...>> гэдэгт тухайн барааг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн төрөл, бараа, тээврийн хэрэгслийг гаргах боомтын зай, явах замаас шалтгаалан тухайн гаалийн байгууллага гаалийн хилээр гарах өдрийг тусгайлан тогтоохыг хэлнэ. Ийнхүү тогтоосон хугацааг тээврийн баримт, ачааны манифестэд тэмдэглэнэ.

1.8.Хуулийн 18 дугаар зүйлд заасан <<...барааг шилжүүлэн ачих...>> гэдэгт гаалийн хилээр оруулж ирсэн барааг гаалийн хяналтын талбайд нэг тээврийн хэрэгслээс өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачихыг ойлгоно. Гаалийн хилээр орох, гаалийн бүрдүүлэлт хийх, шилжүүлэн ачих, гаалийн хилээр гарах үйл ажиллагаа гаалийн нэг байгууллагын хүрээнд хийгдэнэ. 

1.9.Энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн <<Гаалийн шалгалтыг дахин хийх...>> гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтаас гаргахаас өмнө давтан шалгахыг хэлнэ.

1.10.Хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн <<Гаалийн байгууллага нягтлан шалгах шаардлагатай бараа, тээврийн хэрэгслийг саатуулж болно.>> гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах, холбогдох байгууллага, албан тушаалтныг гаалийн шалгалтад оролцуулах зэргийг ойлгоно. Тухайлбал: гаалийн бичиг баримтыг засварласан, хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоолгохоор криминалистик шинжилгээнд өгч, дүгнэлт гаргуулах, барааны ангиллыг тодорхойлж чадахгүй, эргэлзээтэй байгаа үед гаалийн лабораторид өгч шинжлүүлэх гэх мэт.

1.11.Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн <<сахилгын зөрчил удаа дараа гаргасан>> гэдгийг хөдөлмөрийн сахилгын болон гаалийн хууль тогтоомжийг гурав буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгох ба зөрчил бүрт сахилгын шийтгэл заавал оногдуулсан байхыг шаардахгүй. Харин гаалийн улсын байцаагчаас сахилгын зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдсон байвал зохино. Удаа дараа гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа, өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол нэг жилээс, хүлээгээгүй бол зургаан сараас хэтрэхгүй байна.

1.12.Хуулийн 71, 73, 78 дугаар зүйлд заасан <<...хууль бусаар нэвтрүүлсэн...>> гэдэгт Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, Засгийн газар, эрх бүхий бусад байгууллагаас тогтоосон журмыг зөрчин гаалийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичилгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналт, шалгалтаас нуун далдлах, барааны нэр, төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн хяналт, шалгалтаас гадуур, хилийн боомтгүй газраар улсын хил нэвтрүүлсэн зэрэг үйлдэл, эс үйлдэл хамаарна.

1.13.Хуулийн 71,72,73 дугаар зүйлд заасан <<...хураан авах бололцоогүй бол үнийг гаргуулан авна>> гэдэгт тухайн зүйлд заасан зөрчлийн улмаас хураагдах ёстой бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр гаргасан, эсхүл худалдан борлуулсан, бусдад шилжүүлсэн, устсан, анхны зориулалтаар ашиглах боломжгүй болсон зэргээр зөрчил гаргагчийн мэдэлд байхгүй тохиолдолд барааны үнийг зах зээлийн үнээр тооцож, зөрчил гаргагчаас гаргуулан авахыг ойлгоно.

1.14.Хуулийн 73 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн <<...барааг нуувч болгон ашигласан...>> гэдэгт барааг хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор мэдүүлсэн бараагаар өнгөлөн далдалсан, зориулалтыг өөрчилсөн, дотор нь эсхүл зай хөндийд нуусан, сав, баглаа, боодолд хольж хийсэн зэрэг үйлдлүүд хамаарна.

Энэ тохиолдолд зөвхөн нуувч болгон ашигласан барааг хураан авна.

1.15.Хуулийн 73 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн <<...тээврийн хэрэгслийг зориудаар тоноглож, нуувч болгон ашигласан...>> гэдэгт барааг гаалийн хяналт, шалгалтаас нууж, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн эд ангид давхар хана, шал, хайрцаг хийсэн, хэлбэр дүрс, зориулалтыг өөрчилсөн, тээврийн хэрэгслийн эд анги зай хөндийг нуувч болгон ашигласан үйлдлийг ойлгоно.

1.16.Мөн зүйл, хэсэгт заасан <<...гэм буруутай этгээдийн...>> гэдэгт тээврийн хэрэгслийн эзэмшигч эсвэл бусдын автомашиныг жолоодож яваа этгээд тухайн зөрчлийг үйлдсэн, хамтран оролцсон, тээврийн хэрэгслийг тоноглох, нуувч болгон ашиглахыг зөвшөөрсөн, тээврийн хэрэгслийг нь тоноглосон, нуувч болгон ашигласан тухай мэдэж байгаад гаалийн байгууллагад мэдэгдээгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн эзэмшигчийг гэм буруутайд тооцож энэ зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.

