


Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах журам”-ыг нэгдүгээр, “Цэргийн сургуульд элсэгч, зарим төрөл мэргэжлийн цэргийн алба хаагчийн эрүүл мэндэд тавих нэмэлт шаардлага”-ыг хоёрдугаар, “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргахад харгалзах өвчин, эмгэгийн жагсаалт”-ыг гуравдугаар, “Тайван цагт цэргийн жинхэнэ албанаас иргэн, цэргийн алба хаагчийг эрүүл мэндээр чөлөөлөх өвчин, эмгэгийн жагсаалт”-ыг дөрөвдүгээр, “Цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэхэд мөрдөх биеийн жингийн харьцаа”-г тавдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Энэ журмыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3.Журмыг мөрдүүлж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /хошууч генерал Д.Даваа/, Хил хамгаалах Ерөнхий газар /хошууч генерал Ш.Лхачинжав/, Онцгой байдлын Ерөнхий газар /бригадын генерал Т.Бадрал/, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /бригадын генерал Г.Сайханбаяр/, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/, Эрүүл мэнд, спортын яамны Эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С.Энхболд/-т тус тус даалгасугай.
5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Батлан хамгаалах, Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 115/58/103 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
БАТЛАН ХАМГААЛАХЫН ХУУЛЬ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН
САЙД САЙД САЙД
Ц.ЦОЛМОН Д.ДОРЛИГЖАВ С.ЛАМБАА