1.17.Гаалийн байгууллагад мэдүүлэх үүрэгтэй этгээд нь гаалийн удирдах төв байгууллагаас баталсан маягтын дагуу мэдүүлгээ бичээгүй, эсхүл буруу бичсэн, хуулиар тогтоосон мэдүүлэгчийн үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлийг хуулийн 74 дүгээр зүйлд заасан <<...мэдүүлэх журам зөрчсөн...>> гэдэгт хамааруулна. Харин гаалийн болон бусад албан татвар төлөхөөс санаатай зайлсхийх зорилгоор гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн мэдүүлэгт зориуд бичихгүй орхих, барааны тоо хэмжээг санаатайгаар бурууруулж буруу мэдүүлэх, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны ангилалыг худал мэдүүлэх зэрэг зөрчил нь мөн хуулийн 82 дугаар зүйлд заасанаар хариуцлага хүлээлгэх зөрчилд хамаарна.

1.18.Хуулийн 75 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн <<Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, ачсан, буулгасан, шилжүүлэн ачсан...>> гэдэгт гаалийн хяналтын талбай, гаалийн түр агуулах, гаалийн зам, гаалийн баталгаат бүс, татваргүй барааны дэлгүүр зэрэгт байгаа барааг тэндээс нь гаргалгүйгээр хөдөлгөсөн, ачсан, буулгасан, шилжүүлэн ачсан зэрэг үйлдлийг ойлгоно.

Хэрэв барааг гаалийн хяналтаас гаргасан байвал гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл гаалийн болон бусад албан татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчилд хамааруулна.

1.19.Хуулийн 87 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн <<...гаалийн бүрдүүлэлтийн явцад мэдүүлэгч нь хүлээн авахаас татгалзсан бараа, тээврийн хэрэгсэл....>> гэдэгт гэрээнд зааснаас өөр бараа орж ирсэн, тээвэрлэлтийн явцад чанараа алдсан, хугацаа хоцорч ирснээс мэдүүлэгчид шаардлагагүй болсон, татвар төлөхөөс татгалзсан болон өөр бусад шалтгаанаар мэдүүлэгч хүлээн авахаас татгалзаж, энэ тухайгаа бичгээр баталгаажуулан гаалийн хяналтын талбайд үлдээсэн бараа, тээврийн хэрэгслийг хэлнэ.

1.20.Хуулийн 88 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн <<...хууль тогтоомжийн дагуу суутгал хийж, үнийг буцаан олгож...>> гэдэгт тухайн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хууль тогтоомжийн дагуу зах зээлийн үнээр худалдан борлуулсан үнийн дүнгээс гаалийн болон бусад албан татвар, хураамж, бараа, тээврийн хэрэгслийг түр агуулахад шилжүүлэх, хадгалах, худалдан борлуулахад гарсан бодит зардлыг хассаны зөрүү үнийг буцаан олгохыг ойлгоно.

Хоёр.Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар ойлгон хэрэглэхээр тайлбарласугай.

2.1.Гаалийн тарифын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн << гаалийн байгууллага гадаад валютаар тодорхойлсон гаалийн үнийг барааг гаалийн хилээр оруулахад гаалийн эцсийн, гаргахад гаалийн анхны бүрдүүлэлт хийсэн өдрийн гаалийн тооцоонд мөрдөж байгаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханшаар үндэсний валютад шилжүүлэн гаалийн болон бусад татварыг тооцон хурааж авна>> гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ гаалийн байгууллага гадаад валютаар тодорхойлсон гаалийн үнийг гаалийн хилээр оруулах барааг гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн байгууллага бичиг баримтын бүрдүүлэлт хийсэн, гаалийн хилээр гарах барааг гаалийн байгууллагад мэдүүлж, анхны бүрдүүлэлт хийсэн өдрийн гаалийн тооцоонд мөрдөж байгаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханшаар үндэсний валютад шилжүүлэн тооцох ба гаалийн болон бусад татвар ногдуулахдаа дээр дурдсан өдрүүдэд мөрдөгдөж байгаа татварын хувь хэмжээг баримтална.

2.2.Хуулийн 21 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1-д заасан <<...угсарч суурилуулах тоног төхөөрөмж...>> -д тээврийн хэрэгслийн нөхцлөөс шалтгаалан эд анги, бүрдэл хэсгээр нь салгаж ачсан боловч технологийн горимын шаардлагын дагуу иж бүрэн комплект болж ашиглагдах тоног төхөөрөмжийн бүрдэл хэсгүүд, эд ангийг хамааруулна.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ч.ГАНБАТ

 

                                 ШҮҮГЧ                                     О.ЗАНДРАА

    Б.ЦОГНЯМ